Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01723

 

 

 

 

 

 

 

 

 

Н.М-, Б.Н-, Н.А-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/01744 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.М-, Б.Н-, Н.А- нарын хариуцагч Ү- ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, зээлийн гэрээний хүүд төлсөн 8 501 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н-, нэхэмжлэгч Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Н.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амарбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Н- бид Номтын ам ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр нутаг дэвсгэрт баригдаж буй 240 айлын 16 давхар орон сууцанд 68,3 м.кв-тай 3 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор Номтын ам ХХК, Ү--тай орон сууцны санхүүжилтийн гурвалсан гэрээг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээнд захиалагч талыг төлөөлж Б.Н-, Н.М- нар нь Номтын ам ХХК-ийн барьж буй 240 айлын орон сууцны 68,3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авах, гүйцэтгэгч талыг төлөөлсөн Номтын ам ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэж, захиалагч талд орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад өгөх, банк нь орон сууцны үлдэгдэл төлбөр 45 000 000 төгрөгийг захиалагчийн дансанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Ингээд 2015 оны 3 сарын 27-ны өдөр захиалагч болох Б.Н-, Н.М- бид Ү-тай жилийн 23,4 хувийн хүүтэй, 240 хугацаатай 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, иргэн Н.А-, Л.Чинбат нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан бөгөөд дээрх гэрээнүүд хуульд зааснаар хүчин төгөлдөр болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний дагуу банк орон сууцны үнэ 45 000 000 төгрөгийн зээл олгосныг Номтын ам ХХК-ийн данс руу шилжүүлж, бид гэрээний үүргээр банкинд төлөх үүргээ гүйцэтгэсээр ирлээ. Гэтэл дээрх гурвалсан гэрээний гүйцэтгэгч тал Номтын ам ХХК нь гэрээнд заасан 3 өрөө орон сууцыг ашиглалтанд оруулсан гэх боловч захиалагч Б.Н-, Н.М- бидэнд шилжүүлэн өгөхгүйгээр өөр хэд хэдэн этгээдэд давхардуулан олгож, одоо энэ орон сууц хэнд олгосон эсэх нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч бидний өмчлөлд биет байдлаар огт шилжүүлж өгөөгүй. Барилга захиалагч бид гэрээний үүргээ биелүүлэн төлбөрийг бүрэн төлсөн боловч Номтын ам ХХК-нь 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, барилгын ажил нь явагдахгүй 3 жил 4 сарын хугацаа өнгөрсөн тул гэрээг цуцлуулж, банкнаас зээлсэн 45 000 000 төгрөг дээр өөрсдийн нэмж цувуулан төлсөн буюу нийт 68 310 000 төгрөгийг Номтын ам ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэр гарсан хэдий ч нэхэмжлэгч бид гурвалсан гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн. Орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулсан шалтгаан нь Номтын ам ХХК-иас өөрийн авлагыг авахын тулд уг гэрээг байгуулсан гэж үзэж байна. Учир нь банк 45 000 000 төгрөгийн зээл олгонгуутаа буцаагаад өөрийн банк руу 45 000 000 төгрөгийг 3 өрөө байрны төлбөр шилжүүлэв гэсэн утгаар шилжүүлж, Номтын ам ХХК-иас авах авлагатаа буцааж татсан. Мөн барьцаа хөрөнгийн тухайд итгэмжлэлийн хугацаа дуусаж Ч.Алтантогос нарын өмчлөх эрх нь зөрчигдсөөр байна. Орон сууцны санхүүжилтийн гурвалсан гэрээний 3.6.1, 3.6.2, 3.6.3, 2.5.4, 3.6.5-т заасан үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлыг гүйцэтгэгч тал хариуцаж бүрэн хэмжээгээр нөхөн төлнө гэжээ. Иргэний хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээний оролцогч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээ цуцалж болохоор заасан байх тул 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны санхүүжилтийн гэрээ, зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хөрөнгийн гэрээг цуцалж, зээлийн хүүд төлсөн 8 501 050 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан боловч дээрх 3 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 8 501 050 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлээ тодруулж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н- нь 2015 оны 02 сард зээл авах тухай хүсэлт гаргасан. Б.Н-ын хүсэлтийн дагуу зээлийг судалж үзэхэд тухайн барилга нь баригдаж дуусаагүй, гэрчилгээ гарах боломжгүй байсан тул түр барьцаанд авч зээлийн гэрээ байгуулсан. Тухайн хугацаанд Б.Н-оос зөвшөөрөл авч зээлийн мэдээллийн сангаас мэдээллийг татаж, судалгааг зохих ёсоор хийж, итгэмжлэл үйлдээд түр барьцаанд авсан. Ингээд талууд 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг 23,4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ бичгээр хийсэн. 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 45 000 000 төгрөгийг зээлдэгч Б.Н-ын Ү-ны данс болох 2900005349 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож түр барьцааг авч барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг байгуулахдаа өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийг үндэслээд байрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулаад улсын бүртгэлд бүртгүүлсэн. Барьцаанд тавьсан барилга баригдаж дуусаагүй байсан учраас орон сууцны санхүүжилттэй гурвалсан гэрээг байгуулсан. Уг гэрээнд орон сууцны санхүүжилтийг манай банкнаас зээлээр олгож Б.Н-т өгөх үүрэгтэй оролцсон. Харин Б.Н- нь гүйцэтгэгч барилгын компанид шилжүүлэх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч нар нь орон сууцыг хүлээж аваагүй, давхардуулж олгосон учир байргүй болсон тул зээлийн гэрээг цуцална гэж тайлбарлаж байгаа боловч орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээний 4.2-т үндсэн гэрээний үүргийн биелэлтийн улмаас орон сууцны ашиглалтад орох хугацаа болон улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж олгох хугацаа хойшлогдсон нь захиалагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь эргэн төлөх үүргийг хойшлуулах, чөлөөлөх, төлөхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг зааж өгсөн. Нэхэмжлэгч Н.М- нь 2016 онд Номтын ам ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэрэгт эвлэрч Номтын ам ХХК-иас 88 910 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. Барилгын компаниас 88 910 000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад банкнаас дахиад мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нь ойлгохгүй байна. Хэрэв шүүхийн шийдвэрт тухайн орон сууцыг хүлээлгэж өгөхөөргүй болгож мөнгө гаргуулахаар болсон юм яагаад зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргаагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтад зээлийн гэрээг цуцлах талаар ямар ч хүсэлт байхгүй. Манай банк нь Номтын ам ХХК-тай гурвалсан гэрээнээс өөр бусад байдлаар ямар ч гэрээ байгуулаагүй. Иймээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Номтын ам ХХК-аас шаардах боломжгүй. Н.А-, Н.М- нар нь манай банктай ямар ч гэрээ байгуулаагүй, ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй атлаа зээлийн гэрээг цуцлах, 8 501 050 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5-д заасан үндэслэл тогтоогдож байх тул 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай зээлийн гэрээ болон 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ү- ХХК-аас 8 501 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхбаяр, Д.Нямдолгор нарт олгож, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58а байрны 24 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү- ХХК-аас 533 917 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.М-, Б.Н- нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Манай банк нь Б.Н-той 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг жилийн 23.4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Л.Чинбат, Н.А-, Ч.Билгүүн нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, уг гэрээний салшгүй хэсгүүд болох орон сууц захиалгын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус цуцлуулах, зээлийн хүүд төлсөн 8 501 050 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч нь анхны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу тайлбарыг өгсөн. Гэвч Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч хэрэг хэлэлцэх үе шатанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, орон сууц захиалгын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэсэн хариултыг өгсөн. Хэрэв нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тохиолдолд шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах, хариуцагчаас хариу тайлбар авах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай. Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны санхүүжилтийн гэрээ болон уг гэрээний салшгүй хэсэг болох зээлийн барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх, зээлийн гэрээний улмаас хүүд төлсөн 8 501 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв гэсэн боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч И.Мөнхбаяр, Б.Н-, Н.А- нар нь хариуцагч Ү- ХХК-д холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, илүү төлсөн 8 501 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байгааг нотолж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Н.М-, Б.Н-т холбогдох хэсгийг шийдвэрлээгүй үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Н.М-, Б.Н-, Н.А- нар нь 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны санхүүжилтийн гэрээ, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг цуцлах, зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд төлсөн 8 501 050 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Н.А- нъ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж үзэв, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэх талаар шийдвэрлээгүй байгаа нь шүүх тус иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, бүхэлд нь шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.М-, Б.Н-, Н.А- нар нь хариуцагч Ү- ХХК-д холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны санхүүжилтийн гэрээ, зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, зээлийн гэрээний хүүд төлсөн 8 501 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, зээлийн гэрээний хүүд төлсөн 8 501 050 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл тул зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, зээлийн хүүд төлсөн 8 501 050 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Н- гарын үсэг зурсан, хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Б.Н-ын дансанд шилжүүлсэн тул гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч Ү- ХХК нь нэхэмжлэгч Б.Н-той 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ү- ХХК нь 45 000 000 төгрөгийг, жилийн 23.4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууцны санхүүжилтийн зориулалтаар зээлдүүлэх, нэхэмжлэгч Б.Н- нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 45 000 000 төгрөгийг зээлдэгч Б.Н-ын дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, депозит дансны харилцагчийн монгол хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 9-11, 22-р тал/

Мөн өдөр нэхэмжлэгч Б.Н- нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Чинбат, Н.А-, Ч.Билгүүн нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн, хариуцагч Ү- ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, 21-р хороолол, 58а байр, 24 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 18-21-р тал/

 

Дээрх зээлийн гэрээнд хамтран зээлдэгч Н.М-ыг төлөөлж Б.Н- гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч Н.М- нь Б.Н-т зээлийн гэрээ байгуулах эрхийг олгосон талаарх итгэмжлэл хэрэгт авагдаагүй, мөн гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч Н.М- нь Монгол Улсад байгаагүй болох нь түүний гадаад паспортын хуулбараар тогтоогдсон байна. /хх-ийн 61-62-р тал/. Нэхэмжлэгч Н.М- нь зээлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно гэж тайлбарласан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, зээлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Н- өөрөө гарын үсэг зурж, улмаар хариуцагч Ү- ХХК нь гэрээний үүргийг биелүүлэн, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Б.Н-ын дансанд шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин нэхэмжлэгч Н.М-ын хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулж гарын үсэг зурах эрхийг нэхэмжлэгч Б.Н-т итгэмжлэлээр олгоогүй байх тул хамтран зээлдэгч байх үндэслэлгүй, иймд нэхэмжлэгч Н.М-т үүрэг үүсгэсэн зээлийн гэрээний хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан тул нэхэмжлэгч Б.Н-ын хувьд зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх шаардлагын тухайд зээлийн гэрээ нэхэмжлэгч Б.Н-ын хувьд хүчин төгөлдөр байгаа тохиолдолд барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Н- нь барьцааны зүйлийн өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн, итгэмжлэлээр олгосон хугацааны дотор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан байх тул уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.А-ыг гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Н.А- барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувиар шаардлага гаргах эрхтэй боловч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Зээлийн хүүд төлсөн 8 501 050 төгрөг гаргуулах шаардлагын тухайд зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 53 971 550 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нар нь зээлийн хүүд төлсөн 8 501 050 төгрөгийг хариуцагч Ү- ХХК-иас нэхэмжилжээ. Хэдийгээр нэхэмжлэгч Н.М-ын хувьд зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч зээлийн хүү гэх 8 501 050 төгрөгийг нэхэмжлэгч Н.М- төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй. /хх-ийн 183-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Н-, хариуцагч Ү- ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний, нэхэмжлэгч Н.М-т үүрэг хүлээлгэсэн хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/01744 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дах хэсэгт зааснаар 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Н-, хариуцагч Ү- ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний, нэхэмжлэгч Н.М-т үүрэг хүлээлгэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлээс 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, зээлийн гэрээний хүүд төлсөн 8 501 050 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2 дах заалтын ... үлдээж, хариуцагч Ү- ХХК-аас 533,917 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.М-, Б.Н- нарт олгосугай. гэснийг үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ү- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 917 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ