Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 327

 

ДУА дахь ГГ-ын нэхэмжлэлтэй, ДУА дахь ТАГ-ын хэлтсийн дарга

аудитын ахлах менежер Ш.М, ахлах аудитор Ш.Г нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                        Д.Мөнхтуяа

                                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...ДУА дахь ТАГ-ын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар актыг хүчингүй болгуулах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0351 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагч Ш.М, Ш.Г нар, Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2 дах заалтыг баримтлан ДУА дахь ГГ-ын дарга Д.Даваасүрэнгээс ДУА дахь ТАГ-ын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.М, ахлах аудитор Ш.Г нарт холбогдуулан ДУА дахь ТАГ-ын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0351 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Ш.М, Ш.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ДУА дахь ГГ-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0351 дүгээр магадлалаар хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Уг магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд: Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн шууд захирагч батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй, харин хэмнэгдсэн гэх 13,777.241 төгрөг нь тухайн жилд төсөвлөгдсөн цалингийн сангийн зарцуулагдаагүй үлдэгдэлд хамаарах талаарх нотлох баримт, мөн Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам"-ын 2.2.4-т “Төсвийн байгууллага нь батлагдсан дээд хязгаараас дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон цалингийн зардлаас хэмнэгдсэн дээрх төгрөгийг илүү цагаар ажилласан албан хаагчдад хуваарилан олгосон гэх боловч маргаанд хамаарал бүхий энэхүү журам хэрэгт тус тус авагдаагүй. Түүнчлэн 2018 онд Гаалийн газар дутуу орон тоогоор ажилласнаас хэмнэгдсэн цалингийн зарцуулагдаагүй үлдэгдэл болох 13,777.241 төгрөг...” гэдгийг нотлох баримтаар тогтоох нь зүйтэй гэжээ. Энэ талаарх нотлох баримтууд нэхэмжлэгчийн гомдолд дурдагдсан ба хавтас хэрэгт нотлох баримтууд авагдсан байгаа.

5. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/249 дүгээр тушаалын 15 дугаар хавсралтаар ДУА дахь ГГ-ын орон тоог 29 орон тоогоор баталсан ба гүйцэтгэлээр бүрэн орон тоогоор ажилласан болох нь тухайн оны ажилтны ажлын цагийн тооцоо, цалин, хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, илүү цагийн хөлс бодсон тооцоолол, жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан төсвийн гүйцэтгэлийн тайлан зэргээр нотлогдож байна. Дээрх журмын 2.2-т “Төсвийн захирагчийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцохгүй”, 2.2.4-д “Төсвийн байгууллага нь батлагдсан дээд хязгаараас дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон цалингийн зардал” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд, Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ” гэж заасныг 25/01 тоот актад үндэслэл болгосон.

6. Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд эдгээр нь илүү цагаар ажилласан тохиолдолд ч илүү цагийн хөлс авах нь эрхгүй...” гэх хариуцагчийн тайлбар, актын үндэслэлтэй холбогдуулан дээрх үйлчилгээний албан хаагчдын хувьд илүү цагийн хөлс хэрхэн олгогдох талаар шүүхийн шийдвэрт ямар ч дүгнэлт хийгдээгүй байна. Төрийн тусгай албан хаагч илүү цагаар ажилласан байсан ч тэдэнд илүү цагийн хөлс олгож болох тухай хууль эрх зүйн акт байхгүй талаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт тодорхой тусгасан. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгдээгүй байгаа нь хариуцагчийн буруу биш юм.

7. Мөн цагийн бүртгэлгүй газрын болон албаны дарга, салбарын эрхлэгч нарын илүү цагаар ажилласныг байцаагч нарын илүү цагаар ажилласан гэх цагийн дунджаар гаргах болсон үндэслэлийн талаар, түүнчлэн хурууны хээ бүртгэх машины тооцоогоор нэр бүхий 200-аас дээш цаг тус тус бусдаасаа илүү ажилласан гэж бүртгэгдсэн, гэтэл бусад албан хаагч, ажилтнууд 100 хүртэл цаг илүү ажилласан байхад илүү цагийн хөлсийг зөвхөн албан тушаалын зэрэглэлээр нь адилтгах байдлаар олгох болсон үндэслэл, тооцооллыг хариуцагчаас тодруулах шаардлагатай гэсэнд дараах тайлбарыг өгч байна.

8. Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар 2019 оны жилийн эцэст хуримтлагдсан төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлээс бүх ажилтнуудад илүү цагийн хөлс олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс;” 57.11-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж цагаар тооцож болно. Цалин хөлсийг цагаар тооцох ажлын байрны жагсаалтыг Засгийн газар тогтооно, Төсвийн тухай хуулийн б дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1-т “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.6.2-т “Төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчсөн.

9. Мөн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн үндэслэх баримтыг хяналгүйгээр гүйлгээг хийсэн байгаа нь “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8.6-д “Төрийн сан төсөвт байгууллагын төлбөрийг гүйцэтгэхдээ үндэслэх баримтуудыг хяналтын хуудастай тулган төрийн сангийн тэмдэг дарж, төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зуран тэмдэг дарж баталгаажуулан төсвийн байгууллагад 1 хувийг өгнө” гэж заасныг зөрчсөн тухай тайлбар, нотлох баримтуудыг Захиргааны хэргийн шат шатны шүүхэд гаргасан.

10. Иймд, дээр дурдсан үндэслэл, тайлбаруудаар хэргийг хянан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Гаалийн газрын ажилтнуудыг илүү цагаар ажилласныг буруутгаагүй бөгөөд илүү цагийн хөлс олгосон нь хууль эрхийн зөрчсөн, үндэслэсэн баримтууд нь нотлох баримтуудын шаардлагыг хангаагүй үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон болно гэжээ.

ХЯНАВАЛ:

11. “ДУА дахь ТАГ-ын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай тус аймаг дахь Гаалийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад түүнийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасантай нийцээгүй байна.

12. ДУА дахь ТАГ-ын 2019 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.М, ахлах аудитор Ш.Г нар мөн аймаг дахь Гаалийн газрын 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж, тус аймаг дахь Гаалийн газар нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 29 ажилтанд 13.8 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлээс гаргахдаа төсвийн захирагчийн тушаал, шийдвэргүй, нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтаар олгосон зөрчлийг илрүүлж, “...илүү цагийн хөлсөнд олгосон 13,777,241.00 төгрөгийг Дархан-Уул аймгийн Төрийн санд төвлөрүүлэх”-ээр 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 тоот акт үйлдсэн нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны акт байна. 

13. Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “...“төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг гэж заасан бөгөөд Гаалийн газрын дарга нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд Сангийн сайдын 2017 оны 2016 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны хэмнэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд бүртгэх тусгах, хяналт тавих журам”-ын дагуу 2018 оны төсөвт цалин цалингийн нэмэгдэлд 385,000,000 төгрөг төсөвлөгдсөнөөс 12 дугаар сард зарцуулагдаагүй үлдсэн төсвийн зарлагын хэмнэлт болох 13,777,241 төгрөг зарцуулах хүсэлтийг төсвийн төвлөрүүлэн захирагчид гаргаж нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулах эрх авалгүйгээр илүү цагийн хөлс олгох тухай шийдвэрийг гарган 12 дугаар сарын 18-ны өдөр 29 ажилтанд илүү цагийн хөлс 13,777,241 төгрөгийн гүйлгээ хийсэн нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.6.2-т “төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэж тус тус заасныг зөрчжээ.  

14. Мөн Дархан-Уул аймгийн Гаалийн газрын дарга нь Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т ”Гаалийн бүрдүүлэлтийг энэ хуулийн 25.1-д заасан хугацаанд хийх боломжгүй тохиолдолд гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр гаалийн улсын байцаагчийг ажлын бус цагаар ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд гаалийн байцаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу илүү цагийн хөлс олгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” заасныг зөрчиж, ажлын зайлшгүй шаардлага байхгүй байхад тушаал шийдвэргүй олгосон нь буруу болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

15. Гэтэл давж заалдах шатны шүүх “...2018 онд дутуу орон тоогоор ажилласнаас хэмнэгдсэн цалингийн зарцуулагдаагүй үлдэгдэл 13,777,241 төгрөг гэдгийг нотлох баримтаар тогтоох, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан нэмэгдэл хөлс, 50.2, 50.3-т тус тус заасан илүү цагаар ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлс олгох, мөн Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан ажлын бус цагаар ажилласан гаалийн улсын байцаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу илүү цагийн хөлс олгох тухай зохицуулалтын хүрээнд илүү цагаар ажилласан гаалийн улсын байцаагч, үйлчилгээний албан хаагчдад илүү цагийн нэмэгдэл олгох боломжтой эсэхэд тус тусад нь хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй...” гэх зэргээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгоогүй, шаардлагагүй зүйлийг зааж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу байна.

16. Тодруулбал, Гаалийн газрын дарга нь Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэл тусгах, хяналт тавих журам”-ын дагуу 2018 оны 12 дугаар сард төсвөөс зарцуулагдаагүй үлдсэн төсвийн зарлагын хэмнэлт болох 13,777,241 төгрөгийг захиран зарцуулах хүсэлтийг төсвийн төвлөрүүлэн захирагчид гаргаж, нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулах эрх аваагүй буруутай талаарх хариуцагч тодорхой тайлбарлажээ. 

17. “...Илүү цагаар ажилласан...” гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа боловч энэ талаар тухай бүрд тушаал шийдвэр гараагүй гэдэг нь тогтоогдсон, ажлын зайлшгүй шаардлагын улмаас ажиллуулах гэж байгаа тохиолдолд тушаал шийдвэрийг урьдчилан гаргах ёстой. Энэ журмыг биелүүлээгүй байгаа учраас хариуцагч нарын үйлдсэн акт хуулийн үндэслэлтэй.

18. Нийтэд илэрхий хэм хэмжээний акт буюу Сангийн сайдын журам хэрэгт авагдаагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, эрх зүйн эх сурвалж болсон хэм хэмжээний актыг заавал нотлох баримтын шаардлага хангаж авах шаардлагагүй, нөгөө талаас маргааны үйл баримт тодорхой, нотлох баримт хангалттай байхад давж заалдах шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу байна. 

19. Дээрх байдлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Хөдөлмөрийн тухай, Гаалийн тухай болон Төсвийн тухай хуулиудын холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгох тухай хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0351 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ