Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00135

 

 

 

 

 

 

 

 

 

У.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02910 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.З-ын хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 216,301,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн, төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 216,301,778 төгрөг гаргуулах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: М- ХХК нь компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 40,000 ам.доллар зээлдүүлэх саналыг У.З-ад гаргаж, улмаар 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 40,000 ам.долларыг М- ХХК-д зээлдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагад хандан зээлээ төлөхийг шаардах болгонд удахгүй энэ сард, дараа сард, ирэх долоо хоногт гэх мэтээр хугацаа авсаар өнөөдрийг хүрч байх ба сүүлдээ утсаа авахаа больж харьцахгүй болсон тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээрт хэлтэст 2017 онд хандсан. Зээлийн гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт зурсан гарын үсэг Н.Уранчимэгийн гарын үсэг мөн эсэх үйл баримтыг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, дүгнэлтээр М- ХХК-ийн захирлын гарын үсэг мөн болохыг тогтоосон. Гэвч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг 2 жил гаруй хугацаанд шалгасны эцэст яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хэргийг хааж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дурдаж шийдвэрлэсэн. Иймд зээлийн гэрээний дагуу У.З-а нь үндсэн зээлд 40,000 ам.доллар, зээлийн хүүд 15,922 ам доллар, алдангид 20,000 ам.доллар нийт 75,922 ам.долларыг авах юм. 75.922 долларыг төгрөгт шилжүүлэн тооцвол 216,301,778 төгрөг болох юм. Иймд М- ХХК-аас нийт 216,301,778 төгрөг гаргуулж У.З-ад олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, М- ХХК болон У.З-а нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээг М- ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй тул тус гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ юм. М- ХХК нь У.З-аас 40,000 ам.доллар зээлж аваагүй болох нь М- ХХК-ийн дансны хуулга /2012-2013 оны/ болон гаалийн бүрдүүлэлтийн баримтаар нотлогдох юм. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ нь хууль бус хуурамч гэрээ байх бөгөөд тус зээлийн гэрээнд компанийн тамгыг хуурамчаар үйлдэн дарсан байна. Учир нь У.З-а М- ХХК-д авлага барагдуулагчаар ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа болон ажлаас гарсныхаа дараа манай компанид удаа дараа хохирол учруулж бидний эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд компанийн тамга тэмдэг хуурамчаар үйлдэж гарын үсэг дуурайлган зурж, манай компанийн зүгээс энэхүү үйлдэлд нь гомдол гарган удаа дараа шалгуулж байсан. Тухайлбал У.З-а нь төлбөр тооцоо дуусгах акт гэх баримтад Н.Уранчимэгийн гарын үсгийг дуурайлган зурж, М- ХХК-ийн тамгыг хуурамчаар үйлдэн дарсан байсан ба Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс У.З-ын энэхүү хууль бус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. Өөрөөр хэлбэл У.З-а нь бусдын гарын үсгийг дуурайлган зурж, М- ХХК-ийн тамгыг хуурамчаар үйлдсэн болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч бичиг баримт ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. Дээрх хуурамч баримтыг ашиглан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгч У.З-а нь дээрх байдлаар бусдын гарын үсгийг дуурайлган зурж, компанийн тамгыг хуурамчаар үйлдэж, байсан ба зээлийн гэрээнд мөн л М- ХХК-ийн тамгыг хуурамчаар үйлдэж дарсан тул дээрх гэрээ нь хууль бус гэрээ юм. Нэхэмжлэгч У.З-а нь авлага барагдуулагчаар ажиллаж байхдаа Б.Нямдаваагаас М- ХХК-д төлсөн 18,000,000 төгрөгийн төлбөрийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч, улмаар хувьдаа завшин үрэгдүүлсэн тул түүний энэхүү хууль бус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Баянгол дүүргийн прокурорын газраас У.З-а нь 15,500,000 төгрөгийг хувьдаа завшсан болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр У.З-аас 15,500,000 төгрөг гаргуулж, М- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. У.З-а нь дээрх төлбөрийг бүрэн төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Хэрэв М- ХХК-д 40,000 ам.доллар зээлдүүлсэн гэж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд хөрөнгийн эх сурвалжийг шүүхэд нотлох үүрэгтэй юм. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг дуусахаас өмнө ямар нэгэн байдлаар М- ХХК-д холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргах нь ойлгомжтой юм. Гэтэл нэхэмжлэгч нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу 8 жил гаруйн хугацаанд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол, шаардлагыг гаргаж байгаагүй. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу 40,000 ам долларыг М- ХХК-д зээлдүүлээгүй, зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй ба зээлийн гэх гэрээ нь хуурамч бөгөөд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар М- ХХК-аас 216,301,778 төгрөг гаргуулах тухай У.З-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У.З-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,263,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй буюу нэхэмжлэгч нь хариуцагчид бодитоор 40,000 ам.доллар өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 40,000 ам.долларыг М- ХХК-ийн ажлын байранд хүлээлгэн өгөв хэмээн талууд баримт үйлдэж хариуцагч байгууллага нь өөрийн компанийн тамга тэмдгийг дарж хүлээн авсан байдаг. Түүнчлэн хариуцагч байгууллагын тамга гагцхүү бэлэн мөнгө өгч авалцсан баримтаар хязгаарлагдахгүйгээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт зэрэг баримтууд дээр тус тус дарагдсан. Н.Уранчимэг нь уг компанийн үүсгэн байгуулагч төдийгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр ажилласаар ирсэн ба одоогийн захирал Орхоны хадам ээж буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс юм. Шүүх хуралдаан дээр Н.Уранчимэг нь манай компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж маргасан боловч компанийн тамга дарсан үйл баримт болон 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Н.Уранчимэг нь манай компанийн тамга тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан гэж маргаж хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй. Н.Уранчимэгийг хорих ял авч ял эдлэх үед тус компанийг хүргэн гэх Орхонд шилжүүлсэн байдаг ба бусдаар хэн нэгэн үл таних этгээдийн компанийг ашиглаж гэрээ хэлцэл байгуулж тамга тэмдгийн ашигласан асуудал биш. Анхан шатны шүүх уг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

4.2.Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа өглөг авлага, зээлийн эргэн төлөлтийг шаардаж байсан эсэх үйл баримтыг мэдэх цор ганц гэрч болох Батмөнхийн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл Батмөнхийн мэдүүлгийг няцаасан, түүний ярьсан зүйлийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байх атал шүүх учир дутагдалтай дүгнэлт хийсэн. 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн эрх зүйн харилцаа үүссэн боловч 2016, 2017, 2018 онуудад Н.Уранчимэг М- ХХК-ийн гүйцэтгэх захирал хэвээр байсан. Энэ хугацаанд М- ХХК-ийн хуулийн зөвлөхөөр гэрч Батмөнх ажиллаж байсан ба ажиллаж байсан цаг хугацааныхаа үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Түүний мэдүүлгээс дурдвал У.З-а нь 2016, 2017 онуудад М- ХХК-аас 40,000 ам.доллар нэхэж ирдэг байсан тухайн үед захирал Н.Уранчимэг намайг байхгүй байна гээд аргалаад явуулаарай гэхээр нь хэд хэдэн удаа У.З-ад худал хэлж явуулж байсан. У.З-а 40,000 ам.доллар зээлдүүлсэн нь үнэн би тухайн үед М- ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга гэх албан тушаал дээр ажиллаж байсан энэ үйл баримтыг маш сайн мэдэж байна гэх мэдүүлгийг өгсөн атал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй орхигдуулсан.

4.3.Хариуцагч байгууллага болоод захирал Н.Уранчимэг нь анхнаасаа уг мөнгийг аваагүй гарын үсэг зураагүй гэж маргадаг ба эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдах үед шинжээч томилж улмаар уг дүгнэлтээр Н.Уранчимэгийн гарын үсэг мөн болохыг тогтоосон боловч эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж улмаар мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд төлбөр авсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байх атал анхан шатны шүүх 40,000 ам.доллар аваагүй, түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан эрх зүйн харилцаа үүсээгүй гэж буруу дүгнэлт хийсэн.

4.4.Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хэзээ тасалдаж, хэзээ үргэлжилж хэзээ дуусгавар болсон зэрэг хугацааг тодорхойлоогүй атлаа хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Батмөнхийн мэдүүлгээс үзвэл 2016, 2017 онуудад нэхэмжлэгч зээлийн эргэн төлөлтийг шаардсаар байсан боловч хариуцагч байгууллага зугтааж хойшлуулсаар сүүлдээ цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч У.З-а нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 216,301,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч У.З-а, хариуцагч М- ХХК-ийн захирал гэх Н.Уранчимэг нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр зээлдүүлэгч У.З-а нь 40,000 ам.долларыг, нэг сарын 6 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч М- ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт зээлдүүлэгчид эргүүлэн төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 13-15-р тал/.

Мөн өдөр нэхэмжлэгч У.З-а нь 40,000 ам.долларыг М- ХХК-ийн захирал гэх Н.Уранчимэгт хүлээлгэн өгсөн талаарх Мөнгө хүлээлцсэн акт хэргийн 12 дугаар талд авагдаж, тус баримтад Н.Уранчимэг, У.З-а нар гарын үсгээ зуржээ.

 

Нэхэмжлэгч У.З-а нь хариуцагч М- ХХК-ийн захирал Н.Уранчимэгтэй зээлийн гэрээ байгуулан, 40,000 ам.доллар өгч залилуулсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1443 дугаар тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр дээрх хэргийг хаажээ. /хх-ийн 17-18-р тал/

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байх хугацаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5168 дугаар дүгнэлт гарч, 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн акт дахь гарын үсэг нь Н.Уранчимэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно гэж дүгнэсэн байна. /хх-ийн 5-11-р тал/

 

Нэхэмжлэгч У.З-а нь дээрх зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн акт, прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар гарган, хариуцагч М- ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 216,301,778 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх Н.Уранчимэг нь тухайн үед М- ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй, тус компаниас Н.Уранчимэгт гэрээ байгуулах эрхийг олгоогүй, мөн нэхэмжлэгч У.З-а нь 40,000 ам.доллар зээлдүүлэх хөрөнгийн эх үүсвэргүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

 

Дээрх зээлийн гэрээ байгуулагдсан цаг хугацаанд Н.Уранчимэг нь хариуцагч М- ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй гэх хариуцагчийн тайлбар нь хэргийн 123-124 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. Тодруулбал, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч М- ХХК-ийн захирлаар У.Үнэнбат ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, компанийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах эрхийг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэхээр заасан бөгөөд хариуцагч М- ХХК-ийн хувьд Н.Уранчимэгт гэрээ байгуулах эрхийг олгосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч У.З-ыг хариуцагч М- ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, өр төлбөрийн талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Нэхэмжлэгч У.З-ын хувьд хариуцагч М- ХХК-д өр барагдуулагчаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагч М- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй этгээд хэн болохыг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Н.Уранчимэг нь хариуцагч М- ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг нэхэмжлэгч У.З-ад өгсөн гэж үзэхээргүй байх тул Н.Уранчимэг нь М- ХХК-ийн үүсгэн байгуулагч, тус компанийг төлөөлөх эрхтэй байсан гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэгэнт зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч У.З-а нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагч М- ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М- ХХК-ийг 40,000 ам.доллар авсан болохыг тогтоосон гэжээ.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд Н.Уранчимэг нь У.З-атай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 40,000 ам.долларыг залилан авсан болох нь тогтоогдож байна гэсэн байх боловч тус прокурорын тогтоолоор хариуцагчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гараагүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02910 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,263,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ