Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00352

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00352

 

С.Үгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/02157 дугаар шийдвэртэй

С.Үгийн нэхэмжлэлтэй хариуцагч О ХХК-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн бүртгэлд шаардлагатай баримт бичиг, материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн С.Ү миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0-р хороо, 00-р хороолол, 00 дүгээр байрны 00 тоот, 2 өрөө орон сууцыг буулгаж, дахин барилгажуулахаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/126 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Орчлон контсракшн ХХК-тай байгуулсан. Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 0-р хороо, Н C блок, 1 давхрын 000 тоот, 83 м.кв үйлчилгээний талбайг О ХХК С.Үд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга 2019 онд ашиглалтад орсон боловч хариуцагч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, гэрээнд заасны дагуу санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч талд хандсан боловч 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авлаа. Дахин төлөвлөлтөд орсон 14 орон сууцнаас ганцхан нэхэмжлэгч талд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөлгүй, очиж уулзахаар та 2 давхарт объект авчих гэдэг, бичгээр хандахад хариуг тогтсон хугацаанд өгдөггүй, одоогийн байдлаар нэхэмжлэгч тал дээрх маргаан бүхий үйлчилгээний төвийг 2019 оны 3 дугаар сард буюу түлхүүр хүлээн авснаас хойш ашиглаж байгаа ба сар бүр ашиглалтын зардлыг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/03 дугаар гэрээний дагуу О ХХК-тай байгуулсан Үйлчилгээний талбайн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу төлж байгаа болно. Иймд Баянзүрх дүүргийн 0-р хороо, Н C блок 1 давхрын 000 тоот, 83 м.кв үйлчилгээний талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/126 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4.4-т Үйлчилгээний талбайн барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг Б талд саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

Иргэн С.Ү нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0-р хороо, 00-р хороолол, 00-р байрны 00 тоот, 2 өрөө орон сууцыг /Үл хөдлөх эд хөрөнгийн УБД: 4729 дугаар бүхий гэрчилгээтэй/ буулгаж дахин барилгажуулахаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/126 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-гээр Н C блокод 1 давхрын 000 тоот 83 м.кв үйлчилгээний талбайг авахаар 2018 оны 12-р сарын 05-ны өдрийн 02/019 дүгээр Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээгээр Н C блокод 2 давхрын 0000, 000В тоот 267.68 м.кв үйлчилгээний талбайг авахаар тус тус О ХХК-тай гэрээ байгуулсан. О ХХК-тай Баянзүрх дүүргийн 0-р хороо, Н үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барих болсонтой холбогдуулан С.Ү нь

1. Баянзүрх дүүргийн 0-р хороо, 00-р хороолол, 00-р байрны 22 тоотын 25 м.кв орон сууцыг өмчлөгч Г.Д, Д.Г нартай 2012 оны 06-р сарын 09-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан.

2. Баянзүрх дүүргийн 0-р хороо, 00-р хороолол, 00-р байрны 30 тоотын 24 м.кв орон сууцыг өмчлөгч У.Л, Б.У, Г.Н, У.П нараас 2013 оны 12-р сарын 12-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан.

3. Баянзүрх дүүргийн 0-р хороо, 00-р хороолол, 00-р байрны 00 тоотын 27 м.кв орон сууцны өмчлөгч Ц.Т нь С.Үгийн нөхөр ба 2012 оны 12-р сарын 17-ны өдөр нас барж өвлөх эрхийн дагуу С.Үд үлдэж О ХХК-д тухайн гэрчилгээ, гэрээг эх хувиар нь хүлээлгэн өгч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээнүүдийг хийсэн юм.

Нийт 160.5 м.кв орон сууцыг О ХХК нь иргэн С.Үгээс авч буцаан шинэ байр олгохдоо 166 м.кв-аар тооцохоор талууд тохиролцсон ба Баянзүрх дүүргийн 0-р хороо, Н C блок 2 давхрын 0000, 000В тоот 267.68 м.кв үйлчилгээний зориулалттай болон Баянзүрх дүүргийн 0-р хороо, Н C блок 1 давхрын 000А тоот 83 м.кв үйлчилгээний талбайг О ХХК-иас авахаар тус тус гэрээ хийж 2019 оны 09-р сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 0-р хороо, 00-р хороолол, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 00 байрны 0000, 000В тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон. С.Ү нь авах ёстой 166 м.кв орон сууцны барилгаас маргаан бүхий үйлчилгээний газрын 83 м.кв талбайд тооцуулан үлдсэн 83 м.кв орон сууцны талбайгаа өмнө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан 267.68 м.кв тооцуулах хасуулж 184.68 м.кв үйлчилгээний талбайг м.кв-ын үнийг 3.995.000 төгрөгөөр тооцож О ХХК-д нийт 737.796.600 төгрөгийг төлж барагдуулсан. Талууд 2019 оны 12-р сарын 16-ны өдөр тооцоо нийлж өр төлбөр бүрэн барагдсаныг баталж тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч байгууллага оны дараа хоёр байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Иймд Баянзүрх дүүргийн 0-р хороо, Н C блок 1 давхрын 000 тоот, 83 м.кв үйлчилгээний талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 10-р сарын 28-ны өдөр 01/126 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.4-т Үйлчилгээний талбайн барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг Б талд саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оын тайлбар, татгалзлын агуулга: Иргэн С.Ү нь О ХХК-тай 2013 оны 4-р сарын 13-нд Баянзүрх дүүргийн 0-р хороонд байрлах 00-р байрны 22, 27, 30 тоот нийт 160.5 м.кв талбайтай 3-н орон сууцыг орон сууцаар солих гэрээ хийсэн. 03/477, 03/608 тоот гэрээнүүдийг хийсэн болно. Дээрх гэрээнүүдийг 2016 оны 10 сарын 28-ны өдөр гэрээг шинэчилж дээрх 3 орон сууцны талбайг нэгтгэн нийт 267.8 м.кв болгон бартерт тооцож, 48 м.кв талбайг 3,950,000 төгрөгөөр тооцон 189,800,000 төгрөгийг төлсөн, 53.63 м.кв талбайн үнэ төлөгдөөгүй байна. С.Үгийн тус компанитай байгуулсан эдгээр талбайн өмчлөгч нь Иргэн Г.Н, Г.Д, Ц.Т нар байсан байна. Тухайн үед С.Ү нь тус компанитай эдгээр хүмүүсийн нэрийн өмнөөс гэрээг байгуулахдаа ямар нэгэн хуулийн шаардлага хангасан гэрээг байгуулах баримтыг тус компанид гаргаж өгөөгүй зэрэгцээ үлдэгдэл төлбөртэй байсан тул үлдэгдэл талбайн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байсан. Одоо ч эдгээр хүмүүсийн нэр дээр тус орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байна. С.Үгийн хувьд манай компанитай 2016 онд анх 268.9 м.кв талбай захиалаад 2013 оны 606 тоот гэрээг хамгийн анх хийсэн. Энэ гэрээг хийсний дараа н.Нямдэлгэр болон н.Н нарын өмчлөлийн байрыг 60 м.кв-аар тооцоод 2 байрын 120 м.кв нэмэгдээд нийт талуудын захиалсан байрны талбай 388.9 м.кв болсон. Энэ талбайгаас н.Нт шилжүүлсэн 50 м.квыг хасчихаар 338 м.кв гарч ирж байгаа. Энэ бол маргаангүй тоо юм. Бид нар 2018 онд гэрээ хийхдээ 350-аар хийсэн нь гол алдаа гарч байгаа. Энэ нь хийх ёсгүй гэрээ байсан юм. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр энгийнээр тайлбарлавал С.Ү өнөөдөр манай компаниас 267 м.кв талбай аваад явсан байгаа. Тэгэхээр 388.9 м.кваас н.Нт шилжүүлсэн 50 м.квыг хасаад 267 м.квыг хасчихаар С.Үгийн шаардах эрхтэй талбай 71 м.кв талбай гарч ирж байгаа. Энэ бол маш тодорхой тоо гарч ирсэн. С.Ү 71 м.квыг шаардах эрхтэй байтал яагаад 83 м.квыг шаардаад байгаа юм. Энэ бол үндэслэлгүй. Энэ 71 гэдэг тоон дотор С.Үгийн бэлнээр төлсөн квадрат болон бартерын 167 м.кв талбай бүгд орсон байгаа. Тооцоо нийлсэн 737 сая төгрөгт манай урамшуулал 11.78 м.кв орсон. Бодитоор 690 сая төгрөг манай компанид орсон. 11.78 м.квын үнийн дүнг нэмэхээр 737 сая төгрөг гарч ирж байгаа. Хэрэгт нотлох баримтаар өгсөн. н.Бгийн нэр дээр 11.78 м.квыг үндэслэлгүйгээр гэрчилгээ бичээд өгсөн байгаа. Урамшууллын талбай 2 бодогдоод явсан байгаа. Үүнийг бас анхаарч үзээсэй гэж хүсч байна. 11.78 м.квыг бид нар өмнө нь тооцоо нийлсэн акт дээр мөнгө хэлбэрээр тооцоод эднийд өгсөн гэж үзэж байгаа. С.Ү үүргийн гүйцэтгэлийн 83 м.квыг авах эрхгүй этгээд юм. Тус компанийн зүгээс 2018 оны 12-р сарын 05-ны өдрийн 02/019 тоот гэрээгээр дээрх 3 орон сууцанд ногдох орон сууцыг талбайгаар солих шаардах эрхгүй этгээдтэй буюу С.Үтэй гэрээ хийжээ. Түүнчлэн С.Ү нь дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3. Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оын сөрөг нэхэмжлэлийн агуулга: О ХХК нь 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 01/126 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-гээр Баянзүрх дүүргийн 0-р хороо, 00-р байрны 00 тоот орон сууцыг бартерт шилжүүлэн авахаар харилцан С.Үтэй харилцан тохиролцсон юм. Гэтэл уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь С.Ү биш байсан гэдгийг сүүлд мэдсэн юм. Гэтэл С.Ү нь хууль ёсны дагуу Баянзүрх дүүргийн 0-р хороо, 00-р байрны 00 тоот орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй байж бусдын үл хөдлөх эд хөрөнгө түүний эрхийг өөрийн мэтээр бусдад худалдан борлуулж байгаа нь илт хууль бус үйлдэл юм. Тодруулж хэлбэл Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасны зөрчиж манай компанитай хийсэн хэлцэл гэж үзнэ. 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 01/126 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2013 оны 08 сарын 19-ний өдрийн 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г үндэслэн байгуулсан ба уг 2013 оны 08 сарын 19-ний өдрийн 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсын Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. С.Ү нь нэр бүхий орон сууцыг төлөөлөн манай компанитай гэрээ байгуулах эрхтэй этгээд биш юм. С.Ү нь өөрийн нийт захиалсан 388.9 м.кв талбайг өөрийн найз Д.Нт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу манай компаниас С.Үтэй 2016 оны 10 сарын 28-ны өдөр 01/128 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан уг гэрээний 1.5-д зааснаар түүний авах ёстой бартерийн 166 м.кв талбайгаас 40 м.кв талбайг өөрийн төрсөн дүү С.Бд, 50 м.кв талбайг Д.Нт шилжүүлснийг хасаж тооцохоор болсон байдаг. С.Ү нь Д.Нт төлөх ёстой өр төлбөртөө тооцон 50 м.кв талбайд ногдох мөнгөн төлбөрийг шилжүүлүүлсэн ба ийнхүү шилжүүлснээр манай компаниас 50 м.кв талбай шаардах эрхгүй болно. С.Ү болон манай компанийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 02/019 тоот гэрээгээр С.Үд 351.09 м.кв үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү гэрээ хийхэд өмнө нь С.Үгийн хүсэлтээр Д.Нт шилжүүлсэн 50 м.кв талбайг хасаж тооцоогүй нь компанийн алдаа болсон байна. С.Ү нь өнөөдрийн байдлаар 83.41 м.кв талбайг авсан байгаа бөгөөд 185.09 м.кв талбайн үнэ 1 м.кв талбайг 3.995.000 төгрөгөөр бодон нийт 739.434.550 төгрөгийг манай компанид төлсөн. Үлдэх (351.09 м.кв талбай-83.41 м.кв талбай 185.09 м.кв талбай=82.59 м.кв талбай) 83 м.кв талбайг тэрээр нэхэмжилж байгаа боловч иргэн Д.Нт шилжүүлсэн 50 м.кв талбайн үнийг хасаж тооцоогүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Өөрөөр хэлбэл С.Үг орон үйлчилгээний талбай шаардах эрхтэй этгээд гэж үзвэл зөвхөн 32.59 м.кв талбайд ногдох үнийг шаардах эрхтэй гэж дүгнэн үзэхээр ба 83 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс С.Үтэй байгуулсан 2013 оны 08 сарын 19-ний өдрийн 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Монгол улсын Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 сарын 28-ний өдрийн 01/126 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г С.Ү О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 08 сарын 19-ний өдрийн 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2016 оны 10 сарын 28-ний өдрийн 01/126 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь дээрх үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл тул С.Ү нь Баянзүрх дүүргийн 0-р хороо, Н C блок 1 давхрын 000 тоот 83 м.кв талбайг эзэмших эрхгүй этгээд юм. Иймээс Баянзүрх дүүргийн 0-р хороо Н C блок 1 давхрын 000 тоот 83 м.кв талбайг С.Үгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч С.Үгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн 6 хороо, Н С блок 1 давхрын 000 тоот, 83мкв үйлчилгээний талбайг С.Үгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх гэж тодорхойлсныг нэхэмжлэгч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. С.Үгийн нөхөр талийгаач Ц.Т нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барсан ба талийгаачийг нас барснаас хойш С.Ү болон О ХХК нь 2013 оны 08 дугаар 19-ний өдрийн 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байна. Нэхэмжлэгч С.Ү болон О ХХК-тай байгуулсан 2013 оны 08 дугаар 19-ний өдрийн 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс даруй 8 жил өнгөрсөн байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөгч нарын хооронд маргаан гараагүй тул талийгаач Ц.Тын өөрт ногдох эд хөрөнгө, хуулийн дагуу эхнэр С.Үд шилжсэн ба талийгаач болон өвлөгч нарын тухайд өвлөх эрхтэй эсэх маргаан нь О ХХК-д хамааралгүй. Нэхэмжлэгч С.Ү нь Орчлон констракш ХХК-иас 388.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахаар захиалсан, Д.Н, дүү С.Б нарт 90м.кв талбайг шилжүүлсэн, төлбөр тооцоо дутуу байгаа учраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж хариуцагч тал үзэж байгаа нь доорх байдлаар үндэслэлгүй юм. С.Үгийн анх захиалсан 388.9 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгөнөөс Д.Нт өгсөн 50 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбай, бартераар хийгдсэн 166м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг хасаж тооцвол 172,9 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбай үлдэх ба энэ 172.9 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв*3.995.000 төгрөгөөр тооцож "Орчлон констракшьг ХХК-д 690.735.500 төгрөгийг төлж барагдуулсан, Баянзүрх дүүргийн 6 хороо, Н C блок 2 давхрын 0006 тоотын хажуу талд хаалга гаргахгүй тул танайх ав гэж 11.78 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбайг нэмж С.Үд 11.78м.кв*3.995.000 төгрөгөөр тооцож, 47.061.100 төгрөгийг хариуцагчид нийт 737.796.600 төгрөг+76 м.кв хэмжээтэй, 3 айлын үл хөдлөх эд хөрөнгийг өгснөөр талууд тооцоо нийлж, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиалагчтай нийлэх тооцоо гэх баримтаар төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан байгаа тул С.Ү нь хариуцагчид төлөх төлбөрийн үлдэгдэлгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Үг Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Х блок, 1 дүгээр давхрын 000 тоот, 83/наян гурав/ м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч О ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг нэхэмжлэгч С.Үд гаргаж өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Х блок, 1 дүгээр давхрын 000 тоот, 83/наян гурав/ м.кв талбайг нэхэмжлэгч С.Үгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1 820 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Үгээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 66 075 төгрөгийг нэхэмжлэгч С.Үгээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 886 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Үд олгож, хариуцагч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 745 675 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.  

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхээс хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-ний шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. С.Ү нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 28- ний өдрийн 01/126 тоот гэрээг үндэслэн шүүхэд гаргасан тул уг гэрээ нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн 2013 оны 03/606, 03/607, 03/608 тоот гэрээнүүдийн үргэлжлэл гэрээ тул хэлцлийг худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь эргэлзээтэй юм. С.Ү нь өөрийн талийгаач нөхөр Ц.Тын нэр дээр бүртгэлтэй байсан Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р байрны 00 тоот орон сууцаар хөрөнгө оруулан 2013 оны 03/606 тоот гэрээ хийсэн. Ц.Т нь 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд харин С.Ү нь өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гаргуулаагүй тул С.Үг хөрөнгийн өмчлөгч гэж үзэн барилгад хөрөнгө оруулсан гэж үзэх боломжгүй юм. Талийгаач Ц.Т нь 2 хүүхэдтэй байсан гэдгийг анхан шатны шүүхийн хуралдааны үеэр асуулт хариултын шатанд нотлогдсон. Энэхүү хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг баримтаар нотлох зорилгоор Ц.Т нь төрсөн хүүхэдтэй байсан эсэх лавлагаа гаргуулах хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан боловч үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.Тын хүүхдүүдийн хувьд хожим С.Ү болон О ХХК-д холбогдуулан орон сууцны өв залгамжлал, өмчлөх эрхийн талаар маргаан үүсгэх боломжтой ба шүүхээс энэхүү нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангагдаагүй гэх үндэслэлийг бий болгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр С.Үд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, С.Ү, О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02/019 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохиролд 208,499,050 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 01/128 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний төлбөрт 124,723,900 төгрөг нийт 333,222,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус юм. Учир нь С.Ү нь дээр дурьдсанчлан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/126 тоот гэрээг үндэслэсэн байхад энэхүү гэрээний дутуу төлөгдсөн төлбөрийг нэхэмжилсэн нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох бөгөөд, үүнээс гадна уг 01/126 тоот гэрээг үндэслэн хийсэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02/019 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохирол гаргуулах нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байна гэж татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн юм. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны үйл баримтыг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус юм гэдгийг хэрэгт цугларсан баримтууд болон талийгаач 2 хүүхэдтэй буюу Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, мөн 22,30 тоот орон сууцыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж С.Ү өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулаагүй, иргэний хуульд заасан тодорхой үндэслэлээр нотолсон байхад шүүхээс Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл нь нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээ байх ёстой юм. Иймээс анхан шатны шүүхийн хариуцагч нэхэмжлэгчид 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №1/362 тоот албан бичиг хүргүүлсэн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болон 2016 оны 10 сарын 28-ний өдрийн 01/126 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзнэ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болно. Тухайн үед Монгол Улсад мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу С.Ү нь хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгө түүний эрхийг өөрийн мэтээр бусдад худалдан борлуулж байгаа нь илт хууль бус үйлдэл юм. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзнэ. Түүний нөхөр талийгаач Ц.Тын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон түүний эрх нь эцсийн байдлаар бусад этгээдэд шилжээгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь дуусгавар болсон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу С.Үгийн хувьд өөрийгөө өв залгамжлагч гэж үзэж байгаа тохиолдолд энэ хуулийн заалтын дагуу урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэгээг хүчингүй болгуулж тухайн өвлөж авсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож гэрчилгээ авсны дараа бусад этгээдтэй аливаа гэрээний харилцаанд орох бүрэн эрх нь нээгдэх байсан. Анхан шатны шүүхээс м.квын тооцоог буруу тооцоолон дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс 388.9 м.кв талбайгаас 166 м.кв талбай бартер, үлдэгдэл м.кв талбайгаас 50 м.кв талбайг Д.Нт, 40 м.кв талбайг С.Бд үлдэгдэл м.кв талбай дээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 000 тоот 83 м.кв талбай худалдан авч гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт 43 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэд 43 м.кв талбайтай үл хөрөнгө тооцож өгсөн гэх, мөн 172.9 м.кв талбай дээр нэмж 11.78 м.кв талбай нэмж худалдан авч болох нь тогтоогдож байна гэж өөр өөр зөрүүтэй дүгнэлт хийн хэргийн үйл баримтыг нэг мөр тогтоон дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй байна. С.Ү нь 11.78 м.кв талбайг урамшуулал хэлбэрээр авсан гэдгээ нотлон шүүхэд тайлбар гаргасан. Иймээс шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй нь гомдолд дурьдсан үндэслэлүүдээр бүрэн тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн давж заалдах журмаар гомдлын агуулга: ... Талуудын хооронд 2016 оноос хойш хэд хэдэн Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулахад хөрөнгө оруулах гэрээ байгуулагдсан бөгөөд 2019 оны 12 сарын 15-ны өдөр уг гэрээнүүдийг бүгдийг нэгтгэн дүгнэсэн Тооцоо нийлсэн акт-ыг Иргэний хуулийн 445 дугаар зүйлд заасанчлан байгуулсан. Тус Тооцоо нийлсэн акт-аар С.Үгийн мөнгөөр худалдаж авах байрны хэмжээ, төлсөн үнэ мөн бартераар орлуулж авах байрны хэмжээг тус тус дүгнэсэн байдаг. Тус тооцоо нийлсэн актад заасанчлан С.Ү нь О ХХК-иас нийт 267.68 м.кв байрыг мөнгөөр худалдан авахаар болсон бөгөөд худалдан авч буй талбайд нийт 737,796,600 төгрөгийг төлснөөс үзвэл дээрх талбайгаас 184.68 м.кв байрын төлбөрийг л төлсөн гэдгийг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, худалдаж авахаар тохирсон 267.68 м.кв байраас 184.68 м.кв байрны үнийг төлсөн шүү гэдэгт тооцоо нийлж гарын үсэг зурсан юм. Энэхүү тооцооноос үзвэл үлдэгдэл 83 м.кв байрны үнэ одоог хүртэл төлөгдөөгүй хэвээр байна. Нэхэмжлэгч нь дээрх 737,796,600 төгрөгөөс өөр төлбөрийн төлөлт хийгээгүй бөгөөд үүнтэй маргадаггүй. Мөн дээрх Тооцоо нийлсэн акт-ыг үйлдэхдээ үлдэгдэл төлбөр тооцоог бүхэлд нь төлж барагдуулснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох буюу түлхүүр гардаж авах тухай зохицуулсан. Тийм байтал С.Ү нь худалдан авч байгаа талбайн төлбөрийг бүхэлд нь төлж дуусгах үүргээ биелүүлж дуусгаагүй хэрнээ эцсийн үр дагаврыг шаардах буюу өмчлөгчөөр тогтоолгохыг шаардаад байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээс Тооцоо нийлсэн акт-д төлөгдөөгүй м.квын зөрүү байна гэдгийг нотолсон баримт буюу хариуцагч талын татгалзлын үндэслэл болсон баримт байхад үүнийг чухал байдлаар авч үзээгүй, буруу дүгнэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргийг зүй ёсоор биелүүлээгүй байна гэж үзэж байна. Тиймээс шүүхээс тооцооллын алдаа гаргаж С.Үг үнэ бүрэн төлөгдөж дуусаагүй байх маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг С.Үд гаргаж өгөхийг даалгахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Х, Си блок, 1 дүгээр давхрын 000 тоот, 83 м.кв талбайг нэхэмжлэгч С.Үгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг эс зөвшөөрч байна. С.Ү нь худалдан авахаар тохирсон нийт 267.68 м.кв талбайгаас 184.68 м.кв талбайн үнэ болох 737,796,600 төгрөгийн үнийг төлсөн бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөгийн төлбөрийг төлөөгүй нь баримтаар тогтоогддог. Энэхүү үнэ төлөх үүрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасанчлан худалдан авагчийн үндсэн үүрэг бөгөөд энэхүү үүргийг биелүүлээгүй байгаа нь эг гэрээний зөрчилд хамаарах юм. Тиймээс худалдан авагч тал худалдан авч буй эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ үл биелүүлсэн байх тул манай О ХХК гэрээнээс татгалзаж, тийнхүү гэрээнээс татгалзсаны үр дагаварт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны өгсөн авснаа харилцан буцаах буюу маргаан бүхий 83 м.кв байрыг С.Үгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Иргэний хуулийн 445 дугаар зүйлд зааснаар тооцоо нийлсэн актыг байгуулсан гэж хэлж байна. Энэ нь зээл тооцооны үүрэг буюу бид нарын маргаан бүхий харилцаанд хамааралгүй хуулийн заалт тул үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээтэй холбоотойгоор хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ м.кв-ын зөрүүг хэд хэдэн удаа дурдаж байсан. Анх С.Ү нь 388.9 м.кв талбайн захиалга хийж, 50 м.кв талбайг н.Н гэх хүнд өгч, 40 м.кв талбайг дүү н.Бд өгсөн. 40 м.кв талбайн хувьд С.Үгийн бартераар авах 166 м.кв талбай орсон. Ингээд 172.9 м.кв талай үлдэж, үүнд 11.78 м.кв илүү гарсан тул тус талбайг С.Үг худалдаж авахыг санал болгосон. Үүнээс шалтгаалан 184.88 м.кв буюу тооцоо нийлсэн актын дагуу 738,595,600 төгрөгийг төлсөн үйл баримтын тухайд хариуцагч тал маргадаггүй. Одоо С.Үд 267.68 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Үүнд 83 м.кв талбай буюу одоо маргаж буй м.кв нэмэгдэж, 350.68 м.кв болж байгаа. 350.68 м.кв талбайгаас бартерийн 166 м.кв-ыг хасч тооцоход тооцоо нийлсэн актны 184.88 м.кв талбайн мөнгө төлсөн зөрүү гарч ирж байгаа. Мөн хариуцагчийн зүгээс тооцоо нийлсэн актыг нэг бүрчлэн дурддаг. Тооцоо нийлсэн актны 1 дүгээр хүснэгтэд ...бартерийн байрнаас 43 м.кв+40 м.кв, нийт 83 м.кв талбайг бартераар солилоо... гэж оруулаад, 166 м.кв талбайгаас 83 м.кв талбайг хасахаар дахин 83 м.кв талбай үлдэнэ. Уг 83 м.кв талбайд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний 2.1-д 83 м.кв 000 тоотыг өгнө гэж заасан. Төлөх үнийн тухай бичигдээгүй. Учир нь бартер солилцооны байр байсан тул талууд үнэ тохиролцоогүй. Мөн анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах эсэх тухай шийдвэрийг цаг тухайд нь гаргасан. Тус орон сууц 2011 онд нурсан. 000 Б байр буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байр нь 2 давхарт, маргаан бүхий 83 м.кв талбай 1 давхарт буюу үйлчилгээ явуулах боломжтой, хамгийн хөл хөдөлгөөнтэй газар юм. Хариуцагчийн зүгээс тооцоо нийлсэн акт болон албан бичгийг С.Үд удаа дараа өгч байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргадаг. Гараас гарт барих зарчим гэдэг нь хэнтэй гэрээ байгуулснаас хамаарах ба О ХХК С.Үтэй байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулахаас бус С.Үгийн цааш өөр этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өв залгамжлалын тухайд мөн адил түүний 2 хүүхэд маргаж буй бол С.Үтэй маргахаас бус О ХХК С.Ү нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу маргахгүй. Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс баримт ирүүлсэн бөгөөд С.Үгийн нэр дээр гарах юм байна, гэхдээ өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулаагүй байна гэж хариу ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч С.Ү нь хариуцагч О ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 0-р хороо, Н C блокод 1 давхрын 000 тоот 83 м.кв-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн бүртгэлд шаардлагатай баримт бичиг, материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг С.Үгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

4. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд авагджээ.

4а. 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 03/606 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 0000 тоот, нийт 268.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид актаар хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нийт 1,074,255,500 төгрөгийг төлөхөөс 26,247,150 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, үлдэх төлбөрийг төлөхөөр, /2хх.59-62/

4б. 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 03/607 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалт-ын гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 120 тоот 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд хөрөнгө шилжүүлэн худалдах, худалдан авахаар,

4в. 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 000 тоот 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд хөрөнгө шилжүүлэн худалдах, худалдан авахаар, /2хх.59-70/

4г. Нэхэмжлэгч С.Ү нь хариуцагч О ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 83 м.кв талбайг худалдан авахаар тохиролцсон байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, үнэд хуучин орон сууц шилжүүлэхээр хариуцагчтай тохиролцсон байна.

5. Анхан шатны шүүх зохигчид 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 03/606, 03/607 тоот, 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу 388,9 м.кв /368,9+60+60/ 3 талбайг авахаар тохирсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

6. Талууд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/128 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 1.5-д 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 03/606, 03/607 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-үүдийг үндэслэн энэхүү гэрээг 2 дахь удаагаа шинэчлэн байгуулав. С.Ү нь анх орон сууц, үйлчилгээний нийт 388,9 м.кв талбай захиалснаас 166 м.кв талбай нь хуучин орон сууцны бартер бүхий талбай юм. Үүнээс хуучин орон сууцны бартерын талбайнаас 166 м.кв захиалагч С.Үгийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлтийн дагуу 40 м.кв талбайг өөрийн төрсөн дүү С.Бд шилжүүлсэн, мөн С.Үгийн нэмж захиалж авсан талбайнаас 50 м.кв талбайг иргэн С.Нт шилжүүлснийг тус тус хасаж тооцохоор тохиролцов гэж заасан байна.

7. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч С.Ү гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

9. Хэргийн 1 хавтасны 75 дугаар талд зохигчдын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Захиалагчтай нийлэх тооцоо авагдсан, уг тооцоогоор нэхэмжлэгчийн худалдан авсан талбай нь 215,9 м.кв болох нь тогтоогдож байна. Үүнээс 43 м.кв талбайд нь үл хөдлөх хөрөнгө бартераар өгсөн, үлдсэн талбай дээр нэмж 11,78 м.кв талбай худалдан авсан болох нь тогтоогдож байна. Мөн худалдан авсан нийт 184,68 м.кв талбайн үнэд 737,796,600 төгрөг төлсөн байна. /1хх.75/

Иймд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нд заасан үүргээ бүрэн гүйцэтгэж, хариуцагчид 000 тоот 83 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн гэж дүгнэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг зөв дүгнэжээ.

10. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.Ү нь талийгаач Ц.Тын орон сууцыг өв залгамжилж аваагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байхдаа 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах худалдан авах гэрээ-г байгуулсан тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан нь үндэслэлгүй байна.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Ү, талийгаач Ц.Т нар нь 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн /1хх.61/ байх бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө, мөн хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч нарын асуудал нь гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд хамаарах юм. Хариуцагч нь уг харилцаанд хамааралгүй этгээд байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2021/11794 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 01/128 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний төлбөрт 124,723,900 төгрөг нийт 333,222,950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь буруу биш болжээ. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/02157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,956,257 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО