Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/00031

 

С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : С.Дэлгэрмаа,

Хариуцагч : Ц.Сампилноров,

Нэхэмжлэлийн шаардлага: 2014.3.28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон  орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1-р баг, Хөтөл хот, Гоё байшингийн 8 тоот  өрөө байрыг буцааж  гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч С.Одгариг, хариуцагч Ц.Сампилноров, түүний өмгөөлөгч Д.Даваахүү, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 008/004 тоот ажлын гэрээг 2008.7.03-ны өдөр орон сууц захиалагч талаас Хөтөл Цемент шохой ХК-ний захирал А.Шоовдортой орон сууц ашиглалтанд орсоны дараа Цемент шохой ХК-ийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу олон жил ажилласан, сайн ажилласан ажилчдынхаа нэрс өгсөний дагуу хөрөнгө оруулагч Арбаяншанд ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан байрнаасаа Цемент шохой ХК-ийн ажилчдад зарж борлуулсан, үлдэгдэл байрыг Арбаяншанд ХХК-ийн зарж борлуулах эрхийн дагуу бусад Хөтөл хотын иргэдэд зарж борлуулсан. Үүнээс үлдсэн байрыг хөрөнгө оруулагч Арбаяншанд ХХК нь захирал С.Дэлгэрмаагийн нэр дээр үлдсэн 3 давхарын 8 тоот 58.96 м2  1 өрөө байрыг иргэн Ц.Сампилноров нь түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр 1 жил сууж байгаад Ц.Сампилноров нь худалдан авах санал тавьсаны дагуу, С.Дэлгэрмаа би 37 сая төгрөгөөр зарах санал тавьж урьдчилгаа 10 сая төгрөг авч, худалдах, худалдан авах гэрээ хийж үлдэгдэл 27 сая төгрөгийг дараа өгнө гэснээр гэрээнд бичүүлсэн боловч одоо болтол өгөхгүй байгаа тул гэрээний дагуу 27 сая төгрөгийг гаргуулахыг хүсэж /хх1-ийн 1, 74-80, 93-97/ байсан. Гэвч шаардлагаа өөрчилж, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 08 тоот орон сууцыг буцаан авах, 2014.3.28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсэж байна гэжээ. /хх1-ийн 119/

Ц.Сампилноров шүүхэд гаргасан тайлбартаа: С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний хооронд зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ огт хийгдээгүй. Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Түүний дагуу байрны гэрчилгээ өмчлөх эрх надад шилжиж ирсэн. Байрны төлбөр барагдуулсан тухай бичгээр хэлцэл маягийн баримт үйлдэж гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Энэ нэг өрөө байр нэгдүгээрт намайг урамшуулсан урамшуулал юм байна гэж би ойлгодог. Барилгын явцад янз бүрийн асуудал гарахад энэ компанийн эрх ашгийг би хамгаалж байсан. Хаана ч явсан С.Дэлгэрмаатай дандаа цуг явдаг байсан. Энэ нэг өрөө байр харьцангуй том талбайтай байсан учраас би шударга ёсыг бодож 10 сая төгрөг өгсөн. Энэ 10 сая төгрөгийг төлөөд байрны үнэний талаар ярих юмгүй болоод тэгээд байрны үлдэгдэл тооцоог хийсэн гээд гарын үсэг зураад тамгаа дарсан. Ингээд үндсэндээ байрны тооцоо дууссан. Бичиг баримтыг С.Дэлгэрмаа миний нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн учир гэрчилгээг надад өгсөн. Тэгээд энэ гэрээг хийсэн. Энэ гэрээг бүгдийг төлсөн нэмэлт нөхцөл байхгүй ийм байдлаар хийсэн гэрээ, тэгээд гэрчилгээ надад ирсэн гэжээ. /хх 1-ийн  54-60, 136-137/

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ц.Сампилноровт холбогдох С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх1-ийн 225-229/

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай магадлал гаргаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх1-ийн 252-257/

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2014.3.28-ны өдөр зохигчдын хооронд хийгдсэн гэрээнд орон сууцны үнийг 27 сая төгрөг гэж бичсэн байхад гэрээ байгуулагдахаас өмнө төлсөн 10 сая төгрөгийн баримтыг үндэслэн шүүх гэрээний үүрэг биелэгдсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь энэ байдлыг урьдчилгаа 10 сая төгрөг авсан, үлдэгдэл 27 сая төгрөгөө гэрээндээ бичсэн гэж тайлбарлаж байгаа. Иргэний  хуулийн  худалдах,  худалдан  авах  гэрээний  гол нөхцөлд талуудын хэлэлцэн  тохиролцсон  үнэ  тусгагддаг  бөгөөд  энэ  үнийг  хэрхэн  төлсөн  талаархи баримтуудыг шүүгч нягтлан үзсэний эцэст гэрээний үүрэг биелэгдсэн талаар шүүх дүгнэлт хийх ёстой. Гэтэл шүүгч гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн мөртлөө уг гэрээгээр тохиролцсон 27 сая төлөгдөөгүй байхад гэрээний үүрэг биелэгдсэн мэтээр дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэрээ байгуулагдахаас өмнө  төлсөн баримт нотолж байна гэх боловч орон сууцны үнийг 10 сая төгрөгөөр тохирсон талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байхад төлбөрийг энэ үнийн дүнгээр тооцсон нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 211.1- үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх ёстой бөгөөд  Ц.Сампилноров гэрээгээр тохиролцсон 27 сая төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байхад үүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч шаардлагаа “...гэрээнээс  татгалзах... байраа буцааж авах...” гэж  өөрчилсөн.  С.Дэлгэрмаа, Ц.Сампилноров нарын хооронд хийгдсэн гэрээний үлдэгдэл 27 сая төгрөг төлөгдөөгүй   тул   нэхэмжлэгч   хуулийн   дээрхи   зохицуулалтын   дагуу   гэрээний  үүрэг зөрчигдсөн гэж үзэн, гэрээнээс татгалзсан байгааг шүүх ойлгоогүй байна. Шүүх нэг л утгатай  ойлголтыг 3 тусдаа ухагдахуун байдлаар  дүгнэж байгаа нь хуульд болон    монгол хэлний утгын илэрхийллийн ойлголтод нийцэхгүй байна. Үнийн дүн дээр маргах асуудал бол гэрээ байгуулагдахаас өмнө талуудын хооронд хийгдэх үйл ажиллагаа болохоос нэгэнт үнээ тохироод, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хойно үнийн дүнг буруу байна гэж маргах үндэслэлгүй, гарын үсэг зурахаасаа өмнө энэ маргаан шийдвэрлэсний эцэст гэрээ хийгдэх ёстой. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. /хх 2-ын 1-2/

                                                                        ХЯНАВАЛ:

С.Дэлгэрмаа нь Ц.Сампилноровт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2014.3.28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1-р баг, Хөтөл хот, “Гоё” байшин,  8 тоот өрөө байрыг буцааж гаргуулах тухай шаардлага тавьжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

С.Дэлгэрмаа нь нэхэмжлэлээ Ц.Сампилноровтой байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “орон сууц худалдах, худалдан авах гэрээ” /хх 7/, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэжээ /хх 9-10/.

Орон сууц худалдах, худалдан авах тухай 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн  гэрээнээс үзвэл С.Дэлгэрмаа нь Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1-р баг, Хөтөл хот, “Гоё” байшин, 8 тоот  өрөө байрыг худалдах, Ц.Сампилноров нь 27.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Гэрээний 3-т “...төлбөрийг төгрөгөөр төлж барагдуулсан” гэж /хх1-ийн 7/ байх бөгөөд уг гэрээний дагуу /хх1-ийн 67-69/ өмчлөх эрх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжсэн байна.  

Хариуцагч нь С.Дэлгэрмаагаас орон сууц авсан үйл баримтыг үгүйсгээгүй, орон сууцны төлбөрт 10 сая төгрөг төлөгдсөн талаар зохигчид маргаагүй байв.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1-р баг, Хөтөл хот, “Гоё” байшин, 8 тоотын 58.96 м2  1 өрөө байрыг Ц.Сампилноровт 27 сая төгрөгөөр худалдсан, 10 сая төгрөгийг авсан, гэрээний дагуу тооцоо дууссан талаархи хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байх тул хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэх, улмаар худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 342.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ