| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2021/00272/И |
| Дугаар | 210/МА2021/01795 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2021/01795
О- ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
С- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/02528 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О- ХХК-ийн хариуцагч С- дүүргийн З-т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С- дүүргийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх тухай тендерийг зарласан. Нэхэмжлэгч О- ХХК-ийн зүгээс тухайн тендер шалгаруулалтад заасан шаардлагуудыг бүрэн хангаж оролцон бусад байгууллагаас хамгийн сайн тендерийн материал ирүүлсэн хэмээн шалгарсан. С- дүүргийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 03/2836 тоот гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг бидэнд ирүүлсэн тул 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх тухай гэрээг талууд байгуулсан болно. Гэрээгээр О- ХХК нь гэрээний тусгай болон ерөнхий нөхцөл, техникийн тодорхойлолтод нийцсэн стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж буюу автогрейдерийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлэх, З- харилцан тохиролцсон 240 500 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Бид үүргээ гүйцэтгэж стандартын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй, гэрчилгээ, сертификат бүхий тоног төхөөрөмжийг БНХАУ-аас захиалан оруулж ирсэн. Гаалийн бүрдүүлэлтийг бүрэн хийж, татвар хураамжийг бүрэн төлж, техник оношилгоонд оруулж баталгаажуулсан. Ингээд комисс ажиллуулж хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан боловч автогрейдерийг өнөөдрийг хүртэл хүлээж авахгүй, гэрээний үнийг төлөхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 03/3518 тоот албан бичгээр гэрээт ажлыг хүлээж авах боломжгүй талаараа бидэнд мэдэгдсэн боловч уг албан бичигт тодорхой үндэслэл дурдаагүй. Уг автогрейдер нь ТЗҮК-ийн авто баазын хашаанд хадгалагдаж байгаа ба С- дүүргийн Засаг даргын тамгын газрын эзэмшилд шилжсэн байгаа. Нэхэмжлэгч цар тахлын үеийн эдийн засгийн хүнд нөхцөлд их хэмжээний мөнгө гаргаж үүргээ биелүүлсэн. Гэрээний зүйл болох автогрейдерийн хөдөлгүүрийн чадал бага, хутганы эргэлтийн өнцөг 360 градус эргэх боломжгүй боловч энэ нь тухайн механизмыг зориулалтын дагуу ашиглахад саад болохгүй, ялимгүй зөрчил юм. Иймд гэрээний дагуу төлөх ёстой 240 500 000 төгрөгийг хариуцагч С- дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ өрсөлдөөнийг аль болох өрнүүлэх зарчмыг баримтлах ёстой бөгөөд үүний зэрэгцээ худалдан авах барааны үзүүлэлтийн талаар тодорхой тусгахаас гадна техникийн тодорхойлолтын шалгуур үзүүлэлтүүд нь хязгаарласан шинжтэй байж болохгүй гэсэн байдаг. Техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа дүүргийн Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ болон холбогдох байгууллагаас техникийн үзүүлэлт, шаардлагыг авч хуулийн дагуу боловсруулан, батлуулж 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлсэн. Зарласан тендерт О- ХХК-ийн тендер шалгарч гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Гүйцэтгэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авах комисс ажиллуулж өгнө үү гэсэн мэдэгдэл ирүүлсний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр комисс ажилласан. Ажлыг хүлээн авах комиссын шийдвэр нь ашиглагч байгууллагын саналаар, манай техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна гэж үзэж, хүлээн авахаас татгалзсан. Уг техник тодорхойлолтод нийцсэн эсэх талаар гүйцэтгэгч болон захиалагчийн хамтын шийдвэрийн дагуу зөвлөх инженерийн дүгнэлт гаргуулсан бөгөөд дүгнэлтэд хутганы эргэх өнцөг 360 градус эргэхгүй, хутганы газарт орох гүний хэмжээг хэмжих боломжгүй, мөн хөдөлгүүрийн хүч 169 квт байхаас 162 квт байна гэсэн. Иймд О- ХХК-ийн нийлүүлсэн автогрейдерийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй тул С- дүүргийн Засаг даргын тамгын газраас 240 500 000 төгрөг гаргуулах тухай О- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 360 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал 400 000 төгрөгийг нэхэмжлэгч О- ХХК-аас гаргуулан шинжээч Х.Чулуунбаатарт олгуулахар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт гэрч, шинжээчийн зааг ялгааг зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх Л.Пүрэвсүрэнгийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон. Гэрч Л.Пүрэвсүрэнгийн хувьд С- дүүргийн З-т гаргаж өгсөн дүгнэлтээ хийхэд харсан болон автогрейдерийг газар дээр нь очиж үзсэн тэр нөхцөл байдлынхаа талаар гэрчээр мэдүүлэг өгөх боломжтой юм. Түүнээс гэрчийн хувийн бодол, дүгнэлтийг гэрчийн мэдүүлэг гэж үзэх боломжгүй. Гэтэл уг гэрчийн дүгнэлтийг мэдүүлэг гэж хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрч Л.Пүрэвсүрэнгийн хэлсэн үгийг өөрчилж дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт Энэ талаар шүүхэд гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгсөн Л.Пүрэвжав... автогрейдерийн хутга 360 градус байх нь нарийн гудамж талбайн замыг тэгшлэхэд урт техник хэрэгсэл эргэх үйлдэл хийхгүйгээр шороог хусах, зайлуулах боломжтой ... хэмээн мэдүүлсэн гэжээ. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч Л.Пүрэвсүрэн ... Гудамж талбайд эргэлт хийхгүйгээр буцааж шороог татах, тэгшлэх боломжтой. Хутга операторын урд байгаа учир харагдах боломжтой ... гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийн үгийг өөрчилж, автогрейдерийн хутга 360 градус эргэдэг байх давуу талыг тодорхойлж байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх ... хөдөлгүүрийг өндөр хүчин чадлаар ажиллуулбал 169 к.вт чадал гаргах боломжтой ба энэ нь тахир голыг эргүүлэх хурднаас хамаарах буюу агаар, түлшний холимгийг ямар хэмжээгээр хөдөлгүүрийн цилиндрт шахах /газ буюу хаазлах/-аас хамаарна ... хэмээн мэдүүлсэн. Энэ нь түлш зарцуулалтанд зайлшгүй нөлөөлөх нэг хүчин зүйл мөн тул захиалагчийн хувьд эдийн засгийн үр ашиггүй хэрэглээг бий болгохоор байна гэж дүгнээд хөдөлгүүрийн чадал 169 к.вт байхаас 162 байгаа нь үүргийн ялимгүй зөрчил биш доголдол гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шинжээч Х.Чулуунбаатар шүүх хуралдаанд ... Мөн хөдөлгүүрийн хүч гэж огт байхгүй, хөдөлгүүрийн чадал гэж байдаг. Хөдөлгүүрийн хүч гэж дугуйн дээр үүсэж байгаа хүчийг хэлнэ. Автогрейдерийг жинтэй нь уялдуулж бодоход хөдөлгүүрийн чадал нь 144.44 к.вт чадалтай, 14,5 хувийн нөөцтэй байна. Жинтэй нь харьцуулбал хангалттай чадалтай байна гэсэн үг. 144,44 к.вт чадал нь ажлын бүтээмжид шууд нөлөөлөхгүй. Харин ашиглалтын зардалд нөлөөлж болно. Жишээлбэл түлшний зарцуулалт багасна. Түлшний зарцуулалтаас хамааран, хэдий хэмжээний шаталт үүсгэнэ, төдий чинээгээр чадал зарцуулагдана гэж дүгнэлттэйгээ холбогдуулан мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, С- дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалсан автогрейдерийн жин 15300 кг бөгөөд уг автомашиныг ажиллуулах хөдөлгүүрийн хүч нь 144,44 байхад хангалттай гэж шүүхийн журмаар шинжээчээр томилогдсон шинжээч Х.Чулуунбаатар тусгай мэдлэгийнхээ хүрээнд тооцоолж, дүгнэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх С- дүүргийн Засаг даргын Тамгын газраас захиалсан 15300 кг жинтэй, 114,44 квт-аар бүрэн ажиллах боломжтой автогрейдерийг хариуцагч тал 169 квт чадлаар байнга ажиллуулах мэтээр тайлбарлаж, түлшний зарцуулалтанд нөлөөлж. эдийн засгийн үр ашиггүй байдлыг бий болгоно гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр болно. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөөл үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаар өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан. Анхан шатны шүүх О- ХХК-ийн нийлүүлсэн автогрейдерийг хутга /хусуур/ 360 градус эргэдэггүй, хөдөлгүүрийн чадал 169 квт байхаас 162 квт чадалтай техник нийлүүлсэн нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолд хамаарна, 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасан зарим хэсгээрээ доголдолтой, эсхүл мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Учир нь захиалагч байгууллага техникийн тодорхойлолтоо оновчтой, зөв, мэргэжлийн түвшинд тодорхойлоогүй гэдгийг шинжээч Х.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ тодорхой дурьдсан. Тухайлбал, Сонгинохайрхэн дүүргийн З- 15300 кг жинтэй автогрейдер захиалсан байж хөдөлгүүрийн чадлыг 169 квт гэж тодорхойлсон байгаагаас харахад техникийн тодорхойлолтын үзүүлэлтүүд хоорондоо уялдаагүй, шууд тоо заасан байдалтай байдаг буюу тухайн техникийн тодорхойлолтыг бүрэн хангах автогрейдер байх боломжтой эсэх нь эргэлзээтэй юм. Түүнчлэн 15300 кг жинтэй автогрейдерийн хувьд 144,44 квт хөдөлгүүрийн чадалтай байхад хангалттай ажиллана гэсэн шинжээчийн дүгнэлт болон хөдөлгүүрийн хүч 169 квт, 162 квт байхын ялгаа тухайн автогрейдерийн хувьд төдийлөн их биш байхад анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөөлөх доголдол гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Мөн хариуцагчаас тухайн автогрейдерийг ямар зориулалтаар ашиглахын тулд 360 градус эргэдэг хутга /хусуур/-тай байх шаардлага тавьсан талаарх баримт болон тайлбарыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс мэдэхгүй гэсэн хариуг хэлсэн. С- дүүргийн З- нь худалдан авч байгаа автогрейдерийнхээ хутга /хусуур/-ын 360 градус эргүүлж ямар зорилгоор ашиглахаа мэдэхгүй байхад анхан шатны шүүхээс 360 градус эргэдэг байхын давуу талыг тодорхойлж, О- ХХК-ийн нийлүүлсэн автогрейдер нь 45 градус эргэдэг нь түүнийг үндсэн үүрэг болох шороо хамах, тэгшлэх. зайлуулах ажлыг хийж гүйцэтгэхэд ноцтой нөлөө үзүүлэх мэтээр тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтын үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О- ХХК нь хариуцагч С- дүүргийн З-т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани нь Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж стандартын шаардлага хангасан автогрейдерийг нийлүүлсэн тул үнийг шаардана гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч автогрейдер нь техникийн тодорхойлолтод нийцээгүй, биет байдлын доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан байна.
Зохигчид 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч О- ХХК нь техникийн тодорхойлолтод нийцсэн автогрейдерийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлэх, хариуцагч С- дүүргийн З- нь барааны нийлүүлэлтийг 240 500 000 төгрөгөөр санхүүжүүлэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 14-31-р тал/
Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Нэхэмжлэгч О- ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний зүйл болох автогрейдерийг хүлээн авах комисс томилон ажиллуулах хүсэлтийг хариуцагч С- дүүргийн З-т хүргүүлсэн байх бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч байгууллага нь 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилон ажиллуулжээ. /хх-ийн 58-р тал/
Ажлын хэсгийн гишүүд болох Аж ахуйн тасгийн үндсэн хөрөнгийн нярав О.Анударь, Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтуяа, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөндалай, Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын сантехникийн инженер П.Бямбасүрэн нар нь гэрээний зүйл болох автогрейдерийг ашиглалтад хүлээн авах саналын хуудаст гарын үсэг зурсан байна. /хх-ийн 61-64-р тал/. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүрэгтэй. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч О- ХХК нь гэрээний үүргийг биелүүлж автогрейдерийг хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар буюу худалдагч тал гэрээнд заасан чанар бүхий хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.
Тухайн гэрээний зүйлийн талаар гаргасан Монгол Улсын автотээврийн зөвлөх инженер Л.Пүрэвжавын техникийн дүгнэлтэд хутганы эргэлтийн өнцөг 360 градус эргэхгүй, хөдөлгүүрийн хүч 162 к.вт, хутганы газарт орох гүний хэмжээг хэмжих боломжгүй буюу техникийн тодорхойлолтоос 3 үзүүлэлт зөрүүтэй болохыг тодорхойлжээ. /хх-ийн 119-120-р тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч О- ХХК-ийн хүсэлтээр Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль Механик тээврийн сургуулийн багш Х.Чулуунбаатарыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байна. Гэрээнд хутганы эргэлтийн өнцөг 360 градус, хөдөлгүүрийн хүч 169 к.вт, хутганы газарт орох гүний хэмжээ 787 мм гэсэн боловч тус дүгнэлтээр хутганы эргэлтийн өнцөг хагас эргэлттэй 50 градус хүртэл, хөдөлгүүрийн хүч 162 к.вт, хутганы газарт орох гүний хэмжээ онолын хувьд 787 мм байх боломжгүй гэж мөн л гурван үзүүлэлтийн зөрүүг заажээ. /хх-ийн 185-186-р тал/
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дах хэсэгт Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг, бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан тул гэрээний зүйл болох автогрейдерийн зарим үзүүлэлт техникийн тодорхойлолтод зааснаас өөр байгааг дээрх хуульд зааснаар бүхэлд нь доголдолтой гэж үзэх боломжгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч О- ХХК-ийн нийлүүлсэн автогрейдерийн 3 үзүүлэлт техникийн тодорхойлолтоос зөрүүтэй болох нь дээрх хоёр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч шинжээч Х.Чулуунбаатар нь ... аюулгүй ажиллагааны дүрэмд хамах өнцгийг 45-50 градусаас илүү эргүүлж болдоггүй, автогрейдерийн эргэлтийн өнцгийг 360 градус эргүүлэх ямар ч шаардлагагүй, 360 болон 50 градусын ялгаа ажлын бүтээмжид нөлөөлөхгүй, ... хөдөлгүүрийн чадал нь 14.5 хувийн нөөцтэй, жинтэй харьцуулбал хангалттай чадалтай, хааз нэмэгдэхэд хөдөлгүүрийн хүч 169 к.вт байтугай нэмэгдэх боломжтой, ... хутганы шигдэх хэмжээ 787 мм гэсэн нь биелэх боломжгүй, автогрейдер нь хоёр хусуурынхаа нэгийг газарт шигтгэж ухалт хийнэ, түүнээс илүү ухна гэж байхгүй тул автогрейдер нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн байна. /хх-ийн 2хх-ийн 64-65-р тал/.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Хутганы эргэлтийн өнцөг, хөдөлгүүрийн хүч техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс зөрүүтэй байгаа нь автогрейдерийн ашиглалтад ноцтой нөлөөлөхгүй, ердийн нөхцөлд бүрэн ашиглах боломжтой болохыг шинжээч Х.Чулуунбаатар тодорхойлсон байх тул гэрээнээс татгалзах эрх хариуцагч байгууллагад үүсээгүй гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С- дүүргийн Засаг даргын тамгын газраас 240 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О- ХХК-д олгох нь зүйтэй.
Харин хариуцагч байгууллага нь техникийн тодорхойлолтод нийцээгүйтэй холбоотой буюу зарим хэсгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа шаардах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.С- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/02528 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С- дүүргийн Засаг даргын тамгын газраас 240 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О- ХХК-д олгосугай. гэж,
2 дах заалтын ... үлдээж, ... ... гэсний дараа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С- дүүргийн Засаг даргын тамгын газраас 1 360 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О- ХХК-д олгож гэж нэмж, ... нэхэмжлэгч О- ХХК-иас ... гэснийг хариуцагч С- дүүргийн Засаг даргын тамгын газраас гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч О- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 360 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Г.ДАВААДОРЖ