Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч А.Оюунгэрэл

шүүгдэгч Б.Баярсайхан түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 7-нд  Дундговь аймагт төрсөн, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЗЮ82110771/ Баяуд овогт Бямбаагийн Баярсайханд холбогдох 201624000229 дугаартай 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Баярсайхан  2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 1 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн баруун урд замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 70-93 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1, мөн дүрмийн 2.3 а/-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Цэдэв овогтой Эрдэнэбаатарыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.  Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн эмчилгээний зардалд 2150000 төгрөг төлсөн. Гэм хорын хохиролд өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус маркийн 70-93 УНД улсын дугаартай машиныг хохирогчид хүлээлгэж өгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь шилжүүлж өгсөн.Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотойгоор: жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 82/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83, 92/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 84/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 85, 90/, автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-ийн 87/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаагаар согтууруулах ундаа хэрэглээгүйг нотлосон баримт /хх-ийн 89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91/, ял шалгах хуудас /хх-ийн 97 тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 148/ болон,

гэрчээр Л.Лхагвасүрэнгийн:...”Би нөхөртэйгээ 1997 онд танилцсан. 16 настай охин, 10 настай хүүтэй, 1 нас 10 сартай охин нарын хамт амьдардаг. Манай нөхөр хувиараа таксинд явдаг. Манай нөхөр дуу муутай, даруухан, элдэв муу зуршилгүй, төлөв даруу, гэртээ хүүхэд гэр бүлдээ элэгсэг, зөв дадал зуршилтай, тамхи татдаггүй, архи дарс хэрэглэдэггүй, гэр бүлдээ зөв үргэр дууриалал болж чаддаг сайн нөхөр. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, бусадтай боловсон харьцдаг /хх-ийн 30/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Баярсайхан 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 1 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн баруун урд замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 70-93 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.  

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй, болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Цэдэв овогтой Эрдэнэбаатарыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл  учруулсан болох нь:

 

хохирогчоор Ц.Эрдэнэбаатарын:..”2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудал дээр ганцаараа явж байгаад танил найз Одонбаатартай тааралдаж, гадаа гудамжинд 0.5 л архи хувааж уугаад байж байтал Одонбаатар бас таньдаг 2 хүн тааралдаад 4 үүлээ нийлж дахин 0.75 л архи гудамжинд уусан. Ууж дуусаад нөгөө хэдээсээ салаад гэр рүүгээ харих гээд хорооллын эцсийн буудлын зүүн талын замаар явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа чиглэлд алхаад ганцаараа гарч байтал юу болсон мэдэхгүй, нэг мэдсэн эмнэлэгт л хэд хоногийн дараа тархины хагалгаанд орсны дараа сэргэсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 11 хоног хэвтээд одоо Манал-Отоц эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлж байна. би Одонбаатар болон түүний хоёр найзаас салаад ганцаараа урдаасаа хойшоо чиглэлд алхаад гарч байтал намайг мөргөсөн, мөргүүлээд юу болсон санахгүй байна. Гэмтэл согог үндэсний төвд тархины мэс засалд орсон. Аарцаг ясанд цууралттай, баруун нүд нээгдэхээрээ нулимс гараад, босохоор хөл гар чичрээд байгаа. Би гомдолтой байгаа. Явган хүний гарцаар гарч байхад хүнд зэргийн гэмтэл учруулсанд гомдолтой байна. намайг манай эхнэр Одончимэг 25 хоног тасралтгүй сахисан, цалинг нь нэхэмжилж байна. эмчилгээний баримт бүрдүүлж байгаа. Баримт гаргаж өгнө. Эм тарианы мөнгө байхгүй дутмаг байгаа, жолооч залуу ирж уулзсан. Эрүүл саруул болмоор байна. /хх-ийн 18-20/ гэсэн,

 

гэрчээр Г.Жаргалын:...”2016 оны 3 дугаар сарын 12-ны шөнө би эгчийн машинаар ганцаараа таксинд явж байхад Сонгинохайрхан дүүргийн Цамбын арын зам дээрээс нэг үл таних залуу суусан...хорооллын эцэс дээр явж байхад тэр залуу зогсож бай, тамхи авъя гэсэн, тэгээд би замын эсрэг талд ТҮЦ-ний харалдаа зогсож өгөхөд тэр хүн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа гарч, ТҮЦ орчихоод буцаад урдаасаа хойшоогоо гарч байтал түс тас гээд л дуу гарсан хартал зүүнээс баруун тийшээ 2-р эгнээгээр явж байсан Т.Приус 11 маркийн автомашин тэр хүнийг мөргөөд дайрч унагаад тоормосоо гишгээд зогссон. Би мөргүүлсэн хүн дээр очиход мөргөсөн машины урд талд хэвтэж байсан. Тэр хүн хөдлөхгүй байсан...осол гаргасан автомашин хүн мөргөх үеэс л тоормослох чимээ сонсогдсон. Тэр залуу явган хүний гарцаар алхаад гарч байсан. Мөргүүлсэн залуугаас архи үнэртэж байсан гэхдээ яахаа алдсан согтуу хүн биш байсан. /хх-ийн 32/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

яллагдагчаар Б.Баярсайханы:...”2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 2 цагийн үед байхаа би Баянгол дүүргийн нутаг “хорооллын эцэс”-ийн зам дээр 2 дугаар эгнээгээр 40 км цагийн хурдтай зүүнээс баруун тийшээ Т.Приус 11 маркийн 70-93 УНД улсын дугаартай автомашинаар явж байгаад явган хүний гарцаар нэвтэрч байхад нэг эрэгтэй хүн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гүйгээд гараад ирэхэд нь тоормосоо гишгээд зүүн тийшээгээ дартал, тэр хүнийг машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөсөн, би машинаасаа буугаад ирэхэд машины урд талд нэг хүн хэвтэж байсан. Миний нэвтэрч байсан явган хүний гарц гэрлэн дохиогүй байсан. Явган хүний гарц руу ойртоод явж байхад гэнэт л урдаасаа хойшоо чиглэлд ойролцоогоор 3 метрийн зайнаас хүн гүйгээд гараад ирэхэд нь тэр хүнийг хараад тоормосоо гишгэсэн...би эмчилгээний зардал төлж байгаа. Эмнэлэгийн төлбөр төлсөн. Сүүлд хэвтсэн эмнэлэгийн 365.000 төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа. Ойролцоогоор 2.000.000 гаран төгрөгийн хохирол төлсөн. /хх-ийн 80/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэг,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3519 дугаартай: Ц.Эрдэнэбаатарын биед баруун дух зулай ясны хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, нүүр, баруун ташаа, хэвлийн баруун хэсгийн зулгаралт, баруун умдаг ясны дээд салааны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-3.1.3-д зааснаар эрүүл мэнд амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алталтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 39/ гэсэн дүгнэлт,

 

автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн
төвийн шинжээчийн
: уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд шил баруун талдаа цацарч, үйрсэн, урд буфер зүүн гар талын булангийн хэсэгтээ будаг нь халцарч, бэхэлгээ нь салснаас доошоо санжсан, зүүн хойд талын крыло хонхойж будаг нь халцарсан, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй, иж бүрдэлгүй /галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг, дугуйн ивүүргүй/ байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0,3 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,00 кн, баруун талдаа 2,10кн, зөрүү нь 4,76% /стандарт 20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,40кн, баруун талдаа 1,30 кн, зөрүү нь 7,14% /стандарт 30%/ байна. зогсоолын тоормос ажиллагаатай байсан. Зүүн гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0cd, баруун гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 1100 cd /стандарт 10000.0-250000.0cd/, гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байлаа. /хх-ийн 49/ гэсэн дүгнэлт,

автомашины шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-53/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 54-55/ Улаанбаатар хотын цагдаагийн газрын 206 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59/, хохиролын баримтууд /хх-ийн 24-28/, хохирогч Ц.Эрдэнэбаатарын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 102-111, 124-142/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд  Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Б.Баярсайханд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд Баяуд овогт Бямбаагийн Баярсайханыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т  зааснаар  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Баярсайханд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ц.Эрдэнэбаатараас...”миний бие Б.Баярсайханаас эмчилгээний зардалд 2150000 төгрөг, гэм хорын хохиролд 5 сая төгрөгийн үнэтэй Приус-11 маркийн 70-93 УНД дугаартай машиныг хоорондоо тохиролцон хүлээж авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй болно” гэсэн бичгийн хүсэлтийг нотариатаар батлуулж ирүүлснийг шүүх хүлээн авч шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Баяуд овогт Бямбаагийн Баярсайханыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих  ял  шийтгэсүгэй.

 

3.Б.Баярсайханд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Б.Баярсайхан нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Баярсайханы №460548 дугаартай BCDE ангиллын жолоочийн  үнэмлэхийг Замын Цагдаагийн газрын Мэргэжил техник хяналтын хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанзулд даалгасугай.

 

6.Б.Баярсайханд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.Б.Баярсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Баярсайханы батлан даалтын  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ