Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00072

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02532 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Л-ын хариуцагч Б.Н-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 3 581 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жангүл, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул, хариуцагч Б.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн лексус 570 маркийн 00-22 УНЕ улсын дугаартай автомашиныг манай нөхөр болох Б.Д- унаж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үед хьюндай грэйс маркийн 84-15 УНҮ улсын дугаартай автомашины жолооч болох хариуцагч Б.Н- нь мөргөж хойд буфер болон кузовт их хэмжээний эвдрэл, гэмтэл учруулсан. Хариуцагч Б.Н-гийн тус үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөн болох нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ундраагийн үйлдсэн магадлагаа, Тээврийн цагдаагийн албаны техникийн байцаагч Б.Батбаярын зам тээврийн ослын хэргийн үзлэгийн тэмдэглэл болон зөрчлийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан шийтгэврээр тогтоогдсон болно. Өөрийн зардлаар дээрх ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийг засварлуулсан болно. Миний өмчлөлийн автомашин нь өмнө нь аваар осолд орж байгаагүй, эвдрэл гэмтэл авч байгаагүй бөгөөд хариуцагчийн учруулсан хохирлыг өөрийн зардлаар арилгахад хойд гупер 1 126 000 төгрөг, хойд түгжээ 90 000 төгрөг, гуперийн мэдрэгчийн таг 10 000 төгрөг, гуперийн цацруулагч гэрэл 275 000 төгрөг, гуперийн тавцан 350 000 төгрөг, кузов засвар 1 600 000 төгрөг мөн тухайн үед автомашиныг жолоодож явсан Б.Д-ын толгойн томографийн шинжилгээний төлбөр 130 000 төгрөг буюу нийт 3 581 000 төгрөгийн зардал гарсан. Гэвч хариуцагч Б.Н- нь учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл төлөөгүй учир Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гэм хорын хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Б.Н-гаас 3 581 000 төгрөгийн төлбөрийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н- нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 84-15 УНУ улсын дугаартай хьюндай грэйс маркийн автомашинтай явж байхдаа 00-22 УНЕ улсын дугаартай лексус 570 маркийн автомашиныг мөргөж осол гаргасан нь үнэн. Гэвч нэхэмжлэгч талын нэхэмжилсэн мөнгөн дүн болох 3 581 000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед Вендо үнэлгээний газраар хийлгэсэн үнэлгээний дагуух мөнгөн дүн болох 1 050 400 төгрөг болон толгойн томографийн шинжилгээний 130 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудад итгэхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-гаас 1 145 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л-д олгож, үлдэх 2 435 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 72 246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-гаас 32 040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахьин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

a).Нотлох баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь үнэлээгүй, шинээр нотлох баримт шаардаж гаргуулаагүй тухайд гэм хорын улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан шууд зардлыг хөрөнгийн үнэлгээ буюу учирсан гэмтлийг засварлуулах зах зээлийн дундаж үнэлгээтэй харьцуулан нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хангахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирлыг арилгуулах, зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй билээ. Үүний дагуу бид холбогдох засварын газар, сэлбэгийн худалдаа эрхлэгчдээс олгосон төлбөрийн баримтуудыг шүүхэд хүргүүлж хавтаст хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч гэм хорын улмаас учирсан эвдрэл гэмтлийг засварласнаар эд хөрөнгө өмнөх байдалд сэргэхгүй гэж үзсэн учир өөрийн зардлаар эвдрэл гэмтлийг засварлуулж, сэлбэг, хэрэгслийг шинээр солин нийт 3 581 000 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчээс гаргасан бодит зардалд бус анх гэмтэл учрах үед хийлгэсэн үнэлгээнд заагдсан үнийн дүнтэй харьцуулж буюу эд хөрөнгийг шинээр солиулах бус засварлуулснаар гэм хор арилах байсан гэж үзэж сэлбэг хэрэгслийг шинээр солиулсан зардал болох 2 435 600 төгрөгийн зардлыг хохирол гэж үнэлэхгүйгээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй. Мөн шүүх 1 600 000 төгрөгийн кузов засварын баримтууд нь нэхэмжлэгч Б.Л-ын өмчлөлийн 00-22 УНЕ улсын дугаартай автомашинд авч хэрэглэсэн сэлбэг хэрэгслийн үнэ гэж тооцох боломжгүй гэж дүгнэхдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмын хүрээнд нотлох баримт, бусад хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай бичиг баримтыг хэргийн оролцогч гаргах үүрэг хүлээдэг. Гэвч хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмын дагуу шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан тохиолдолд л хэргийг шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинээр нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй бөгөөд хэргийг шийдвэрлэхэд дан ганц талуудын оролцоон дээр үндэслэх бус шүүгч санаачлагаараа хэргийн үнэнийг тогтооход оролцох боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

б).Хариуцагч тус хэргийн жинхэнэ хариуцагч мөн эсэх, хамтран хариуцагч оролцуулах тухайд хариуцагч Б.Н- нь Боса импекс ХХК-д түгээгч ажилтай бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Б.Л-ын эзэмшлийн автомашиныг мөргөж ихээхэн эвдрэл, гэмтэл учруулсан. Боса импекс ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн ажилтны ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийг ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нөхцөл байдлыг тодруулах, хамтран хариуцагчаар ажил олгогч компанийг татан оролцуулах бүрэн боломжтой байсан. Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр асуудлыг анхааралгүйгээр шийдвэрлэсэн

в). Хууль бус шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг зөрчсөн. Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралд оролцох шүүх бүрэлдэхүүнийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр томилсон байсан боловч шүүх хурал эхлэхээс 5 минутын өмнө Т.Батсүх шүүгч шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул оронд нь В.Амартүвшин шүүгч орсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасныг зөрчиж хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг агуулаагүй тул бүхэлд нь хүчингүй болгож дахьин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Л- нь хариуцагч Б.Н-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 3 581 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч Б.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, миний өмчлөлийн автомашиныг мөргөж нийт 3 581 000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн бол хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч Вендо ХХК-ийн үнэлгээний тайлангаар 1 050 400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон тул уг үнэлгээгээр тогтоосон төлбөр болон томографийн шинжилгээний 130 000 төгрөгийг зөвшөөрнө гэж тайлбарласан байна. /хх-ийн 25-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Н- нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 20 дугаар хороо, Сонсголонгийн замд хьюндай грэйс маркийн 84-15 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчиж нэхэмжлэгч Б.Л-ын өмчлөлийн лексус 570 маркийн, 00-22 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн магадлагаа, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 8-10-р тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан тул хариуцагч Б.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгч Б.Л-ын өмчлөлийн автомашиныг мөргөн, зам тээврийн осол гаргасны улмаас түүнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Вендо ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайланд ... үзлэг хийх үед багажны доод хаалга хонхойж чихэгдсэн, хойд буфер цуурч хонхойж чихэгдсэн, хойд буферийн дунд мэдрэгч гээгдсэн, хойд буферийн никел эмжээр гулзайсан, баруун хойд цацруулагч хагарч, нийт 1 050 400 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /хх-ийн 27-р тал/

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Л- нь хойд гупер 1 126 000 төгрөг, гупер тогтоогч 90 000 төгрөг, гуперийн зай мэдрэгчийн хүрээ 10 000 төгрөг, гуперийн тавцан 350 000 төгрөг, сэлбэг 275 000 төгрөг, кузов засвар 1 600 000 төгрөг, томографийн шинжилгээ 130 000 төгрөг, нийт 3 581 000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж хэргийн 12-17 дугаар талд авагдсан төлбөрийн баримтуудыг үндэслэн нэхэмжилсэн.

 

Вендо ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг тодорхой заасан байх бөгөөд хэргийн 16, 17 дугаар талд авагдсан төлбөрийн баримтууд нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч Б.Л-ын автомашинд авч хэрэглэсэн сэлбэг хэрэгслийн үнэ гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Иймд сэлбэгийн үнэ 275 000 төгрөг, кузов засварын төлбөр 1 600 000 төгрөг, нийт 1 875 000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь осол болох үед автомашиныг жолоодож явсан Б.Д-ын томографийн шинжилгээний төлбөрт 130 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Н- нь зөвшөөрсөн тайлбар гаргасан тул 130 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Иймд хойд гуперийн үнэ 1 126 000 төгрөг, гупер тогтоогчийн үнэ 90 000 төгрөг, гуперийн зай мэдрэгчийн хүрээний үнэ 10 000 төгрөг, гуперийн тавцангийн үнэ 350 000 төгрөг, томографийн шинжилгээний төлбөр 130 000 төгрөг, нийт 1 706 000 төгрөгийн шаардлага нь баримтаар тогтоогдсон байх тул хариуцагч Б.Н-гаас нийт 1 706 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгож, нэхэмжлэлээс 1 875 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч Б.Н- нь Боса импекс ХХК-ийн ажилтан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хохирол учруулсан, шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээдийг тодруулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй, мөн хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар хэнийг оролцуулахыг нэхэмжлэгч тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч нь өөр этгээдийг хамтран хариуцагчаар оролцуулах, эсхүл хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч оролцуулах, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг солих боломжгүй юм.

 

Нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй гэх гомдлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь буруу биш. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн, уг хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-ийн 45-р тал/

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно гэж тус тус заажээ. Анхан шатны шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан байх тул иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 ... гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, гэж, ... 1,145,400 /нэг сая нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуу/ ... гэснийг 1 706 000 гэж, ... 2,435,600 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга зургаан зуу/ ... гэснийг 1 875 000 гэж,

2 дахь заалтын ... 32,040 ... гэснийг 42 246 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 246 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахьь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ