Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                Б.Батзориг

                                Шүүгчид                              Л.Амарсанаа

                                                                            Г.Давааренчин

   Оролцогчид:

            Нэхэмжлэгч                            С.Дэлгэрмаа

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Ц.Сампилноровт холбогдох “2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж нэг өрөө орон сууцыг гаргуулах” тухай иргэний хэргийг  2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 008/004 тоот ажлын гэрээг 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалагч талаас Хөтөл “Цемент шохой” ХК-ний захирал А.Шоовдортой орон сууц ашиглалтанд орсоны дараа “Цемент шохой” ХК-ний хурлаас гарсан шийдвэрийн дагуу олон жил ажилласан, сайн ажилсан ажилчдынхаа нэрс өгсөний дагуу хөрөнгө оруулагч Арбаяншанд ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан байрнаасаа “Цемент шохой” ХК-ний ажилчдад зарж борлуулсан, үлдэгдэл байрыг Арбаяншанд ХХК-н зарж борлуулах эрхийн дагуу бусад Хөтөл хотын иргэдэд зарж борлуулсан. Үүнээс үлдсэн байрыг хөрөнгө оруулагч Арбаяншанд ХХК нь захирал С.Дэлгэрмаагийн нэр дээр үлдсэн 3 давхарын 8 тоот 58.96 м2 -1 өрөө байрыг иргэн Ц.Сампилноров нь түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр 1 жил сууж байгаад Ц.Сампилноров нь худалдан авах санал тавьсаны дагуу, С.Дэлгэрмаа би 37.000.000 төгрөгөөр зарах санал тавьж урьдчилгаа 10.000.000 төгрөг авч, худалдах, худалдан авах гэрээ хийж үлдэгдэл 27.000.000 төгрөгийг дараа өгнө гэснээр гэрээнд бичүүлсэн боловч одоо болтол өгөхгүй байгаа тул гэрээний дагуу 27.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2014 оны 03-р сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа. Энэ байр маань 37.000.000 төгрөгийн өртөгтэй байр, 10.000.000 төгрөгийг өгсөн учраас 2013 оны 08-р сарын 04-ний өдөр бэлэн мөнгөний орлогын баримтаар 10.000.000 төгрөг аваад үлдэгдэл 27.000.000 төгрөг үлдлээ гээд баримт үйлдээд өгсөн байгаа. Үүний  дагуу бид нар 2014 оны 03-р сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд үлдэгдэл 27.000.000 төгрөгөө аваагүй гэдгээ баталгаажуулаад бичсэн. Тэгээд хариуцагч үүргээ биелүүлээгүй учраас байраа буцааж авъя гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... Хариуцагч миний мөнгөний баримт өөр гээд байна. Яагаад гэхээр бид хоёр нэг нэг хувь дээр хийгээд Сампилноров гуай өөр дээрээ үлдэгдэл мөнгө аваагүй учраас би өөр дээрээ бичиж аваад энийгээ үзүүлээд нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гарын үсэг бүгд шинжээчийн дүгнэлтээр Сампилноровын гарын үсэг мөн байна, хариуцагч өөрөө мэдэж байгаа. Яагаад төлбөр дууссан байхгүй гээд байгаа юм бэ?, гэрчилгээ гарсны дараа би мөнгийг чинь өгнө гэхээр нь би итгээд гаргаад өгсөн. Энэ хүнийг энэ мөнгийг өгөөч ээ гэдгийг би удаа дараа шаардаж байсан. Энэ хүн үл биелүүлсэн. Сүүлдээ загнаад утсаа авахаа больсон. Чаддаг юм бол аваарай гээд утсаа салгачихдаг.

“Цемент шохой” ХХК-ний үйлдвэрийн хөрөнгөөр бариагүй, манайх 100% өөрсдийнхөө хөрөнгөөр бариад “Цеменд шохой”-н үйлдвэрт зарсан. Тэдний манай хоёрын хийсэн гэрээ байгаа. Сампилноров гуай надтай хамтарч ажиллах амалсан бичиг баримт гэрээ хэлцэл байхгүй... Энэ хүнээс нэг ч төгрөг гараагүй. Энэ хүн гэрээний дагуу надтай уулзаад явдаг байсан. Тэгэх болгондоо цалингаа үйлдвэрээс аваад явж байсан. Энэ хүнд би байшин барилга барьж өгнө гэсэн гэрээ хэлцэл юу ч байхгүй. Ерөөсөө л энэ байрыг өгөхгүй гэсэн нэг ийм юм яриад байгаа хүн. Байраа авахын тул би одоо үлдэгдэл мөнгөө өгөөч гэж удаа дараа ярьж байсан. Утсаар занаад өгдөггүй энэ байгаа шигээ хүн биш, загнаж харааж зүхээд, чамайг авахыг нь харна гээд удаа дараа доромжлоод өгөөгүй. Тэгээд би гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэл гаргасан... Энэ бичгийг л яриад байна. Энэ дээр чинь амлалтаа биелүүлсэн учраас 10.000.000 төгрөгөөр дуусгав гэсэн нэг ч үг байхгүй байгаа биздээ.

Би мэдээж энэ хүн тооцоогоо хийчихвэл гэрчилгээг нь шилжүүлж өгөх нь ойлгомжтой. Өөрөө энэ дээр 27.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд энэ дээр тавьчихая гээд гарын үсгээ зурчихаад мөнгөний баримтыг шинжээчийн дүгнэлтээр үнэн зөв бүх юм байгаа гээд гараад ирэхээр шинжээчийг хүртэл худлаа бичсэн болгоод хүний юм авах гээд луйвардаад байх юм. Удаа дараа Дэлгэрмаа хэлж байгаагүй гэж яриад байгаа. Анхан шатны эхний шүүх хуралын 5 дахь хуудсанд байна. Дэлгэрмаа байраа авах гэж утасдаж байсан нь үнэн гэж хэлж байсан. Даваахүү өмгөөлөгчөө, энэ бичгэн дээр чинь амлалтаа биелүүлсэн учраас 10.000.000 төгрөгөөр байраа өгчихлөө гэсэн нэг ч үг байхгүй. Та хаанаас юу олж хараад байгаа юм. 27.000.000 төгрөг авсан баримт хаана байна, тэгвэл би энэ мөнгийг авсан юм бол надад өгсөн баримт нь хаана байна, гол юм нь л энэ ш дээ, би 27.000.000 төгрөгийг нэхээд өгөхгүй болохоор би байраа авна гэж байгаа. Би энэ хүнд итгээд өгсөн, амлалтандаа 10.000.000 төгрөгөөр өгч байгаа шүү гэсэн нэг үг байхгүй. 27.000.000 төгрөгийг өөрөө энэ дээр бичүүлсэн, тэгчихээд одоо болохоор хүний юмыг хүчээр ингэж болохгүй ш дээ. 27.000.000 төгрөг өгсөн баримт нь хаана байгаа бэ?.

...Хариуцагч үйлдвэр манайд хөрөнгө оруулчихсан юм шиг юм яриад байна. Хөрөнгө оруулалт хийхэд нь би тусалсан гэж байна. Үгүй ш дээ, үйлдвэр манайхаас худалдаж авсан. Худалдаж авсан гэрээ байна. Тэрнээс биш үйлдвэр надад хөрөнгө оруулалт хийгээд тэрний төлөө яваад байсан юм биш... Манайх тухайн үедээ байр зарж байхдаа бүх хүмүүст яг ийм загварын гэрээ хийж явуулж байсан. Тухайн үед байсан нэг хувь байсан гэрээгээрээ л хийсэн... Бид хоёрт баримт байхгүй байсан учраас нэг нэг ийм ягаан цаас байгаа. Бид хоёр нэг нэгээр нь тус тусд нь бичсэн. Би өөрийнх дээрээ авч үлдэхдээ 27.000.000 төгрөгийг бичсэн. Энэний дагуу нотариат дээр энийгээ өгч байгаад гэрээгээ хийсэн. Би энэ дээр ерөөсөө 27.000.000 гэж сүүлд нь бичээгүй шүү... Надад гэрчилгээ гарчих юм бол би гэрчилгээгээ барьж гүйж байгаад мөнгийг чинь аваад өгчихнө гэхээр чинь би итгээд гаргаад өгсөн... 10.000.000 төгрөг өгөх ёстой байсан бол тэрийгээ өгөөд дууслаа гэсэн үг биздээ. Тэрнээс биш энэ байр чинь 10.000.000 төгрөгийн үнэтэй байр биш... Энэ байр маань тухайн үеийн ханшаараа 40 хэдэн сая төгрөгийн үнэтэй... Анхы нэхэмжлэл дээрээ би 27.000.000 төгрөг нэхэмжлээд байсан бол одоо бол шууд байраа л нэхэмжилж байгаа... Төлж барагдуулав гэдгийг төлбөрөө гэрчилгээгээ гарсны дараа өгнө гэсэн. Нэг талдаа барьцаа болоод байгаа. Тийм учраас би энэ хүнд итгээд тэгж бичсэн.

Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, Гоё байшингийн 08 тоот орон сууцыг буцаан авах, 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж энэ орон сууцыг Ц.Сампилноровоос гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ц.Сампилноров хариу тайлбар болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний хооронд зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ огт хийгдээгүй. Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Түүний дагуу байрны гэрчилгээ өмчлөх эрх надад шилжиж ирсэн. Байрны төлбөр барагдуулсан тухай бичгээр хэлцэл маягийн баримт үйлдэж гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Энэ нэг өрөө байр нэгдүгээрт намайг урамшуулсан урамшуулал юм байна гэж би ойлгодог.

Энэ компанид би ажил олж өгсөн. “Цемент шохой”-н үйлдвэрийн барих гэж байсан барилгыг энэ компаниар бариулсан. Бидний ажилд та их тусалцлаа гэж баярлаж, талархаж Дэлгэрмаа олон удаа надад хэлж байсан. Тийм учраас урамшууллын байр юм байна гэж ойлгож байгаа. “Цемент шохой” үйлдвэртэй ашигтай гэрээ байгуулсан. Гэрээг бол үндсэндээ бид хоёр байгуулсан. Барилгын явцад янз бүрийн асуудал гарахад энэ компаний эрх ашгийг би хамгаалж байсан. Хаана ч явсан Дэлгэрмаатай дандаа цуг явдаг байсан. Энэ орон сууцны барилга барьж эхлэхдээ миний барьж эхэлсэн хувийн сууцны барилгыг барихад тусална гэж амалсан. Орон сууцны барилгыг эд нар бариад дуустал 3 жил гаруй хугацаа болсон. Энэ хугацаанд нэг ширхэг ч тоосго тавиагүй. Надад тусална гэсэн чинь яасан бэ? гэж үргэлж сануулдаг байсан. Та зүгээр л байж бай тусална гэдэг байсан. Сүүлдээ тусалж чадахгүй ажлаа дуусгаад явах болсон. Тэгэхээр энэ нэг өрөө байрыг тэр амлалтандаа хүрч чадаагүй гэж ойлгож өгч байна гэсэн бодол байдаг.

Энэ нэг өрөө байр харьцангуй том талбайтай байсан учраас би шудрага ёсыг бодож 10.000.000 төгрөг өгсөн. Тэгээд эцсийн тооцоо хийгээд үлдэгдэл үнэ гээд тэр 10.000.000 төгрөгийг өгсөн. Бас бичиг баримт үйлдээд гарын үсэг зурсан байгаа. Энэ орон сууцны барилгыг үйлдвэрийн хөрөнгөөр барьсан. Үйлдвэр санаачилсан, ажилчиддаа орон сууц барих асуудлыг шийдсэн байсан. Энэ ажлыг хариуцаж гүйцэтгэх хүнээр намайг томилсон байсан. Эдний компанийг би сонгосон. Улаанбаатарт тааралдаад ярилцаад хийлгэх болсон. Учир шалтгаан нь Дэлгэрмаа болон түүний нөхөр Хөтөлийн үйлдвэрийг барьж байхад анхны ажилтнаар ирж байсан залуучууд юмаа. Тэгээд сүүлд барилга барьдаг болоод бие даагаад явж байхаар нь би тусалъя гэж бодсон. Бие дааж барилга барих боломжийг нь олгосон. Гэвч энэ нь үйлдвэр дээр нэлээн эсэргүүцэлтэй тулгарсан. Хүчин чадал муутай, хүнд механизмгүй юм байна, яаж барилга барьдаг юм гээд гэрээ байгуулах гэсэн ерөнхий нягтлан гарын үсэг зураагүй. Одоо хүртэл гарын үсэг зураагүй байгаа. Тэр болгоныг би хариуцаад ямар ч байсан бариулах болоод бариулсан...Тэгэхээр 27.000.000 төгрөг гэж ярьж тохирсон зүйл бид хоёрын хооронд байхгүй. 10.000.000 төгрөгийг өгөөд бүх тооцоо дуусаж байгаа.  

Энэ 10.000.000 төгрөгийг төлөөд байрны үнэний талаар ярих юмгүй болоод тэгээд байрны үлдэгдэл тооцоог хийсэн гээд гарын үсэг зураад тамгаа дарсан. Ингээд үндсэндээ байрны тооцоо дууссан. Бичиг баримтыг Дэлгэрмаа миний нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Тэрний дагуу гэрчилгээг надад өгсөн. Тэгээд энэ гэрээг хийсэн. Энэ гэрээг бүгдийг төлсөн нэмэлт нөхцөл байхгүй ийм байдлаар хийсэн гэрээ, тэгээд гэрчилгээ надад ирсэн... энэ байр 10.000.000 төгрөгийн байр биш. Илүү үнэтэй байж таараа... Чи надад байр өгнө гэсэн гэрээ, хэлцэл байхгүй, чи амаараа хийсэн. Сүүлд нь шүүх хурлаар ороод ийм зүйл болно гэж хэн мэдлээ... Гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн зүйл огт яриагүй... Тухайн үедээ баримтыг ижилхэн бичсэн байсан. Сүүлд нь 27.000.000 төгрөг гээд янз бүрийн тоонууд нэмэгдчихсэн байсан. Минийх бол хэвээрээ байгаа... Байрны гэрчилгээг таны нэр дээр болгоход ийм хүсэлт хэрэгтэй байдаг юм байна гэж орж ирээд бид хоёр цуг байж байгаад бичсэн. Ямар ч байсан байрны гэрчилгээг Дэлгэрмаа өөрөө надад авч ирж өгч байсан. Өгөхдөө баярласан талархснаа илэрхийлээд гардуулсан... 27.000.000 төгрөг нэмж өгөөд байрыг ав гэсэн бол би авахгүй. Надад тийм боломж байхгүй. Би настай хүн банкны зээлээс айдаг...” гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжилсэн нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Сампилноровт холбогдох 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээгээр худалдсан Сайхан сумын 1-р багийн 17 айлын орон сууцны 1 өрөө орон сууцыг Ц.Сампилноровоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  С.Одгариг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“...Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг “...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж...гэсэнтэй нийцэж байна...” гэж үндэслэлгүй дүгнэжээ. Учир нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохигчдын хооронд хийгдсэн гэрээнд орон сууцны үнийг 27.0 сая төгрөгөөр тохиролцсон байгааг үнэлэлгүй орхисон нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлд талуудын хэлэлцэн тохиролцсон үнэ тусгагддаг бөгөөд энэ үнийг хэрхэн төлсөн талаарх баримтуудыг нягтлан үзсэний эцэст гэрээний үүрэг биелэгдсэн талаар шүүх дүгнэлт хийх ёстой байжээ.

Гэтэл шүүгчээс гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн мөртлөө уг гэрээгээр тохиролцсон 27.0 сая төгрөгөөс 17.0 сая төгрөг төлөгдөөгүй байхад гэрээний үүрэг биелэгдсэн мэтээр дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгч маргаан бүхий байрны төлбөр тооцоог орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулагдахаас өмнө бүрэн төлсөн болох нь 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 10.0 сая төгрөг бэлнээр С.Дэлгэрмаад өгсөн баримт нотолж байна гэсэн боловч талууд уг орон сууцны үнийг 10.0 сая төгрөгөөр тохирсон талаар ямар нэг нотлох баримт авагдаагүй байхад төлбөрийг энэ үнийн дүнгээр тооцож, гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийг гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид...хүлээлгэн өгнө” гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Сампилноров гэрээгээр тохиролцсон 27.0 сая төгрөгөөс 17.0 сая төгрөгийг төлөөгүй байхад түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Ийм учраас нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан байрыг 37.0 сая төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилж 10.0 сая төгрөгийг аваад сүүлд 27.0 сая төгрөгийн үлдэгдэл дээрээ гэрээ хийсэн гэсэн тайлбар илүү бодитой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь “Цемент шохой” үйлдвэрт ажилладаг гэдгийг нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн.  Хариуцагч нь манай компанид зөвлөх хийсэн бас үйлдвэр манайд хөрөнгө оруулчихсан юм шиг юм яриад байдаг.  Үгүй ш дээ, үйлдвэр манайхаас байрыг худалдаж авсан.  Тэрнээс биш үйлдвэр надад хөрөнгө оруулалт хийгээд тэрний төлөө яваад байсан юм биш... Манайх тухайн үедээ байр зарж байхдаа бүх хүмүүст яг ийм загварын гэрээгээр байраа худалдсан.  Байрыг 37.000.000 төгрөгөөр тохироод үүнээс 10,000.000 төгрөгийг нь өгч үлдэгдэл  27 сая төгрөгөө төлөөгүй тул  хаиуцагчтай байгуулсан гэрээнээсээ татгалзаж,  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагчаас орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Үндэслэх нь:

 Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь  хариуцагч Ц.Сампилноровт холбогдуулан  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гоё байшингийн 8 тоот 1 өрөө орон сууцыг худалдсан төлбөрийн үлдэгдэл 27.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ц.Сампилноровтой байгуулсан 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц зээлээр худалдах гэрээ мөн худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзах,  2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр Ц.Сампилноровын шилжүүлэн авсан нэг өрөө орон сууцыг гаргуулах  тухай гэж өөрчилжээ.

Хэргийн хариуцагч Ц.Сампилноров нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч  давж заалдах  гомдол гаргасан бөгөөд  гомдлынхоо үндэслэлээ анхан шатны шүүх  2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохигчдын хооронд хийгдсэн гэрээнд орон сууцны үнийг 27.0 сая төгрөгөөр тохиролцсон байгааг үнэлэлгүй орхисон, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн мөртлөө уг гэрээгээр тохиролцсон 27.0 сая төгрөгөөс 17.0 сая төгрөг төлөгдөөгүй байхад гэрээний үүрэг биелэгдсэн мэтээр дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.    

Хэргийг судлан үзвэл:  нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, хариуцагч  Ц.Сампилноров нар нь  2014 оны 03-р сарын 28-ны өдрийн “орон сууц худалдах, худалдан авах” тухай гэрээ байгуулан тус гэрээгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багт байрлалтай “Гоё” байшингийн  08 тоот нэг өрөө орон сууцыг  С.Сампилноровын өмчлөлд шилжүүлсэн,  хариуцагч Ц.Сампилноров нь орон сууцны үнийг нэхэмжлэгчид төлсөн   болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох  талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ/хх-211/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-209/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-69/ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь орон сууцыг 37.000.000 төгрөгөөр тохирч  худалдан урьдчилгаа 10.000.000 төгрөгийг хариуцагчаас  2013 оны 08-р сарын 04-ний өдөр авсан, үлдэгдэл 27.000.000 төгрөг байрны бичиг баримт гарахаар өгнө гэж тохиролцсон гэж тайлбарладаг бол  хариуцагч Ц.Сампилноров нь С.Дэлгэрмаа тийм их үнээр байраа худалдсан бол  би худалдан авахгүй байсан. Харин надад байр барьж өгнө гэсэн амлалтдаа хүрээгүй гэж л энэ байрыг өгсөн учраас  шударга ёсыг бодож 10.000.000 төгрөг өгсөн ” гэж тайлбарладаг.

         Зохигчдын дээрхи тайлбараас үзвэл талууд гэрээний үүргээ зөрчсөн болон тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэх  талаар бус харин худалдах худалдан авах гэрээний үнийн дүн дээр маргасан гэж үзэхээр байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь орон сууцны зөрүү үнийг шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан гэсэн гомдол нь үндэслэлгүй тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

         Харин шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хэргийн оролцогчоос ирүүлсэн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна гэж үзлээ.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                              

                                   ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                              Л.АМАРСАНАА

                                                                                  Г.ДАВААРЕНЧИН