Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 83

 

 

М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00214 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт оршин суух Хорхон овогт Мэндбаярын Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймаг дахь "Хөгжил" Политехник коллежид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Бадамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “М.Бадамсүрэн би тус сургуульд 1998-2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл түүх нийгмийн ухааны багш, үйлдвэрлэл, урлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 148 дугаар тушаалаар халагдаж, энэ маргаанаа 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэн буцаж ажилд орох шийдвэр гарсан. Сургуулийн захирал Д.Баярмаа 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 84 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд томилсон боловч тухайн орон тоо ТУЗ-ийн шийдвэрээр хасагдсан гэдэг шалтгаанаар ажлын байраар одоо болтол хангаагүй бөгөөд хангах боломжгүй гэдгээ 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа боловч түүнийг хэлбэрийн төдий биелүүлсэн. Иймд Хөгжил Политехник коллежийн Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Хөгжил Политехник коллежийн санхүүд даалгана уу” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 07 дугаар сарын өдрийн 2/568 тоот шийдвэрийн дагуу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 84 тоот тушаалаар иргэн М.Бадамсүрэнг ажилд эргүүлэн томилж, ажилгүй хугацааны цалин болох 5098221 /таван сая ерэн найман мянга хоёр зуун нэг/ төгрөг, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш 5 жил 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах эрхийн дагуу 2629800 /хоёр сая зургаан зуун хорин есөн мянга найман зуу/ төгрөг тус тус олгосон. Иргэн М.Бадамсүрэн нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын хугацаанд чөлөө хүссэн өргөдлийн дагуу 3 сарын чөлөө олгосон. М.Бадамсүрэн чөлөөний хугацаа дууссан ч ажилдаа эргэж орохоор санал тавьж ирээгүй. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн "Мэргэжлийн техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай" А/126 тоот тушаалаар тус сургуулийн одоо ажиллаж байгаа бүтэц өөрчлөгдөж, тэнхимийн эрхлэгчийн орон тоо хасагдсан тул иргэн Бадамсүрэнг ажлын байраар хангах боломжгүй байна.” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00214 дугаар шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бадамсүрэнг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс М.Бадамсүрэнгийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сар 11 өдөр, 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 12 сар, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 4 сар 6 өдөр нийт 19 сар 17 өдөрт ногдох олговорт 16,816,214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бадамсүрэнд олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бадамсүрэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник  коллежид даалгасугай.

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нөхөн олговорт илүү нэхэмжилсэн болон ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нийт 2,445,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Бадамсүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймаг дахь “Хөгжил политехник” коллежээс улсын тэмдэгтийн хураамжид 312,231 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүх 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 59/771 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Бадамсүрэнг хөгжил политехник коллежийн Үйлдвэрлэл урлалын тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байхад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна гээд шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилоод дахин ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн үйлдэл нь шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн байна гэж шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн, хэлбэрийн төдий биелүүлсэн гэсэн зөрүүтэй дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй буюу дүр үзүүлэн биелсэн үйлдлийг дахин шүүхийн шийдвэрээр баталгаажуулах хууль зүйн зохицуулалт байхгүй бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага гүйцэтгэх үүрэгтэй. Хариуцагч талаас шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар Хөгжил политехник коллежийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, тэнхимийн эрхлэгчийн орон тоо байхгүй болсныг нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн байхгүй орон тоон дээр ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон бол адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч М.Бадамсүрэнг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажилд эгүүлэн томилсноор ажил олгогч, аижлтан нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дахин үүссэн байна гэж дүгнэсэн мөртлөө энэ хугацаанаас өмнө буюу 2014.04.04-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 3 сар 11 өдрийн цалин хөлс гаргуулахаар тооцолон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 4дүгээр сарын 04-нөөс 2014 оны 07 дугаар сарын 21 ны өдөр хүртэл, 2015 оны 01-12 дугаар сарыг дуусталх 2016 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөх олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай шаардлагыг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдуулан гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нь захирал 2014 оны 07 дугаар сарын 21-нд намайг ажилд авсан тушаал гаргасан боловч одоо хүртэл ажиллуулахгүй байгаа тул миний ажиллаж байсан үеийн  үйлдвэрлэл урлалын тэнхимийн нэр нь өөрчлөгдөж ерөнхий эрдмийн тэнхим болсон тул намайг ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоож өгөхийг хүсч байна гэж тайлбарлажээ. Ажил  олгогч нь ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн орон тоо нь Монгол улсын  Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот тушаалаар хасагдсан тул М.Бадамсүрэнг ажилд авах боломжгүй гэж тайлбарласан боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2,44.4-т  заасан шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Ажил олгогч нь ажилтанг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  Үйлдвэрлэл урлалын тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилсон  /хх-ийн 6 дугаар тал/ боловч өнөөг хүртэл ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлж М.Бадамсүрэнг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг   хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчөөгүй байна. 

 

Хариуцагч нь   давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242031 төгрөгийг   төрийн сангийн зохих данснаас гаргуулж  Хөгжил Политехник коллежид буцаан олгож шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар  хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242031 төгрөгийг төрийн сангийн 16000941 тоот данснаас гаргуулж Хөгжил Политехник коллежид буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

                                                                                    Н.ТУЯА