Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00169

 

 

 

 

 

 

 

 

 

А.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02662 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.У-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00106 дугаар захирамжаар А.У-аас 349,586,670 төгрөг гаргуулан П- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хувийн сууцны зориулалттай 166 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн байна. Тус үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа шүүхийн шийдвэрийг үл биелэгдэх байдлаар, хэт хурдан хугацаанд дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулан өгсөнд гомдолтой байна. Мөн төлбөрийг 9 дүгээр сард бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэр байгаа талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн байтал хүлээж авалгүй 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 тоот тогтоолыг үйлдэж, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдлийг гардуулан дуудлага худалдаанд яаралтай оруулсан. Тухайн үйлдэл нь шүүхийн шийдвэрийг заавал биелэгдэх зарчмын агуулгад харшилж байна гэж үзэж дээд шатны албан тушаалтан болох тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ц.Гантуяад өргөдөл гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан, мөн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Намсамандад өргөдөл гаргасан ч өргөдлийн хүсэлтийг тус тус хангахаас татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч А.У-т холбогдох албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгч А.У-т удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил 17012, Зайсангийн гудамж, Үйлдвэр ХД, 74/1 дүгээр байр, 3 давхарт байрлах, 166 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хурааж, хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд /2002 оны хууль/ заасны дагуу төлбөр төлөгч, авагч нар нь үнийн саналд тохиролцоогүй тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6/105 дугаар тогтоолоор Итгэлт-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд орон сууцыг 394 485 400 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг талуудад мэдэгдсэн. А.У- нь 2020 оноос хойш нэг ч төлбөр төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 71 дүгээр зүйлүүдэд заасан журмын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах дуудлага худалдаа зохион байгуулагдсан байх ба П- ХХК нь дээрх хөрөнгийг 199,500,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон гэжээ.

 

3.Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.У-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороонд байршилтай, хувийн сууцны зориулалттай 166 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн байна. Тус үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа шүүхийн шийдвэрийг үл биелэгдэх байдлаар, шийдвэрт заасан мөнгөн дүнд хүрэлцэхгүй байдлаар тогтоосон нь хууль зүйн шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийг 9 дүгээр сард бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэр байгаа талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсээр байтал хүлээж авалгүй яаран 8/15 тоот тогтоолыг үйлдэж, дуудлага худалдаанд яаралтай оруулсанд гомдолтой байна. Тухайн эс үйлдэл нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх зарчмын агуулгад харшилж байна гэж үзэж байна. Миний бие нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгон, албадан дуудлага худалдааг цуцлуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.У- нь хариуцагч Н-т холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00106 дугаар захирамжаар төлбөр төлөгч А.У- нь 349,586,670 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлбөр авагч П- ХХК-д төлөх, тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд А.У-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил 17012, Зайсангийн гудамж, Үйлдвэр ХД, 74/1 дүгээр байр, 3 давхарт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018976 дугаарт бүртгэлтэй, 166 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 19-21-р тал/

 

Төлбөр төлөгч нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч П- ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 653 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 23-р тал/

 

Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох А.У-ын өмчлөлийн, 166 м.кв талбай бүхий орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжилж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хураажээ. /хх-ийн 24, 28-29, 39-40-р тал/

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/72 дугаар тогтоолоор хуульд заасан хугацаанд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүйд тооцож, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдсэн байна. /хх-ийн 47, 49-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авах ажиллагаа явуулж, төлбөр авагч П- ХХК-ийн хүсэлтээр 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Итгэлт-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. Тус компани нь барьцаа хөрөнгө болох орон сууцыг 394,485,400 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд талууд уг үнэлгээнд гомдол гаргаагүй байна. /хх-ийн 59-60-р тал/.

 

Мөн төлбөр төлөгч, өмчлөгч нарын зүгээс хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргаагүй байх тул хариуцагч байгууллага нь дуудлага худалдаа явуулах албан бичгийг талуудад хүргүүлж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлд нийцсэн байна. Иймд албадан дуудлага худалдааг хэт хурдан хугацаанд явуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ