Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00222

 

 

 

 

 

 

 

 

 

П- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/03618 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П- ХХК-ийн хариуцагч Л.С-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,350,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч Л.С- нь тус компанид 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс усны инженерээр ажилд орсон ба 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ерөнхий инженерийн албан тушаалыг хашиж эхэлсэн. Тэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөө П- ХХК-аас 8,500,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай зээлэн авсан ба ажлаас гарсан болон хувийн ашиг сонирхлын зөрүүтэй үйлдэл гаргасан тохиолдолд 8,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буцаан авах нөхцөлөөр харилцан тохиролцон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг удирдлага болгон зээлийн гэрээг түүнтэй байгуулсан. Мөн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.С-д сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ ёсоор зээлсэн мөнгийг 10 хувийн хүүтэй буцааж авахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Л.С-эс үндсэн зээл 8,500,000 төгрөг, зээлийн хүү 850,000 төгрөг, нийт 9,350,000 төгрөгийг гаргуулж П- ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С- нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр П- ХХК-д усны инженерийн албан тушаалд сарын 800,000 төгрөгийн цалинтай ажилд орсон ба ажилд орсноос хойш 7 хоногийн дараа компанийн зүгээс ерөнхий инженерээр ажиллах санал тавьсан. Ийнхүү санал тавихдаа 8,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх, сарын үндсэн цалинг 1,500,000 төгрөг гэж тохирон үүнээс зээлийн төлбөрт сар бүр 700,000 төгрөгийг суутгахаар тохиролцсон. Л.С- нь уг саналыг хүлээн зөвшөөрч ажилд орсноос хойш 7 хоногийн дараагаас ерөнхий инженерээр ажиллах болсон. Компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нөхөн гэрээ байгуулан мөнгө зээлдүүлсэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед компанид өөрийн нийгмийн даатгалаа 1,500,000 төгрөгөөр тооцож төлүүлье, мөн цалингаа 1,500,000 төгрөгөөр бүтнээр аваад буцаагаад 700,000 төгрөг төлье гэсэн боловч компанийн хувьд нийгмийн даатгал, татвар их төлөх тул 800,000 төгрөгөөр цалинг чинь бодоод 700,000 төгрөгийг суутгаж байя гэсэн. Л.С- нь тус компанид 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан бөгөөд уг хугацаанд тус компанид ажиллаж байхдаа цалингаасаа сар бүр 700,000 төгрөгийг суутгуулан, зээлээ бүрэн төлөөд ажлаас гарсан. Иймд П- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.С-д холбогдох 9,350,000 төгрөг гаргуулах тухай П- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үнэлж үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж, шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг бодитоор үнэлэн дүгнэлт хийгээгүй, хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн бөгөөд гэрч нарын мэдүүлгийг туйлын үнэн зөв хэмээн ойлгож, бусад бичгийн нотлох баримттай харьцуулж дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хөдөлмөрийн гэрээнээс үүссэн эрх зүйн харилцаа болон зээлийн гэрээнээс үүсэх эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, тухайн 2 гэрээний үүргийг ялгаж чадаагүй нэг төрлийн гэрээ мэтээр үнэлж, дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд ойлгоогүй, тухайн хэрэг маргааныг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд Л.С- нъ П- ХХК-д ерөнхий инженерээр сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллан, 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртээл сар бүр зээлийн төлбөр 700,000 төгрөгийг суутгуулан уг зээлээ төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна ... гэж дүгнэсэн нь хэрхэн яаж ямар баримтаар тогтоож байгаа нь тодорхойгүй бөгөөд зээлийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулан тухайн өдрөө 8,500,000 төгрөгийг хариуцагч Л.Сэлэнгийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаан байдаггүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүхээс огт анхаарч үзээгүй үүн дээр ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй юм. Нөгөөтэйгүүр хариуцагч Л.С- нь нэхэмжлэгч П- ХХК-д ерөнхий инженерээр 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж, үүнээс зээлийн төлбөрт 700,000 төгрөгийг сар бүр суутгуулж байсан талаарх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтыг зохиомлоор бий болгож, хариуцагчийн тайлбарыг дангаар нь нотлох баримтад тооцож үнэлэлт, дүгнэлт өгсөн нь илт хууль бус шийдвэр гэж үзнэ.

4.3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтүүд, ажилд авах тухай тушаал болон хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын лавлагаа, цалингийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн тайлбартай нийцэх бөгөөд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болохыг нотолно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд нотлох баримтын талаар хуульчилсан бөгөөд нотлох баримт гэж хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий буюу маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг хамруулахаар хуульд заасан. Нэгэнт хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь зайлшгүй хэдий ч дотоод итгэл нь хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд үнэн зөв, бодитойгоор шинжлэн тогтоосны үндсэн дээр бий болдог үзэл бодол итгэл юм. Нөгөөтэйгүүр дотоод итгэл нь хийсвэр ямар нэгэн үндэслэл муутай баримтууд дээр тулгуурладаггүй, харин хэргийн талаар ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны үндсэн дээр бий болдог үзэл, итгэл юм. Харин шүүхийн зүгээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдийг нэг бүрчлэн харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй буюу гэрч нарын мэдүүлгүүдийг бичмэл нотлох баримттай харьцуулж үзээгүй шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй юм. Мөн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Болортунгалаг, Б.Батнавч, Э.Хонгорзул нар нь хариуцагч Л.Сэлэнгийн цалин 1,500,000 төгрөг байсан гэдгийг хариуцагч Л.С-эс өөрөөс нь сонссон талаар хэлдэг болохоос өөр гуравдагч этгээд буюу нэхэмжлэгч байгууллагын удирдах, төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар огт сонсож байгаагүй, мэдээгүй байдаг ба хариуцагчийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ болон бусад тушаал шийдвэрийг нэг ч удаа олж харж байгаагүй, огт мэдэхгүй тухай мэдүүлдэг нь гэрч нарын мэдүүлгийг туйлын үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн нэр бүхий гэрч нар нь талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад байгаагүй, мөн хэлцлийн талаар мэдэхгүй, уг зээлийг төлж барагдуулсан эсэх, хэрхэн төлдөг байсан эсэхийг мэдэхгүй гэдгийг тодорхой илэрхийлсэн. Энэ талаар шүүх хуралдааны дуу болон дүр бичлэгт тодорхой бичигдсэн байгаа бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нотолгооны бусад эх сурвалжаар давхар нотлогдоогүй тул нотолгооны хэрэгсэл болох ач холбогдолгүй байна. Мөн шүүхийн зүгээс зээлийн гэрээнээс үүссэн эрх зүйн харилцаа, хөдөлмөрийн гэрээнээс үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт ойлгоогүй, тухайн хэрэг маргааныг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч тал гэрчийн мэдүүлгийг дангаар нь үнэлсэн гэж маргадаг. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс яагаад зөрүүтэй цалин авч байгаа талаар, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, санхүүгийн баримтад яаж заасан талаар шалгах буюу гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг шалгуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал гаргасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолж баримтуудаа гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч компанид ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журам гэж байхгүй гэсэн тайлбар хэлж байсан. Хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, мөн хариуцагч, гэрч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд, хөдөлмөрийн гэрээ болон анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, тэдгээрийн гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П- ХХК нь хариуцагч Л.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Л.С- нь зээлийн гэрээний дагуу 8,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авсан боловч буцаан төлөөгүй гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч тус компанид ерөнхий инженерээр нэг сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан, сар болгон цалингаасаа 700,000 төгрөг суутгуулан зээлээ төлж дууссан, компани нь татвар, нийгмийн даатгал бага төлөхийн тулд 1,500,000 төгрөгөөс биш 800,000 төгрөгөөс бодож цалин олгодог байсан гэж тайлбарласан байна. /хх-ийн 23-р тал/

 

Хариуцагч Л.С- нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч П- ХХК-д усны инженерээр ажилд орж, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус компанийн ерөнхий инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллажээ. /хх-ийн 6-10, 120-р тал/

 

Улмаар талууд дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулсан өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч П- ХХК нь 8,500,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр хариуцагч Л.С-д зээлдүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч П- ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 8,500,000 төгрөгийг хариуцагч Л.С-д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, мөнгө зээлдүүлсэн баримт зэргээр тогтоогдсон байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд мөнгө зээлдүүлсэн баримтад зээлийн хэмжээ, хүү зэргийг тодорхой тусгаж талууд гарын үсгээ зуржээ. /хх-ийн 11-р тал/.

Ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байх бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээний дагуу шүүхэд маргаан үүсгээгүй, харин зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар маргасан.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж зөв дүгнэсэн боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч П- ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Л.С-эс шаардах эрхтэй.

 

Хариуцагч татгалзлаа нотлохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Болортунгалаг, Э.Хонгорзул, Б.Батнавч нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан боловч гэрч нар нь хариуцагч Л.Сэлэнгийг сарын 1,500,000 төгрөгийн цалинтай байсныг шууд нотолж мэдүүлээгүй, ... Л.С- нь 800,000 орчим төгрөгийн цалин авдаг гэж хэлж байсан ..., ... 8,500,000 төгрөгийн зээлтэй, түүнийгээ цалингаасаа суутгуулах гэрээтэй гэж сонсож байсан ... гэх зэргээр бусдаас сонссон зүйлээ мэдүүлсэн буюу мэдээлэл нь дамжмал шинжтэй, баримтат бус байна. /хх-ийн 146-150-р тал/.

 

Мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т ... 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1,500,000 төгрөгийн хөлс олгоно гэж зааснаас гадна хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, дансны хуулга, цалингийн тооцооны хүснэгт зэрэгт хариуцагч Л.Сэлэнгийн нэг сарын цалин 400,000 1,200,000 төгрөгийн хооронд зөрүүтэй тусгагджээ. /хх-ийн 8, 38, 71-102, 121-122, 124-135-р тал/.

Энэ тохиолдолд дээрх зөрүүтэй баримтуудад үндэслэн, хариуцагч Л.Сэлэнгийг нэг сарын 1,500,000 төгрөгийн цалин авч, сар тутам 700,000 төгрөгийг зээлийн үүрэгт суутгуулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүх дээрх гэрч нарын мэдүүлэг, цалингийн баримтууд зэргийг шууд үндэслэл болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч Л.Сэлэнгийн хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан байх боловч буцаан төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 8,500,000 төгрөг, зээлийн хүү 850,000 төгрөг, нийт 9,350,000 төгрөгийг хариуцагч Л.С-эс гаргуулж, нэхэмжлэгч П- ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/03618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.С-эс нийт 9,350,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П- ХХК-д олгосугай. гэж,

2 дах заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Л.С-эс улсын тэмдэгтийн хураамжид 164,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П- ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахьь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ