Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00088

 

 

 

 

 

 

 

 

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/02951 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч О- ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,041,052,309.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт, хариуцагчийн төлөөлөгч Д.Ч-, түүний өмгөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,052,309.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: О- ХХК нь Т- ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 1,500,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн, сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр О- ХХК нь эргэлтийн хөрөнгийн нэмэлт зээл олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу банкны зүгээс зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан эргэлтийн хөрөнгийн 1,900,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй олгож зээлдэгчийн хүсэлтийг хангасан. Зээлдэгч О- ХХК нь банктай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулсан. Банк гэрээний дагуу зээлдэгч О- ХХК-ийн Т- дахь 106000049971 тоот харилцах дансанд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,900,000,000 төгрөг, нийт 3,400,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч О- ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгө оруулалтын зээл авснаас хойш үндсэн зээлд 101,419,187.94 төгрөг, хүүд 269,063, 013.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 882,410.95 төгрөг, нийт 371,364,612.58 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн эргэлтийн хөрөнгийн зээл авснаас хойш үндсэн хүүнээс 170,406,575.34 төгрөгийг тус тус төлсөн ба зээлдэгч нь эргэн төлөлтийн хувиараа зөрчсөн тул банкны зүгээс биечлэн уулзаж, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд О- ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,398,580,812.06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,105,784,762.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 145,231,211.64 төгрөг, нийт 2,649,596,785.77 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,900,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,459,449,863.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,005, 660.17 төгрөг, нийт 3,391,455,523.24 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,900,000,000 төгрөг, үндсэн хүү 1,459,449,863.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,005,660.17 төгрөг, нийт 3,391,455,523.24 төгрөг байх тул тус гэрээг цуцалж, дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,052, 309.01 төгрөгийг гаргуулж, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна гэжээ.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 1,500,000,000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,900,000,000 төгрөгийн зээлийг авсан. Эдгээр зээлийг авах болсон шалтгаан нь Дорноговь аймагт байрлах Алагтолгой нүүрсний уурхайд нүүрс олборлож ажиллахтай холбоотой техник худалдан авах, үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор зээл авсан. Энэхүү зээлийг Т--ны хяналт дор зарцуулсан. 2018 оны 02 дугаар сар хүртэл зээлийн гэрээний үүргийг графикийн дагуу гүйцэтгэж 671,000,000 төгрөг төлсөн байдаг. Ингээд ажил үүргээ гүйцэтгээд явж байтал экспортын нүүрс тээвэрт гацаа үүсэж, БНХАУ-аас хүрэн нүүрс хүлээн авах газаргүй болсноор бидний ажил зогсож, Чингисийн алт компаниас төлбөрөө авахад доголдол үүсэж эхэлснээр Т-инд төлөх зээлийн төлбөрт доголдол үүссэн тул энэ талаар Т-инд хандаж, албан бичгээр хүсэлт илгээж, зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан. Мөн 2019 онд Т-инд барьцаанд байгаа Баянгол дүүрэг, 20-р хороонд байршилтай 80,89 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүрэг, 25-р хороо байршилтай, 91,41 м.кв талбайтай орон сууцнуудыг худалдан борлуулж, зээлийн дүнгээс хасах хүсэлтийг мөн гаргасан. Учир нь эдгээр орон сууц нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой байсан. Гэтэл Т- нь удаа дараа гаргасан хүсэлтийг шийдэж өгөөгүй, албан бичгийн хариуг бичгээр өгөөгүй байдаг. Ингээд 2019 оны 3 дугаар сард зээлийн гэрээг цуцалсан талаар мэдэгдэл ирсэн, тэр үед би хөдөө байсан тул вайбер сүлжээгээр явуул гэж хэлсэн. Үүнээс хойш би зээлийн гэрээ цуцлагдсан гэж ойлгож байсан. Гэтэл бидний төлсөн төлбөрийг 2019 оны 06 сард үндсэн зээлээс хассан байдаг. Компани зээлээ төлөхийг зөвшөөрч байгаа. Гэвч бид хөндлөнгийн байгууллагад хүсэлт гаргаж зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөр болон төлөөгүй дүнгийн талаар дүгнэлт гаргуулахад 4,300,000,000 төгрөгийг төлөхөөр дүгнэлт гарсан тул уг дүнгийн төлбөрийг зөвшөөрч байна гэжээ.

 

3.Гуравдагч этгээд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

3.1.Гуравдагч этгээд Д.Батчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 30-р байр, 52 тоотод байрлах орон сууцыг өмчилдөг. 2017 онд өөрийн ах Д.Ч-ад орон сууцыг барьцаалах эрхийг олгосон. Компанийн бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж барагдуулаагүй гэдгийг мэдэж байсан ч барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.2.Гуравдагч этгээд Д.Хүрэлтогоо шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 1-р хороо, 29-р байр, 141 тоот орон сууцыг өмчилдөг. 2017 оны 5 дугаар сард өөрийн ах Д.Ч-ын компанийг зээл авахад өөрийн орон сууцыг барьцаалах итгэмжлэлийг олгосон. Компанийн бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж барагдуулаагүйтэй холбоотойгоор барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.3.Гуравдагч этгээд Ш.Оюунханд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Москвагийн гудамж, 48а байр, 1254 тоот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Хомланд хотхон 103/1 байр, 78 тоотод байрлах орон сууцуудыг өмчилдөг. 2017 онд Д.Ч-ад орон сууцыг барьцаалж, зээл авах эрхийг олгосон. Гэвч барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.4.Гуравдагч этгээд Х.Бум-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 405-р байр, 51 тоотод байрлах орон сууцыг өмчилдөг. 2017 оны 5 дугаар сард О- ХХК-ийг Т-наас зээл авахад Д.Ч-ад итгэмжлэл олгож орон сууцыг барьцаалсан ч барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.5.Гуравдагч этгээд А.Отгонтөгс шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 59-р байр, 40 тоотод байрлах орон сууцыг өмчилдөг бөгөөд 2017 оны 5 дугаар сард О- ХХК-ийг Т-наас зээл авахад Д.Ч-ад итгэмжлэл олгож орон сууцыг барьцаалсан. Гэвч барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.6.Гуравдагч этгээд Ч.Э-, Ш.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- ХХК, О- ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний барьцаанд Ч.Э-, Ш.Б- нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Итгэмжлэлээр Ч.Э-, Ш.Б- нар нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг О- ХХК-ийн захирал Д.Ч-ад олгосон. О- ХХК-ийн захирал Д.Ч-ад олгосон итгэмжлэл болон гэрээний хувьд маргах зүйл байхгүй. Энэхүү зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар нь хариуцагчаар оролцох байсан. Гэтэл эдгээр этгээдүүд гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаа тул Ш.Б-, Ч.Э- нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн тайлбар гаргаж байна гэжээ.

 

4.Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О- ХХК-аас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12/17/80 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12/17-150 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт, нийт 5.878.787.492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 162,264,816.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 30-р байрны 52 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205009889 дугаартай, 40 м.кв талбайтай орон сууц, Д.Ч-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарны зам гудамж, 401-р байрны 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204039456 дугаартай, 99,65 м.кв талбайтай орон сууц, Т.Оюунхандын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, толгойт Москвагийн гудамж 48а байрны 1254 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201035779 дугаартай 20,4 м.кв талбайтай орон сууц, Д.Хүрэлтогоогийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон энгельс гудамж 29-р байрны 141 тоотод байрлах, улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2205053288 дугаартай 89,9 м.кв талбайтай орон сууц, Ч.Э-ы өмчлөлийн Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 51/4-р байрны 21 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205065321 дугаартай, 80,89 м.кв талбайтай орон сууц, Ш.Булга-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ар зайсан гудамж 94-р байрны 101 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206044559 дугаартай, 312 м.кв талбайтай орон сууц, А.Отгонтөгсийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархат хотхон, Махатма гандигийн гудамж, 59-р байрны 40 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206017268 дугаартай, 69,9 м.кв талбайтай орон сууц, 15 тоотод байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоол, Х.Бум-Эрдэнэ, Э.Болдмаа нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны зам 405-р байрны 51 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204021950 дугаартай, 121,38 м.кв талбайтай орон сууц, 209 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, авто зогсоол, Т.Оюунхандын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам гудамж 103/1-р байрны 78 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204054272 дугаартай, 91,41 м.кв талбайтай орон сууц, О- ХХК-ийн Чингисийн хар алт ХХК-тай 2017.05.08-ны өдөр байгуулсан хөрс хуулалтын ажил гүйцэтгэх АГГ-02/17 дугаартай гэрээний орлого, Ч.Э-ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204016730 дугаартай, 927 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ч.Э-ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115-102 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204077099 дугаартай, 61 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, О- ХХК-ийн зээлээр БНХАУ-аас худалдан авах гэж буй 20 ширхэг ачааны авто машин, Хово ачааны машин, 90-21 УНЗ улсын дугаартай, LZZJLMND3AB023695 арлын дугаартай, Т- ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн, Тоёота ланд круйзер-80 маркийн, 63-79 УББ улсын дугаартай, HDJ810051607 арлын дугаартай, Т- ХХК-ийн өмчлөлд 2017.09.18-нд бүртгэгдсэн автомашин, LIU Gong ZL 50C маркийн ачигч, 47-43 УБ улсын дугаартай, ZL50CNL1115124 арлын дугаартай, Т- ХХК-ийн өмчлөлд 2017.09.18-нд бүртгэгдсэн, Mazda Bongo бага оврын ачааны машин, 25-67 УНН улсын дугаартай, SKF2M201304 арлын дугаартай, Т- ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө болон Ч.Э-ы эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороонд байрлах, 640 м.кв талбайтай, нэгж талбарын 136003/0061, 18644310649086 дугаартай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Д.Ч-аас татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 30,433,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О- ХХК-аас 29,622,087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т- ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан үйл баримтыг буруу, дутуу үнэлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 162,264,816.40 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хууль, бусад хууль тогтоомжоор зээлдүүлэгчид гэрээг цуцлах эрх олгогдсоноос бус гэрээг цуцлах үүрэг хүлээлгээгүй. Гэрээ цуцлах үндэслэл шалтгаан ноцтой байх ёстой байдаг. Энэ нь 2 талтай бөгөөд талуудын аль нэгэнд гэрээний давуу нөхцөл олгоогүйгээс гадна зээлдэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзсэн, хамгаалсан байдаг. Мөн эрх олгогдсоноор шууд гэрээг цуцлах боломжгүй зөвхөн санал гаргаад шүүхэд ханддаг. Шүүхээр гэрээ цуцлуулдаг практик ач холбогдол нь хүү, нэмэгдүүлэн хүү зогсохоос гадна, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах боломж нээгддэг. Гэрээнд дурдагдсан цуцлах үндэслэл бол гэрээнээс татгалзах нөхцөлийг талууд тохирсон хэлбэр болохоос гэрээг цуцлах болзол биш. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрх олгогдсоны дагуу шүүхэд хандсан.

6.2.Талууд гэрээндээ зээлдэгчийн санхүүгийн байдал буурсан, муудаж доройтсон, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон нөхцөл үүссэн үүсэж болзошгүй нь нотлогдсон тохиолдолд банк зээлийн гэрээг цуцлахаар тохирч санал нэгдсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахыг шууд зогсооно гэсэн үг биш. Зээлж авсан мөнгөн хөрөнгийн ашиглалт үргэлжилж байгаа энэ тохиолдолд хуулийн /Иргэний хуулийн 204/ тохирохгүй заалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар бүрэн зохицуулагдаж болохоор байдаг.

6.3. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэл нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд шат дараалсан арга хэмжээг хуулийн хүрээнд авахаа илэрхийлэхээс гадна гэрээг цуцлах ноцтой байдал, бодитой үйл баримт үүссэнээ баримтжуулах, компанийн удирдлагуудтай уулзах шаардлагыг тавьж байсан. Зээл авах, төлүүлэх, зөрчил арилгуулах гэх мэт энэхүү санхүүгийн үйлчилгээ үзүүлэх процесс шат дараалалтай хууль, журмын хүрээнд явагддаг бөгөөд зээлдэгчтэй уулзалт хийж хүсэлт саналыг нь хүлээн авах нь процесийн нэг л хэлбэр төдий болохоос эцсийн шийдвэрийг гаргасан гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй шийдвэр гаргадаг субьект нь банкны гүйцэтгэх захирал байдаг. Харин асуудлыг хариуцан ажиллаж байгаа мэргэжилтнүүд саналаа боловсруулан танилцуулж чиглэл аван ажилладаг бөгөөд шүүхээр асуудлаа шийдүүлье, шат дараалсан арга хэмжээ авах болсныг үүгээр мэдэгдье гэсэн мэдэгдэл нь хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахыг шууд зогсооно гэсэн үг биш. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал О- ХХК зээл авсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нотлох баримтгүйгээр хүндрэлүүд тоочсон нь харагддаг ба анхан шатны шүүх нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, мэдэгдэл зэргийг дутуу, буруу үнэлсэн гэж үзэж байгаа юм. Гэрээнээс татгалзах хүсэл зоригоо зээлдүүлэгч тал тайлбарын хүрээнд илэрхийлснийг гэрээ цуцалсан мэтээр шууд утгаар ойлгож үзэж байгаа нь буруу жишиг, хор уршигтай юм. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүнээс буруу тооцоо гаргаж үндэслэлгүй хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг өөрчилж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 162,264,816.40 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж Т- ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

7.1.Анхан шатны шүүхийн шийдвэрээр 5,878,787,492 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний зарим хэсэг буюу 1,507,006,491 төгрөгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Т-ны 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэлд зээлийн гэрээг цуцалсан болохыг мэдэгдэж байна гэж тодорхой бичсэн ба зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримт /хх-139-140/ болон зохигчдын тайлбараар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Т- зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалсан үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр хуулийг буруу тайлбарлан зээлийн гэрээг цуцалснаас хойш хүү тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 3 дугаартай зөвлөмжид Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээ цуцлах гэнэ гэж тайлбарласан ба шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан өдрөөр үүргийг хангуулах тухай тодорхойлсон байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээнүүдийн 6.3-т Банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал төлбөрийг нэн даруй төлөхийг шаардах эрхтэй. Энэхүү гэрээний 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар, хохирлыг банк хариуцахгүй гэж заасан байтал Т- нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан тухай мэдэгдсэнээс хойш 1 жил 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ эдэлж байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

7.2.Мөн хариуцагч О- ХХК нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Т-ны өр төлбөрийг барагдуулах талаар санаачлагатай байж, банкинд удаа дараа хүсэлт гаргасан боловч банк тодорхой арга хэмжээ авч шийдвэр гаргаж, хариу ирүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүх энэ бүх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр банкны шаардах эрхээ эдлээгүй эс үйлдэхүйн хариуцлагыг зээлдэгчид ногдуулж байгаад гомдолтой байна. Гэрээ цуцалснаас үүссэн үр дагаврыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хохирол нэхэмжлээгүй байтал шүүх хуулийг буруу тайлбарлан нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан үйл баримтыг гэрээний хугацаа дууссантай адилтган үзэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Банк зээлийн гэрээнүүдийг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дах хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан байх тул гэрээ цуцалсан цаг хугацаанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 5,878,787,492 төгрөгөөс 1,507,006,491 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Гуравдагч этгээд Ч.Э-, Ш.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

8.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Т- ХХК нь О- ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа иргэн Ч.Э-ы өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 51/4-р байр, 21 тоотод байрлах, 80,89 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 115 тоот хаягт байрлах 927 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 115-102 тоот хаягт байрлах 61 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 640 м.кв талбайтай, газрыг тус тус итгэмжлэлээр барьцаалсан. Шүүх хэргийг шийдэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар ноцтой зөрчсөн. Т- ХХК болон О- ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний барьцаанд Ч.Э- өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалж оролцсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий байхад иргэн Ч.Э-ыг хариуцагчаар бус бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж шүүхээс шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

8.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ч.Э- нь шүүхэд бие даасан шаардлага гаргахад шаардлагыг шүүх хүлээн аваагүй. Энэ нь иргэн Ч.Э-ы шүүхэд мэдүүлэх эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд эрх тэгш оролцох боломжийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

9.Гуравдагч этгээд Х.Бум-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Х.Бум-Эрдэнэ би эхнэр Э.Болдмаагийн хамт улсын бүртгэлийн Ү-2204021950 дугаартай, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Нарны зам 405-р байрны 51 тоотод байрлах орон сууц, 209 тоотод байрлах зогсоолыг өмчилдөг бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр О- ХХК-ийг Т-наас зээл авах үед компанийн захирал Д.Ч-ад итгэмжлэл олгож барьцаалсан болно. Миний бие хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба миний өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай илэрхийлсэн ба хөдөө орон нутагт ажилладаг шалтгаанаар шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ манай гэр бүлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Орон сууцны хамтран өмчлөгч Э.Болдмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр түүний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Итгэмжлэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, шүүх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх эрхийг О- ХХК болон Д.Ч-ад олгоогүй юм. Тиймээс Э.Болдмаагийн өмчлөх эрх зөрчигдөж болзошгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байтал үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн орон сууцны нэг өмчлөгч болох Э.Болдмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гуравдагч этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байх боловч тэднийг хариуцагчаар тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд халдаж үүрэг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Х.Бум-Эрдэнэ миний хувьд нэхэмжлэгч Т-ны эрх ашигт хохирол учруулаагүй байхад миний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр миний болон хамтран өмчлөгч Э.Болдмаагийн хуульд заасан өмчлөх эрхийг зөрчиж, эрхээ хамгаалах боломж олгохгүйгээр бусдын үүргийн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Х.Бум-Эрдэнэ, Э.Болдмаа нарын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч О- ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,052,309.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т- ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Батчулуун, Т.Оюунханд, Д.Хүрэлтогоо, Ч.Э-, Ш.Б-, А.Отгонтөгс, Х.Бум-Эрдэнэ нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 9572 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 125-126, 185-187-р тал/. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан үндэслэлээр хязгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, /13311/, Нарны зам 405 дугаар байрны 51 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021950 дугаарт бүртгэлтэй, 121,38 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 405 дугаар байрны зоорийн давхрын 209 тоот, 18 м.кв талбайтай зогсоолын өмчлөгч нар нь Х.Бум-Эрдэнэ, Э.Болдмаа нар, /хх-ийн 30-р тал/, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам гудамж, 401 дүгээр байр, 10 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039456 дугаарт бүртгэлтэй, 99,65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь иргэн Д.Ч- болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон байна. /хх-ийн 23-р тал/

 

Дээрх орон сууц, зогсоолын өмчлөгч Х.Бум-Эрдэнэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх боловч хамтран өмчлөгч Э.Болдмаагийн хувьд түүнд өөрийг нь төлөөлөх эрхийг олгосон баримтгүй байна. Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт шүүхээс гарах шийдвэр сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болдог.

Өөрөөр хэлбэл, Э.Болдмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь түүний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

 

Түүнчлэн, хариуцагч О- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Ч- байх боловч Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам гудамж, 401 дүгээр байр, 10 тоот барьцаа хөрөнгийн өмчлөгч, иргэний хувиар түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэх боломжгүй.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/02951 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т- ХХК-аас төлсөн 969,275 төгрөг, хариуцагч О- ХХК-аас төлсөн 7,692,982 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяраас төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Х.Бум-Эрдэнээс төлсөн 1,176,042 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ