Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00056

 

 

 

 

 

 

 

 

 

Ч- ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01914 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч- ББСБ ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар Худалдаа хөгжлийн банк ХХК нь 1 195 621 533 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч- ББСБ ХХК нь хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжж 96-р байр, 909 тоотод байрлалтай, 132.22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033042 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 31 тоотод байрлалтай 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилж, хураах ажиллагаа явуулж, үнийн санал авсан боловч талуудын үнийн санал зөвшилцөлд хүрээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр Виннер вэй ХХК-ийн үнэлгээчин О.Б-нийг томилсон байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4-185/12296 тоот мэдэгдлээр 4 өрөө орон сууцыг 249 179 000 төгрөгөөр, авто зогсоолыг 21 780 000 төгрөгөөр үнэлсэн болох, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон үнэлгээчний тогтоосон үнийг тооцон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдсэн. Дээрх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай /Хүүхдийн 100, Наран плазагийн урд байрлах/, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөж байгаа үл хөдлөх хөрөнгө бөгөөд олон жилийн өмнө худалдан авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлж байгаа нь үнэлгээ хууль, журамд заасан аргачлалаар хийгдээгүй, хувь хүний өмчлөх эрхэд халдсан, хувийн өмчийг үнэгүйдүүлсэн үйлдэл гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Иймд Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар Худалдаа хөгжлийн банк ХХК-д 1 195 621 533 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Ч- ББСБ ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа гаргасан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, 909 тоотод байрлалтай, 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 31 тоотод байрлалтай 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20280918/24, 20280618/25 тоот эд хөрөнгө хураах тогтоолуудаар хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Ч- ББСБ ХХК болон өмчлөгч Ө.Мөнхөө, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д үнийн санал өгөх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зэх зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 6/113 тоот шинжээч томилох тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх орон сууцыг 249 179 000 төгрөгөөр, автозогсоолыг 21 780 000 төгрөгөөр үнэлснийг талуудад 2021 оны 7 дугаар сарын 02, 05-ны өдөр танилцуулж, санал хүсэлт байгаа эсэхийг тодруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Ч- ББСБ ХХК-ийн Н-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96 дугаар байрны 909 тоотод байрлалтай 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууцыг 249 179 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2206033042 дугаарт бүртгэлтэй, мөн байрны зоорийн давхрын 31 тоотод байрлалтай 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг 21 780 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ч- ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

а).Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг үндэслэн шинжээч томилж, барьцааны зүйл болох 4 өрөө орон сууцыг 249 179 000 төгрөгөөр, автомашины зогсоолыг 21 780 000 төгрөгөөр тус тус үнэлснийг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх үл хөдлөх хөрөнгийн Улаанбаатар хотын өндөр зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа обьектууд байтал олон жилийн өмнө худалдаж авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлэгдсэн байна гэдгийг огт анхаарч үзсэнгүй.

б).Хөрөнгийн үнэлгээг хийхдээ хамгийн түрүүнд зах зээлийн үнийн хандлагыг анхаарч үзэх шаардлагатай. 2021 оны 8 сараас эхлээд үл хөдлөх хөрөнгийн тэр дундаа орон сууцны үнэ асар их өссөн. Хотын төв болон зайсан байршилд орон сууцны 1 м.кв-ийн үнэлгээ 3 500 000 - 5 000 000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл энэ байр нь хамгийн багадаа 450 000 000 төгрөгийн үнэтэй байна. Дулаан зогсоолын үнэ мөн л хамгийн багадаа 30 000 000 төгрөг болсон. Гэтэл өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бидний үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлүүлж, уг үнэлэгдсэн үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулах, цаашлаад 50 хувиар хоёрдах дуудлага худалдаанд оруулах бөгөөд энэ тохиолдолд бид барьцаа хөрөнгөөр үндсэн шүүхийн шийдвэртэй өр төлбөрөө ч бүрэн төлж барагдуулах боломжгүй болоод байна. Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийг бүрэн дүүрэн хянаж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч- ББСБ ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар Ч- ББСБ ХХК нь 1 192 526 143 төгрөгийг дөрөв хуваан 2020 оны 6 дугаар сарын дотор Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 44-45-р тал/

 

Төлбөр төлөгч нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 802 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 47-р тал/

 

Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох Ө.Мөнхөөгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96 дугаар байр, 909 тоот, 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033042 дугаарт бүртгэлтэй, зоорийн давхрын 31 тоот, 15.5 мк.в талбай бүхий автозогсоолыг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хураасан байна. /хх-ийн 55-58, 64-67-р тал/

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, өмчлөгч нар нь дээрх 4 өрөө орон сууцыг 396 660 000 төгрөгөөр, автозогсоолыг 35 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-68-70-р тал/

 

Талууд дээрх байдлаар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 71-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК нь дээрх 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууцыг 249 179 000 төгрөгөөр, 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг 21 780 000 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч байгууллага нь хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх-ийн 77-100-р тал/. Иймд хариуцагч байгууллагыг үнэлгээ гаргуулах ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо: Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, орон сууц нь хамгийн багадаа 450 000 000 төгрөг, автозогсоол 30 000 000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой гэжээ.

 

Гэвч шинжээчээр томилогдсон Виннэр вэй ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууц хамгийн багадаа 450 000 000 төгрөг, автозогсоол 30 000 000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01914 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ