Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00091

 

 

 

 

 

 

 

 

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/03279 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч Г.Я-, Ж.Г- нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Г.Я-, Ж.Г-, тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч С- ХХК нь хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ж.Х-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 47 гудамж, 26 тоот хаягт байрлах 9x5 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахаар Эрхэс-Од нэртэй хүнсний дэлгүүрийг барьсан. Улмаар 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор тусгай зөвшөөрөл хөөцөлдсөний дагуу С- ХХК-ийн Эрхэс-Од хүнсний дэлгүүрт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 03/1115 тоот спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/546 дугаар захирамжаар 2018/А/546/1-03 тоот тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон. Энэхүү тусгай зөвшөөрлүүдийг хөөцөлдөх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тус компанийн захирал Ж.Х- нь хариуцагч Г.Я-д 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зөвшөөрөл авах асуудлаар бүхий л харилцаанд төлөөлөх, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах, посс машин авах асуудлаар банктай гэрээ байгуулах, бараа материал авахад харилцагчидтай гэрээ байгуулж, тооцоо хийх эрх олгож, мөн өөрийнхөө хариуцагчтай хамтран эзэмшдэг Хаан банк ХХК-ийн 5077312380 тоот дансны картыг үлдээсэн юм. Учир нь, Ж.Х- нь Япон Улс руу ажлын шугамаар явах болсон ба итгэмжлэлийг 8 сарын хугацаатай өгсөн байсан. Гэтэл нэхэмжлэгч С- XXK болон Ж.Х- нараас хариуцагч Г.Я-д хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл огт олгоогүй атал тэрээр нөхөр Ж.Гомбын хамт Ж.Х-ыг Япон Улсад байх хугацаанд дур зоргоороо аашилж буюу нэхэмжлэгч компанийн зөвшөөрөлгүйгээр тус компанийн нэр, тусгай зөвшөөрөл, үл хөдлөх хөрөнгө зэргийг ашиглан дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Мөн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хариуцагч Г.Я- нь компанид хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгчийг авна гэж шаардахад нь өгөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч С- ХХК-ийн захирал Ж.Х- нь Япон Улсаас 2019 оны 05 дугаар сард ирсэн ба үүнээс хойш хариуцагч Г.Я-гаас дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг бусад бичиг баримт болон дэлгүүрийн барилгыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл шаардлагыг биелүүлэхгүй компанид хохирол учруулж байна. Нэхэмжлэгч С- ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.Х- нь 2018 оны 08 дугаар сараас эхлэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өөрийнхөө дансан дахь мөнгө болон хүмүүсээс орж ирсэн авлагын мөнгө, түүнчлэн Төв аймагт байсан хонь, ямаа, үхэр зэрэг өөрийн малаа нядлан зарж борлуулаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 47 дугаар гудамжинд байрлалтай Эрхэс-Од хүнсний дэлгүүрийн 45 м.кв талбай бүхий барилгыг дэлгүүрийн зориулалтаар барьсан. Өөрөөр хэлбэл, зарж борлуулсан дээрх хонь, ямаа, үхрийг Ж.Х-ын төрсөн эгч Ж.Хишигт маллаж байсныг 2018 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нядлан борлуулж, олсон орлогыг дэлгүүр барихад хөрөнгө оруулалт хийсэн болно. Түүнчлэн Ж.Х- нь Япон Улсаас дансаар мөнгө шилжүүлэхэд шимтгэл өндөртэй байсан тул хүнээр дамжуулан хариуцагч Г.Я-д дэлгүүрийг барихаас өмнө нь мөнгө явуулдаг байсан, дэлгүүрийг барьсны дараагаар тохижуулах, бараа авах зорилгоор мөн мөнгө явуулж байсан юм. Ийм байдлаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х- нь өөрийнхөө барьсан дэлгүүрийг тохижуулах, тусгай зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийг бүрдүүлэх гэх зэрэгт өөрөөсөө хөрөнгө оруулалтыг 100 хувь гаргасан. Тухайн үед хариуцагч нар дэлгүүр босгох болон аж ахуй эрхлэх боломж бололцоо байхгүй, хоёулаа ажил эрхэлдэггүй байсныг манай ах, дүү нар гэрчилсэн. Ингээд Ж.Х-ыг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Япон Улсаас ирэхэд Эрхэс-Од дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцагч Г.Я-, Ж.Г- нар эхлүүлчихсэн байсан, энэ талаар хариуцагч Г.Я-д Эрхэс-Од дэлгүүр болон баримт бичгээ авъя гэхэд бид авмаар байна, сэтгэл гаргаад ах, дүү нартаа туслаад өгчихөж болдоггүй юмуу гэсэн зүйл хэлсэн. Тэр үеэс эхлэн дэлгүүрийн өмчлөгчийн талаар маргаан гарсан. Хариуцагч нар дэлгүүрийн барилгыг сайн дураараа чөлөөлж өгөхгүй, баримт бичиг буюу тусгай зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын газрын хүмүүс цагдаа нартай хамт ирээд аваад явчихсан гээд өгөөгүй, нэхэмжлэгчийг дэлгүүрийг өөрийнхөө эзэмшилд авахаар удаа дараа очсон боловч хариуцагч нар Ж.Х-ыг элдвээр доромжилж, битгий үзэгдээд бай, дахиж битгий ирээрэй, ална шүү гээд ёс бус үгээр дайрч доромжилсон байсан. Ийнхүү хариуцагч Г.Я-, Ж.Г- нар сайн дураараа дэлгүүрийг өгөхгүй байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Г.Я-гийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 47-26 тоот хаягт байрлалтай Эрхэс-Од дэлгүүрийн барилгыг албадан чөлөөлүүлэх, холбогдох тусгай зөвшөөрөл болон дэлгүүрийн холбогдолтой баримт бичгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар өөрсдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000769490 тоот гэрчилгээг авсан байсан. Гэвч хариуцагч нар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 03/1115 тоот спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/546 дугаар захирамжийг үндэслэн 2018/А/546/1-03 тоот тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус буцаан өгсөн боловч дэлгүүрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан хэвээр байна. Өмнө нь хариуцагч Ж.Г-, Г.Я- нар Ж.Х-д өртэй байсан. Тодорхой хэлбэл, приус 20 маркийн автомашин, ломбардад байсан эд зүйлсийн төлбөр, приус 30 маркийн автомашиныг тус тус авч өгсөн бөгөөд сар бүр өгсөн мөнгийг бодвол нийт 39 гаруй сая төгрөг болсон байснаас 21,000,00.00 төгрөгийг дэлгүүрийн мөнгө, үлдсэн нь өмнөх өр гэж тайлбарладаг. Гэвч уг 39,000,000 төгрөгийг ямар утга агуулгатай, ямар хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч нар дэлгүүрт оруулсан мөнгөө нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х-аас зээлсэн гэж тайлбарладаг боловч чухам хэзээ, хэдэн төгрөгийг хаана, хэнээс зээлсэн нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х-ын хувьд өмнөх өрөө төлж байна гэж бодсон ба хариуцагч нар түүнийг Япон Улс руу явсныг далимдуулан дэлгүүрийг хууль бусаар ашиглаж, өнөөдрийг хүртэл ашиг олсон. Нэхэмжлэгч С- ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй ба Эрхэс-Од хүнсний дэлгүүр бол компанийн өмч юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар уг компанийг хүнсний дэлгүүр, аж ахуй, сан техникийн эд зүйлс зарах үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан гэжээ. Маргаж буй дэлгүүрийг Ж.Х-ын оруулсан хөрөнгөөр барьсан бөгөөд нийт 18,320,900 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл хариуцагч Г.Я- нь өөрт олгосон итгэмжлэлийг далимдуулан бусдын хөрөнгийг хууль бусаар ажиллуулж, ашиг орлого олсон. Хариуцагч нар 39,000,000 төгрөгийн орлого хийсэн гэж тайлбарладаг бөгөөд үүгээрээ дэлгүүрийг худалдаж авсан юм шиг, эсхүл ашиг орлогоо өгөөд байгаа юм уу гэдэг нь тодорхой биш байдаг. Учир нь, хариуцагч нар ямар ч орлого байхгүй, ломбардад эд зүйлсээ тавьсан мөн приус 20, приус 30 маркийн автомашин худалдан авах гэх зэрэгт 18,500,000 төгрөгийг Ж.Х-аас зээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ мөнгийг буцаан төлөөгүй байж над руу шилжүүлсэн мөнгийг дэлгүүрийг барихтай холбоотой надаас зээлсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, нэхэмжлэгч С- ХХК-ийн хөрөнгөөр Эрхэс-Од 8 нэрийн дэлгүүрийг барьсан учир нэхэмжлэгчийг уг дэлгүүрийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү. Хариуцагч нараас нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээг согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хамт авсан тул энэхүү шаардлагаасаа татгалзаж байна. Харин тамхи худалдах тусгай зөвшөөрлийг дэлгүүрийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараагаар өгнө гэсэн хариу өгсөн гэжээ.

 

2.Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхэс-Од хүнсний дэлгүүр нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 47 гудамж, 1 тоот хаягт байршилтай, Э-2204004548 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хариуцагч Ж.Гомбын эзэмшлийн газар болон Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 47 гудамж, 1 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2204106195 дугаартай хариуцагч Г.Я-, Ж.Г- нарын өмчлөлийн барилгад үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, монелийн 47-26 тоот хаягт байрлах газарт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй, хоосон хашаа байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хоосон хашаанд ямар барилга бариад түүнийгээ чөлөөлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч Г.Я- нь өөрийн хууль ёсны өмчлөлийн барилгад Эрхэс-Од хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг явуулдаг юм. Иймээс өөрийн үйл ажиллагаа явуулаагүй, хоосон хашаанд байрлах байхгүй барилгыг чөлөөлж өгөх боломжгүй. Маргаан бүхий газар дээр гэрчилгээ гаргаагүй ч гэсэн засмал зам тавигдсан байсан учир Ж.Х-, Ж.Г-, Г.Я- нар ярилцаад, улмаар хариуцагч нар дэлгүүр барих хэрэгтэй байна, мөнгө зээлээчээ гэж хэлээд харилцан тохирсон тул Ж.Х- нь мөнгө зээлдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн малаа зарсан гэх боловч тухайн үед малыг нь маллах хүнгүй болсон учир нядалж, мах болгон зарсан, зарахад нь бид хоёр тус болж Сандэй плазад нийлүүлсэн. Бодит байдал дээр мал дунд нь манай нэг үнээ байсан ба тэр махны үнийг тооцоогүй байна. Ж.Х-аас бид мөнгө зээлнэ гэж ярьсан болохоос биш өөр зүйл болоогүй. Нядалсан гэх малын махны мөнгө үнэндээ 5,000,000.00 төгрөг ч хүрээгүй. Би, хамтран эзэмшдэг данснаас авсан мөнгөө тайлбартай нь бичээд Ж.Х- руу явуулж байсан. Бид хоёр зарлагаа хүснэгтээр өгсөн байхад түүнийг өөрийн мэт тайлбарлаж байна. Яагаад гэвэл Ж.Х- нь өөрөө зөвшөөрч Г.Я- намайг хамтран эзэмшигчээ болгосон ч данснаас авсан мөнгөө буцаагаад түүнд сард 350,000 төгрөгөөр шилжүүлэн төлж дуусгасан. Бид хоёр өрөө өгч байсан учир өрөө өгч байна гэж хариулсан, зээл авсан нь үнэн, зээлдүүлсэн ч үнэн. Байшинд бол хариуцагч нар 21,131,500 төгрөгийн зардал гаргаж, буцаагаад 36,450,000 төгрөгийг өгсөн. Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 47/1 тоот хаягт тухайн үед газрын гэрчилгээ гараагүй байсан. Зөрчилтэй байсанд болоод гэрчилгээ гаргаагүй юм биш, харин захирагчийн алба нь өөрөө ажиллах боломжгүй байсан. Ж.Х- нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 47/26 тоот газрыг н.Ганзоригоос бэлэглэлийн гэрээгээр авсан ба 47/26 тоот газар дээр компанийн нэрээр ашиглачих гэж өөрөө хэлсэн. Манай газар дээр дэлгүүр байгаа учир буулгах боломжтой боловч шүүхэд өгсөн болохоор яахаа ч мэдэхгүй байсан. Тус дэлгүүр бол хотын захад байдаг дэлгүүр, ойрхон хэд хэдэн дэлгүүртэй. Мөн хариуцагч Ж.Г- газар дээрээ байшин бариад дэлгүүр ажиллуулаарай гэж зөвшөөрөл өгөөгүй, бид мөнгө зээлж дэлгүүр барьсан, тэр мөнгийг буцаагаад өгсөн. Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 47/1 тоотод хариуцагч Ж.Г- амьдарч байсан нь холбогдох нотлох баримтаар нотлогдох болно. Дэлгүүрийн асуудал яригдаж эхлэхээс өмнө газрын гэрчилгээ гаргуулахаар хариуцагч нь газар эзэмших хүсэлтээ өгсөн байсан. Гэтэл нийтэд илэрхий байдлаар 2018 оноос 2020 он хүртэл Баянзүрх дүүрэг Засаг даргагүй байсан учир үл хөдлөх хөрөнгө болоод газрын гэрчилгээ гараагүй. Ж.Х- нь дэлгүүрийг С- ХХК-ийн өмч болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 47/1 тоотод Ж.Х- амьдарч байгаагүй, уг С- ХХК ч үйл ажиллагаа явуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл, газартай холбоо хамаарал байхгүй байна. Холбоо хамаарал байхгүй байх тул яагаад газар дээр байшин барих болсон бэ, хариуцагч нартай хамтран ажиллах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, эсвэл бусдын өмчлөлийн газрыг хязгаартай эзэмших ашиглах гэрээ хийсэн үү гэхээр байхгүй гэдэг, нөгөө талаар эдгээр гэрээг бичгээр байхыг шаардаг. Өөрийн газар дээр бусад хэн нэгэн этгээдийг ямар нэгэн ашиггүйгээр барилга байшин бариулна гэж байхгүй. Мөнгийг хувиасаа эсвэл компаниас зээлүүлсэн мэт яриад байдаг. Хэрэгт авагдсан баримтыг үзвэл хувийн данснаас гарсан харагдаж байна. Нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч Г.Я-д олгосон итгэмжлэл нь бичиг баримт хөөцөлдөхөд зориулсан боловч хариуцагч нь гарын үсэг зураагүй байсан. Итгэмжлэл бол нэг төрлийн хэлцэл, хэлцэл дээр бүх талууд гарын үсэг зурах ёстой. Нэхэмжлэч нь маргаан бүхий дэлгүүр ашиглалтад орох үед маргаан үүсгээгүй байж 2020 оноос эхлээд маргаан үүсгэсэн гэдгийг дурдаж байна. Газартай холбоотойгоор ямар нэгэн маргаан байхгүй гэдгийг шүүх хуралдаанд яригдаж байсан. Ж.Х-ын мөнгийг буцаан өгсөн гэдэг нь дансны хуулгаар харагдах болно. Нэхэмжлэгчийн дансанд орсон 39 гаруй сая төгрөг дээр маргадаггүй ба авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Үүнээс харахад талуудын хооронд зээлийн харилцаа явагдаж байсан байна. Дэлгүүр дамнан баригдсан ч гэсэн 28 тоот нь талуудын хэн алинд нь хамааралгүй. Хэрвээ нэхэмжлэгч хөрөнгө оруулсан бол ямар нэгэн байдлаар гэрээ, хэлцэл байгуулах ёстой байсан. Хариуцагч Ж.Г-, Г.Я- нар ч гэсэн өөрийнхөө газар дээр байшин бариулах байсан бол хэрхэн хамтран ажиллах талаар нарийн тохиролцох байсан. Гэтэл ийм тохиролцоо байхгүй, бичгийн баримтууд байхгүй байгаа зэрэг нь харилцаа үүсээгүй, зээлийн харилцаа үүсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймээс, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч С- ХХК-ийн гаргасан хариуцагч Г.Я-, Ж.Г- нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч С- ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелын 7 дугаар гудамж, 1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204106195 тоот дугаартай 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хамтран нэхэмжлэгч Ж.Х- нь хариуцагч Г.Я-, Ж.Г- нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн 47-р гудамж, 26 тоот хаягт байрлах Эрхэс-Од хүнсний дэлгүүрийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл гаргуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь, нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Г.Я-, Ж.Г- нарт холбогдуулан гаргасан согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 179,354 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас 249,554 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх хуулийг илтэд гуйвуулан тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэт нэг талыг барьж буруу үнэлсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Маргаж буй үл хөдлөх херөнгийг Ж.Х- нь иргэн хүнийхээ хувьд өөрийн хөрөнгөөр барьсан гэж тайлбарладаг. Харин С- ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч Эрхэс-Од хүнсний дэлгүүрийг хариуцагч Г.Я-, Ж.Г- нар ашиглалтанд орсон цагаас нь одоог хүртэл ажиллуулж байгаа. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа С- ХХК болон иргэн Ж.Х- гэж гаргаж байсан бөгөед хэрэг хянан шийдвзрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Х- нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барих эх үүсвзр болон үл хөдлөх хөрөнгө баригдсан газартай С- ХХК нь ямар ч хамааралгүй.

4.2.Хариуцагч нарын зүгээс Ж.Х-аас мөнгө зээлж, тухайн мөнгөөр уг хөдлөх хөрөнгийг барьсан гэдэгтэй маргадаггүй, харин уг зээлсэн мөнгөө буцаагаад төлсөн гэж маргадаг. Хариуцагч нарын зүгээс өмнө нь зээлсэн байсан мөнгө болон дэлгүүр барихад ззэлсэн мөнгийг нийлүүлээд 36,450,000 төгрөгийг төлсөн болох нь Ж.Х-ын Хаан банкны дансны хуулга болон Г.Я-гийн Капитрон банкны дансны хуулгаар нотлогддог. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан дээр уг менгийг авсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүх Ж.Г-, Г.Я- нарын буцаан төлсөн мөнгөн дээр шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй.

4.3.Талуудын маргаж буй үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монелын 7 дугаар гудамж, 1 тоот хаягт байрлах газарт хариуцагч Жамсранпүрэвийн Гомбо хашаалсан цагаасаа хойш амьдарч байсан бөгөөд 2018 оны 04 дүнгээр сарын 09-ний өдөр буюу дэлгүүр барьж эхлэхээс өмнө Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар өргөдлөө өгсөн болох нь Баянзүрх дүүргийн газрын албанаас ирүүлсэн баримтаар нотлогддог. Анхан шаткы шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 41-1 болон 47-28 тоот газрын дунд баригдсан гэж байгаа боловч бодит байдал дээр 80 хувь нь 47-1 тоот дээр, 20 хувь нь 47-28 тоот хаяг дээр байрлаж байгаа юм. Уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Я-, Ж.Г- нарын нэр дээр зохих журмын дагуу олгосон байдаг. Анхан шатны шүүх мөн 26 тоот газрын өмчлөгч нь Хишигжаргал байна гэж дүгнэсэн. Гэтэл уг 47-26 тоот нь маргаж буй үл хөдлөх хөрөнгөтэй ямар ч хамааралгүй газар бөгөөд даруй 2 айлын газрын цаана байгаа газар юм. Түүнчлэн Ж.Х- нь уг газар 8 айлын газар анх өөрийн хөрөнгөөр анх авсан гэж байгаа боловч энэ нь баримтаар нотлогддоггүй бөгөд гэрч нарын мэдүүлгээр ах, дүү нар аавтайгаа нийлэн анх энэ газрыг хашаалж аван амьдарч байгаа талаар тодорхой мэдүүлдэг. Үүнээс гадна уг үл хөдлөх хөрөнгийг ашиглалтанд орсон цагаас эхлэн өнөөдрийг хүртэл Ж.Г-, Г.Я- нар дэлгүүрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Дэлгүүрийн орлого болон гүйлгээ, бараа авч байгаа байгууллага, үйлчлүүлж байгаа иргэдийн орлого зэрэг нь Г.Я-гийн нэр дэзрх Капитрон банкны дансаар хийгдэж байсан болох нь тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх Ж.Гомбын газар дээр, өөрийн гараар барьж, хариуцагч нар ашиглалтанд орсон цагаас хойш тасралтгүй бие даан хүнсний дэлгүүр ажиллуулж байсан, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ Ж.Г-, Г.Я- нарын нэр дээр олгогдсон, газар эзэмших эрхийн гэрчилгээ Гомбын нэр дээр олгогдсон, Ж.Х-аас орж ирсэн мөнгөөр дэлгүүр барьсан гэж байгаа боловч Ж.Х- нь буцаан шилжүүлэн авсан үйл баримт байсаар байтал үүн дээр ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Ж.Г-, Г.Я- нарын уг хөдөлмөр, дэлгүүрт оруулсан хөрөнгө зэргийг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж гомдолдоо бичсэн боловч шүүх үндэслэх хэсэгтээ ямар хуулийг буруу хэрэглэсэн, ямар нотлох баримтыг буруу үнэлсэн талаар няцааж, түүнийг үгүйсгэсэн баримтыг дурдаагүй. С- ХХК нь нэг гишүүнтэй, нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд худалдаа, үйлчилгээний зориулалтаар үүсгэн байгуулагдсан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захирал нь өөрийн хөрөнгөөр барьсан. Шүүх дансаар шилжүүлсэн мөнгөнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Хариуцагч нар хууль бусаар ажиллуулж, ашиг, орлого олсон. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан учраас шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С- ХХК, түүний захирал Ж.Х- нар нь хариуцагч Г.Я-, Ж.Г- нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн 47 дугаар гудамж, 26 тоот хаягт байршилтай, 45 м.кв талбайтай, найман нэрийн хүнсний дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Х- нь иргэний хувиар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. /2хх-ийн 70, 73-р тал/

 

Нэхэмжлэгч С- ХХК нь дээрх хүнсний дэлгүүрийг өөрийн 100 хувийн хөрөнгөөр барьсан гэх үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай шаардлага гаргасан байх бөгөөд хэрэгт Ж.Х-, хариуцагч Г.Я- нарын хамтран эзэмшдэг Хаан банк-ны 5077312380 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан, талуудын хэн аль нь тус дансан дахь мөнгөөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьсан гэж тайлбарлажээ. /хх-ийн 88-96-р тал/

Хэдийгээр нэхэмжлэгч С- ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал нь Ж.Х- байх боловч Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд нь өөрийн үйлдлээр эрх олж авч, үүрэг хүлээдэг тусдаа эрх зүйн этгээд юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч С- ХХК-ийг ямар үндэслэлээр хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

Өөрөөр хэлбэл, хүнсний дэлгүүрийг барьсан хөрөнгийн эх үүсвэрийг талууд тодорхой заасан, харин тус данс дахь мөнгө 100 хувь Ж.Х-ын өмч байсан эсэх, эсхүл хариуцагч нар зээлийн гэрээний дагуу Ж.Х-аас мөнгө зээлж тус дэлгүүрийг барьсан эсэх асуудал маргаантай байна. Энэ тохиолдолд С- ХХК ямар үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг тодруулах шаардлагатай.

 

Түүнчлэн, талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хэний өмчлөл, эзэмшлийн газар дээр барьсан талаар маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч талын хүсэлтээр маргаан бүхий газруудад үзлэг хийх ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 63, 71-73, 106-107, 210-211, 244-247, 2хх-ийн 41-43-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үзлэг хийх ажиллагааг явуулахдаа шүүх хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хоёроос доошгүй хүн оролцуулахаар тогтоосон. Уг ажиллагаанд оролцож байгаа хөндлөнгийн гэрч нь түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэг хүлээж, тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй. Түүнчлэн тухайн гэрч нь үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээхээр зохицуулагдсан байдаг.

 

Гэтэл шүүх хөндлөнгийн гэрч нарт энэхүү үүрэг болон эрхийн талаар танилцуулан, тайлбарласан, хариуцлага хүлээх талаар хууль сануулах ажиллагааг хийсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл тус бүрт хөндлөнгийн гэрч нар оролцсон талаар тусгагдсан байх боловч тэдгээрийн эрх зүйн бүрэн чадамжтай болох нь нотлогдох иргэний үнэмлэх эсхүл биеийн байцаалт бүхий албан ёсны бичиг баримт хэрэгт бүрэн авагдаагүй байна. /2-р хх-ийн 41-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/03279 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас төлсөн 250,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ