Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00213

 

2022           02            25                                          001/ХТ2022/00213

 

 

 

Б.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02532 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаар магадлалтай,

 

Б.Лын нэхэмжлэлтэй

Б.Нд холбогдох

 

Гэм хорын хохиролд нийт 3,581,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзулын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02532 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Нгаас 1,145,400 /нэг сая нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, үлдэх 2,435,600 /хоёр сая дөрвөн зуун гучин таван мянга зургаан зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас 32,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лд олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,” гэж, “...1,145,400 /нэг сая нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуу/...” гэснийг “1 706 000” гэж, “...2,435,600 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга зургаан зуу/...” гэснийг “1 875 000” гэж,

2 дахь заалтын “...32,040...” гэснийг “42 246” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 246 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.2,-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; 172.2.3-т заасны дагуу шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэг. Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Түүнчлэн уг хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. гэж дүгнэсэн. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.08-ны өдрийн шүүх хуралд оролцох шүүх бүрэлдэхүүнийг 2021.09.30-ны өдөр томилсон байсан боловч шүүх хурал эхлэхээс 5 минутын өмнө Т.Батсүх шүүгч шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул оронд нь В.Амартүвшин шүүгч орсон нь тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвөлгөөний 2021.03.01-ний өдрийн 219 дугаартай тогтоолын Хавсралтаар батлагдсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг шүүгчид хуваарилах, шүүх бүрэлдэхүүнийг хуваарилах журам”, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” гэж ИХШХШТХ-ийн 5.4-т “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно”, 5.5-т “Зохигч хэргийг энэ хуулийн 5.4-т заасан хуваарийн дагуу шийдвэрлүүлэхийг шаардах эрхтэй” тус тус заасныг зөрчиж шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамж гараагүй, албажаагүй байхад хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн, тус захирамжийг анхан шатны шүүх нөхөн албажуулсанг хууль ёсны гэж үзэж байгаа нь хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн болно. Хэргийг зөвхөн Ерөнхий шүүгчийн захирамжаар албажсан бүрэлдэхүүн хянан шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд хууль бус бүрэлдэхүүнийг нөхөж албажуулсан нь хуульд нийцэхгүй болно. Хоёр. Шүүх нотлох баримтыг нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт ... MGL VIP group ХХК-ийн 1,600,000 төгрөгийн кузов засварын баримтууд нь нэхэмжлэгч Б.Лын өмчлөлийн 00-22 УНЕ улсын дугаартай Лексус 570 автомашинд авч хэрэглэсэн сэлбэг хэрэгслийн үнэ гэж тооцох боломжгүй, худалдан авагчийн нэр болон автомашины дугаар тавигдаагүй тул уг баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй гэх гомдлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь буруу биш гэж дүгнэсэн нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2016.05.10-ны өдрийн дугаар 2 зөвлөмжийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, MGL VIP group ХХК-ийн 1,600,000 төгрөгийн кузов засварын баримт нь Нэхэмжлэгчийн өмчлөлийн Лексус 570 автомашинд хийгдсэн төлбөрийн баримт бөгөөд тус баримт дээр машины улсын дугаар тавигдаагүй нь хамааралтай баримт биш байна гэж үзэх боломжгүй юм. Жишээлбэл, Бид дэлгүүрээс талх худалдан авахдаа төлбөрийн баримт дээр өөрийн нэрийг бичүүлэн авах боломжгүйтэй адил өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийлгэхдээ заавал машины улсын дугаар, арлын дугаарыг бичүүлэх шаардлагагүй гэж үзэж баримтаа авсан байдаг. Машины дугаар бичигдээгүй нь тус машинд хийсэн засвар үйлчилгээ биш гэж дүгнэх боломжгүй бөгөөд тийнхүү шүүх дүгнэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс зөвлөмжид заасан заавал хийгдэх ажиллагааны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд тодруулах боломжтой байсан болно. Тухайлбал, тус зөвлөмжийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаантай харилцааг зөв тодорхойлоход шүүгчийн зайлшгүй хийх ажиллагаа хэсэгт ...Юуны өмнө шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэхгүй гэдэг зарчмыг хатуу баримтлах нь зөв боловч энэ нъ талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх шүүхийн боломжийг үгүйсгэх үндэслэл биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй болно. Дээр дурдсанчлан нотлох баримтын үнэлгээ нь зөвхөн шүүх хуралдааны үед, эсхүл шийдвэр гаргах үед бус харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хийгддэг ба энэхүү үнэлгээ нь завсрын болон эцсийн гэж ангилагддаг байна. Шүүх хэрэгт цугларч буй нотлох баримтыг хүлээн авсан цаг тухайд нь үнэлж чадвал маргааны зүйлийг тодорхой болгоход хэргийн оролцогчдыг чиглүүлэх, хэрэгт хамааралгүй болон хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг нотлох баримтаас хасах, хэргийн оролцогчдыг өөр нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх боломжоор хангах зэрэг олон ажиллагаа хийгдэх үндэс суурь үүснэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэж буй шүүхийн ажиллагаа тус бүр өөрийн онцлог, эрх зүйн үндэслэл, үр дагавартай байдаг тул шүүхийн явуулж буй ажиллагаа бүр, гаргаж буй захирамж, тогтоол бүр хэргийн оролцогчид ойлгомжтой, тодорхой байх ёстой. Энэ байдлыг зөвхөн шүүгч хуульд заасан журам, зарчимд нийцүүлэн гүйцэтгэх учиртай. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүх нь дараах ажиллагааг уялдаа холбоотой, харилцан шүтэлцэлтэй, шат дараалан явуулснаар эрх зүйн маргааныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар хянан шийдвэрлэх үндсэн нөхцөл бүрдэхийг анхаарах шаардлагатай. 1. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл ойлгомжтой томъёологдсон эсэхийг тогтоох, эсхүл тодорхой болгох арга хэмжээ авна. 2. Нэхэмжлэлд тусгагдсан үндэслэл, түүний үндсэн дээр гаргасан шаардлагыг талаар маргаан байгаа эсэхийг тогтооно. Дээрхээс үзвэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой байдлаар үнэлэх зорилгоор нэмэлт нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх боломжоор хангах ажиллагааг хуульд зааснаар хийх бүрэн боломжтой байсан. Иймд дээд шүүхийн зөвлөмжийг өөрөө тайлбарлаж хэрэглэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндсөн байна. Иймд шийдвэр, магадлалын нэхэмжлэлийг хангаагүй хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

4. Зохигч 2022.01.31-ний өдрийн Эвлэрлийн гэрээг хяналтын шатны шүүхэд ирүүлжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Б.Л нь Б.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 3,581,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас 1,145,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,435,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчаас 1,706,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

 

7. Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч талууд маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал нь нэхэмжилсэн нийт 3,581,000 төгрөгөөс 581,000 /таван зуун наян нэгэн мянга/ төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч тал нь гэм хорын төлбөрт 3,000,000 (гурван сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрч дараах нөхцөлтэйгөөр төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлнэ. Үүнд: Нэхэмжлэгчээс өөрийн Лексус LX-570 маркийн 00-22УНЕ улсын дугаартай автомашиныг засварлахад гаргасан зардлаас 3,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлнө. Нэг жилийн хугацаанд хийгдэх нэг удаагийн төлбөр төлөлт нь 200,000 төгрөгөөс доош байж болохгүй гэсэн нөхцөл бүхий гэрээг ирүүлсэн байна.

 

8. Эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд байгуулсан, гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02532 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Л нь 581,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.Н нь нэхэмжлэгчид 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

 

               ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

 

                                                                                  П.ЗОЛЗАЯА

 

                                                                                  Б.МӨНХТУЯА

 

                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД