Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01810

 

 

 

 

 

 

 

 

 

Т.О-, Э.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/02543 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.О-, Э.Б- нарын хариуцагч И- ХХК-д холбогдуулан гаргасан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт нэхэмжлэгч Т.О- нь 114 889 104 төгрөг, нэхэмжлэгч Э.Б- нь 37 019 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр баг, Хар тээг гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр Э.Х-т нь И- ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байх явцдаа машинд дайрагдаж үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан. Э.Х-т нь тус компанид 1 сар 28 хоног ажиллаж 3 084 987 төгрөгийн цалин авсан, дунджаар сарын цалин 1 595 682 төгрөг болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу өөрийн гэсэн гэр оронгүй, ээжийндээ амьдарч байгааг харгалзан үзэж хүү, охин бид гуравт нөхөн төлбөрийг шийдэж өгнө үү. Нийт 3 084 287 төгрөгийн цалинг ажилласан хоногт шилжүүлбэл 531 89.43 төгрөг, сард 1 595 682 төгрөг, жилд 19 148 184 төгрөг, 36 сард 57 444 552 төгрөг болж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэсэн заалтыг үндэслэн 57 444 552 төгрөгийг хоёроор үржүүлж, нийт 114 889 104 төгрөгийг И- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Энхбат овогтой Хатанзоригт нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хар тээг гэх газарт үйл ажиллагаа явуулдаг И- ХХК-д ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж харамсалтайгаар амь насаа алдсан. Тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, талийгаачийн төрсөн эгч Э.Б- намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т заасны дагуу миний дүү Э.Х-т нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан тул Засгийн газрын 2015 оны 269 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-т заасны дагуу үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэж үзэхээр байна. Талийгаачийн ар гэр буюу хохирогч миний зүгээс тухай осол гарсан шалтгаан нөхцөл нь И- ХХК-ийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглаж байсан, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодуулж байснаас шалтгаалсан гэж үзэж байсан учир цагдаа, прокурорын байгууллагаас тус хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл ямар нэгэн байдлаар шүүхэд хандаагүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу 37 019 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Х-т нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс тус компанид жолоочоор ажиллах хүсэлт гаргаж, 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрт нь эзэмшүүлэн ашиглуулж байсан тээврийн хэрэгсэл доогуур шурган стандартын бус асаалт хийх үедээ уг машиндаа дайруулж нас барсан юм. Энэ асуудалд Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/44А тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Э.Х-т нь И- ХХК-тай гэрээ байгуулах үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, цалингаа бүтнээр авна гэсэн хүсэлт гаргасан байдаг. Гэвч ажлын байран дээр осолд орсон учир Э.Х-тын төрсөн хүү Х.Цогжавхланд нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор түүний ажилласан хугацаагаар биш, гэрээ байгуулсан хугацаагаар нь компаниас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, энэ үндсэн дээр тэтгэмж тогтоогдсон юм. Э.Х-т нь Засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул байгууллагын дэргэдэх байнгын комиссоос үйлдвэрлэлийн осол мөн гэж акт тогтоосон ба Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээч Д.Батхуяг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 11-06-040-19 тоот шинжээчийн дүгнэлт гаргаж, мөн дээрх үндэслэлээр үйлдвэрлэлийн осолд тооцсон. Харин ослын шалтгаан нөхцөлийг тогтоохдоо Э.Х-т нь авто машинд эвдрэл гэмтэл гарсан үед тухайн компанийн механик болон ерөнхий инженер, автын инженерт нэн даруй мэдэгдээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.2.1, 18.2.7-д заасныг тус тус зөрчсөн, авто машинаа технологийн бус аргаар асааснаас болсон гэж дүгнэсэн юм. Хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтэд тухайн аж ахуйн нэгжийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй байна, аюулгүй ажиллагааны зааварчилгаа Монгол Улсын 4969-2000 стандартын 4.16-д заасны дагуу ажил хийж гүйцэтгэхийн өмнө ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр өгч, ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна гэж дүгнэснээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 423 тоот дүгнэлтэд норд бенз маркийн 89-20 УНЛ улсын дугаартай ачааны авто машины тормозны эд анги бүрэн ажиллаж байгаа нь ослын өмнө ажиллаж байсан байх үндэслэлтэй. Норд бенз 89-20 УНЛ улсын дугаартай ачааны авто машины кундактор ажиллаж байна. Ажиллаж байгаа тул осол гарахад нөлөөлөхгүй, кундактор ажиллахгүй байх үед моторын хажууд байх стартер дээр тог өгөхөд авто машин асах боломжтой. Ийм үйлдлээр асаахыг стандартын бус асаалт гэж үзнэ. Тээврийн хэрэгслийн кроп залгаатай байхад тээврийн хэрэгслийг асаавал тээврийн хэрэгсэл шууд хөдөлнө гэж тодорхойлсон. Эдгээр дүгнэлтээс үзэхэд авто машинд техникийн талаас жолооч Э.Х-тын үхэлд нөлөөлөх эвдрэл гэмтэл байгаагүй. Уг машиныг асаах стартер болон тормозны систем бүрэн ажиллагаатай байсан нь тогтоогдсон. Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүгүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эдгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Мөн байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер, механик болон бусад алба хаагчид аюулгүй ажиллагааны зааварчлагыг зохих ёсоор өгч ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажилласан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан И- ХХК-аас 37 019 520 төгрөгийг гаргуулан Энхбатын Болортуяад олгож, И- ХХК-аас 114 889 104 төгрөг гаргуулах тухай Туяагийн Отгонцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Т.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжийн 343 048 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, И- ХХК-иас 343 048 төгрөг гаргуулан Э.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Э.Х-т нь автомашинаа технологийн бус аргаар асааснаас болж, амь насаа алдсан болохыг ослын актад заасан. Мөн шинжээчийн дүгнэлтэд осол болсон 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр автомашинд техникийн талаас жолооч Э.Х-тын үхэлд нөлөөлөх эвдрэл гэмтэл байгаагүй талаар дүгнэсэн. Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүгүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эдгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер, механик болон бусад алба хаагчид аюулгүй ажиллагааны зааварчилгыг зохих ёсоор өгч ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажилласан болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолын үндэслэлийг шууд үгүйсгэн, хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа байна гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулах эх сурвалж болгосон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд дурдсан асуудал нь Э.Х-тын үхлийн шалтгаан нөхцөл болоогүй бөгөөд байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж шүүхийн үндэслэл болгосон дээрх асуудлуудаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан И- ХХК-д эрүүгийн болон захиргааны, сахилгын ямар нэг арга хэмжээ аваагүй, хариуцлага хүлээлгээгүй. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, осолд Э.Х-т шууд буруутай гэж дүгнэсэн, прокурорын байгууллага хэргийг бүхэлд нь хянаж, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бусад оролцогч нар энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч маргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгон хариуцагч байгууллагыг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Э.Х-т нь өөрийн буруутай ажиллагаанаас болж осолд орсон боловч ажил үүргээ гүйцэтгэж байсан, ажлын байранд уг осол болсон байдлыг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцсон бөгөөд тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан болон түүний ар гэр ахуй амьдралын байдлыг нь харгалзан байгууллагаас оршуулгын зардлыг бүрэн хариуцаж, хүүхдийн тэтгэвэр тэтгэмжийг өндөр хувиар тогтоолгох зэрэг бодитой тусламжийг үзүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан Хуулийн нэр томьёоны тодорхойлолт-д гэр бүлийн гишүүн гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно гэж тодорхойлсон. Харин Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд Хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Б-г Э.Х-ттой нэг ам бүлд хамтран амьдарч байсан, түүний төрсөн эгч бөгөөд садангийн хүн гэж үзнэ хэмээн тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн олговрыг түүнд олгохоор шийдвэрлэснийг мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Э.Х-т И- ХХК-д ажилд орох үед өөрийн гараар бичсэн анкетдаа эхнэр Х.Батцэцэг, аав Г.Энхбат, ээж Х.Багабайдий, хүү Х.Цогжавхлан гэж өөрийн гэр бүлийн гишүүдийг тодорхойлсон. Э.Б- нь Э.Х-тын амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 189 тоотод нэг хаягт амьдарч байсан гэх боловч нэг гэр бүлд амьдарч байгаагүй гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн, Э.Х-тын хууль ёсны төлөөлөгч биш, мөн түүний асран хамгаалагч харгалзан дэмжигч ч биш юм. Түүнчлэн Э.Х-тын аав ээж, гэр бүлийн гишүүдээс Э.Б-г шүүхэд Э.Х-тын ар гэрийг төлөөлөх ямар нэг эрх зүйн баримт олгоогүй, Э.Б- нь ямар үндэслэлээр Э.Х-тын ар гэрт олгох тэтгэмжийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасан хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэх заалтыг баримтлан Э.Х-тын осолд орсон асуудалд буруугүй болох нь тогтоогдсон хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.О-, Э.Б- нар нь хариуцагч И- ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт нэхэмжлэгч Т.О- нь /нас барагчийн эхнэр/ 114 889 104 төгрөг, нэхэмжлэгч Э.Б- нь /нас барагчийн эгч/ 37 019 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э.Х-т нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нөхөн төлбөрийг ажил олгогчоос гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч Э.Х-т нь автомашинаа технологийн бус аргаар асаасны улмаас осолд өртсөн буруутай тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

 

Э.Х-т нь хариуцагч И- ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болох нь талуудын тайлбар, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 37-р тал/

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Э.Х- нь автомашинд засвар үйлчилгээ хийж байгаад нас барсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байх бөгөөд энэ хугацаанд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарч, Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/44А дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр дээрх хэргийг хаасан байна. /хх-ийн 19-24, 38-43-р тал/

 

Дээрх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад ... жолооч Э.Х-т нь автомашинаа унтрааж зогсоолд байрлуулахдаа зогсоолын тормозыг татаагүй, ажлын байранд мөрдөгдөх дүрэм, журам, хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг, автомашиныг асаах технологийг зөрчиж, эвдрэл саатал гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр зориулалтын бус аргаар автомашиныг асаах оролдлого хийсэн шууд буруутай гэж дүгнэсэн боловч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-т хөдөлмөр эрхлэгч иргэн ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно гэж заасны дагуу дээрх үйл баримтыг үйлдвэрлэлийн осол гэж дүгнэжээ. /хх- ийн 37-р тал/

 

Хариуцагч И- ХХК нь үйлдвэрлэлийн осол гарсан нөхцөл байдалд ажилтан Э.Х-т өөрөө буруутай гэж маргаж байх боловч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7.1-т зааснаар дээрх акт, дүгнэлтийг эс зөвшөөрч холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11-06-040/19 дугаар дүгнэлтэд ... ажил олгогч буюу И- ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8-т заасныг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй зөрчсөн гэж ажил олгогчийн буруутай үйлдэл байсан болохыг дүгнэсэн байна. /хх-ийн 40-41-р тал/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заажээ.

 

Э.Х-тын нас барсан үйл баримтад үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоосон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн акт, дүгнэлт гарсан, мөн ажилтны цалингийн хэмжээ тодорхой байх зэрэг урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байх тул нас барагчийн ар гэрийн зүгээс хуульд заасны дагуу нөхөн төлбөр шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч байгууллагыг үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хоёрдугаар хавтаст хэргийн 143-154 дүгээр талд нас барагч Э.Х-тын цалин хөлстэй холбоотой баримтууд авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч И- ХХК-иас 37 019 520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Б-г нас барагч Э.Х-ттой хамт амьдарч байсан садангийн хүн гэж тодорхойлсон нь үндэслэлгүй гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасан ар гэр гэдэгт нас барсан ажилтантай нэг ам бүлд хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс хамаарах юм.

 

Нэхэмжлэгч Э.Б- нь нас барагч Э.Х-тын төрсөн эгч болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Б-г иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолууд хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч Э.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу биш. /хх-ийн 51, 99, 134, 2хх-ийн 65-р тал/. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Т.О- гомдол гаргаагүй, гомдол гаргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцэхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/02543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ