Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00343

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00343

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03795 дугаар шийдвэртэй

Д.Гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Т, Г.Т, Ж.Э нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, О гудамж, 000 байрны 0 тоот, зоорийн давхарын 1-2 тоот хаягт тус тус байршилтай 157,19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Г.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч Г.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, хариуцагч Ж.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ДД, түүний өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай нөхрийн компанид мөнгө хэрэг болоод 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Бгаас 80,000,000 төгрөг зээлэхээр гэрээгээр тохирсон боловч бодитоор 72,000,000 төгрөгийг тухайн өдөр шилжүүлсэн. 8,000,000 төгрөгийг нь эхний сарын хүүд авсан гэж хэлсэн. Сарын 10%-ийн хүүтэй, эхний 3 сарын хүүг бид төлсөн. Түүнээс цааш манай компанийн үйл ажиллагаа доголдоод төлж чадаагүй. Уг зээлийн гэрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, О гудамж, 000 байрны 0 тоот, зоорийн давхарын 1-2 тоот хаягт байршилтай 157,19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө Д.Бд барьцаалсан байсан юм. Д.Б мөнгөө шаардсаар, дахин гэрээ хийе ингэхдээ 110,000,000 төгрөг болгоод 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2 дахь гэрээгээ хийнэ гэж шаардлагын дагуу бид дахин гэрээ хийсэн. Мөнгөө төлж чадаагүй тул дахин гэрээ хийнэ гээд 112,000,000 төгрөг болж байна гэж тэрээр шаардсан. Үүнд 2 дахь гэрээг хийсэн боловч мөнгөө төлж чадахгүй байсан тул мөнгөтэй хүн олж ирнэ, тэр хүнтэй гэрээ хийгээрэй гэсэн. Ингээд Д.Б Г.Тг дагуулж ирээд энэ хүнээс мөнгө зээлээд миний мөнгийг гаргаж өг гэсэн. Би Д.Бгийн хэлсэний дагуу Г.Тгээс мөнгө зээлээд Д.Бгийн мөнгийг гаргаж өгөхөөр болсон. Г.Т нь зээлийн гэрээ хийх гэтэл мөнгө зээлүүлнэ, гэхдээ зээлийн гэрээ хийхгүй, худалдах, худалдан авах гэрээгээр л зээл олгоно гэсэн. Д.Бд төлөх зээлийн төлбөрийг Г.Тгээс авч төлж өгөөд, Г.Тгийн шахалтаар орон сууцаа барьцаалсан боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Иймд Г.Ттэй 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, О гудамж, 000 байрны 0 тоотод байрлах 157,19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхарын 1-2 тоот хаягт байршилтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан.

Гэвч Г.Т нь Ж.Этай 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 15,000,000 төгрөгөөр орон сууцыг маань цааш худалдсан гэрээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн баримтаар мэдсэн. Иймээс Ж.Эг хариуцагчаар оролцуулсан. Г.Т, Ж.Э нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч Ж.Э нь тус орон сууцтай холбоотой иргэний маргаан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хянагдаж байгааг мэдсээр байж зориуд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Г.Т гэх хүнтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэх бэлэглэлийн гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг үнэ төлбөргүй бэлэглэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлж, Г.Тийг хамтран хариуцагчаар оролцуулсан. Хариуцагч нар бүгд ах дүү, төрөл садан холбоо хамааралтай буюу Г.Т нь Д.Бгийн нөхрийнх нь төрсөн дүү, Ж.Эгийн нөхөр С.Б нь Д.Бгийн аавынх нь төрсөн дүү болох нь Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Уг орон сууц нь хотын төвд байрладаг, 500-600 сая төгрөгийн үнэтэй байр байхад 150,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож авах гэсэн шунахайн сэдлээр хуйвалдаад байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу Д.Г болон Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Г.Т болон Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ж.Э болон Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, О гудамж 000 байр, 0 тоотод байрлах 157.19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 1-2 тоотод байрлах 22.98 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Г.Тгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Би 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө уг байрыг зарах зарыг харж байсан. 29-ний өдөр Бтой уулзахад Г хамт ирсэн. Мөнгөний хэрэгтэй байгаа тул байраа хямд зарна гэхээр нь худалдаж авсан. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ үед Б их татвар төлж чадахгүй, мөнгөний асуудал ихтэй тул 15 сая төгрөгөөр гэрээгээ хийнэ гэж хэлсэн. Б татварын мөнгийг төлөхгүй, мөнгө байхгүй гэсэн тул би түүний өмнөөс нь төлж гэрээг 60 сая төгрөгөөр хийсэн. Тэр үед Б байрыг өөрийнх нь бөгөөд эхнэрийнх нь нэр дээр байдаг гэж хэлсэн. Тухайн үед надад зах зээлийн үнээс доогуур зарж байгаа тул 3 сарын дараа өөр хүнд ахиу үнээр зарах боломж олгооч гэснийг нь зөвшөөрч гэрээ хийсэн. Гэрээнийхээ ард үүнийг тэмдэглэж 141,875,000 төгрөгийг бэлнээр хүлээлцсэн, Бод буцааж өгнө гэж хэлээгүй, гуравдагч этгээдэд ахиу үнээр зарах боломжийг олгосон. 11 дүгээр сарын 11-ний өдөр дараагийн хүнд шилжүүлэхээр боллоо гээд хүсэлт гаргаад гэрээ хийсэн. Тэр өдөр түлхүүрээ хүлээлцээд Гийн хүүхдэд бүх тавилгыг хүлээлгэж өгсөн. СӨХ-оос төлбөр байгаа эсэхийг тодруулахад 1,315,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байсныг Гт хэлж төлүүлсэн, баримтаа вайбераар над руу явуулж байсан. 03 дугаар сарын 14-ний өдөр байрны 9 сая төгрөгийг миний Хаан банкны данс руу хийсэн. Өмнөх өдөр нь 60,000 доллар авч ирсэн боловч ханшаа тохирч чадаагүй тул төгрөгөөр тооцоо хийсэн. Зээлийн гэрээгээр халхавчилж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж яриад байна. Д.Бгийн мэдүүлэгт Г.Тгээс мөнгө аваагүй, Д.Гээс мөнгө авсан гэх үг байгаа. 141,000,000 төгрөгөөр орон сууцыг авсан, төлбөрөө бэлнээр хүлээгэж өгсөн нь баримттай байна. Энэ гэрээ хүсэл зоригоо илэрхийлж чадаагүй биш бүр болзол тавьж хийсэн хэлцэл. Болзол нь юу вэ гэхээр 3 сарын дотор Д.Г, Б нар нь бусдад орон сууцыг өндөр үнээр зарах боломж олгосон. Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийхдээ очиж үзээгүй худалдан авсан боловч дараа нь очиж үзсэн. Болзол хангагдаад 3 сар өнгөрөхөд мөнгөө аваад салъя, хэл амтай байр гээд бусдад шилжүүлье гэсэн. Ж.Эд шилжүүлэхэд нэхэмжлэгч, Б нар бас л байсан. Худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж санал тавихад нэхэмжлэгч зөвшөөрсөн. Г.Тд хэрхэн шилжсэн, хэрхэн гарсан зэргийг анхаарч үзэхэд хуулийн 44-д зааснаар болзол тавьж хийсэн хэлцэл. Уг болзлыг 3 сарын дотор хямд зарах гэж байгаа тул буцааж өөр хүнд заръя гэсэн тул 3 сарын хугацааг нь хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ болзолтой хийж байгаа гэдэг нь баримтуудаар хангалттай нотлогдож байна. Г.Ттэй зээлийн гэрээ хийх байтал худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж ярьдаг. Хэлээд байгаа үйл баримтаар нь Г.Ттэй худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэдгээ сайн ойлгож байсан байна. Хэлбэрийн төдий гэрээ мэт боловч нэхэмжлэгч тал өөрсдөө болзол тавьж, хүсэл сонирхлоо илэрхийлээд байгаа нь тодорхой байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ж.Э шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ДДын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Э 2016 оны 11 дүгээр сард тухайн байрыг Г.Т гэх хууль ёсны өмчлөгчөөс авсан. Үүнээс өмнө Эгийн нөхөр Бд тус байрны анхны өмчлөгч Б гэх хүн, уг байр нь Г.Тгийн барьцаанд байгаа, 150 сая төгрөгөөр ав, гэхдээ 6 сарын хугацаанд бэлэн мөнгөөр зарах хүн олоод ирэх юм бол та энэ байрыг буцаагаад миний нэр дээр шилжүүлээд өг гээд 204 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бтой мөн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б болон Б нар 204,000,000 төгрөгөөр байрыг худалдаж авсан гэрээ хийсэн. Гэрээний 5-д 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлбөрөө бүрэн хийвэл гэрчилгээг өөрт нь өгнө, 6.2-т хүү, хугацааны талаар заасан. 6 сарын дараа Б Бтай уулзаад байраа авч чадахааргүй боллоо гэдгийг хэлсэн байсан. Энэ нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ж.Эгийн өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Ж.Э дандаа өөр хүнд түрээслэдэг байсан. С.Б нь Х.Д гэх хүнээс зээл авч, түүний өрөнд байраа барьцаалсан. Авсан зээлээ төлж чадаагүй тул тус орон сууц Х.Д гэх хүнд шилжсэн боловч хэний нэр дээр шилжүүлсэнг санадаггүй. Хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг улсын бүртгэлийн лавлагаанд энэ талаар авагдаагүй. Одоо Х.Дын зээлэнд байрыг өгсөн. С.Б нь Х.Даас экскаватор машин аваад орон сууц, грашийг барьцаанд тавьсан. Барьцааны зүйлийг 2021 оны 03 дугаар сард барьцаалагчийн шаардсаны дагуу Т рүү шилжүүлсэн. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Д.Г, Э нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Хохирол учирсан гэж байгаа бол Г.Т, Ж.Эгийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч дүр үзүүлсэн хэлцэл гэж нотолж чадсангүй. Зээлийн гэрээ бус худалдах, худалдан авах гэрээний саналын дагуу байгуулагдсан байна. Тиймээс хүчин төгөлдөр бусад тооцогдохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Г.Т болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дорждаламын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Д.Г, Г.Т нарыг Г.Т танихгүй, эрх зүйн харилцаанд ороогүй. Г.Т уг байрыг худалдаж авсан, нэр нь хуулийн дагуу шилжсэн. Г.Тээс Х.Д мөнгө аваад машин авсан авсан бөгөөд мөнгөө өгч чадаагүй тул эксковаторыг С.Бд өгсөн. Ингэхдээ барьцаанд маргаан бүхий байрыг тавьсан. Үл хөдлөх хөрөнгийн газраас тодруулахад барьцаа байхгүй байсан. 1 жил өнгөрөхөд Ж.Э мөнгөө өгөөгүй тул тусдаа худалдах, худалдан авах гэрээ хийгээд эксковаторыг ирээдүйд мөнгийг нь авахаар зараад, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож байрыг барьцаанд авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч. Тийн байрыг захиран зарцуулах эрхийг хүчингүй болгосон захирамжаа хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нэг ч төгрөг аваагүй хохирсон хүн биш. 2015 онд анх байрыг барьцаалаад хүнээс мөнгө аваад өнөөг хүртэл төлж чадаагүй байна. Ах, дүүс ч гэсэн гэрээний харилцаанд орж болохгүй гэсэн хуулиар хориглосон зүйлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Г, Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Г.Т, Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ж.Э, Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, эрхийн Ү-2203016562 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, О гудамж, 000 байрны 0 тоотод байрлах 134,14 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Тээс, тус хаягт байрлах эрхийн Ү-2203043540 дугаартай зоорийн давхарын 1-2 тоот автозогсоолын зориулалттай 22.98 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ж.Эгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 690,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 761,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч Г.Тгийн өмгөөлөгч С.Энхтайваны давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх маргаан бүхий харилцааг зөв тодорхойлоогүй. Иргэн Д.Б хариуцагч Г.Т гэсэн 2 тусдаа эрх зүйн чадамж бүхий этгээдүүд Д.Г болон Г.Т нарын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэрээний зүйл нь Сүхбаатар дүүрэг, 1 хороо,13-р хороолол, О гудамж 000 байр 0 тоот , зоорийн давхарт 1-2 тоот хаягт байрлах 157.19 мкв талбайтай 4 өрөө орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үнийн дүн 60,000,000 төгрөгөөр гэрээ байгуулагдсан. Д.Г нь байрны төлбөрт 141,875,000 төгрөгийг хүлээн авсан баримт нотариатаар баталгаажуулсан. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ өмчлөгч Г.Т, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Г.Т /худалдагч/ болон Ж.Э /худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэрээний зүйл Сүхбаатар дүүрэг, 1 хороо,13-р хороолол, О гудамж 000 байр 0 тоот, Зоорийн давхарт 1-2 тоот хаягт байрлах 157.13 мкв талбайтай 4 ерөө орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үнийн дүн 15,000,000 төгрөгөөр гэрээ байгуулагдсан боловч Г.Т нь байрны төлбөрт 150,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар худалдагч Г.Т болон Ж.Э нар маргаагүй, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Ү-2203016562 өмчлөгч Ж.Э, эдгээр баримт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл , 183 дугаар зүйлтэй нийцэж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 44 дүгээр зүйл, 265 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтойгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзхээргүй байна, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбараас үзэхэд Г.Т, Ж.Э нарын аль аль нь орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан болох нь тогтоогдсон тул худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэмээн дүгнэлт хийж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заалтаар нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах хэлцлийг хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй, эхнээсээ хүчин төгөлдөр бус гэх тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч нь 3 сарын дотор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан авахаар худалдагчтай амаар тохиролцсон гэх боловч Д.Г болон Г.Т нарын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд буцаан худалдан авах заалт тусгагдаагүй, хариуцагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө иргэн Ж.Эд хуулийн шаардлагад нийцүүлэн худалдаж 150,000,000 төгрөгийг хүлээн авсан үйлдэлд худалдагч буюу Г.Тг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл хууль ёсны өмчлөгч нь хөрөнгөө өөрийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулах эрхтэй. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг хүлээн авч хариуцагчид маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх хүсэлтээ гэрээний хамт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хүргүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад анхан шатны шүүх дүр үзүүлэн гэрээ хийжээ гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн. Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа бол боломжтой бол өгсөн авснаа буцаадаг хуулийн зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь орон сууцаа бусдад худалдаад 141,875,000 төгрөгийг авсан болох нь тодорхой байхад зарсан орон сууцыг нь буцаан нэхэмжлэгчид шилжүүлэх шийдвэр гаргаж байгааг шүүх нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн гэж үзэхээс өөр аргагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Ж.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ДДын давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг эхнээс нь зөв тодорхойлж чадсангүй. Нэхэмжлэгч Г нь анх 2015 онд иргэн Бтай зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг зээлэхээр тохирч, 72,000,000 төгрөгийг түүнээс авсан байна. 2016 онд зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, 112,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Г нь зээлсэн мөнгөө төлж чадахгүй болмогц Т нь тухайн байрыг сонирхож байсан учраас Т, Г нар 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар Г.Т өмчлөгч нь болсон байна. Г.Т нь Д.Гээс байрыг худалдан авч 141 сая төгрөгийг шилжүүлснээр Д.Г нь Д.Бгаас зээлсэн өрөө дарсан нь тодорхой байдаг. Гэхдээ Б, Г нар нь 3 сарын дараа тухай байрыг илүү үнээр худалдаж авах хүн олоод ирвэл гэх санал тавьсныг Г.Т зөвшөөрч, 2-уулантай нь тохирон худалдах, худалдан авах гэрээг хийхдээ мөн энэ талаарх тохиролцоог Гийн хамт гараар бичиж баталсан байна. Г.Т нь гэрээний ард бичээд утсаар зургийг нь дарсан гэж мэдүүлж, утсанд хийгдсэн үзлэгээр тухайн баримт хийгдсэн болох нь тодорхой болсон боловч шүүх үзлэгээр баримтжуулсан энэ нотлох баримтыг үгүйсгэх талаар ямар ч дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Ж.Э нь Г.Ттэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, улмаар Ж.Эгийн нөхөр С.Б нь Тгийн данс руу ченжээр дамжуулан 150,000,000 төгрөгийг шилжүүлснээр тухайн орон сууцыг худалдан авсан юм. С.Б нь Д.Гт 150,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохирох нь бүү хэл тухайн үед Гийн талаар мэдэхгүй, түүнтэй ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй байтал шүүх ийнхүү тохиролцон байна гэж хүчээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Ийнхүү зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байтал Б нь Гт 150,000,000 төгрөгийг зээлүүлэхээр тохиролцож, хүү тооцохоор болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Ийм ч учраас маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах зорилго С.Бд байгаагүй. Ж.Э, С.Б нар нь Д.Гтэй ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй байтал Б, Б нарын хооронд байгуулсан гэрээг зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэдгийг дахин дурдмаар байна. Г.Т нь маргаан бүхий байрыг гуравдагч этгээд буюу Ж.Эд худалдах хүсэл зоригийнхоо дагуу худалдаж байна гэдгийг Г нь нөхөр Боор дамжуулан маш сайн мэдсэн байх учиртай. Шүүх ...Худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг барьцааны зүйл болгосон нь барьцааны зүйлийг дүр үзүүлэн байгуулжээ... орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч Г.Тгийн нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна гэх дүгнэлт үндзслэлгүй болсон. Ж.Э болон түүний нөхөр С.Б нар нь Г гэх хүний талаар тухайн үед мэдээгүй, Ттэй хэлцэл хийж, тухайн орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлж авсан нь хууль зөрчөөгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1-т заасанчлан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Уг эрхийнхээ дагуу хуулийн хүрээнд хийгдсэн хэлцэл болохоос зээлийн гэрээний барьцааг үргэлжлүүлнэ гэсэн ойлголт байгаагүй юм. Ж.Эг өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй. Өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд бол Г.Т, Т бол гуравдагч этгээд Ж.Эгийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан. Иймд Г.Тг өмчлөгч биш гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж хариуцагч Ж.Эг буруутгах үндэслэл болохгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж хэлцэл гэж үзэх үндэслэл байгаагүй. Ж.Э нь бэлэглэлийн гэрээний үндсэн дээр орон сууцыг /134 м.кв/ бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж өгсөн. Учир нь нөхөр С.Б нь Х.Даас экскаватор машин зээлээр худалдан авахдаа маргааны зүйл болох орон сууцыг 200 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Улмаар зээлээ бүрэн төлж чадахгүйд хүрсэн тул Г.Тийн нэр дээр шилжүүлсэн байсан юм. Уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэдгээр шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Үүнд тулгуурлан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэлгүй. Тухайн орон сууцын өмчлөгчийн хувьд хэнд бэлэглэхээ шийдэх нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх хэлбэр тул хууль зөрчөөгүй. Шүүх Г, Т нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэлгүйгээр хүчин төгөлдөр бусад тооцсоны дараа Ж.Э, Г.Т нарын хооронд ямар нэгэн маргаан байхгүй байхад барьцааны гэрээ, бэлэглэлийн гэрээнд эрх зүйн дүгнэлт өгөн, хүчин төгөлдөр бус гэж тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна. Ж.Э, Г.Т нар нь нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, өөрийн үйлдэл, эс үйлдлээр нэхэмжлэгчийн эрх, ашгийг хохироогоогүй юм.

Нэхэмжлэгч Д.Гийн сүүлд хийлгэсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас үнэлүүлсэн гэх үнэлгээ нь шинжээч өөрөө биечлэн очоогүй, Гийн одоо амьдардаггүй орон сууцанд, гадна харагдах байдал, эсхүл зар дээрээс оруулсан зураг эсэх нь үл мэдэгдэх мэдээлэл дээр тулгуурлан гаргасан тул бодит үнэлгээ болсон гэж үзэхгүй юм. 2016 онд тухайн үеийн зах зээлийн ханшнаас арай хямд боловч 150,000,000 төгрөгт боломжийн үнээр орон сууцыг худалдан авч байсан. Дараа мөн л зах зээлийн үнийн дагуу 200 сая төгрөгийн барьцаанд тавьсан нь Ж.Эг буруутгах үндэслэл болохгүй. Ийнхүү шүүх Т, Г нарын хоорондын гэрээг хүчингүй төгөлдөр бус хэлцэл гэж тооцон улмаар, Т, Ж.Э, Г.Т, Х.Д нарын хооронд хийсэн тус болгоны хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, маргаан бүхий орон сууц, гражыг Гт олгох шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэдэг зохицуулалт бол анхнаасаа гэрээний оролцогч талуудад үр дагавар үүсгэхийг хүсээгүй зөвхөн хэлбэр төдий хэлцэл байдаг шинжтэй.

Г.Т Ж.Эгийн хороонд дахь худалдах, худалдан авах үйлдэл-ийг зээлийн гэрээний харилцаа гэж буруу дүгнэж байгаа нь харагдаж байна. Ж.Э нь өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлийн дагуу олж авч байгаа буюу шударга өмчлөгч байна. Ийнхүү энэ гэрээг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үндсэн харилцаа гэж үзсэн тохиолдолд Быг гуравдагч этгээдээр татагдсан байх ёстой мөн Б нэхэмжлэгч, эсхүл гуравдагч этгээд болсон байх ёстой юм. Тэгэхэд уг хэргийн үндсэн маргаанаас хальж гуравдагч этгээдүүдийн хийсэн хэлцлийг зээлийн гэрээний үргэлжлэл гэж дүгнэсэн нь мөн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Ж.Э, Г.Тд нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох юм. Тэгэхэд Ж.Э, Х.Д нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг дүгнээд түүнийг бүртгүүлэлгүй учир Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэдгээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэжээ. Ж.Э-Д гэдэг хүмүүсийн хооронд байгуулсан гэрээ, түүний хууль зүйн үндэслэлийг дүгнэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Үл хөдлөх өмчлөх эрхийг шилжүүлж байгаа үйлдэл байхад түүнийг үр дагавар үүсгэхэд чиглээгүй гэрээ гэж дүгнэж байгаа нь буруу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх ойлголтыг зохицуулсан ба энэ нь дутуу төлөгдсөн бол нэмж нөхөн төлүүлэх ойлголт байдаг болохоос биш огт төлөгдөөгүй тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх тухай ойлголт байдаггүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дагаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

8. Хариуцагч Г.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дын давж заалдах гомдлын агуулга: ...Г.Т уг байрыг Ж.Эд 150,000,000 төгрөгөөр худалдаж, түүний нэр рүү өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Ж.Э 2020 оны 6 сард иргэн Х.Даас Hyndai-500 маркийн эксковаторыг зээлээр худалдан авахдаа энэхүү байраа барьцаанд тавьж, улмаар 2021 оны 3 сард эксковаторынхаа өрөнд тооцон өгөхдөө түүний хүсэлтээр /экскаваторын үнийг зээлж авсан/ Г.Тийн нэр рүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Д.Г энэхүү нэхэмжлэлээ анх Г.Тд холбогдуулан гаргасан. Дараа нь тэр өөртэйгөө гэрээний эрх зүйн харилцаанд орж байгаагүй, түүнийг огг танихгүй Ж.Э, Г.Т нарыг мөн хариуцагчаар татуулах хүсэлт гаргасныг шүүгч хангаж, уг байрны шударга худалдан авагч эцсийн өмчлөгч Г.Тийн байр захиран зарцуулах эрх-ийг хязгаарласан.

Г.Тийн тухайд Г.Т, Ж.Э нартай төрөл садан, найз нөхдийн холбоогүй, ийм холбоотойг нотолсон нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Ж.Э, Г.Т нар бэлэглэлийн гэрээгээр байр шилжүүлэн өгсөн, авсан асуудлаараа бие биеийн эрх, ашиг сонирхлыг хохироосон тухай гомдол гаргаагүй байхад тэдний хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд эрх зүйн үнэлэлт өгч, нотлох баримттай эсэхийг дүгнэн хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн хүчингүй болгон гагцхүү нэхэмжлэгчийн хүслийг гүйцэлдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Ц нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг хууль ёсны дагуу үнэлэлт дүгнэлт өгч үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шинжийг агуулаагүй хэлцэл байсан. Анх н.Б зээл олгосон. н.Б анхнаасаа иргэдэд өндөр хүүтэй зээл олгож, түүнээс тодорхой хэмжээнд ашиг орлого олдог. н.Бгийн буюу анхны мөнгө зээлүүлсэн хүнтэй хамаарал бүхий дан төрөл садангийн хүмүүс нь хоорондоо нэхэмжлэгчийн байрыг дамжуулан шилжүүлсэн үйл явдал болсон. Мөнгө хүлээн авсан баримт нь нотариатаар баталгаажсан гэж дурдагдсан баримтууд хийгдсэн үү гэхээр хийгдсэн. Эхний зорилго нь зээл авахаар барьцаанд барьцаалах агуулгаар явж байсан. Дараа нь үл хөдлөх хөрөнгийг Г.Тгийн нэр дээр шилжүүлсэн процессыг заавал өөрийн нэр дээр шилжүүлэхгүй бол уг зээлийг олгохгүй гэдэг байдлаар асуудал тавигдаж нэхэмжлэгч аргагүй эрхэнд ийм байдалд орж байрыг шилжүүлсэн. н.Б нь Ж.Эгийн нөхөр ба шүүх хуралдааны явцад гэрчээр асуугдаж тодорхой мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад н.Б, н.Б нар гэрээ байгуулсан гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шатанд яагаад гэрээ байгуулагдсан талаар тодорхой яригдсан. Тэгэхээр н.Б нь байрны эзэн нь н.Б гэдэг дүр зураг харагддаг. Бодит байдал дээр хариуцагч нарын гомдолдоо дурдсанаар энэ хүн үнэхээр байраа худалдсан, худалдах хүсэл зориг байсан гэдэг нь талуудын тайлбараар тогтоогдоно. Энэ талаар хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Хариуцагч нар бүгд нэг ашиг сонирхолтой хүмүүст байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд дараагийн этгээдэд шилжүүлсэн. Тэгээд яагаад шилүүлсэн талаар тайлбараа хэлдэггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авагдаагүй байсан учраас далимдуулж цааш нь шилжүүлсэн үйл баримт болсон. Г.Ттэй холбоотойгоор Д.Гийн дансанд зээлийн гэрээний дагуу мөнгө орсон эсэх нөхцөл байдлууд хэргийн баримтаар тогтоогдоно. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 4,400,000 төгрөгийг зээлийн үлдэгдэл гэх агуулгаар шилжүүлсэн харилцаанууд байсан. Мөн Г.Т өөрөө анхан шатны хуралдааны явцад тайлбарлахдаа тухайн байрыг нэг ч очиж үзэж хараагүй байж өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийсэн нөхцөл байдал нь хуульд заасны дагуу хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх үйл баримтуудтай холбоотой дүгнэлтүүдийг хийсэн учраас нэг бүрчлэн шилжүүлсэн баримтуудыг дурдах шаардлагагүй гэж үзэж байгаа учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Г.Т, Г.Т, Ж.Э нарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, Бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, О гудамж, 000 байрны 0 тоот, зоорийн давхарын 1-2 тоот хаягт тус тус байршилтай 157,19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д.Г болон Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Г.Т болон Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ж.Э болон Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, О гудамж 000 байр, 0 тоотод байрлах 157.19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 1-2 тоотод байрлах 22.98 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг сэргээлгэнэ гэсэн байна.

5. Хэрэгт маргааны үйл баримттай холбоотой дараах нотлох баримт авагдсан

5а. Нэхэмжлэгч Д.Г нь иргэн Д.Бтай 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг, сарын 10% хүүтэй, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл хугацаатай зээлүүлсэн, /1хх.12/ Барьцааны гэрээ байгуулж Д.Гийн өмчлөлийг Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол 1 О гудамж 000 байр, 0 тоот, зоорийн давхар 1-2 тоот хаягт байршилтай 157,19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, гаражийг барьцаалсан, /1хх.15-16/ мөн Д.Б, Д.Г нар нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 112,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай байхаар тохиролцож барьцааны гэрээ шинэчлэн байгуулсан, /1хх.20-21/

5б. Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Г.Т нар нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдсан /1хх.112/, Г.Т Д.Гт 141,875,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 4,400,000 төгрөгийг Тгээс зээлийн үлдэгдэл гэсэн утгаар шилжүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т бүртгүүлсэн, /1хх.39, 113, 2хх.40/

5в. Хариуцагч Г.Т нь Ж.Э нар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж уг орон сууц, гараажийг 15,000,000 төгрөгөөр худалдан авч, /1хх.114/ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Э бүртгэгдсэн, хариуцагч Ж.Э нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр орон сууц, гаражийг 65,000,000 төгрөгөөр Ж.Алтаншагайд худалдсан, /1хх.116/ өмчлөгчөөр Ж.Алтаншагай бүртгэгдсэн, /1хх.117, 2хх.85-86/

5г. Ж.Э 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ө.Алтаншагайтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр буцааж худалдаж авсан,

5д. Хариуцагч Ж.Э нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Г.Ттэй бэлэглэлийн гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг шилжүүлж, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г.Т нь өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримтууд тогтоогдсон байна. /2хх.95-97/

5е. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн С.С, Д.Б, С.Б, Б.Б нарыг гэрчээр асуусан байх бөгөөд гэрч Д.Б ...Д.Гийн нөхөр зээлээ төлж чадахгүй байсан тул мөнгө авахын тулд орон сууцыг Г.Тд барьцаалуулж мөнгөө гаргаж авсан гэж, гэрч Б.Б ...Г.Тгээс мөнгө зээлсэн, уг байрыг 3 сарын дотор өндөр үнээр зарахаар Г.Ттай тохирсон гэж, гэрч С.Б ...Г.Ттай уулзахад Б.Бын байр, мөнгөө төлж чадаагүй тул зарж байна. Би Г.Тд 150,000,000 төгрөг өгөөч мөнгөө алдахгүйн тулд хаширлаж 150,000,000 төгрөгийг 5%-ийн хүү тооцож 204,000,000 төгрөгөөр Б.Бтой гэрээ хийсэн гэж мэдүүлэг өгчээ.

5ё. Мөн нэхэмжлэгч Д.Г ...би худалдах, худалдан авах гэрээгээр байрыг Г.Тд зараагүй, Д.Бд төлөх зээлийн төлбөрийг Г.Тгээс авч өгсөн гэж, хариуцагч Г.Т ...Б байрыг өөрийнх нь байр гэж хэлсэн, тухайн үед зах зээлийн үнээс доогуур зарж байгаа тул 3 сарын дараа өөр хүнд ахиц үнээр зарах боломж олгооч гэхээр нь олгосон гэж тайлбар гаргасан байна.

6. Анхан шатны шүүх Д.Г, Г.Т нарын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, хуульд заасан журмаар буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасныг агуулгаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

6а. Нэхэмжлэгч Д.Г зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийн тулд хариуцагч Г.Т, Ж.Э нарт үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, худалдсан уг үнээр Г.Тгийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн эсэхийг тодруулаагүй атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч Г.Тгийн нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж дүгнэхдээ талуудын хүсэл зоригийн илэрхийллийг анхаараагүй байна.

6б. Шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн атлаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны гэрээг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

7. Хариуцагч Ж.Э нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Х.Даас БНСУ-д үйлдвэрлэгдсэн Б DX500LCA маркийн DWGCAFCC 1010104 арлын дугаартай, 00-00 УН улсын дугаартай улбар шар өнгийн эксковаторыг 330,000,000 төгрөгөөр худалдан авсан, /2хх.3/ мөн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барьцааны гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол 1 О гудамж 000 байр, 0 тоот, зоорийн давхар 1-2 тоот хаягт байршилтай 157,19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, гаражийг барьцаалжээ. /2хх.4/

7а. Ж.Э нь Г.Тд маргааны зүйл болж буй орон сууцыг 100,000,000 төгрөгөөр үнэлж Үл хөдлөх эд хөрөнгө 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлсэн байна. /2хх.95-97, 2хх.5/ Дээрх орон сууцны өмчлөгчөөр Г.Т бүртгэгдсэн, авто зогсоолын өмчлөгчөөр Ж.Э бүртгэгдсэн байна. /2хх.98/

Хариуцагч Ж.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбартаа ...Х.Д, С.Б нарын хооронд тэр зээлээр экскаватор худалдаж, худалдан авсан өр төлбөртэй холбоотойгоор орон сууц шилжүүлсэн гэсэн тайлбарыг гаргажээ.

8. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан бөгөөд Г.Т Ж.Эгаас орон сууцыг шилжүүлэн авахдаа уг бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу гэж эсэргүүцсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан өмнөх этгээдүүдийн буюу Ж.Э, Д.Г, Г.Т нарын эдгээр хүмүүсийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс Ж.Э, Г.Т нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шууд дүгнэх үндэслэлд хамаарахгүй.

10а. Мөн Ж.Э, Г.Т, гэрч С.Б, Д.Б зэрэг хүмүүс садан төрлийн холбоотой гэх байдал нь Ж.Эгаас Г.Тд орон сууцыг шилжүүлсэн гэх үндэслэлийг шууд үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг зөв хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа агуулгуудыг тодорхой болгоогүй хоорондоо зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн нөхцөл байдалд давж заалдах шатны шүүхээс шууд дүгнэлт өгөх боломжгүй.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан Д.Б зэрэг энэ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг тодруулах шаардлагатай. Учир нь нэхэмжлэгч Д.Г нь Д.Бгаас зээлийн гэрээний дагуу мөнгө авсан гэх тайлбар гарган маргасан байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжтой.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Тийн төлсөн 70,200 төгрөг, Г.Тгийн төлсөн 761,150 төгрөг, Ж.Эгийн төлсөн 761,150 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО