Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 557

 

 

 

 

 

 

 

 

 

      Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Б.Дашмягмар, түүний өмгөөлөгч М.Машбат,

шүүгдэгч Л.Оюунтуяагийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, 

хохирогч Ё.Борын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 19 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт холбогдох 201626020172 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Гарав овгийн Балцагийн Дашмягмар, 1979 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Сүхэс трейд” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын нэрэмжит гудамжны 16а байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧЕ79021313/

 

2. Элжгэн овгийн Лхагвасүрэнгийн Оюунтуяа, 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, компьютер математик загварчлал мэргэжилтэй, “Си Си Ар” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ШЕ83092008/

 

Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Таван Богд финанс” ББСБ-ийн эзэмшлийн “Toyota Land Criuser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд байдаг мэтээр иргэн Ё.Борд ойлгуулан барьцаалж, “модны бизнест хөрөнгө оруулна” гэж 3 сарын хугацаатай, 70,000,000 төгрөг зээлж, уг зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй атлаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцааны автомашиныг “3 хоног түр хэрэглээд өгнө” гэж худал хэлж итгүүлэн буцаан авч бусдад түрээслэн шилжүүлж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 70,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг /гэмт хэргийг хэдийд үйлдсэн, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/ тогтоогоогүй байна.

Тухайлбал: яллах дүгнэлтэд “Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь Ё.Бороос 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Toyota Land Cruiser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшлийнх мэтээр барьцаалан 3 сарын хугацаатай, модны бизнест хөрөнгө оруулах зориулалтаар 70,000,000 төгрөг зээлж, уг зээлээ бүрэн төлөөгүй атлаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцааны автомашиныг 3 хоног түр хэрэглээд өгнө гэж худал хэлж итгүүлэн буцаан авч бусдад түрээслэн шилжүүлж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 70,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан” гэжээ.

Прокурорын энэ тогтоолоос дүгнэхэд Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь Ё.Бороос 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 70,000,000 төгрөг зээлсэн гэж дүгнэсэн, эсхүл 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцааны автомашиныг 3 хоног түр хэрэглээд өгнө гэж худал хэлж итгүүлэн буцаан авч бусдад түрээслэн шилжүүлж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж гэж дүгнэсний аль нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл вэ?, хэзээнээс гэмт хэргийн санаа, сэдэлт үүссэн бэ? гэдэг нь ойлгомжгүй байна.

Тогтоолд “2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцааны автомашиныг 3 хоног түр хэрэглээд өгнө гэж худал хэлж итгүүлэн буцаан авч бусдад түрээслэн шилжүүлж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж” гэж бичсэн боловч өмнө зээлж авсан гэх 70,000,000 төгрөг энэ үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй байна.

Мөн барьцаалсан гэх 42-88 УНД улсын дугаартай, “Toyota Land Cruiser-200” загварын автомашиныг олж, битүүмжлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Б.Дашмягмарт 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож яллагдагчаар, Л.Оюунтуяад 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож яллагдагчаар татсан. /1-р хх-60, 64/ Үүний дараа 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “ял өөрчилж сонсгох” тухай тогтоол гаргаж Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон. /2-р хх-75-76, 78-79/ Прокурор “Ял өөрчилж сонсгох тухай” гэсэн тогтоол гаргасан боловч урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг гэсэн ял өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд энэ байдал нь нэг гэмт хэрэгт хоёр удаа яллагдагчаар татаж ял сонсгосон гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл аль тогтоолоор  шүүгдэгч нарыг яллаж байгаа нь тодорхойгүй гэж үзэв.

Энэ хэрэгт 42-88 УНД улсын дугаартай, “Toyota Land Cruiser-200” загварын автомашиныг нэхэмжилж байгаа “Монгол даатгал” ХХК нь ямар үндэслэлээр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож байцаан шийтгэх ажиллагаанд оролцох хууль зүйн үндэслэлтэй эсэхэд улсын яллагчаас дүгнэлт өгөх шаардлагатай. “Таван богд финанс” ХХК-иас 42-88 УНД улсын дугаартай, “Toyota Land Cruiser-200” загварын автомашиныг зээлээр авсан гэж байх тул уг компаниас энэ талаар тодруулж шалгах ажиллагаа хийгээгүй байна гэсэн үндэслэлүүдээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Хатанцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

1. Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1
дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг гарсан байдлыг тогтоогоогүй гэжээ. Гэмт хэргийг хэдийд үйлдсэн, хаана яаж үйлдсэн талаар яллах дүгнэлтэд тодорхой байгаа. Дээрх байдал нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар хангалттай тогтоогдсон. Тухайлбал хохирогч Ё.Борын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдээр Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 70,000,000 төгрөгийг зээлж авахдаа барьцаалсан автомашиныг “өөрсдийн эзэмшлийнх, хятадуудад тендер авч өгсний шагналд авсан автомашин байгаа юм, мөнгөө модны бизнест хэрэглэнэ” гэж хэлж ярьсан байдалд нь итгэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримтыг шалгахгүйгээр автомашиныг хашаандаа хүргүүлсэн байдал тогтоогддог. Гэтэл зээлийн барьцаанд өгсөн “Toyota Land Cruiser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашин нь “Таван богд финанс” ББСБ-ын зээлийн барьцаанд, тус байгууллагын нэр дээр байсан болох нь барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдсон, зээлсэн мөнгийг модны бизнест зарцуулсан гэх боловч энэ талаар мод нийлүүлсэн гэх газрыг шалгахад дээрх байдал тогтоогдоогүй. Модны бизнест зарцуулсан гэх хангалттай баримт гаргаж өгөөгүй, мөнгөө хамтран модны бизнес эрхэлдэг өвөр монголын Эрдэнэ гэх хүнд өгсөн гэх боловч нэрнээс өөр мэдээлэл эх сурвалж заагаагүй. Ингэж мөнгө авахын тулд анхнаасаа худал хэлж итгэл төрүүлсэн, бичгээр баримт үйлдэж гарын үсэг зурсан зэрэг байдлаас харахад гэмт хэргийн санаа сэдэл нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр буюу 70,000,000 төгрөгийг авах үед үүссэн гэж үзэх үндэслэлтэй. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцааны автомашиныг түр хэрэглээд өгье гэж хэлж авч бусдад түрээслэсэн нь гэмт санаагаа үргэлжлүүлж байгаа үйлдэл гэж үзэж байна.

2. “Toyota Land Cruiser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашиныг олж авч битүүмжлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байна. Дээрх автомашиныг олох талаар мөрдөн байцаалтын шатанд Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд зогсоож саатуулах арга хэмжээ авах талаар удаа дараа албан тоот холбогдох газарт хүргүүлж, автомашины захиран зарцуулах эрхийг хязгаарлах зэрэг ажиллагаа хийсэн. Нөгөөтэйгүүр Б.Дашмягмараас мөрдөн байцаалтын шатанд автомашин хаана байгаа талаар удаа дараа асууж тодруулахад 2015 оны 5 дугаар сард Баяраа гэх өвөр монгол залууд түрээслэсэн гэх боловч баримтгүй, автомашин хаана байгаа талаар мэдэхгүй гэж мэдүүлдэг, мөн иргэний нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг Б.Дашмягмараас гаргуулах талаар удаа дараа шаардсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд Б.Дашмягмар нь “Toyota Land Cruiser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашиныг хаана байгааг мэдэхгүй гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт Дарь-Эхэд хашаанд байгаа гэж мэдүүлж байгаагаас үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулсан санаатай үйлдэл эсхүл хэргийг үндэслэлгүйгээр буцаалгаж, хугацаа авах гэсэн санаа байх тул шүүгдэгчийн тогтворгүй мэдүүлэгт хөтлөгдөж автомашиныг олж тогтоолгох ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаах үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хөрөнгө илрүүлэх, тогтоох, бимтүүмжлэх ажиллагаа хийгдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

3. Прокурор ял өөрчилж сонсгох тухай гэсэн тогтоолдоо урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан ялыг өөрчлөөгүй, хэвээр байгаа. Яллагдагчаар татах тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэзээ хаана үйлдсэн, бусад ямар байдал тогтоогдсоныг бүрэн бичихээр заасан. Гэтэл мөрдөн байцаагч Х.Сайнжаргал нь Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татахдаа дээрх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж зэргийг бүрэн тусгаагүй орхигдуулж бичсэн байсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар “жинхэнэ бодит байдлаараа урьд сонсгосон ялаас онцын ялгаатай болгож өөрчлөх шаардлагатай бол прокурор хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шинээр ял сонсгож байцаалгах эрхтэй” гэсний дагуу хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй ч гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинж, бусад байдлыг нэмж тусгасан.

4. “Toyota Land Cruiser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашиныг нэхэмжилж байгаа “Монгол даатгал” ХХК-ийг ямар үндэслэлээр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож байцаан шийтгэх ажиллагаанд оролцох хууль зүйн үндэслэлтэй эсэхэд улсын яллагч дүгнэлт өгөх шаардлагатай, “Таван богд финанс” ХХК-иас автомашин лизингээр авсан талаар тодруулж шалгах ажиллагаа хийгээгүй гэх. “Монгол даатгал” ХХК нь Б.Дашмягмар нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэхээр шаардлага тавьж байгаа хуулийн этгээд юм... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлүүлэх боломжтой тул 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв. 

 

Шүүгдэгч Б.Дашмягмар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Борд автомашиныг барьцаанд тавихдаа өөрийн автомашин гэж хэлээгүй, барьцаанд тавих зүйл байна уу гэхэд нь “Таван богд финанс” ББСБ-аас линзингээр авсан автомашин байна гэж хэлсэн. Гэрчилгээг нь үзэх үү гэхэд өөр хүний нэр дээр юм бол үзэх хэрэггүй гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр автомашинаа хэсэг унаад буцаагаад өгье гээд авсан. Тэр үед жаахан маргаан гарсан. Шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Дашмягмарын өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл буюу хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй. Гэмт хэрэг хэдийд үйлдэгдсэн цаг хугацааны талаар прокурор ярьж байна. Хэрвээ энэ хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзвэл 2014 оны 9 дүгээр сард анх зээлийн гэрээ хийгдсэн. Гэхдээ үүнийг барьцаат зээлийн гэрээ гэж үзэхэд хүндрэлтэй. Яагаад гэвэл бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Зээлийн гэрээ хийгдсэнээс хойш 2, 3 сарын хугацаанд үндсэн зээл болон хүүгээ төлөөд явсан. Автомашин авч явсан үеэс залилан мэхэлсэн гэж үзэх бол яллах дүгнэлт болон эрүүгийн хэргийн тогтоол дээр нэг цаг хугацаа буюу 2014 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн гэж байгаа. Хэрвээ залилан мэхлээд хүүгээ ч төлөөгүй, автомашинаа аваад зугтсан гэж үзвэл 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн ял өөрчлөн сонсгох тухай тогтоол үйлдсэн тухай прокурор ярьсан. Ял өөрчлөн сонсгохдоо өмнөх тогтоолоо хүчингүй болгоогүй байж ял сонсгож эрх зүйн байдлыг нь дордуулсан байна гэж анхан шатны шүүх үзсэн. Энэ дээр санал нэг байгаагаас гадна миний үйлчлүүлэгч Дашмягмарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн. Энэ хэрэгт Л.Оюунтуяа гэж хүний үйлдэл туйлын тодорхойгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл залилан мэхлэх гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр үйлдэгдсэн байдаг. Гэтэл Л.Оюунтуяагийн үйлдэлд ямар шунахайн сэдэлт байгаа нь тодорхойгүй. Л.Оюунтуяа тэр мөнгийг таньдаг хүнээсээ зээлж нөхөртөө өгч, нөхрийгөө бизнес хийхэд нь тусласан болохоос өөрөө аваагүй байдаг. Ё.Бор, “Таван богд финанс” ББСБ, “Монгол даатгал” ХХК нар бүгд нэг автомашины талаар ярьдаг. Тээврийн хэрэгслийг хурааж авах ажиллагаа энэ хэрэгт хийгдээгүй гэж прокурор хэлж байна. Шүүгдэгч ч өөрөө мөрдөн байцаагч автомашинаа авч ир гэж хэлээгүй гэдэг. Автомашин Б.Дашмягмарт байдаг боловч хурааж авах ажиллагаа хийгээгүйгээс өнөөдөр иргэний нэхэмжлэгч, хохирогчийн эрх зүйн байдал мөн дордсон. Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Л.Оюунтуяагийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх учраас энэ шүүхийн тогтоолд дурдагдаагүй 2 үндэслэл байгаа гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.Оюунтуяагийн үйлдэл тухайн хэрэгт яаж бүлэглэж оролцсон нь туйлын тодорхойгүй. Энэхүү хэрэг шунахайн сэдэлтээр үйлдэгддэг. Л.Оюунтуяа 70,000,000 төгрөг аваад өөртөө захиран зарцуулсан зүйл байхгүй. Энэ мөнгийг нөхөр нь модны бизнест хөрөнгө оруулна. Зээл өгөх таньж мэддэг хүн байна уу гэхэд нь Ё.Бортой уулзсан байдаг. Үүнийг Ё.Бор ч нотолдог. Үүнээс өөр Л.Оюунтуяагийн үйлдэл, оролцоо байхгүй. Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв. 

 

Хохирогч Ё.Борын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл дээр тайлбар байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл зөв, хэргийг шийдвэрлүүлэх байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасанд санал, хүсэлт байхгүй.” гэв.

 

     ХЯНАВАЛ:

 

            Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн буцаасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тогтоохын зэрэгцээ, зөвхөн улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүхийн тогтоолд заасны дагуу нэмэлт мөрдөн байцаалтаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг нарийвчлан шалгаж, Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо нэг бүрийг хөдөлбөргүй тогтоож, барьцаалсан гэх автомашиныг олж битүүмжлэх шаардлагатай.

 

Гэмт хэрэг гарсан байдлыг шалгахдаа “Таван богд финанс” ББСБ-аас зээлээр автомашин худалдан авсан атлаа зээлдүүлэгчид нэг ч удаа төлбөр төлөөгүй үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтоосны эцэст зээлдэгчийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн “Монгол Даатгал” ХХК-ийн эрх зүйн байдлыг тодорхойлж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй.

 

Харин шүүхийн тогтоолд “яллагдагч нарт аль тогтоолоор ял сонсгож байгаа нь тодорхой бус” гэсэн нь үндэслэл муутай байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар “ялыг хүндрүүлэх буюу жинхэнэ бодит байдлаараа урьд сонсгосон ялаас онцын ялгаатай болгож өөрчлөх шаардлагатай бол прокурор хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шинээр ял сонсгож байцаалгах эрхтэй” гэж заасан эрхийнхээ дагуу прокурор гэмт хэрэг гарсан байдлыг тодруулах байдлаар тогтоол үйлдэж, яллагдагч нарыг байцаалгасан байх тул уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Нөгөө талаар өмнөх яллагдагчаар татсан тогтоолоор сонсгосон ялыг өөрчилж, хүчингүй болгоогүй хэдий боловч прокурорын тогтоолоор урьд сонсгосон ялын агуулга буюу гэмт хэрэг гарсан байдлыг өөрчилж шинээр сонсгосон учраас энэ хэргийн хувьд прокурорын тогтоолоор яллагдагч нарт ял сонсгосон гэж үзнэ.

 

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгээс “Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг яллагдагчаар татсан тогтоолуудын аль тогтоолоор яллаж байгаа нь тодорхойгүй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад асуудлуудыг нэмэлт мөрдөн байцаалтаар дахин шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгээс “... нэг гэмт хэрэгт хоёр удаа яллагдагчаар татаж, ял сонсгосон бөгөөд аль тогтоолоор шүүгдэгч нарыг яллаж байгаа нь тодорхойгүй...” гэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 19 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээс дээрх үндэслэлийн талаар бичсэн хэсгийг хүлээн авч, бусад заалтыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

 

                                                                                                     М.ПҮРЭВСҮРЭН