Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/00012

 

М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00214 дүгээр шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн  83 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : М.Бадамсүрэн,

Хариуцагч : Ховд аймаг дахь "Хөгжил" Политехник коллежид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Бадамсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Бадамсүрэн би тус сургуульд 1998-2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл түүх нийгмийн ухааны багш, үйлдвэрлэл, урлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2015.9.28-ны өдөр 148 дугаар тушаалаар халагдаж, энэ маргаанаа 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэн буцаж ажилд орох шийдвэр гарсан. Сургуулийн захирал Д.Баярмаа 2014.7.21-ний өдөр 84 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд томилсон боловч тухайн орон тоо ТУЗ-ийн шийдвэрээр хасагдсан гэдэг шалтгаанаар ажлын байраар одоо болтол хангаагүй бөгөөд хангах боломжгүй гэдгээ 2015.7.08-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа боловч түүнийг хэлбэрийн төдий биелүүлсэн. Иймд Хөгжил Политехник коллежийн Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Хөгжил Политехник коллежийн санхүүд даалгана уу гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 7 дугаар сарын өдрийн 2/568 тоот шийдвэрийн дагуу 2014.7.21-ний өдрийн 84 тоот тушаалаар иргэн М.Бадамсүрэнг ажилд эгүүлэн томилж, ажилгүй хугацааны цалин болох 5.098.221 төгрөг, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш 5 жил 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах эрхийн дагуу 2.629.800 төгрөг тус тус олгосон. Иргэн М.Бадамсүрэн нь 2014.10.01-ний өдрөөс 2014.12.31-ний өдөр хүртэл 3 сарын хугацаанд чөлөө хүссэн өргөдлийн дагуу 3 сарын чөлөө олгосон. М.Бадамсүрэн чөлөөний хугацаа дууссан ч ажилдаа эргэж орохоор санал тавьж ирээгүй. Хөдөлмөрийн сайдын 2015.6.29-ний өдрийн "Мэргэжлийн техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай" А/126 тоот тушаалаар тус сургуулийн одоо ажиллаж байгаа бүтэц өөрчлөгдөж, тэнхимийн эрхлэгчийн орон тоо хасагдсан тул иргэн Бадамсүрэнг ажлын байраар хангах боломжгүй байна.” гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00214 дугаартай шийдвэр гаргаж, “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бадамсүрэнг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс М.Бадамсүрэнгийн 2014.4.04-ний өдрөөс 2014.7.21-ний өдрийг хүртэл 3 сар 11 өдөр, 2015.01.12 дугаар сарыг дуустал 12 сар, 2016 оны 01 дүгээр сараас 2016.5.09-ний өдрийг хүртэл 4 сар 6 өдөр нийт 19 сар 17 өдөрт ногдох олговорт 16.816.214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бадамсүрэнд олгож, 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бадамсүрэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид даалгаж, 4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нөхөн олговорт илүү нэхэмжилсэн болон ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нийт 2.445.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 206/МА2016/00083 дугаартай магадлал гаргаж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2014.4.03-ны өдрийн 59/771 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байхад шүүхийн шийдвэр биелэгдээгүй буюу дүр үзүүлэн биелүүлсэн. Нэгэнт хүчин төгөлдөр шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх үүрэгтэй. Хариуцагч талаас шүүхэд маргааны явцад Хөдөлмөрийн сайдын 2016.01.20-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан баримтыг гаргаж өгсөн байхад нэхэмжлэгчийг байхгүй болсон орон тоон дээр буюу Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажилд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь заалтыг буруу тайлбарласан. “Ажил ологч нь нэхэмжлэгчийг 2014.7.21-ний өдөр ажилд эгүүлэн томилсноор ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дахин үүссэн байна.” гэж дүгнэсэн мөртлөө энэ хугацаанаас өмнө буюу 2014.4.04-ний өдрөөс 2014.7.21-ний өдрийг хүртэлх 3 сар 11 өдрийн цалин хөлс гаргуулахаар тооцоолон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь миний дансанд сургуулиас цалин гэж 2-3 удаа мөнгө орсон байсан гэдгийг нотлох баримтаар үнэлж цалингийн тооцооллоос хасалгүйгээр шийдвэрлэсэн. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

М.Бадамсүрэн нь Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай шаардлагыг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдуулан гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

М.Бадамсүрэнг ажилд нь эгүүлэн тогтоох тухай Сум дундын 25-р шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 59/771 дүгээр шийдвэр, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 347 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх бөгөөд эдгээр шийдвэрийг үндэслэн ажил олгогч 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 84 дугаартай тушаал гаргасан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. /хх 6, 8-20/

 Ажил олгогч нь ажилтанг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Үйлдвэрлэл урлалын тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилсон  боловч  М.Бадамсүрэнг ажил үүргээ гүйцэтгэх нөхцлөөр хангаагүй, цалин хөлс олгоогүй байгаа нөхцөл байдлыг ажлаас халсантай адилтган үзнэ. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь зохион байгуулалтын хувьд 3 тэнхимээр ажиллаж байгаа нь тогтоогдсон тул М.Бадамсүрэнг тус коллежийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна. 

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00214 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн  83 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ЗОЛЗАЯА

                                      ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ