Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2022/00007

 

Дорнын кроп ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2022/00037 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дорнын кроп ХХК,

Хариуцагч А.Бямбасүрэнд холбогдох,

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 13 937 918 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнын кроп ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Дорнын Кроп ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт улаан буудайн тариалан эрхэлдэг. 2020 онд 1900 га талбайд улаан буудай, 20 га талбайд малын тэжээл тариалсан. Гэтэл 2020 оны 9 сарын 09-ний өдөр иргэн А.Бямбасүрэнгийн 28 толгой адуу, 9 сарын 10-ны өдөр 4 азарга адуу буюу унага нийлсэн 150 орчим адуу манай тариалангийн талбайд орж, тариалангийн талбайг талхалсан. 2020 оны 9 сарын 09-ний өдөр А.Бямбасүрэнгийн адуу орж тариалангийн талбайг талхалсан байхад бид адууг нь тариалангийн талбайгаас гаргаж баазын хашаандаа хашсан. Улмаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад хохирлын үнэлгээ тогтоолгохоор гомдол гаргасан. Гэтэл А.Бямбасүрэн мал маллагч Н.Одгэрэл, Г.Отгонбаяр нарын хамт 2020 оны 9 сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө манай баазын хашааг эвдэж адуугаа авч явсан байсан. Гэтэл 2020 оны 9 сарын 10-ны өдөр А.Бямбасүрэнгийн адуу дахин манай талбайд орж, тариан талбайг талхалсан. Манай компанийн гомдлын дагуу Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2020 оны 9 сарын 10-ны өдрийн А/105 тоот Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан. Энэхүү ажлын хэсэг нь 2020 оны 9 сарын 11-ний өдөр тариалангийн талбайд ирж нөхцөл байдалтай танилцаж, А.Бямбасүрэнгийн адууг маллагч Н.Одгэрэл, Г.Отгонбаяр нарт хүлээлгэн өгсөн. Мөн 2020 оны 9 сарын 16-ны өдөр А.Бямбасүрэнгийн 89 тооны адуу дахин тариалангийн талбай руу орсныг ажлыг хэсэг акт үйлдэж, малын эзэн А.Бямбасүрэнд хүлээлгэн өгсөн. Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт 2020 оны 10 сарын 05-ны өдөр гарсан бөгөөд манай компанид нийт 13 937 918 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. А.Бямбасүрэн, Н.Одгэрэл, Г.Отгонбаяр нар нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, мөн зүйлийн 24.2 дахь хэсэгт тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж тус тус заасныг удаа дараа зөрчсөний улмаас манай компанид ийнхүү хохирол учраад байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн А.Бямбасүрэнгээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид 2020 оны 9 сарын 16-ны өдөр 89 толгой адуу орж талбайг талхалсны хохирлыг тооцуулж нэхэмжлээгүй орхисон. Манай 7 км газар хашаагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монголын газар тариалангийн компаниуд тариалангийн газрынхаа зууны 4, 5 хувийг нь л хашаажуулсан байдаг. Манайх бүх талбайгаа хашаажуулсан, хариуцлагатай компани юм. Манай компани талбайгаа хашаалснаараа буруутах боломжгүй. Харин ч хашаалсан байсан. Ажлын хэсгийн дүгнэлтэнд байгаа 7,5 км газрын хашааг адуу орохдоо эвдэлсэн байх магадлалтай. Бүхэл бүтэн 2000 га газрын өдөр шөнөгүй манана гэдэг хүндрэлтэй боловч манай компанийн манаач, бусад ажилчид талбайдаа мал оруулахгүй байх үүрэгтэй ажилладаг. Талбайд орсон малыг гаргах гэж тариалангийн талбай дээгүүр, машин техник явах хэрэгтэй болдог. Монголчууд адууг таван амтай гэдэг. Тэр нь ямар утгатай гэхээр тариан талбайд орсон адуу тариа идэхээс гадна, яваад байдаг учир тариа шүргээд газарт унадаг, газар унасан будааг хурааж авах боломж байдаггүй. Мал орж талхлагдсан талбайд комбайн явах ямар ч боломж байдаггүй учраас уг талбайгаас ямар ч ургац аваагүй.  Харин ч бид хохирлыг хамгийн бага үнэлгээгээр тооцсон гэж үзэж байгаа учраас хариуцагчийн 5 сая төгрөг төлнө гэсэн саналыг хүлээн авах боломжгүй. Мөн 9 сарын 16-ны өдрийн хохирлыг би тооцуулаагүй, нэхэмжлээгүй. Тариаланч хүн тариагаа тарина, малчин хүн малаа маллах учиртай.

А.Бямбасүрэн нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтныг оруулах, бэлчээх, мөн зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд  мал бэлчээх, оторлох, бэлчээрийн мал аж, ахуй, өвөлжөө, хаваржаа, зуслан байхыг хориглоно гэсэн заалтыг удаа дараа зөрчсөний улмаас манай компанид хохирол учраад байна. Иймд А.Бямбасүрэнгээс 13 937 918 төгрөг гаргуулж, манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Бямбасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний хувьд өөрийн амины хэдэн малаа маллаж амьдрахын зэрэгцээ бусдын малыг хөлсөөр харж тодорхой цалин урамшуулал авдаг нэгэн юм. Уг компанийн нэхэмжлээд байгаа 13 937 918 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дорнын кроп гэх компани нь манай нутаглаж байсан газрын ойролцоох талбайг яг эзэмшдэг эсэх нь тодорхойгүй, тухайн тариа тарьсан гэх газар нь мал болон бусад амьтан, гаднын хүчин зүйлээс хамгаалсан хашаа, тодорхой хамгаалалт байхгүй,  манаач болон ургац хамгаалсан ямар нэгэн зүйл байхгүй байдаг. Дан ганц мал орж энэ тариан талбайг талхалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ямар шалгуураар надаас ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний нутагладаг газар энэ тариан талбайгаас 10-аад километрийн зайтай байдаг. Тухайн үед дулаан өдөр байсан учир адуу салхилаад очсон байгаа. Монгол газраа монгол мал усаа уугаад, өвсөө идээд л байж байгаа. Гэтэл энэ тариа тарьсан гэх компанид ямар ч хариуцлага байхгүй болж таараад байна уу? Адуу мал ойртон ирж байхад тариан талбайгаас холдуулах боломж байсан байх. 500 га тутамд нэг манаач байх ёстой талаар сонсож байсан. Миний хувьд өөрийн малаа тууж оруулаад бусдад санаатайгаар хохирол учруулсан зүйл байхгүй, хэн, хэн нь үүрэг, хариуцлага хүлээх учиртай. Монгол хүмүүс нэг газар нутагт амьдарч, ажиллаж байгаагийн хувьд харилцан ойлголцоод эв зүйгээ ололцож энэ асуудлыг хэн, хэндээ эв зүйтэй шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч уг компанийн тариалангийн талбайгаас 500 метрт нутаглаж байсан юм шиг ярьж байгаа хэдий ч хариуцагч уг компанийн тариалангийн талбайгаас 10 орчим км газарт зусландаа байсан. Хариуцагчийн зүгээс 2020 оны 09 сарын 09, 10-ны өдөр тарилангийн талбайд адуу орсон эсэх асуудал дээр маргаагүй. Малаа тууж аваачаад тариалангийн талбайд нь санаатай оруулсан зүйл байхгүй. Адуу гэдэг амьтан бусад таван хошуу малаа бодвол байнгын хариулга шаарддаггүй, урт хөлийн амьтан. Тухайн цаг үе намрын улирал, ялаа, шумуул хөдөлдөг үе байсан учир эдгээр адуу ялаархаад тухайн талбайд орсон асуудал байдаг. Нэхэмжлэгч зөвхөн Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1.1 дэх хэсэгт заасан тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтныг оруулах, бэлчээхийг хориглох тухай ярьж байна. Тухайн малчин уг газар өвсний сор, шимтэй гэж малаа тууж оруулсан тохиолдолд энэ нь санаатай гэм хор учруулж буй үйлдэл юм. Гэтэл ийм үйл баримт уг хэрэгт байхгүй. Мөн Баянтүмэн сумын Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээс тухайн компани үүргээ биелүүлээгүй дүр зураг харагдаж байна. Өнөөдрийн Монголын нийгмийн ихэнх хувийг мал бүхий иргэд эзэлдэг. Гэтэл сумын Засаг даргын захирамжаар малын бэлчээрт тариалангийн газар өгдөг, тэгээд тариа тарьсан гэдэг. Гэхдээ би уг компанийг тариа тариаллаа гэж маргаагүй. Гагцхүү тариалсан зүйлээ хамгаалах эрх, үүргийг нь Тариалангийн тухай хуульд тодорхой хуульчлаад өгсөн байдаг. Тухайн тариалангийн талбайг ганцхан хашаагаар хамгаалахаас гадна 500 га тутамд 1 манаач байх ёстой. Сая нэхэмжлэгч 1900 га газар тариа тарьсан гэж хэлсэн. Гэтэл 150 адууг 10 км цаанаас оруулаад ирэх биш хамгаалаад талбайд оруулахгүй байх үүрэг нь энэ хүмүүст бий.  Баянтүмэн сумын Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр уг тариалангийн талбайн 7.6 км газар огт хашаагүй байсан, зарим хашаатай хэсэгт шороон шуурганы улмаас далан үүссэн, уг хэсгээр мал харайж орох боломжтой байсан гэдгийг дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд 7.6 км газраа хашаажуулах, хашаа нь эвдэрсэн бол засаж мал оруулахгүй байх энэ мэт үүргээ биелүүлээгүй байж, бусдаас ийм хэмжээний мөнгө нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн сумын үнэлгээгээр 13 937 918 төгрөгийг хохирол учирсан гэж байгаа хэдий ч тариа хураалт 10 сарын сүүлээр болдог, адуу орсон асуудал 9 сард болсон, сүйтгэгдсэн гэх 35,5 га газар нь тариан талбай юм уу, эзэмшлийн талбай байсан уу гэдгийг тогтоосон зүйл, яг ургасан тариа байсан эсэхийг зурагжуулсан, баримтжуулсан зүйл байхгүй.

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дэх хэсэгт гэм хорын хэмжээг  тодорхойлохдоо  хохирогчийн  ашиг  сонирхол,  гэм  хор  учирсан  нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм хорын хэр хэмжээг харгалзан үзэх талаар хуульчилсан. Мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж хуульчилсан байгаа. Адуу гэдэг хонь шиг байнгын хариулгатай мал биш, урт хөлийн амьтан, шөнө унтаж байхад бэлчээрт яваад л өгдөг ийм амьтан гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байгаа. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс тариа тарьсан эсэх гээд янз бүрийн нотлох баримт нэхэмжлэгчээс шаардаагүй. Тариа тарина гэдэг буянтай ажил, гэхдээ энэ ажлыг хийхдээ бид өөрсдийн үүргийг биелүүлэх нь зөв байх. Бид талхалсан гэх газраас хэдий хэмжээний ургац авах байсан, авсан гэх асуудлаар нотлох баримт шаардаагүй. Уг хэрэгт аль, аль талын буруутай үйл ажиллагаа байна. Тиймээс хариуцагчийн хувьд өөрийн буруугаа хүлээж, 5 000 000 төгрөг төлье гэдэг санал тавьсан ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд шүүхээс хүсэхэд гэм хорын хохирлыг багасгаж өгнө үү гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00037 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Бямбасүрэнгээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 9 756 543 /есөн сая долоон зуун  тавин  зургаан  мянга  таван  зуун  дөчин  гурав/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дорнын кроп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 181 375 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 640 төгрөгийг төсвийн орлогод үлдээж хариуцагч А.Бямбасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 171 055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дорнын кроп ХХК-д олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 756 543 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 2 787 584 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хасуулахаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлийг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа мөнгөн дүнг 30 хувиар багасгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. маргагч талууд нь гэм хор учрах нөхцөлд хоёулаа буруутай үйлдэл хийсэн бөгөөд 50, 50 хувийн үйлдэл нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 2 787 584 төгрөгийг хэрэгсэхгүй болгон А.Бямбасүрэнгээс 6 968 959 төгрөгийг төлүүлж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аль аль нь буруутай гэж үзэж байна. 500 га тутамд нэг манаач байж, бусдын малнаас хамгаалах ёстой байдаг. Адуу бол урт хөлтэй амьтан. Монгол мал бэлчээртээ явж байгаад энэ асуудал гарсан. Хариуцагчийн хувьд 6 968 500 төгрөгийг төлөх боломжтой гэдгээ хэлдэг. Энэ саналыг дэмжиж байна гэв.  

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгч Дорнын кроп ХХК нь хариуцагч А.Бямбасүрэнгээс нийт 13 937 918 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай компани 2020 онд 1900 га талбайд улаан буудай, 20 га талбайд малын тэжээл тариалсан. Гэтэл 2020 оны 9 сарын 09-ний өдөр иргэн А.Бямбасүрэнгийн 28 толгой адуу, 9 сарын 10-ны өдөр 4 азарга адуу буюу унага нийлсэн 150 орчим адуу манай тариалангийн талбайд орж, тариалангийн талбайг талхалсан. Манай компанийн гомдлын дагуу Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2020 оны 9 сарын 10-ны өдрийн А/105 тоот Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан. Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт 2020 оны 10 сарын 05-ны өдөр гарсан бөгөөд манай компанид нийт 13 937 918 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн А.Бямбасүрэнгээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2020 оын 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/105 дугаар захирамж, тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт, Дорнын кроп ХХК-ийн үр тариалангийн талбайд нэвтэрсэн 182 толгой адууг мал маллагч Н.Одгэрэлд хүлээлгэн өгсөн акт, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000009010 дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар Дорнын кроп ХХК-ийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, Хоёр мэлхийт гэх газарт байрлах тариалангийн талбайд хариуцагч А.Бямбасүрэнгийн адуун сүрэг орж 35.5 га газрыг талхалсан болох нь нотлогдсон ба энэ талаар хариуцагч маргаагүй байна. /хх 6-13, 61-63/

2. Хариуцагч А.Бямбасүрэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг компанийн нэхэмжлээд байгаа 13 937 918 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нутагладаг газар энэ тариан талбайгаас 10-аад километрийн зайтай байдаг. Тухайн үед дулаан өдөр байсан учир адуу салхилаад очсон байгаа. Миний хувьд өөрийн малаа тууж оруулаад бусдад санаатайгаар хохирол учруулсан зүйл байхгүй, хэн, хэн нь үүрэг, хариуцлага хүлээх учиртай. 500 га тутамд нэг манаач байх ёстой талаар сонсож байсан. Монгол хүмүүс нэг газар нутагт амьдарч, ажиллаж байгаагийн хувьд харилцан ойлголцоод эв зүйгээ ололцож энэ асуудлыг хэн, хэндээ эв зүйтэй шийдүүлэх хүсэлтэй байна  гэжээ.

Хариуцагч А.Бямбасүрэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ: ... Тухайн малчин уг газар өвсний сор, шимтэй гэж малаа тууж оруулсан тохиолдолд энэ нь санаатай гэм хор учруулж буй үйлдэл юм. Гэтэл ийм үйл баримт уг хэрэгт байхгүй. Баянтүмэн сумын Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр уг тариалангийн талбайн 7.6 км газар огт хашаагүй байсан, зарим хашаатай хэсэгт шороон шуурганы улмаас далан үүссэн, уг хэсгээр мал харайж орох боломжтой байсан гэдгийг дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд 7.6 км газраа хашаажуулах, хашаа нь эвдэрсэн бол засаж мал оруулахгүй байх энэ мэт үүргээ биелүүлээгүй байж, бусдаас ийм хэмжээний мөнгө нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэрэгт аль, аль талын буруутай үйл ажиллагаа байна. Тиймээс хариуцагчийн хувьд өөрийн буруугаа хүлээж, 5 000 000 төгрөг төлье гэдэг санал тавьсан ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж маргажээ.

Хариуцагч А.Бямбасүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нар шүүхэд хариу тайлбар бичиж өгснөөс өөр нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

3.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх малчин А.Бямбасүрэн нь адуун сүргээ хариулга маллагаагүй орхисноос тариалангийн талбайд нэвтэрч, улмаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан байх боловч гэм хорын учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд тариалан эрхлэгчийн өөрийн эзэмшлийн талбайдаа мал оруулахаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч А.Бямбасүрэнгийн хариуцан төлөх гэм хорын хохирлын хэмжээг нийт хохирлын 30 хувиар багасгаж, хариуцагчаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 9 756 543 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Дорнын кроп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 181 375 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Дорнын кроп ХХК нь хариуцагч А.Бямбасүрэн, Г.Отгонбаяр, Н.Одгэрэл нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Отгонбаяр, Н.Одгэрэл нарыг хариуцагчаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан /хх 29/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зөвшөөрлөөр хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй иргэдийн төлөөлөгч Т.Энхгэрэлийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь заалтыг тус тус зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо ...Маргагч талууд нь гэм хор учрах нөхцөлд хоёулаа буруутай үйлдэл хийсэн бөгөөд 50, 50 хувийн үйлдэл нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 2 787 584 төгрөгийг хэрэгсэхгүй болгон А.Бямбасүрэнгээс 6 968 959 төгрөгийг төлүүлж өгнө үү. ... гэсэн гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Дорнын кроп ХХК нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасан Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй гэсний дагуу өөрийн эзэмшлийн талбайдаа мал оруулахаас хамгаалах үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй, хариуцагч А.Бямбасүрэн нь адуун сүргээ хариулга маллагаагүй орхисноос тариалангийн талбайд оруулж улмаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглох, 24.2-т заасан Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээхийг хориглох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч А.Бямбасүрэнгийн хариуцан төлөх гэм хорын хохирлын хэмжээг нийт хохирлоос 30 хувиар багасгаж 9 756 543 төгрөгийг гаргуулсан нь хуульд нийцсэн байх тул гэм хорын хохирлыг дахин багасгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй байх тул түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ/2022/00037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Ж.ДОЛГОРМАА