2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04847

 

 

 

 

  

    2025          06           05                                                 192/ШШ2025/04847

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, **а дугаар байрны 18 тоот хаягт байрлах “М ибюлдинг” ХХК-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: 147,414,163 /нэг зуун дөчин долоон сая дөрвөн зуун арван дөрвөн мянга нэг зуун жаран гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, хариуцагчийн төлөөлөгч Б.Одсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ганзориг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбарт:

1.1. “И” ХХК нь “М ибюлдинг” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БУ/2021-01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Өгөөмөр захын хойд талд байрлах Б-Үр төслийн С-1 блок буюу үйлчилгээтэй орон сууцны барилгын суурь, зоорийн давхар, 1-14 давхар, техникийн давхар, нийт 16 давхар орон сууцны барилга угсралтын ажил “арматур, мужаан, бетон цутгалт”-ыг барилга бүтээцийн зурагт заасанчлан бүхэлд нь хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээт ажлын үнэ 1 м.кв нь 86,900 төгрөг байхаар тохиролцсон ба энэ үнэлгээнд НӨАТ багтсан. Хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэж эхэлсэн ба цутгэмал бетон хавтан суурь 572.91 мкв, зоорийн давхар 436.56 мкв, 1 дүгээр давхар 436.56 мкв, 2 дугаар давхар 436.56 мкв, 3 дугаар давхар 436.56 мкв-ын цутгалтын ажил гүйцэтгэсэн.

Улмаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 07 дугаартай албан тоотоор гэрээг хаах тухай мэдэгдлийг хүргүүлж, өөрсдийн ажилчдыг татсан. Тус албан тоотод дурдсанаас үзэхэд өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажилд алдаатай гүйцэтгэсэн ажлаа засварлаж, ажил хүлээлцэх тухай байсан. Мөн хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай албан тоотоор өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажилд алдаа дутагдал гарсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр засах талаар бидэнд мэдэгдсэн ба “И” ХХК-иас “М ибюлдинг” ХХК-д алдаатай гүйцэтгэсэн ажлаа засах, дутуу гүйцэтгэсэн ажлаа дуусгах талаар хэлсэн. Гэрээгээр чанарын өндөр түвшинд холбогдох хууль, норм, стандартад нийцүүлэн гүйцэтгэхээр тохирсон боловч энэ үүргээ хариуцагч зөрчиж өнөөдрийн байдалд хүрсэн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас 83,409,484.6 төгрөг шаардахдаа өөрсдөө тооцоолол хийсэн байсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хариуцагийн гүйцэтгэсэн ажлын алдаа зөрчил, тэдгээрийг засварлахад шаардлагатай нийт зардал 166,708,249 төгрөг гэж гарсны дагуу энэ хэмжээгээр хариуцагчаас хохирол гаргуулахаар шаардаж байна...гэж.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагаа шинжээч “Ги” ХХК-ийн тогтоосон хэмжээгээр тооцож шаардсан боловч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг засварлахад нэхэмжлэгчээс бодитоор гарсан зардал болох 147,414,163 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс бодит гарсан зардлыг баримтын хүрээнд шардаж байгаа. Жижиг бараа бүтээгдэхүүний зардлыг энд оруулаагүй. Хариуцагч гэрээний дагуу ажил гүйцэтгэж байхад ажилчдын гаргасан зөрчлүүдэд нийт 1,300,000 төгрөгийн торгууль оногдуулж байсан ба үүнийг мөн шаардаж байгаа.

            1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Гэрээ хэрэгжих хүртэл доголдолтой ажил хийж гүйцэтгэсэн гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрч байсан бол одоо доголдолгүй ажил гүйцэтгэсэн гэж байна. Доголдолтой ажил гүйцэтгэсэн гэдэг нь өөрсдийнх нь хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр ч мөн доголдолтой гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байгаа. “И” ХХК нь доголдолтой ажлаа засах талаар “М ибюлдинг” ХХК-д хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлж, хариуцагчийн зүгээс засах хуваарь гарахыг зөвшөөрсөн байдаг. Ажил гүйцэтгэгч нь доголдолгүй эд хөрөнгө захиалагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор захиалагч засвар хийж гарсан зардлаа нэхэмжилж байгаа. Хариуцагч талын тайлбараас үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас шалтгаалж гэрээг цуцалсан гэж байна. Нэгэнт захиалагчаас гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн ба үүний хүрээнд гүйцэтгэгч нь доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээнэ. Хариуцагчийн татгалзлын үндэслэлд нэхэмжлэгчийг гэрээний дагуу олгох мөнгийг бүрэн олгоогүй учраас ажлыг хийж чадаагүй гэдэг. Энэ нь доголдолтой ажил гүйцэтгэсэн үйл баримттай шалтгаант холбоогүй байна. Хэрэв захиалагч 1,000,000 төгрөг өгсөн бол ажлыг доголдолгүйгээр, тухайн үнийн дүнд тохируулан өгөх үүрэгтэй. Энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас захиалагчид гарсан зардлыг хариуцна...гэв.

            2. Хариуцагч “М ибюлдинг” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбарт:

            2.1. “М ибюлдинг” ХХК нь “И” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БУ/2021-01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. “И” ХХК нь 1, 2, 3 дугаар давхрын угсралтын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг гэрээнд заасан хуваарийн дагуу бетон цутгалтын ажил гүйцэтгэсний дараа 90 хувь, хэв хашмал хуулалтын ажлын дараа үлдэгдэл 10 хувийн санхүүжилт олгохоор тохиролцсон байсан боловч “...танайхаас бусад туслан гүйцэтгэгч компаниудтай бетон цутгалтын ажил гүйцэтгэсний дараа 70 хувь, хэв хашмал хуулалтын ажлын дараа үлдэгдэл 30 хувиар санхүүжилтийн хуваарь тогтоосон” гэдэг шалтгаанаар нэг талын шийдвэрээр гэрээний санхүүжилтийн хуваарийг өөрчилсөн нь гэрээний 2.3 дугаар заалтыг шууд зөрчсөнийг баталж байна. Нэхэмжлэгч нь 1, 2, 3 дугаар давхрын санхүүжилтээс нийт 42,152,254.92 төгрөг олгоогүй нь ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь олгож чадахгүй байх, багаж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, засвар үйлчилгээ хийлгэх, ХАЭА-н шаардлагыг ханган ажиллах боломжгүй болгож, одоог хүртэл ажилчдын цалин хөлс дутуу олгосноос ажиллах хүчээ алдан, манай компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон байдалтай байна. Энэ нь манай компанид маш их хохирол учруулж байна.

            2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “И” ХХК-ийн ерөнхий инженер Г.Д, “М ибюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Пнар хуралдан, 2 дугаар давхрын таазны хучилтын 41.2 мкв талбайн засварын ажлыг, 1, 2, 3 дугаар давхрын дутуу санхүүжилт болох 42,152,254.92 төгрөгийг шилжүүлсэн тохиолдолд гүйцэтгэж, ажлыг цааш үргэлжлүүлэхээр санал дэвшүүлсэн боловч “И” ХХК-ийн зүгээс хүлээж аваагүй. Ийнхүү санхүүжилт олгоогүй ч бид үлдэгдэл ажил болох 1, 2, 3 дугаар давхрын хэв хашмалыг бүрэн хуулж, захиалагч талын бараа материалыг захиалагчийн төлөөлөлд бүрэн хүлээгэж өгсөн. Бетон цутгалтын ажлыг гүйцэтгэхэд геодезийн компани “МНЕ” ХХК-ийн инженер техникийн ажилчид хэмжилт хийн шалгаж, “И” ХХК-ийн инженер техникийн ажилчид хэмжилтийн үр дүнтэй танилцаж зөвшөөрөл олгон, бетон зуурмагийг захиалснаар бетон цутгалтын ажлыг “М ибюлдинг” ХХК-ийн инженер техникийн ажилчид болон мэргэжилтэй ажилчид гэрээний дагуу гүйцэтгэдэг байсан. Гэтэл бидний гүйцэтгэсэн ажлын зоорь, 1, 2, 3 дугаар давхарт хананд хийсэн хэмжилтээр нийт 1,439.33 мкв, цонх хаалганы хэмжилтээр 2,481 мкв, тааз хучилт тэгш хэм хэмжсэн тоо хэмжээгээр 1,204.71 мкв алдаатай гэж үзсэн байна. Уг дүгнэлттэй бид санал нийлэхгүй байна. Учир нь энэ хэмжилтийг хийсэн “МНЕ” ХХК нь “И” ХХК-ийн туслан гүйцэтгэгч, хараат компани, баталгаажуулж шалгасан нь “И” ХХК-ийн инженер техникийн ажилчид байгаа нь нэг талын дүгнэлт тул бид тус алдааг хүлээн зөвшөөрөх боломжгүй...гэж.

            2.2. Хариуцагчийн төлөөлөгч: Гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгч талаас ажлыг гэрээний 2.3-т заасны дагуу алдаа дутагдалгүй гэж үзээд, хоёр талаасаа ажлын гүйцэтгэлийг хүлээлцээд явж байсан. Алдаа засна гэж албан бичиг өгсөн тухайд бетоноос зуурмагаас шалан дээр асгарсан хог, доторх тулаас, панер зэргийг хурааж цэгцлэх талаар тохиролцож байсан. 1-3 дугаар давхрын таазыг хар, Ц замаск яваад хийсэн байдаг. Гипсэн тааз хийсэн зүйл байхгүй, хийгээгүй ажлынхаа мөнгө зардлыг нэхэмжилсэн байна. Ханын ротбанд шавардлагын хувьд бүх барилга дээр бетон гадаргууг зайлшгүй тэгшилдэг. 1-3 давхарт хийгдсэн, 4-16 дугаар давхарт хийгдсэн ажлуудын шавардлага ч адилхан хийсэн байгаа. Бидний алдаанаас үүдээд хийгдсэн ажлын зөрүүг тооцож гаргасан бол зөвшөөрөх боломжтой байсан. Харин бид алдаатай ажил хийсэн гэж үзэхгүй байгаа. Өмнөх шинжээчийн дүгнэлтүүдээр ч гэсэн норм дүрмийн хүлцэх алдааг буруу ашиглаж дүгнэлт гаргасныг өмнөх нотлох баримтдаа бид дурдсан байдаг. Буруу ашигласны үндсэн дээр бүгдийг засварлаж хийнэ гээд нэхэмжилж байгаа нь шударга бус санагдаж байна. Гэрээний дагуу бид нийт 178,672,431.03 төгрөг нэхэмжлэгчээс авсан. Дансны хуулгаар ингэж гарч байгаа. Бид доголдолтой ажил хийсэн гэж үзэхгүй байгаа. Ажлын гүйцэтгэлээ давхар тус бүрийг Барилгын норм дүрмийн дагуу актаар хүлээлгэн өгч байсан. Нэхэмжлэгч нь 2, 3 дахь давхар дээр санхүүжилтээ бууруулсан. Би өөрөө угсралтын ажлыг хариуцаж байсан. Бодит ажлыг ийм хэмжээний төлбөрөөр заслын ажлыг хийхгүй. Гипсэн таазны материал гээд 113,000,000 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнийгээ огт хийгээгүй байна. Улсын комисст хүлээлгэж өгсөн баримтыг очоод үзэхээр баримтад заасан материалуудыг ашиглаад гаргасан зүйл огт байхгүй байна. Гипсэн тааз худалдан авах ажил олон байсан учир тэр рүү оруулсан гэж үзэж байна. Ротбанд шавардлагад 30-40 сая орчим төгрөг нэхэхдээ нийт орох орцоор нэхэж байна. Нийт 18 тонн орох байснаас танай ажлыг засварлахад 2 тонн орлоо гэвэл өөр байх байлаа. Алдаагүй хийсэн байсан ч нийт орох хэмжээний материалыг шаардаж байгаа нь шударга бус санагдаж байна.

            2.3. Хариуцагчийн өмгөөлөгч: Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр орон сууцны зоорь, 1-14 дүгээр давхрын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Барилгын давхар тус бүрээр хөлс олгоно, олгохдоо ажлын хөлсний 10 хувийг авч үлдэх зэргээр тохиролцсон. Доголдлын талаар огт дурдаж байгаагүй. Ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзээд хөлсийг шилжүүлж байсан байна. Хэрвээ далд ажлын акт үйлдээгүй бол өнөөдөр энэ барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй юм. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч гомдол гаргаагүй бол  352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж хуульчилсан. Доголдолтой холбоотой ямар нэгэн санал гомдол “И” ХХК-иас гаргаж байгаагүй, хөлс мөнгийг цаг тухайд нь төлж байсан. Цаашид ажлаа хийх боломжгүй боллоо гэсний дараагаар гологдлын асуудал ярьж эхэлсэн. Иймд өмгөөлөгчийн зүгээс шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ бүрэн нотолж чадсангүй. Анх нэхэмжлэл гаргахдаа бодит хохирол 83,409,484.6 төгрөг гэж байснаа шинжээчийн дүгнэлт гарсны дагуу 147,414,163  төгрөгийн хохирол гарсан гэж байна. Санхүүгийн баримтууд нь тухайн доголдлыг засан сайжруулахад гарсан зардал гэж үзэхээргүй байна. Доголдлыг өөрийн зардлаар засан сайжруулсан бол үүнийгээ давхар нотлох, хийж гүйцэтгэсэн ажлын актыг нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.  

            3. Хариуцагч “М ибюлдинг” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

3.1. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 1 мкв талбайн суурийн ажлын хөлсийг 79,000 төгрөг байхаар тохиролцож, нийт 573.53 мкв талбайн төмөр бетон суурь угсралтын ажил хийж гүйцэтгэхээр болсон. Ажлын явцад захиалагчаас өгөх төлбөр нь 2021 оны 03 дугаар сарын 24-нд 45,115,320 төгрөг орж ирэх байснаас 18,004,210.43 төгрөг орж ирсэн, 04 дүгээр сарын 12-нд 34,488,240 төгрөг орох байснаас 30,000,000 төгрөг, 06 дугаар сарын 16-ны өдөр 34,488,240 орох байснаас 25,228,147 төгрөг орж, 06 дугаар сарын 28-ны өдөр 65,254,773.6 төгрөг орж, захиалагч нь ажлын санхүүжилтээс олгогдох ёстой 201,587,496.6 төгрөгөөс 178,717,906.33 төгрөг олгож, 22,869,743.57 төгрөг олгоогүй нь ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь олгож чадахгүй байх, багаж тоног төхөөрөмжийн худалдан авалт, засвар үйлчилгээ хийлгэх, ХАБЭА-н шаардлага ханган ажиллах боломжгүй болгож, ажиллах хүчээ алдаж компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, компанийн хувьд маш их хэмжээний хохирол учирсан. Мөн өмгөөлөгчийн зардал 3,500,000 төгрөг, шинжээч томилуулах зардлын 2,616,000 төгрөг нэмэгдэж, нийт 28,985,743.57 төгрөгийг “И” ХХК-иас шаардаж байна.

            3.1. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар: Хариуцагч талын зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бид нар ажил гүйцэтгэсэн, гэрээгээрээ санхүүжилт авах ёстой байсан дүн нь нийт 220,824,385.95 төгрөг авах байснаас өнөөдрийн байдлаар 192,103,383.60 төгрөгийн санхүүжилт авсан байгаа. Үүнээс гадна барьцаа төлбөр болох 10,995,897.07 төгрөгийн барьцаа хадгалагдаж үлдсэн байгаа. Манай тал гүйцэтгэлээ бэлнээр олгох байсан 13,431,252.57 төгрөгийг олгоогүй. Тийм учраас манайх нийт яг бодит зардлаараа энэ хоёрын нийлбэрээр буюу 28,985,743.57 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээрээ нэхэмжилж байгаа. Энэ нь барьцааны хугацаа бол гэрээнд нэг жилийн хугацаагаар нийт гэрээний гүйцэтгэсэн үүргээр 05 хувийн барьцаа бодогдоно. Уг барьцаа 03 жил болж байгаа тул барьцаа сулрах болсон гэж үзэж байгаа. Мөн дутуу хийсэн ажлынхаа дутуу гүйцэтгэлийн мөнгийг 13,000,000 төгрөг гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа...гэв.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: 

            4.1. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа. Яагаад гэхээр хариуцагч талаас гаргаж байгаа тооцоолол нь хэрхэн гаргаж байгаа нь ойлгомжгүй санагдаад байгаа. Ихэнхдээ яг талуудын хийсэн ажил, хариуцагчийн хийсэн ажлын тоо хэмжээн дээр нь санал нэгтэй зүйл байгаа. Тэгээд үзэхээр энэхүү дүн маань 201,534,135 төгрөг болоод байдаг. Ингээд хариуцагчид өгсөн мөнгийг нь тооцохоор 178,727,906 төгрөг байгаа. Тийм учраас үүний зөрүү мөнгө гэж гарах ёстой. Мөн дээрээс нь барьцаа мөнгийг нэхэмжлээд байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс ямар ч барьцаа суутгаж авсан зүйл байхгүй. Дээрээс нь хариуцагчид барьцааны мөнгө өгөөд, хадгалуулсан зүйл байхгүй. Яг ямар барьцааны мөнгө шаардаад байгаа нь ойлгомжгүй байгаа, хийсэн ажлыг тохиролцсон үнэлгээнд үржүүлж тооцохоор нэг дүн гарна, тэрийг хасаад үзэхээр хэдэн төгрөгийг яаж авах гээд байгаа нь ойлгомжгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч  маргаж байгаа. Мөн алдаа зөрчилтэй ажлыг гүйцэтгэсэн байгаа, ийм үндсэн дээрээсээ гүйцэтгэлийн мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр алдаа зөрчилгүй ажил гүйцэтгэсэн гээд тайлбарлаад байна. Өмнөх төлөөлөгч буюу гүйцэтгэх захиралтай барилгын талбай дээр уулзаж, ярилцаад бүх зүйлийг баталгаажуулаад, тэмдэглэл үйлдээд, талууд гарын үсэг зуралцсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гараад, шинжээчийн дүгнэлтүүд авагдсан. Өмнөх шүүх хурал дээр бага үнийн дүнтэй шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөөд, их үнэлгээ гаргахаар нь зөвшөөрөхгүй, буруу гэдэг зүйлийг ярьдаг. Нөгөөтээгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан орохгүйгээр яваад байсан. Тэгээд ялт ч үгүй нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж байгаа юм. Тэгээд барилгыг ашиглалтад оруулаад, улсын комисс дүгнээд авчхаж байгаа юм. Тэгэнгүүт хариуцагчаас хэлдэг. Энэ чинь ямар ч асуудалгүй байсан байна шүү дээ, улсын комисс хүлээж авчихсан юм чинь бид нар алдаагүй ажил гүйцэтгэсэн гэдэг сонин тайлбарыг хэлээд байдаг. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

            5. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-6/, Улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой баримтууд /1-р хх-7-8, 2-р хх-4/, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-10-15, Хөдөлмөрийн аюулгүй байдал-Эрүүл ахуйн нөхцөлийг хангах тухай гэрээ /1-р хх-16-19/, C-1 блокын зоорь, 1,2,3-р давхруудад хийсэн хэмжилтийн ажлын тайлан /1-р хх-20/, “М ибюлдинг” ХХК-ийн гаргасан угсралтын ажлын нэгдсэн графикт төлөвлөгөө /1-р хх-21/, Хариуцагчаас нэхэмжлэгчид 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн 07 тоот албан бичиг /1-р хх-22/, “И” ХХК-ийн гаргасан торгуулийн хуудсууд фото зургийн хамт /1-р хх-23-34/, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хх-36-42/, “Ги” ХХК-д шинжээчийн зардал төлсөн баримт /2-р хх-18/, “И” ХХК-ийн гүйлгээний жагсаалт /2-р хх-20/, ажлын гүйцэтгэлийн доголдол засварлахад зарцуулсан ажлын хөлстэй холбоотой баримтууд /2-р хх-95-194/, Ажлын болон бараа материалын үнийн хүснэгтэн мэдээлэл /2-р хх-195-197/, “И” ХХК, БНХАУ-ын “Шшенгсин олон улсын худалдааны” ХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний орчуулга, эх хувийн хамт /2-р хх-200-202/, “И” ХХК-ийн нягтлан бодогч гэх Б.Буянжаргалын ажлын тодорхойлолт /2-р хх-215/, Б.Буянжаргалын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-216-219/, “И” ХХК-иас БНХАУ-ын “Ш шхудалдааны” ХК-д гэрээний төлбөр шилжүүлсэн гадаад төлбөрийн даалгаврын орчуулга /3-р хх-223-224/

            6. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмийн хуулбар /1-р хх-49-52, 3-р хх-219/, Хариуцагчаас нэхэмжлэгчид 2021 он 06 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн 07 тоот албан бичиг /1-р хх-62/, “Б үр” орон сууцны С-1 блок барилга угсралтын төслийн үр ашгийн урьдчилсан тооцоо, бодит зардлын тооцоо /1-р хх-88/, Барилгын ажлын төсөв /1-р хх-95/, Сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-161/, орон сууцны барилгын дотор заслын фото зураг /2-р хх-24/, “М ибюлдинг” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга /2-р хх-233-234/, мөн компанийн Хаан банк дахь харилцах дансны хуулга /2-р хх-235-239/

            7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

            - Зохигчдын хүсэлтийг хангаж Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилон /1-р хх-99/, захирамжийн дагуу дүгнэлт ирүүлсэн байна. /1-р хх-107-146/

            - Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар шинжээч томилж /1-р хх-166, 188/, захирамжийн дагуу шинжээч “Ги” ХХК-иас шинжээчийн дүгнэлт ирүүлсэн. /1-р хх-192-245/

Дээрх дүгнэлтүүдийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00124 дугаар магадлалаар анхан шатны шүүх шинжээчээр томилогдсон Барилгын хөгжлийн төв болон “Ги” ХХК-иудыг шинжээчээр томилохддоо хуульд заасны дагуу “шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллаж байгааг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулаагүй, эрх үүрэг хариуцлагыг урьдчилж сануулан гарын үсэг зуруулаагүй” гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй буюу нотолгооны ач холбогдлоо алдсан хэмээн дүгнэж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

- Шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-31/, захирамжийн дагуу “Г и” ХХК-иас тусгай зөвшөөрөл, дүгнэлт гаргасан Д.Түдэвдоржийн диплом, С.Тунгалагийн тэргүүлэх төсөвчиний гэрчилгээ зэргийг /2-р хх-40-45/, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хотын стандарт, хяналтын газраас Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд “Б үр” ХХК-ийн захиалгаар баригдсан орон сууцны барилгыг ашиглалтанд оруулсах комиссын дүгнэлтийн хуулбар /2-р хх-46-82/,    

- Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар Барилга хөгжлийн төвийг шинжээчээр томилж /3-р хх-49/, тус байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/1160 дугаар дүгнэлт, шинжээчид хуульд тайлбарласан баримтуудын хамт ирүүлсэн байна. /3-р хх-77-122/,

- Нэхэмжлэгч талын хүслэтийг хангаж, шүүгчийн захирамжаар “Ги” ХХК-ийг шинжээчээр томилж /3-р хх-128/, тус байгууллагаас өмнө хэмжилт хийсэн ажлын дүгнэлтийг эрх үүрэг тайлбарласан баримтын хамт хүргүүлж, барилгад заслын ажил хийгдэж ашиглалтанд орсон учир дахин хэмжилт хийх, дүгнэлт үйлдэх боломжгүй гэх агуулга бүхий тайлбарын хамт ирүүлсэн байна. /3-р хх-142-195/,

- Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Эй и планнинг” ХХК, төсөвчин Л.Оюунзул нарыг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж /3-р хх-201/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан байна. /3-р хх-207/

 ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “М ибюлдинг” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу доголдолтой гүйцэтгэсэн ажлыг засварлахад зарцуулсан зардал 147,414,163 төгрөг гаргуулахаар шаардан, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хөлс дутуу төлөгдсөн гэх үндэслэлээр гэрээг гүйцэтгэгч талын санаачлагаар цуцласан, хийсэн ажилд илэрсэн доголдлыг арилгасан засварын зардлыг болон ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд хариуцагч талын ажилтнуудын гаргасан зөрчилд тооцогдох торгуулийг тус тус хохиролд тооцон шаардаж байна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нэхэмжлэлийн уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсны дагуу давхар тус бүрээр ажлыг актаар хүлээн авч, тухай бүрт нь төлбөр төлж байсан учир Иргэний хуулийн 352.4-т заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдсан, давхар тус бүрээр далд ажлын акт үйлдэж нэхэмжлэгчид өгч байсан учир доголдолгүй ажил гүйцэтгэсэн, шинжээчийн дүгнэлтээр хүлцэх хэмжээнээс илүү алдааг зарим ажилд гаргасан гэдэгтэй маргахгүй ч хэмжээний хувьд зөвшөөрөхгүй, ажлын хөлсийг гэрээгээр тохирсноос багаар төлж байсан нь гэрээг цуцлах үндэслэл болсон” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

            4. Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, ажлын хөлсөнд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр, гэрээний дагуу суутгагдсан барьцаа болон өмгөөлөгчийн зардалд нийт 28,985,743.57 төгрөг гаргуулахаар шаардсан.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хуваарийн дагуу хийж байсан боловч нэхэмжлэгч тал төлбөр төлөх үүргээ дутуу биелүүлсний улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Үүнтэй холбоотойгоор хийсэн ажлын хөлсөөс гэрээний 2.4-т заасны дагуу дутуу төлөгдсөн төлбөр болон барьцаа 5 хувийн төлбөрийг төлөөгүй учир нэхэмжилж байгаа” гэж тодорхойлсон.

            5. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, барьцаа мөнгө захиалагчид бодитоор өгөөгүй учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

            6. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

            6.1. Талууд 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БУ/2021-01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулж, хоёр талын гүйцэтгэх удирдлагууд гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

            Гэрээний гол нөхцөлд гүйцэтгэгч “М ибюлдинг” ХХК нь захиалагч “И” ХХК-ийн хөрөнгөөр, батлагдсан зураг төслийн дагуу, холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт нийцүүлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын хойд талд баригдах “Б үр” төслийн С-1 блок /үйлчилгээтэй орон сууцны барилга”-ийн суурь, зоорийн давхар, 1-14 дүгээр давхар, техникийн давхар, нийт 16 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээт ажлын үнэ 1 мкв талбайн НӨАТ багтсан үнэ 86,900 төгрөг байх, барилгын нийт хэмжээ 7,208.72 мкв, ажлын нийт хөлс 631,726,682 төгрөг байх, ажил гүйцэтгэх хугацаа, хүлээлцэх нөхцөл болон бусад нөхцөлүүдийг тусгажээ. /1-р хх-10-15/

            6.2. Хариуцагч гэрээгээр тохиролцсон С-1 блокийн зоорь, 1-3 дугаар давхрын цутгамал бетон хавтан, цутгамал хана, шат, хучилтын нийт 2,319.77 мкв талбайн ажил хийж, нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын хөлс 178,672,431 төгрөг дансаар шилжүүлж, төлбөрийг гэрээгээр тохирсон хэмжээгээр төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч 2021 он 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. /1-р хх-22, 2-р хх-233-239/

            6.3. Талууд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уулзаж хурал хийсэн байх бөгөөд уг хуралдаанаар гэрээ цуцлагдсантай холбоотойгоор хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэж хүлээлцэх, ажлын үр дүнгийн доголдлыг засварлах хугацаа зааж, үүний дараа талууд геодезийн хэмжилт хийж, ажлын үр дүнг хүлээн авах талаар тохиролцсон байна. /1-р хх-36-42/

            6.4. Гэрээ цуцлагдсанаас хойш талууд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлцээгүй байх бөгөөд нэхэмжлэгч “И” ХХК нь Мэргэшсэн инженер А.Баянбатаар С-1 блокийн зоорь, 1-3 дугаар давхруудад хэмжилт хийлгэж, хүлцэх алдаанаас хэтрээгүй, заслын аргаар засаж болох 324.72 мкв, хүлцэх алдаанаас хэтэрсэн 1,203.76 мкв талбай байгааг тогтоолгосон байна. /1-р хх-20/

            6.5. Улмаар “И” ХХК нь иргэн Г.Т2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулж, С-1 блокийн талбайн ажил буюу ханын шавардлагын ажлыг 1 мкв талбайг 24,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, амалгааны төлбөрт 2,216,415 төгрөг, шавардлагын төлбөрт 2,739,120 төгрөг,  дансаар шилжүүлжээ. /1-р хх-96-99, **-105/

            6.6. Мөн “Бтэм” ХХК-д С-1 блокийн 1-5 дугаар давхрын гипсэн тааз, дам нуруу гипсээр ороох ажилд 3,863,753 төгрөг, “К” ХХК-д В1-2 дугаар давхрын шаврын ажлын хөлс 19,444,655 төгрөг, иргэн н.Өлзийхишигт 1-4 дүгээр давхрын таазны тэгшилгээний ажлын хөлс 12,811,396 төгрөг, “Бетон ин дизайн” ХХК-д 1-3 дугаар давхрын хаалга цонх гаргах, пандус цутгалтын ажилд 20,000,000 төгрөг зарцуулсан байна. /1-р хх-100-116/

            6.7. Доголдолтой ажлыг бусдаар засварлуулахад “Монгэйт” ХХК-иас 108,110,750 төгрөгийн /1-р хх-118-128/, “М билдинг м” ХХК-иас 7,800,000 төгрөгийн /1-р хх-129-132/, “Х ч” ХХК-иас 3,200,000 төгрөгийн элс хайрга /1-р хх-134-138/, “Ц с” ХХК-иас 31,758,400 төгрөгийн бараа материал /1-р хх-139-141, 144-146, 148-150/, иргэн Г.Хүрэлбаатараар дамжуулан БНХАУ-ын “Шштрэйдинг” ХХК-д 45,000,000 төгрөгийг тус тус төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн дансаар шилжүүлж, шилжүүлгийн баримтууд болон компанийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан байна.  /1-р хх-151-154/

            6.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Барилга хөгжлийн төвөөс “М ибюлдинг” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг болон “Цутгамал төмөр бетон, төмөр бетон бүтээц” БНбД 52-02-05 дагуу хүлцэх алдаанаас хэтэрсэн эсэх талаар хэмжилт хийж:

- Зоорийн давхарт гүйцэтгэсэн ажил “И” ХХК-ийн гаргасан хэмжилтийн үр дүнгээр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн,

- 1 дүгээр давхрын тааз 83,5 мкв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн, мөн давхрын хана хүлцэх алдаанаас хэтэрч цүлхийлттэй цутгагдсаныг молдокоор цохиж тэгшлэх гадаргуу 8 мкв, шавардах гадаргуу 18 мкв талбай, мөн давхрын халга цонхны нүхийг хэмжээнд болгож 2-4 см молдокдох 7 ширхэг деталийн ажил байгаа,

- 2 дугаар давхрын тааз 43.56 мкв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн тул гипсэн уналттай тааз хийх, хана хүлцэх алдаанаас хэтэрсэн, цүлхийлттэй цутгагдсан, молдокоор цохиж тэгшлэх гадаргуу 10 мкв, шавардах гадаргуу 20 мкв, хаалга цонхны нүхийг хэмжээнд болгож молдокдох 14 ширхэг деталийн ажил байгаа,

- 3 дугаар давхрын тааз 88.82 м.кв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн тул гипсэн уналттай тааз хийх, хана хүлцэх алдаанаас хэтэрсэн, цүлхийлттэй цутгагдсан, молдокоор цохиж тэгшлэх гадаргуу 15 мкв, шавардах гадаргуу 18 мкв, хаалга цонхны нүхийг хэмжээнд болгож молдокдох 14 ширхэг деталийн ажил байна гэж тогтоосон байна.

6.9. Дахин шинжээчээр томилогдсон “Ги” ХХК-иас “М ибюлдинг” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон “Цутгамал төмөр бетон, төмөр бетон бүтээц” БНбД 52-02-05 дагуу хүлцэх алдаанаас хэтэрсэн эсэх талаар хэмжилт хийж:

- Зоорийн давхарт ажлын дараагийн үе шатны ажил хийгдсэн нь хэмжилт хийх боломжгүй болсон,

- 1 дүгээр давхрын тааз 382.37 мкв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн, өндөр маркийн зориулалтын шавраар шавардах, гипсэн уналттай тааз хийж засварлах шаардлагатай, хана хүлцэх алдаанаас хэтэрч цүлхийлттэй, цахилгаан молдок ашиглан өөлөх, тэгшилгээ хийж алдааг засварлах шаардлагатай, цонх суурилуулалт хийгдэж шилэлсэн байснаас хэмжилт хийх боломжгүй болсон,

-  2 дугаар давхрын тааз 369.98 мкв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн, өндөр маркийн зориулалтын шавраар шавардах, гипсэн уналттай тааз хийж засварлах шаардлагатай, хана хүлцэх алдаанаас хэтэрч цүлхийлттэй, цахилгаан молдок ашиглаж өөлөх, тэгшилгээ шавардлага хийж алдааг засварлах, цонх хаалгыг хэмжих боломжгүй,

- 3 дугаар давхрын тааз 369.98 мкв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн, өндөр зориулалтын шавраар шавардах, гипсэн уналттай тааз хийж засварлах шаардлагатай, хана хүлцэх алдаанаас хэтэрч цүлхийлттэй, цахилгаан молдок ашиглан өөлөх, тэгшилгээ шавардлага хийж алдааг засварлах, цонх хаалгыг хэмжих боломжгүй гэж дүгнэсэн байна.

            7. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр тохирсон ажлын хэмжээ, үнэ, гэрээт хугацаанд хийсэн ажлын хэмжээ 2,319.77 мкв болон ажлын гүйцэтгэлд захиалагчаас гүйцэтгэгч талд 178,672,431 төгрөг төлсөн, гүйцэтгэгч талын санаачлагаар гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан, ажлын гүйцэтгэлд тодорхой хэмжээний доголдол илэрсэн зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй.

            Харин нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан эсэх, хариуцагч нэхэмжлэгчээс гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр шаардах эрхтэй эсэх, төлбөрт барьцаа тооцогдох эсэх, нэхэмжлэгч хариуцагчийн өмгөөлөгчийн зардлыг хариуцах эсэх, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага бодитой гарсан зардал мөн эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж мэтгэлцлээ.

            Үндсэн нэхэмжлэл:

            8. Талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

            9. Хүчин төгөлдөр гэрээнээс ажил гүйцэтгэгч тал татгалзаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлээ захиалагч талыг хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хэмжээгээр өгөөгүй гэх агуулгаар захиалагч талд албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, гэрээ цуцлагдсан байна.

            9.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1 дэх хэсгүүдэд зааснаар гэрээний тал үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй. Төлбөрийг тохирсон хэмжээнээс багаар төлж байгаа нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй байхаар хуульчилсан боловч захиалагч тал уг саналыг хүлээн авч гэрээ цуцлагдсан байх тул талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

            10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүрэг хүлээнэ.

            10.1. Хэдийгээр хариуцагч тал гэрээнд заасны дагуу захиалагчид гүйцэтгэсэн ажлыг давхар тус бүрээр акт үйлдэн хүлээлгэж өгдөг байсан, доголдолгүй байсан учраас захиалагч тал хүлээж авсан гэж тайлбарлах боловч ажлыг тухай бүрт буюу давхар тус бүрээр доголдолгүйгээр хүлээлцсэн тухай акт үйлдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, гэрээ цуцлагдсанаас хойш хугацааны ажил хүлээлцсэн акт байхгүй байх тул доголдолгүй ажил хүлээлгэж өгсөн гэх энэ тайлбар баримтаар нотлогдсонгүй.

            10.2. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдэд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлууд доголдолтой гэж гарсан ба хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотойгоор зарим ажил доголдолтой байх боломжтой гэж тайлбарласан. Талуудын байгуулсан гэрээний 4.31 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь “Барилгын норм ба дүрэмд заасан хүлцэх алдаанаас илүү хэмжээгээр алдаа гаргахгүй байх” үүрэг хүлээжээ.

10.3. Хариуцагч нь гэрээний дээрх заалтаар зохицуулсан хүлцэх алдаанаас илүү алдааны хэмжээн дээр маргаантай байгаа болохоо тайлбарласан. Гэвч энэ тохиолдолд хариуцагч гэрээний 4.31-т заасны дагуу хүлээсэн үүргээ зохих хэмжээнд биелүүлээгүй буюу тодорхой хэмжээний доголдолтой ажил гүйцэтгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасны дагуу захиалагч тал гүйцэтгэсэн ажлын талаар гомдлын шаардлага гаргах эрх үүссэн гэж үзэхээр байна.

            10.4. Гэрээний талууд харилцан тохиролцоод хариуцагч гүйцэтгэсэн ажлаа акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй боловч уг ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч тал хүлээн авч, холбогдох байгууллагаар ажлын доголдлын талаар дүгнэлт гаргуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагч талын тайлбарлаж буй “ажлын гүйцэтгэлийг давхар тус бүрээр акт үйлдэж хүлээн авч, тодорхой хэмжээний санхүүжилт олгож байсан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээж авах үед доголдлын талаар захиалагч мэдэж байсан боловч гомдол гаргаагүй нь шаардлага гаргах эрхээ алдсан” гэх татгалзал үндэслэлгүй байна.

            10.5.  Иймд нэхэмжлэгч “И” ХХК нь Иргэний хуулийн 352 дугар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”-ээр шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу гарсан зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.

            11. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж, доголдлыг засварлахад зарцуулсан материалын зардал 67,585,653.26 төгрөг, ажлын хөлс 78,528,510 төгрөг, гэрээний хугацаанд хариуцагч байгууллагын ажилчдын гаргасан зөрчлүүдэд ногдуулсан торгууль 1,300,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

            11.1. Хариуцагч байгууллагын ажилчдад ногдуулсан 1,300,000 төгрөгийн торгуулийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэлийн уг шаардлага Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт захиалагчийн гаргах шаардлагад хамаарахгүй байх бөгөөд хариуцагч байгууллагын ажилтнуудын гаргасан зөрчил болох нь хангалттай нотлогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            11.2. Харин ажлын доголдлыг засварлахад зарцуулсан материалын зардал, тийнхүү засварлах ажлыг гүйцэтгэсэн иргэнтэй байгуулсан гэрээ, ажил гүйцэтгэсэн иргэн хуулийн этгээдийн төлбөрийн нэхэмжлэх болон төлбөр шилжүүлсэн баримт, “И” ХХК-ийн дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул эдгээр зардалд зарцуулсан 146,114,163 төгрөгийг хариуцагч “М ибюлдинг” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэгч “И” ХХК шаардах эрхтэй байна.

            Сөрөг нэхэмжлэл:

            12. Хариуцагч “М ибюлдинг” ХХК нь нэхэмжлэгч “И” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу дутуу төлсөн 22,869,743 төгрөг, хариуцагчаас өмгөөлөгчийн зардалд төлсөн 3,500,000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 2,616,000 төгрөг, нийт 28,985,743.57 төгрөг гаргуулахаар шаардсан.

            12.1. Зохигчид хариуцагчийн нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ 2,319 мкв гэдэгтэй маргаагүй ба гэрээний дагуу 1 мкв ажлын хөлс 86,900 төгрөг байхаар тохиролцсон байна. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг гэрээгээр тохирсон үнэтэй харьцуулан тооцвол захиалагчаас гүйцэтгэгчид нийт 201,521,100 төгрөг төлөхөөр байна.

            12.2. Гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын төлбөрт нэхэмжлэгч нь нийт 178,672,431 төгрөг төлсөн талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба үлдэгдэл 22,848,669 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч “М ибюлдинг” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “И” ХХК-иас үлдэгдэл төлбөр 22,848,669 төгрөгийг шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            13.  Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн ажлын хөлс 3,500,000 төгрөг, шинжээчийн зардал 2,616,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь талуудын байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотойгоор өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан нь “И” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэж үзэхгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авч, шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор шинжээч томилуулахаар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал байна. Түүнчлэн, шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу шүүх зохигчдод хуваарилан шийдвэрлэх тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туахй хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М ибюлдинг” ХХК-иас 146,114,163 /нэг зуун дөчин зургаан сая нэг зуун арван дөрвөн мянга нэг зуун жаран гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас 22,869,743 /хорин хоёр сая найман зуун жаран есөн мянга долоон зуун дөчин гурван/ төгрөг гаргуулан хариуцагч “М ибюлдинг” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 6,116,000 /зургаан сая нэг зуун арван зургаан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,149,500 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ибюлдинг” ХХК-иас 888,520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэгч “И” ХХК-иас 272,298 төгрөг гаргуулан хариуцагч “М ибюлдинг” ХХК-д олгосугай.

            4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА