Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00035

 

 

 

 

 

 

 

 

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/02967 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч Ф.Э-, Ч.М- нарт холбогдуулан гаргасан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, цахилгааны төлбөрт 2 428 519 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэм хорын хохиролд 16 450 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагч Ф.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С- ХХК нь Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, Маахуур толгой хаягт байрлах нэгж талбарын 1330700031 дугаар бүхий 472 м.кв газрыг үүрэн холбооны станцын зориулалтаар эзэмшиж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу зохих төлбөрийг төлж, хэрэглэгчдэд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл иргэн Ф.Э- нь гэр бүлийн хамт манай компанийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр хувийн сууц барьж компанийн газрыг хууль бусаар эзэмшсэн, мөн компанийн өмчлөлийн сайтаас өрхийн цахилгааны хэрэглээгээ хууль бусаар хангаж байгаа нөхцөл байдал илэрсэн. С- ХХК-ийн зүгээс иргэн Ф.Э-д 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20/9674 тоот газар чөлөөлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, албан ёсоор мэдэгдсэн ч одоог хүртэл газрыг чөлөөлөөгүй хэвээр байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2 дах хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3 дах хэсэгт Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, Маахуур толгой хаягт байрлах нэгж талбарын 1330700031 дугаартай 472 м.кв талбай бүхий С- ХХК-ийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж буй иргэн Ф.Э-д газар чөлөөлөхийг үүрэг болгох буюу газраас албадан нүүлгэхээр шийдвэрлэж өгнө үү. С- ХХК-ийн өмчлөлийн сайтаас зөвшөөрөлгүйгээр 2017 оны 2 сараас 2020 оны 6 сар хүртэлх хугацаанд цахилгаан ашигласны төлбөр болох 2 428 519 төгрөгийг иргэн Ф.Э-, Ч.М- нараас гаргуулах шаардлага болон хариуцагч Ч.М-т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Ф.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр хүүхдийн хамт Говь-Сүмбэр аймагт ажиллаж амьдарч байгаад эхнэр Чүлтэмдорж овогтой Мягмар нь 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн С- ХХК-иас санал болгосны дагуу 01 дугаартай тушаал гарч Баянзүрх дүүргийн 5-р хороо Тарвилан хийдийн баруун хойно Маахуур толгой хаягт байрлах С- ХХК-ийн станцын хашааны сахиулаар өнөөдрийг хүртэл ажиллах болсон. С- ХХК-иас гаргасан нэхэмжлэлд дурдсанаар Ф.Э- миний бие компанийн эзэмшлийн газар дээр дур зоргоороо бууж, хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй, станцаас зөвшөөрөлгүйгээр тог цахилгаан ашигласан зүйлгүй, эхнэр сахиулаар ажиллах болсноор өнөөдрийг хүртэл тог, цахилгаанаар хангах зөвшөөрлийг олгосны дагуу сахиулаар ажиллаж, амьдарч байгаа болно. Миний төрсөн дүү болох Ф.Зоригоо нь 1999 оноос 2019 хүртэл инженерээр ажиллаж байгаад ажлаас халагдсантай холбоотойгоор Ф.Зоригоо нь шүүхэд хөдөлмөрийн маргаан үүсгэсний дагуу шүүхээс шийдвэр гарч ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нь гаргуулахаар шийдвэрлэсний дагуу энэхүү хэрэг маргаанаас болж Ф.Зоригоотой холбоотой асуудлаар миний гэр бүлд хамааруулан шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. С- ХХК-ийн эзэмшлийн газар мөн, энэ талаар маргаангүй, чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Сахиул шаардлагагүй гэж худал хэлж байна, их үнээр үнэлэгдэх кабель байдаг. 2017 онд ажиллуулахгүй гэсэн мэдэгдэл өгснөөс хойш цалин өгөөгүй, гэвч одоог хүртэл сайтыг харж байгаа. Гэнэт 2020 оны 8 сард газар чөлөөлж өг гэх мэдэгдлийг авсан гэжээ.

 

Хариуцагч Ф.Э- сөрөг нэхэмжлэлдээ: С- ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд санал болгосны дагуу тус компаниас 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай тушаал гарч манай эхнэрийг сахиулаар ажилд авч Баянзүрх дүүргийн 5-р хороо, Тарвилан хийдийн баруун хойно Маахуур толгойн хаягт байрлах С- ХХК-ийн станцын хашааны сахиулаар ажиллах болсон тул гэр бүлийн хамтаар 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл сахиулаар ажиллаж, амьдрах болсон. Ингээд миний бие тухайн компанийн удирдлагуудын зөвшөөрснөөр ахуй амьдралаа дээшлүүлж, тохь тухтай амьдрах үүднээс станцын хашаанд 2006 онд 8х7 хэмжээтэй блокоор өрсөн байшинг барьж өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамтаар амьдарч байгаа болно. С- ХХК нь газар чөлөөлүүлэхээр шаардаж байгаа тул миний зүгээс 8х7 хэмжээтэй орон сууцаа Хаан үнэлгээ ХХК-иар үнэлүүлсний дагуу гэм хорын хохиролд 16 450 000 төгрөгийг С- ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: С- ХХК нь Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1330700031 дугаар 472 м.кв талбай бүхий станцын зориулалттай газрыг үүсгэн байгуулагдсан цагаас хойш эзэмшиж, ашиглаж байгаа ба өнөөдрийн байдлаар 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр 15 жилийн хугацаатай эзэмшиж, ашиглаж байгаа болно. Энэ хугацаанд С- ХХК-ийн удирдлагын зүгээс нэг ч удаа станцын зориулалттай газарт барилга, байгууламж барих эрхийг бусдад олгож байгаагүй. Газар чөлөөлөх гэж Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй олгохыг хэлэх ба үүнээс үзвэл газар эзэмших эрхгүй этгээд бусдын газар дээр барьсан барилга байгууламж, бусад эд хөрөнгийг өөрөө шилжүүлэх, шилжүүлээд зогсохгүй газрыг урьд байсан хэвийн байдалд нь оруулах үр дагавартай байхад С- ХХК-иас зөвшөөрөлгүй барьсан барилгын үнийг төлөхийг шаардаж буй нь хууль бус байна. Дээрх газарт байрлах станцад гэнэтийн гэмтэл, саатал үүссэн даруйд нэгдсэн хяналтын мэдээллийн төвд дохио илэрч, үүссэн гэмтэл, саатлыг инженерүүд очиж засварладаг. Хулгай, дээрэм гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өртөхүйц байнгын хэрэгцээний эд хөрөнгө байдаггүй тул 24 цагийн харуул, хамгаалалт огт шаарддаггүй. Улаанбаатар хотод байрлах өөрийн эзэмшлийн газарт байршсан ганц ч станцад 24 цагийн харуул, хамгаалалтыг ажиллуулдаггүй болно. С- ХХК нь уг газрын төлбөрийг бүхэлд нь төлж ирсэн ба үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болохын хувьд үүрэн холбооны станцын зориулалттай газарт станц, түүний ашиглалтыг дэмжих барилгаас бусад барилгыг барихыг огт зөвшөөрөхгүй тул яаралтай газрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Иймд хариуцагч Ф.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар С- ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1330700031 дугаартай 472 м.кв талбай бүхий станцын зориулалттай газрыг хариуцагч Ф.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар С- ХХК-иас 8 225 000 төгрөгийг гаргуулж Ф.Э-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 8 225 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С- ХХК хариуцагч Ф.Э-өөс цахилгааны төлбөрт 2 428 519 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч Ч.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 124 010 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 240 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ф.Э-өөс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С- ХХК-д С- ХХК-иас 146 550 төгрөгийг гаргуулж Ф.Э-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч: Ф.Э- газраа чөлөөлөх шаардлагатай. С- ХХК барилга барьсан тодорхой хэмжээний мөнгийг өгөх нь зүйтэй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, тодорхойгүй байхад буруугаар тайлбарлаж үнэлсэн. Гэрч А.Дэлгэрсайханаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн та Ч.М-, Ф.Э- нартай нүүр тулан уулзаж байсан уу гэж асуухад гэрч үгүй гэж хариулсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Эрдэнэбат захирал Ч.М- гэдэг хүнд барилга байшин барьж амьдрах зөвшөөрөл өгч байсныг та харсан уу, сонссон уу гэсэн асуултад гэрч Ч.М-т хэлэхийг хараагүй гэж мэдүүлсэн байдаг. Тодруулбал гэрч А.Дэлгэрсайхан нь хариуцагч Ф.Э- болон Ч.М- нарт станцын газар дээр барилга байшин барих зөвшөөрлийг өөрөө өгөөгүй бөгөөд талийгаач Эрдэнэбат захирал ч байшин барих зөвшөөрөл өгснийг хараагүй болж таарч байна. Мөн Ф.Э-ийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан тайлбараар 2008 онд байшингаа барьсан гэх боловч 2005-2007 оны Сансрын зургаас харахад байшин аль хэдийн баригдчихсан байж. Үүнээс үзэхэд зөвшөөрөл өгсөн гэсэн хүний талаар гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгөөд мөн зөвшөөрөл өгөхөөс ч өмнө байшин баригдсан байхаар байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж л болох бөгөөд үүрэн холбооны станцын буюу аж ахуйн зориулалттай газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж, ашиглуулж болохгүй болно. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.б-д зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээд болох Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлтэйгөөр л газрыг бусдад ашиглуулж болно. Энэ талаар ямар ч компанийн удирдах албан тушаалтнууд мэднэ. Тиймээс зөвшөерөл амаар өгсөн гэдэг нь худал юм. Нөгөөтээгүүр Д.Эрдэнэбат гэх хүн нь С- ХХК-ийн захирал хийж байсан болон зөвшөөрөл өгөх эрх бүхий этгээд мөн эсэхийг тогтоогоогүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн Скактел ХХК-аас барилга байшин барих эрхийг Ф.Э-д олгосон гэж үзсэн нь үндэслэлгүй. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн тухай анхан шатны шүүх буруу дүгнэсэнд тухайд С- ХХК-аас бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн зөвшөөрөл Ф.Э-д амаар өгсөн хэмээн дүгнэхдээ зөвшөөрөл бичгээр гараагүй талаар, зөвшөөрлийн хугацаа ямар байсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагын талаар дүгнээгүй хэргийг хянан шийдвэрлэжээ. Хэрэв бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн зөвшөөрөл авсан бол заавал улсын бүртгэлд бүртгүүлснээр л хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага тавигддаг. Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигдаж байгаагаараа бичгээр байгуулагдсан байх хуулийн шаардлага тавигдана. Тиймээс амаар зөвшөөрөл олгогдсон хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх Ч.М-ыг ажиллах нөхцөл, байраар хангах ёстой байсан мэтээр дүгнэжээ. Станц нь өөрийн барилга байгууламжтай бөгөөд тухайн үед тус барилгад гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгээд байх бүрэн боломжтой байсан болно. Газрын үзлэг хийлгэх нэхэмжлэгчийн хүсэлтээр тухайн нөхцөл байдлыг ч тодруулах боломжтой байхад анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн байдаг. Үнэхээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бол үзлэг хийх бүрэн боломжтой юм. Мөн анхан шатны шүүх харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт явуулахыг хориглох үйл ажиллагааны талаар буруу тайлбарлан дүгнэсэн байна. Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт барилга, гэр, хашаа барихыг хориглох нь зөвхөн үйлчлэгчээс бусад этгээдэд хамааралтай бөгөөд үйлчлэгч нь станцын зориулалтаар ашиглахад шаардлагатай барилгыг эзэмшил газраа барих бүрэн боломжтой болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол гаргуулах урьдчилсан нөхцөл нь гэм хор учруулсан үйлдэл болон хохирол хооронд шалтгаант холбоотой байх юм. С- ХХК-ийн гэр барин амьдрахыг зөвшөөрсөн үйлдлээс болж Ф.Э-ийн байшин газраас албадан чөлөөлөгдөх нөхцөлд хүргээгүй бөгөөд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй болно. Тиймээс газар эзэмшигч С- ХХК болон Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин дур мэдэн байшин барьсан нь Ф.Э-ийн өөрийн буруутай үйлдэл болно. Нас барсан хүний нэрийг барьсан хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Ф.Э-, Ч.М- нарт холбогдуулан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, цахилгааны төлбөрт 2 428 519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахилгааны төлбөрт 2 428 519 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч Ч.М-т холбогдох шаардлагаасаа тус тус татгалзсан бол хариуцагч Ф.Э- нь газар чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрч, гэм хорын хохиролд 16 450 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1330700031 дугаар бүхий, станцын зориулалттай, 472 м.кв талбай бүхий газрын эзэмшигч нь нэхэмжлэгч С- ХХК болох нь талуудын тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 9-11-р тал/

 

Хариуцагч Ф.Э-ийн эхнэр болох Ч.М- нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 сар хүртэл дээрх газрын сахиулаар ажиллаж, тус газарт гэр бүлийн хамт хувийн сууц барин амьдарч буй үйл баримт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч С- ХХК нь тухайн газарт сахиул ажиллуулах шаардлагагүй болсон, мөн Ч.М-тай байгуулсан гэрээний харилцаа дууссан гэх үндэслэлээр газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. /хх-ийн 37-р тал/

 

Нэхэмжлэгч С- ХХК нь дээрх 472 м.кв газрын эзэмшигч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн нэгэн адил мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Ф.Э- нь тус газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд 472 м.кв газрыг хариуцагч Ф.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүх дээрх 472 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг залруулан өөрчлөв.

 

Гэм хорын хохиролд 16 450 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч Ф.Э- нь 2006 онд буюу Ч.М-ыг нэхэмжлэгч С- ХХК-д ажиллаж байх хугацаанд тус компанийн удирдлагуудаас зөвшөөрөл авч, маргаан бүхий 472 м.кв газар дээр хувийн сууц барьсан гэж Хаан үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн гэм хорын хохиролд 16 450 000 төгрөгийг нэхэмжлэгч С- ХХК-аас шаардсан.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Харилцаа холбооны тухай хуулийн холбогдох зохицуулалтууд болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг үндэслэл болгосон нь зөв байна.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар үйлчлэгчийн хяналтад байна гэж, мөн зүйлийн 29.3.1-т харилцаа холбооны зурвас газарт барилга, гэр, хашаа барих, мод тарихыг хориглоно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч С- ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ч.М-ыг маргаан бүхий газрын сахиулаар авч ажиллуулахдаа түүний гэр бүлийг гэр барьж амьдрахыг хориглоогүй, улмаар 2006 онд хувийн сууц барих явцад таслан зогсоох арга хэмжээ аваагүйгээр дээрх хуульд заасан хяналтаа хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

Түүнчлэн, хариуцагч Ф.Э- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... станцын газар нь олон улсын хиймэл дагуулын антентай, хортой нөхцөл болох талаар тайлбарласан байх бөгөөд уг тайлбарыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эсэргүүцээгүй. /2хх-ийн 73-р тал/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах эрхтэй гэж заасан, нэхэмжлэгч С- ХХК нь станцын зориулалт бүхий газар ажилтныг ажиллуулахдаа аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын орчин нөхцөлөөр хангаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч С- ХХК нь дээрх байдлаар хуульд заасан хяналт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүйн улмаас хариуцагч Ф.Э-ийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

 

Хариуцагч Ф.Э- нь Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн өөрт учирсан хохирлоо тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч С- ХХК нь тус үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, хариуцагч Ф.Э- нь дээрх хуульд зааснаар гэм хорын хохирол шаардах эрхтэй боловч барилга барихыг хориглосон харилцаа холбооны зурвас газарт байшин барьсан хариуцагчийн үйлдэл нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хорын хэмжээг багасгах үндэслэлд хамаарч байна.

 

Иймд нэхэмжлэгч С- ХХК-иас 8 225 000 төгрөг гаргуулж, хариуцагч Ф.Э-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 8 225 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Ч.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулан өөрчилсөн болно.

 

Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: хариуцагч Ф.Э- нь газраа чөлөөлөх шаардлагатай, нэхэмжлэгч С- ХХК нь барилга барьсан тодорхой хэмжээний мөнгийг өгөх нь зүйтэй гэжээ. Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч нь хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролтой хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд тэрээр мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар дүгнэлт гаргах эрхтэй. Иймд иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх харгалзан үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/02967 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д ... гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт гэж,

3, 4 дэх заалтыг нэгтгэж 3 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Ч.М-т холбогдох шаардлага болон хариуцагч Ф.Э-өөс цахилгааны төлбөрт 2 428 519 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

5 дах заалтыг 4, 6 дах заалтыг 5 дах заалт болгон өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ