Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/03279

 

 

 

 

 

 

 

 

 

            2021        10          20

                                 101/ШШ2021/03279

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн,

 

Хариуцагч: Г.Я,

 

Хариуцагч: Ж.Г нарт холбогдох,

 

*******,*******,*******ын 47 дугаар гудамж, хаягт байрлах 45 м.кв талбайтай “Э” хүнсний дэлгүүрийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х, өмгөөлөгч Б.Э, хариуцагч Г.Я Ж.Г, өмгөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч “С” ХХК нь хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ж.Хын өмчлөлийн *******,******* 47 гудамж, хаягт байрлах 9x5 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахаар “Э” нэртэй хүнсний дэлгүүрийг барьсан.

 

Улмаар 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор тусгай зөвшөөрөл хөөцөлдсөний дагуу “С” ХХК-ийн “Э” хүнсний дэлгүүрт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 03/1115 тоот спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/546 дугаар захирамжаар ******* тоот тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.

 

Энэхүү тусгай зөвшөөрлүүдийг хөөцөлдөх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тус компанийн захирал Ж.Х нь хариуцагч Г.Яд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зөвшөөрөл авах асуудлаар бүхий л харилцаанд төлөөлөх, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах, посс машин авах асуудлаар *******тай гэрээ байгуулах, бараа материал авахад харилцагчидтай гэрээ байгуулж, тооцоо хийх эрх олгож, мөн өөрийнхөө хариуцагчтай хамтран эзэмшдэг “Х *******” ХХК-ийн тоот дансны картыг үлдээсэн юм.

 

Учир нь, Ж.Х нь Япон улс руу ажлын шугамаар явах болсон ба  итгэмжлэлийг 8 сарын хугацаатай өгсөн байсан. Гэтэл нэхэмжлэгч “С” XXK болон Ж.Х нараас хариуцагч Г.Яд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл огт олгоогүй атал тэрээр нөхөр Ж.Г-ын хамт Ж.Хыг Япон улсад байх хугацаанд дур зоргоороо аашилж буюу нэхэмжлэгч компанийн зөвшөөрөлгүйгээр тус компанийн нэр, тусгай зөвшөөрөл, үл хөдлөх хөрөнгө зэргийг ашиглан дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

 

Мөн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хариуцагч Г.Я нь компанид хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгчийг авна гэж шаардахад нь өгөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Ж.Х нь Япон Улсаас 2019 оны 05 дугаар сард ирсэн ба үүнээс хойш хариуцагч Г.Ягаас дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг бусад бичиг баримт болон дэлгүүрийн барилгыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл шаардлагыг биелүүлэхгүй компанид хохирол учруулж байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.Х нь 2018 оны 08 дугаар сараас эхлэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өөрийнхөө дансан дахь мөнгө болон хүмүүсээс орж ирсэн авлагын мөнгө, түүнчлэн Төв аймагт байсан хонь, ямаа, үхэр зэрэг өөрийн малаа нядлан зарж борлуулаад *******,*******ийн 47 дугаар гудамжинд байрлалтай “Э” хүнсний дэлгүүрийн 45 м.кв талбай бүхий барилгыг дэлгүүрийн зориулалтаар барьсан. Өөрөөр хэлбэл, зарж борлуулсан дээрх хонь, ямаа, үхрийг Ж.Хын төрсөн эгч Ж.Х маллаж байсныг 2018 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нядлан борлуулж, олсон орлогыг дэлгүүр барихад хөрөнгө оруулалт хийсэн болно.

 

Түүнчлэн Ж.Х нь Япон улсаас дансаар мөнгө шилжүүлэхэд шимтгэл өндөртэй байсан тул хүнээр дамжуулан хариуцагч Г.Яд дэлгүүрийг барихаас өмнө нь мөнгө явуулдаг байсан, дэлгүүрийг барьсны дараагаар тохижуулах, бараа авах зорилгоор мөн мөнгө явуулж байсан юм. Ийм байдлаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х нь өөрийнхөө барьсан дэлгүүрийг тохижуулах, тусгай зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийг бүрдүүлэх гэх зэрэгт өөрөөсөө хөрөнгө оруулалтыг 100 хувь гаргасан. Тухайн үед хариуцагч нар дэлгүүр босгох болон аж ахуй эрхлэх боломж бололцоо байхгүй, хоёулаа ажил эрхэлдэггүй байсныг манай ах, дүү нар гэрчилсэн.

 

Ингээд Ж.Хыг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Япон улсаас ирэхэд “Э” дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцагч Г.Я, Ж.Г нар эхлүүлчихсэн байсан, энэ талаар хариуцагч Г.Яд “Э” дэлгүүр болон баримт бичгээ авъя гэхэд “...Бид авмаар байна, сэтгэл гаргаад ах, дүү нартаа туслаад өгчихөж болдоггүй юмуу...” гэсэн зүйл хэлсэн. Тэр үеэс эхлэн дэлгүүрийн өмчлөгчийн талаар маргаан гарсан.

 

 

Хариуцагч нар дэлгүүрийн барилгыг сайн дураараа чөлөөлж өгөхгүй, баримт бичиг буюу тусгай зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын газрын хүмүүс цагдаа нартай хамт ирээд аваад явчихсан гээд өгөөгүй, нэхэмжлэгчийг дэлгүүрийг өөрийнхөө эзэмшилд авахаар удаа дараа очсон боловч хариуцагч нар Ж.Хыг элдвээр доромжилж, битгий үзэгдээд бай, дахиж битгий ирээрэй, ална шүү гээд ёс бус үгээр дайрч доромжилсон байсан.

 

Ийнхүү хариуцагч Г.Я, Ж.Г нар сайн дураараа дэлгүүрийг өгөхгүй байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “хариуцагч Г.Ягийн хууль бус эзэмшлээс *******,*******ийн тоот хаягт байрлалтай “Э” дэлгүүрийн барилгыг албадан чөлөөлүүлэх, холбогдох тусгай зөвшөөрөл болон дэлгүүрийн холбогдолтой баримт бичгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар өөрсдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээг авсан байсан. Гэвч хариуцагч нар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 03/1115 тоот спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/546 дугаар захирамжийг үндэслэн ******* тоот тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус буцаан өгсөн боловч дэлгүүрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан хэвээр байна.

 

Ж.Хыг Япон улс руу явсны дараа хариуцагч Г.Я залгаж “........байшингийн дээврээс ус алдаж байна, үүнийг янзлах хэрэгтэй байна, бас зөвшөөрөл авахад мөнгө хэрэгтэй болсон...” гээд 10,000,000.00 төгрөгийг авсан. Гэтэл 71,000.00 төгрөгөөр усны хаялга хийж, 300,000.00 төгрөгөөр тусгай зөвшөөрөл авсан байсан ба үлдсэн мөнгийг 8888 гэх утга бичиж өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан байсан. Энэ талаар хариуцагч Г.Я нь Ж.Хд огт хэлээгүй, өөрөөр хэлбэл тэрээр уг мөнгөөр дэлгүүрийн бараа авсан байсан. Мөн “Хаан *******” ХХК-иас хадгаламжийн урамшуулал гэж 98,617.00 төгрөг орж ирснийг авсан байсан. Хариуцагч нар энэ бүх мөнгөөр дэлгүүртээ бараа авч хууль бусаар ажиллуулж эхэлсэн.

 

Талуудын хооронд маргаан үүссэний дараа 2019 оны 07 дугаар сараас эхлээд сар бүр 350,000.00 төгрөгийг хариуцагч Г.Я, Ж.Г гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Үүнийг хариуцагч Ж.Гос ямар учиртай мөнгө вэ гэж асуухаар “...өрөө өгч байна...” гэж хариулсан. Өмнө нь хариуцагч Ж.Г, Г.Я нар Ж.Хд өртэй байсан. Тодорхой хэлбэл, приус 20 маркийн автомашин, ломбардад байсан эд зүйлсийн төлбөр, приус 30 маркийн автомашиныг тус тус авч өгсөн бөгөөд сар бүр өгсөн мөнгийг бодвол нийт 39 гаруй сая төгрөг болсон байснаас 21,000,00.00 төгрөгийг дэлгүүрийн мөнгө, үлдсэн нь өмнөх өр гэж тайлбарладаг. Гэвч уг 39,000,000.00 төгрөгийг ямар утга агуулгатай, ямар хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Хариуцагч нар дэлгүүрт оруулсан мөнгөө нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Хаас зээлсэн гэж тайлбарладаг боловч чухам хэзээ, хэдэн төгрөгийг хаана, хэнээс зээлсэн нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч  Ж.Хын хувьд өмнөх өрөө төлж байна гэж бодсон ба хариуцагч нар түүнийг Япон улс руу явсныг далимдуулан дэлгүүрийг хууль бусаар ашиглаж, өнөөдрийг хүртэл ашиг олсон. Нэхэмжлэгч “С” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй ба “Э” хүнсний дэлгүүр бол компанийн өмч юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар уг компанийг хүнсний дэлгүүр, аж ахуй, сан техникийн эд зүйлс зарах үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан гэжээ. Маргаж буй дэлгүүрийг Ж.Хын оруулсан хөрөнгөөр барьсан бөгөөд нийт 18,320,900.00 төгрөгийн зардал гаргасан.

 

Гэтэл хариуцагч Г.Я нь өөрт олгосон итгэмжлэлийг далимдуулан бусдын хөрөнгийг хууль бусаар ажиллуулж, ашиг орлого олсон. Хариуцагч нар 39,000,000.00 төгрөгийн орлого хийсэн гэж тайлбарладаг бөгөөд үүгээрээ дэлгүүрийг худалдаж авсан юм шиг, эсхүл ашиг орлогоо өгөөд байгаа юм уу гэдэг нь тодорхой биш байдаг. Учир нь, хариуцагч нар ямар ч орлого байхгүй, ломбардад эд зүйлсээ тавьсан мөн приус 20, приус 30 маркийн автомашин худалдан авах гэх зэрэгт 18,500,000.00 төгрөгийг Ж.Хаас зээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ мөнгийг буцаан төлөөгүй байж над руу шилжүүлсэн мөнгийг дэлгүүрийг барихтай холбоотой надаас зээлсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Иймд, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хөрөнгөөр “Э” 8 нэрийн дэлгүүрийг барьсан учир нэхэмжлэгчийг уг дэлгүүрийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү. Хариуцагч нараас нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээг согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хамт авсан тул энэхүү шаардлагаасаа татгалзаж байна. Харин тамхи худалдах тусгай зөвшөөрлийг дэлгүүрийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараагаар өгнө гэсэн хариу өгсөн” гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Э” хүнсний дэлгүүр нь *******,*******,******* 47 гудамж,  тоот хаягт байршилтай, тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хариуцагч Ж.Гын эзэмшилийн газар болон *******,*******,******* 47 гудамж, тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн  дугаартай хариуцагч Г.Я, Ж.Г нарын өмчлөлийн барилгад үйл ажиллагаа явуулдаг.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан *******,*******, монелийн тоот хаягт байрлах газарт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй, хоосон хашаа байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хоосон хашаанд ямар барилга бариад түүнийгээ чөлөөлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч Г.Я нь өөрийн хууль ёсны өмчлөлийн барилгад “Э” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг явуулдаг юм. Иймээс өөрийн үйл ажиллагаа явуулаагүй, хоосон хашаанд байрлах байхгүй барилгыг чөлөөлж өгөх боломжгүй.

 

Маргаан бүхий газар дээр гэрчилгээ гаргаагүй ч гэсэн засмал зам тавигдсан байсан учир Ж.Х, Ж.Г, Г.Я нар ярилцаад, улмаар хариуцагч нар дэлгүүр барих хэрэгтэй байна, мөнгө зээлээчээ гэж хэлээд харилцан тохирсон тул Ж.Х нь мөнгө зээлдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн малаа зарсан гэх боловч тухайн үед малыг нь маллах хүнгүй болсон учир нядалж, мах болгон зарсан, зарахад нь бид хоёр тус болж Сандэй плазад нийлүүлсэн. Бодит байдал дээр мал дунд нь манай нэг үнээ байсан ба тэр махны үнийг тооцоогүй байна.

 

Ж.Хаас бид мөнгө зээлнэ гэж ярьсан болохоос биш өөр зүйл болоогүй. Нядалсан гэх малын махны мөнгө үнэндээ 5,000,000.00 төгрөг ч хүрээгүй. Би, хамтран эзэмшдэг данснаас авсан мөнгөө тайлбартай нь бичээд Ж.Х руу явуулж байсан. Бид хоёр зарлагаа хүснэгтээр өгсөн байхад түүнийг өөрийн мэт тайлбарлаж байна. Данснаасаа 8888 гэсэн утгаар мөнгө авсан. Яагаад гэвэл Ж.Х нь өөрөө зөвшөөрч Г.Я намайг хамтран эзэмшигчээ болгосон ч данснаас авсан мөнгөө буцаагаад түүнд сард 350,000.00 төгрөгөөр шилжүүлэн төлж дуусгасан.

 

Бид хоёр өрөө өгч байсан учир “өрөө өгч байна” гэж хариулсан, зээл авсан нь үнэн, зээлдүүлсэн ч үнэн. Байшинд бол хариуцагч нар 21,131,500 төгрөгийн зардал гаргаж, буцаагаад 36,450,000.00 төгрөгийг өгсөн. *******,*******,******* тоот хаягт тухайн үед газрын гэрчилгээ гараагүй байсан. Зөрчилтэй байсанд болоод гэрчилгээ гаргаагүй юм биш, харин захирагчийн алба нь өөрөө ажиллах боломжгүй байсан. Ж.Х нь *******,*******,******* тоот газрыг н.Ганзоригоос бэлэглэлийн гэрээгээр авсан ба тоот газар дээр компанийн нэрээр ашиглачих гэж өөрөө хэлсэн.

 

Манай газар дээр дэлгүүр байгаа учир буулгах боломжтой боловч шүүхэд өгсөн болохоор яахаа ч мэдэхгүй байсан. Тус дэлгүүр бол хотын захад байдаг дэлгүүр, ойрхон хэд хэдэн дэлгүүртэй. Мөн хариуцагч Ж.Г газар дээрээ байшин бариад дэлгүүр ажиллуулаарай гэж зөвшөөрөл өгөөгүй, бид мөнгө зээлж дэлгүүр барьсан, тэр мөнгийг буцаагаад өгсөн.

 

*******,*******,******* тоотод хариуцагч Ж.Г амьдарч байсан нь холбогдох нотлох баримтаар нотлогдох болно. Дэлгүүрийн асуудал яригдаж эхлэхээс өмнө газрын гэрчилгээ гаргуулахаар хариуцагч нь газар эзэмших хүсэлтээ өгсөн байсан. Гэтэл нийтэд илэрхий байдлаар 2018 оноос 2020 он хүртэл ******* Засаг даргагүй байсан учир үл хөдлөх хөрөнгө болоод газрын гэрчилгээ гараагүй.

 

Ж.Х нь дэлгүүрийг “С” ХХК-ийн өмч болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл *******,*******,******* тоотод Ж.Х амьдарч байгаагүй, уг “С” ХХК ч үйл ажиллагаа явуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл, газартай холбоо хамаарал байхгүй байна. Холбоо хамаарал байхгүй байх тул яагаад газар дээр байшин барих болсон бэ, хариуцагч нартай хамтран ажиллах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, эсвэл бусдын өмчлөлийн газрыг хязгаартай эзэмших ашиглах гэрээ хийсэн үү гэхээр байхгүй гэдэг, нөгөө талаар эдгээр гэрээг бичгээр байхыг шаардаг.

 

Өөрийн газар дээр бусад хэн нэгэн этгээдийг ямар нэгэн ашиггүйгээр барилга байшин бариулна гэж байхгүй. Мөнгийг хувиасаа эсвэл компаниас зээлүүлсэн мэт яриад байдаг. Хэрэгт авагдсан баримтыг үзвэл хувийн данснаас гарсан харагдаж байна. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч Г.Яд олгосон итгэмжлэл нь бичиг баримт хөөцөлдөхөд зориулсан боловч хариуцагч нь гарын үсэг зураагүй байсан. Итгэмжлэл бол нэг төрлийн хэлцэл, хэлцэл дээр бүх талууд гарын үсэг зурах ёстой. 

 

Нэхэмжлэч нь маргаан бүхий дэлгүүр ашиглалтад орох үед маргаан үүсгээгүй байж 2020 оноос эхлээд маргаан үүсгэсэн гэдгийг дурдаж байна. Газартай холбоотойгоор ямар нэгэн маргаан байхгүй гэдгийг шүүх хуралдаанд яригдаж байсан. Ж.Хын мөнгийг буцаан өгсөн гэдэг нь дансны хуулгаар харагдах болно. Нэхэмжлэгчийн дансанд орсон 39 гаруй сая төгрөг дээр маргадаггүй ба авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Үүнээс харахад талуудын хооронд зээлийн харилцаа явагдаж байсан байна. Дэлгүүр дамнан баригдсан ч гэсэн тоот нь талуудын хэн алинд нь хамааралгүй.

 

Хэрвээ нэхэмжлэгч хөрөнгө оруулсан бол ямар нэгэн байдлаар гэрээ, хэлцэл байгуулах ёстой байсан. Хариуцагч Ж.Г, Г.Я нар ч гэсэн өөрийнхөө газар дээр байшин бариулах байсан бол хэрхэн хамтран ажиллах талаар нарийн тохиролцох байсан. Гэтэл ийм тохиролцоо байхгүй, бичгийн баримтууд байхгүй байгаа зэрэг нь харилцаа үүсээгүй, зээлийн харилцаа үүсэн гэдэг нь тодорхой харагдаж байна.

 

Иймээс, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад          

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч Г.Я, Ж.Г нарт холбогдуулан *******,*******,*******ын 47 дугаар гудамж, тоот хаягт байрлах “Э” хүнсний дэлгүүрийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүлээн авсан тул нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзаж, харин хүнсний дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэнийг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар эрхээ хүлээн зөвшөөрүүлэхийг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Ж.Х нь *******,*******,*******ын 47 дугаар гудамж, тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөхөөр 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байна /1-р х.х-ийн 6 хуудас/.

 

Харин хариуцагч Г.Я, Ж.Г нар *******,*******,*******ын 47 дугаар гудамж, тоот хаягт байрлах 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр, мөн хариуцагч Ж.Г нь дээр дурдсан хаягт байрлах 699 м.кв талбайтай газрын эзэмшигчээр 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус бүртгэгджээ /1-р х.х-ийн 23-25 хуудас/.

 

Тодруулбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-т “иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х нь 700 м.кв талбайтай газрын өмчлөгч болсон байна.

 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар хариуцагч Ж.Г нь 699 м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтийг үндэслэн хийсэн үзлэгээр талуудын маргаж буй 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч эзэмшлийн *******,*******,*******ын 47 дугаар гудамж, тоот хаягт байрлах 699 м.кв талбайтай газар болон эзэмшигчийн талаар маргаантай байгаа гэх тоот хаягт байрлах газрын дунд хэсэгт барьсан байна /1-р х.х-ийн 106-119, 2-р х.х-ийн 41-49, 86, 87 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С” ХХК нь тус 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг *******,*******,*******ын 47 дугаар гудамж, тоот хаягт баригдсан гэсэн боловч уг хаягт баригдаагүй, харин хариуцагч эзэмшлийн *******,*******,*******ын 47 дугаар гудамж, тоот хаягт байрлах 699 м.кв талбайтай газар болон тоот хаягт байрлах газрын дунд хэсэгт барьсан байна

 

  1. Гэтэл нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Г.Я, Ж.Г нарын өмчлөлд 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр бүртгэгдсэн энэхүү 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн талаар маргаж байна. Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэлд тухайн үл хөдлөх хөрөнгийн хаягийг 26 тоот гэж бичсэн байх боловч бодит байдал дээр тоот болон тоот хаягт байрлах газрын дунд баригдсан дэлгүүрийн хууль ёсны өмчлөгч нь хэн болохыг тогтоох шаардлага үүссэн.

 

Зүй нь, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч Г.Я, Ж.Г нарыг тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэж болох зохицуулалттай.

 

Гэвч дээрх хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч Г.Я, Ж.Г нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн үндэслэл болсон өмчлөх эрхийн талаар маргаж болно.

 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.............” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд нь гэрээ, мөн хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж, эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрх үүснэ.  

 

            Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Энэ хуулийн 85.2-т заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна” гэж заажээ.

 

            Тайлбарлавал, энэ хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж зааснаар зохигчдын маргаж буй 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь *******,*******,*******ын 47 дугаар гудамж, тоот болон тоот хаягт байрлах газруудаас салган авах боломжгүй бүрдэл хэсэг нь болсон тул эдгээр газрын өмчлөгч нарын өмч болох юм.

 

            Үүнийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална” гээд 4.1.7-т “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж журамлажээ. Гэвч шүүх дараах үндэслэлээр уг 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ж.Гын эзэмшиж байгаа газрын бүрдэл хэсэг болсон буюу хариуцагч нарын өмч хөрөнгө гэж үзэхгүй гэж дүгнэв. Учир нь,

 

  • Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэг нь эдийн болон эдийн бус баялгийн талаарх зохицуулалтын хэсэгт тусгагдсан буюу иргэний эрх зүйн харилцааны объектын төрөл, хэлбэр, физик шинж чанарын талаар ийнхүү тодорхойлж, улмаар иргэний эрх зүйн субъектууд чухам ямар эд юмсыг өмчилж, эзэмшиж болохыг заасан бөгөөд газар дээр баригдсан байшин, барилгыг газраас салгаж болохгүй бүрдэл хэсэгт тооцсон байна.

 

Энэ утгаар тус хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж зааснаас үзэхэд газрын бүрдэл хэсэг болсон байшин, барилгыг өмчлөхөд хуульд хэрхэн зохицуулсаныг харгалзах шаардлагатай юм.

 

Иймээс Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг нь өмчлөх эрх үүсэх, дуусгавар болохтой холбоотой хэсэгт зохицуулагдсан бөгөөд газрын бүрдэл хэсэг болох байшингийн өмчлөгч нь болоход урьдчилсан нөхцөл нь тухайн этгээдийг газрын өмчлөгч байхыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл, энэ талаар тус хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д ............................ газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна” гэж тодотгосон байна.

    

            Өмчлөх эрх нь туйлын эрх болохын хувьд газар өмчлөгч нь бусдын хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр хугацаагүй буюу тогтвортойгоор чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бол газар эзэмшигч нь төрийн өмчийн газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд л өөрийн мэдэлд тодорхой хугацаатай байлгах зэрэг ийм ялгаатай байдаг учраас тухайн газар дээр баригдсан байшин, барилгыг газраас салгаж болохгүй бүрдэл хэсэг болохын хувьд газар өмчлөгчийн өмч хөрөнгөд тооцдог ажээ.

 

            Тийм ч учраас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу гагцхүү газрын өмчлөгч этгээд нь бүрдэл хэсгийн өмчлөгч байхаар зохицуулсан байна. Гэтэл хариуцагч Г.Я, Ж.Г нар зохигчдын маргаж буй 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болох дэлгүүр баригдсан газрын өмчлөгч нар биш байх тул тэдгээрийг хуульд заасан уг үндэслэлээр дэлгүүрийн өмчлөгч гэж үзэх боломжгүй байна.

 

  1. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно” гэж заасан. Тодруулбал, *******,*******,*******ын 47 дугаар гудамж, тоот хаягт байрлах 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг газраас салгасан тохиолдолд зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу газартай салшгүй холбоотой бүрдэл хэсэг мөн боловч хуульд тухайлан заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болж болох юм.

 

Иймд, бүрдэл хэсэг болсон объектыг газрын өмчлөгчийн өмч гэж шууд тооцохоос өмнө Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “............................хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол...........................” гэж заасныг харгалзах ёстой ба хэрэв тийнхүү хууль болон гэрээнд өөрөөр заасан байх тохиолдолд газрын өмчлөгчийн өмч гэж үзэхгүй, бие даасан объектын хувьд өөр этгээдийн өмч байж болно.

 

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Иргэн Газрын тухай хуулийн 52.7-д заасны дагуу эзэмшиж байгаа газар дээрээ өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан барилга байгууламж, өвөлжөө, хаваржааны хашааг өмчлөх эрх, түүнтэй холбоотой энэ хуулийн 3.2.1-3.2.4-т заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болно” гэж зааснаар *******, Монелын 47 дугаар гудамж, тоот хаягт байрлах 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг бие даасан объект хэмээн үзэж хариуцагч Г.Я, Ж.Г нарын өмчлөлд бүртгэсэн байна.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгч “С” ХХК-ийг тус 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байна гэж дүгнэв. Үүнд:   

 

  • Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид тус үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд барьсан үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж.Г нь тухайн үл хөдлөх хөрөнгө баригдсан 699 м.кв талбайтай газрын эзэмшигчээр 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр бүртгэгдсэн, мөн хариуцагч Г.Я, Ж.Г нар маргаж байгаа 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр бүртгэгдсэн боловч тэдгээрийг газар болон үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэгдэхээс өмнө уг 45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө баригдсан байна.

 

  • Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь тус 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нийт 18,320,900.00 төгрөгөөр барьсан гэсэн бол хариуцагч нар 21,131,500.00 төгрөгөөр барьж гүйцэтгэсэн, үүнээс 10,000,000.00 төгрөгийг иргэн аас, үлдэх 11,131,500.00 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Хаас тус тус зээлж, хожим зээлийг буцаан төлж барагдуулсан тул өөрсдийгөө дэлгүүрийн хууль ёсны өмчлөгчид гэж мэтгэлцэж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Ж.Х нь “Х *******” ХХК-нд тоот дансыг эзэмшдэг бөгөөд тэрээр 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хамтран эзэмшигчээр хариуцагч Г.Яг бүртгүүлээд тус данснаас дэлгүүрийг барихтай холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлж байсан талаар зохигчид маргаагүй /2-р х.х-ийн 172, 180 хуудас/.

 

Гэтэл хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэдийгээр Ж.Х, Г.Я нар тоот дансыг бүртгэлийн хувьд хамтран эзэмшдэг байсан боловч бодит байдал дээр данс дахь мөнгөн хөрөнгийн орлого нь гагцхүү хамтран эзэмшигч Ж.Хынх байсан, тухайн дансанд орсон орлогыг дэлгүүр барихад зарцуулсан байх тул хариуцагч Г.Я, Ж.Г нарын  хамтын хөрөнгөөр дэлгүүрийг барьсан гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар дансны хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн гэх боловч жинхэнэ эзэмшигч нь Ж.Х байсан гэж тайлбарлаж байх тул зохигчдыг хамтран эзэмшдэг данс дахь мөнгөн орлогоороо уг дэлгүүрийг барьсан буюу Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна” гэж зааснаар талуудын хөдлөх хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч болсон гэж дүгнэх нь учиртай дутагдалтай байна.

 

Үүнээс дүгнэвэл Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж зааснаар зохигч нарыг дэлгүүрийг хамтран өмчлөхөөх хэлэлцэн тохиролцож, хамтран эзэмшдэг данснаас хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх үндэслэл алга байна.

 

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээр дурдсан хамтран эзэмшдэг гэх  тоот данснаас Ж.Хтай харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Г.Я, Ж.Г нар 11,131,500.00 төгрөгийг зээлж, тухайн үл хөдлөх хөрөнгийг барьсан гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн данснаас түүний зөвшөөрлөөр дэлгүүр барихтай холбоотой зардлыг зээл хэлбэрээр тухай бүр авч, дараа нь түүнд эгүүлэн төлөх ёстой байсан приус 20 маркийн автомашин авахад зээлсэн 5,200,000.00 төгрөг, приус 30 маркийн автомашин авахад 6,500,000.00 төгрөг, мөн цайны газрын төлбөр 2,700,000.00 төгрөг, гоожин авахад зээлсэн 778,000.00 төгрөг, нийт 18,678,500.00 төгрөгийн өрийг т төлөх 10,000,000.00 төгрөгийн хамт нийт 39,810,000.00 төгрөгийг буцаан төлсөн гэсэн.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Гэтэл зохигчдын хооронд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1-д тус тус зааснаар дэлгүүрийг барихаас эхлээд 11,131,500.00 төгрөгийг зээлэхээр тохиролцсон гэрээний харилцаа байсан эсэх үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж зааснаар гэрээ, хэлэлцээрийн харилцаа үүсэхэд юуны өмнө талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн байхыг шаарддаг бөгөөд үүнийг 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаас авч үзвэл хэрэгт зохигчид зээлийн гэрээний харилцааг үүсгэсэн эсэхтэй холбоотой нотлох баримт алга байна.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г.Я, Ж.Г нар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Хын данс руу 350,000.00 төгрөгийг дэлгүүрийг барьж дуусгасан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тогтмол шилжүүлж, нийт 39,810,000.00 төгрөгийг буцаан төлсөн гэсэн боловч шилжүүлгийн утга нь ойлгомжгүй, иргэн аас авсан 10,000,000.00 төгрөг болон урьд өмнө нь үүссэн хоорондын төлбөр тооцооны хүрээнд төлвөл зохих 18,678,500.00 төгрөгийг буцаан төлсөн байх бөгөөд үлдэх 11,131,500.00 төгрөгийг зээл байсан гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй боловч өмнө нь зохих ёсоор хүсэл зоригоо илэрхийлээгүй буюу үүсээгүй байсан харилцааг хожим нь 350,000.00 төгрөгийг тогтмол шилжүүлсэн үйлдлийг зээлийн төлбөрийг буцаан төлсөн байна гэж дүгнэхэд анхнаасаа зээлийн харилцаа байсан гэдгийг тодорхой хэмжээнд нотолсон байх ёстой.  

 

  • Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дэлгүүрийг 21,131,500.00 төгрөгөөр барьж гүйцэтгэсэн, үүнээс 10,000,000.00 төгрөгийг иргэн н.У-аас, үлдэх 11,131,500.00 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Хаас тус тус зээлсэн гэсэн. Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нар дэлгүүрийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтанд оруулсны дараа дэлгүүрийн үйл ажиллагаанд буюу бусдад худалдан борлуулах бараа бүтээгдэхүүн авах зорилгоор аас 10,000,000.00 төгрөгийг зээлсэн байна /1-р х.х-ийн 232, 2-р х.х-ийн 89-100, 118 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 18,320,900.00 төгрөгөөр барьсан дэлгүүрт хариуцагч нар бусад этгээдээс 10,000,000.00 төгрөгийг зээлж, хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үйл баримт эргэлзээтэй байх тул Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу талуудын хөдлөх хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө бий болсныг хамтран өмчилсөн байна гэж тооцох учиргүй.

 

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Ж.Б, У.Б, Ж.Х, М.Б, Ж.Ү нарыг гэрчээр оролцуулан мэдүүлэг авсан. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ............................. зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан.

 

Ингээд гэрч Ж.Х “......Ж.Х нь  дэлгүүрийг өөртөө зориулж 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд барьсан, ийнхүү барихдаа өөрийнхөө өмчлөлийн малыг нядалж, зарсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн, Г.Я, Ж.Г нарыг мал нядлаагүй.......” гэж, гэрч М.Б “......Э дэлгүүрийн талаар мэдэхгүй, Ж.Хынх гэж 234 тоо толгой мал хариулахаар авсан, үүнээс 2018 оны 08 дугаар сард 20 хонь, 5 ямаа, 1 үхэр, дараа нь 4 үхэр, 20 хонь нядалсан......” гэж, түүнчлэн гэрч У.Б “......Э дэлгүүрийн талаар мэдэхгүй, малын хариулж байгаад М.Б хүлээлгэн өгсөн, мал нядалсан тухай сайн мэдэхгүй, 234 тоо толгой мал нь Ж.Хын мал байсан.......” гэж, гэрч Ж.Б “......Дэлгүүрийг Ж.Г барьсан, тэр хүн ажиллуулж байгаа, би 2018 онд мал нядлахад нь 1 удаа явсан, нядалсан мал Ж.Хынх байсан, Ж.Гын мал байгаагүй........” гэж, гэрч Ж.Ү “......3 удаа мал нядалсан, би гэдэс дотрыг нь цэвэрлэсэн, 5 ямаа, 5 үхэр, 40 хонь нядалсан, эдгээр малыг Ж.Х нь дэлгүүр барих гэж нядалсан, дэлгүүр нь Ж.Хынх бөгөөд тэрээр Япон улсад олон жил ажиллаж байсан, өөрт байгаа хөрөнгө, малаа нядалж байгаад дэлгүүр барьсан.....” гэсэн мэдүүлгээс тус тус үзвэл нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Ж.Х нь талуудын маргаж байгаа дэлгүүрийг анхнаасаа барих зорилгоор өөрийн өмчлөлийн малыг нядалж, хөрөнгө оруулалт хийсэн болох нь тогтоогдож байна /1-р х.х-ийн 170-174, 2-р х.х-ийн 103-107 хуудас/.

 

Тодруулбал, гэрч нар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х, хариуцагч Г.Я, Ж.Г нартай төрөл садангийн холбоотой, эдгээр хүмүүсийг дээр дурдсан газрыг анх хэрхэн эзэмшиж авсан, улмаар дэлгүүрийг хэн барьсан талаар тодорхой мэдэж байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх учиртай. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолтоор тус тус нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Хыг 5 үхэр, 40 хонь, 5 ямаа, бүгд 50 толгой мал нядалсан, У.Быг нагац Ж.Х, Ж.Х нарын 144 толгой малыг маллаж байсан гэсэн албан бичиг, гэрч У.Бын малын “А” данстай тус тус таарч байна /1-р х.х-ийн 86, 87 хуудас/.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х нь анхнаасаа дэлгүүртэй болох зорилгоор өөрийн өмчлөлийн малыг нядалсан, *******ин дахь дансны хөрөнгөө үүнд зориулан захиран зарцуулсан, харин хариуцагч Г.Я, Ж.Г нар 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьж гүйцэтгэхэд хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд Ж.Хаас 11,131,500.00 төгрөгийг зээлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна /2-р х.х-ийн 159-186 хуудас/.

 

  • Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “С” ХХК нь гадаад худалдаа, хүнсний дэлгүүр, мал аж ахуй, Япон хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ /1-р х.х-ийн 203 хуудас/.

 

Мөн тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х бөгөөд тэрээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалыг давхар гүйцэтгэдэг байна. Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Япон улс руу явах шаардлагатай болсон тул 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч Г.Яд итгэмжлэл олгож, компанийн өмнөөс 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, үүнтэй холбоотойгооор бусад этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулах итгэмжлэлийг 8 сарын хугацаатай олгосон байна /1-р х.х-ийн 9, 97-99, 203-207 хуудас/.

 

Хэдийгээр тус итгэмжлэлд хариуцагч Г.Я нь гарын үсэг зураагүй байх боловч Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д зааснаар компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байхын сацуу хариуцагч нь энэхүү итгэмжлэлийг хүлээн авсан гэсэн бөгөөд улмаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэр дээр согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгогдсон бол, харин тамхи худалдах тусгай зөвшөөрлийг зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэгдсэний дараагаар төрийн эрх бүхий байгууллагаас өгнө гэжээ.

 

Тус итгэмжлэлийн агуулгыг талуудын хооронд үүссэн үйл баримт болон бусад нотлох баримттай тус тус харьцуулан авч үзвэл нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч Г.Яд түүний бус, харин компанийн өмчлөлийн дэлгүүрт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авахтай холбоотой харилцаанд төлөөлүүлсэн байна.

 

  • Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан. Тодруулбал, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал Ж.Х нь уг 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “С” ХХК-ийг тогтоолгохыг хүссэн нь өмчлөгчийн өөрийнхөн эрх юм.

 

Энэхүү эрхийн хүрээнд тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж зааснаар заавал нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Хыг өмчлөх ёстой гэж хөндлөнгөөс оролцохгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэв.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно” гэж заажээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох болон согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 140,400.00 төгрөгийг төлсөн боловч тусгай зөвшөөрөл гаргуулах шаардлагаасаа татгалзаж, дэлгүүрийг 18,320,900.00 төгрөгөөр барьсан гэсэн.

 

Иймээс уг дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 249,554.00 төгрөгийг төлөхөөр тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсантай холбоотой түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200.00 төгрөгийг дээр дурдсан хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийг 18,320,900.00 төгрөгийн өртөгтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон тул дутуу төлсөн 179,354.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас 249,554.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан хариуцагч Г.Я, Ж.Г нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “С” ХХК-ийг *******,*******,*******ын  7 дугаар гудамж, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн тоот дугаартай 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Г.Я, Ж.Г нарт холбогдуулан гаргасан согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 179,354.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас 249,554.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР