Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 23

 

Ц.Б , Ц.Э , У.Б , Э.Э  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ц.Б ий өмгөөлөгч Б.Тэнгис, У.Б ий өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Ц.Э-н өмгөөлөгч Р.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1444 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 964 дүгээр магадлалтай, Ц.Б , Ц.Э , У.Б , Э.Э  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Б , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, шүүгдэгч Ц.Э-н өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн,  2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хассан, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, мөн онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд оногдуулсан ялыг дүйцүүлж суллагдсан, .... овогт Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан”,

2. Монгол Улсын иргэн, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон, ... овогт У.Б,

3. Монгол Улсын иргэн ... овогт Э.Э  нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын хилээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар нэвтрүүлсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан”,

4. Монгол Улсын иргэн, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, ... овогт Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч У.Б , Э.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 4 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 3 жил хорих ялаар шийтгэж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож,

шүүгдэгч Ц.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүгдэгч У.Б , Э.Э  нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.Б  гаргасан гомдолдоо “...Би хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна.

1. Э.Э  нь анхны мэдүүлгээ өгөхдөө согтуурсан, мансуурсан, өөрийнхөө ухаан санааг хянах чадваргүй, цагдаа нар буу барьж баривчлах ажиллагаа явуулсанд нь цочирдсон байх үедээ намайг гүтгэсэн мэдүүлгээр,

2. Мөн надад худалдан авагч байхгүй, худалдахыг завдсан үйлдэл байхгүй байхад зарсан гэж ямар ч гэрч, нотлох баримтгүйгээр үндэслэлгүй ялласан.

3. Э.Э  өөрийн танил хүн болох С гэдэг хүнтэй Замын-Үүд өртөөнд уулзаж 25 грамм “Мөс” гэх бодис, жин зэргийг А-4 хэмжээтэй дугтуйнд хийсэн байхад нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд мэдүүлсэн боловч үүнийг анхаарч үзээгүй.

4. Өмнө нь миний холбогдож байсан хэргүүдийг үндэслэн уг гэмт хэргийг үйлдэх магадлалтай гэж дүгнэсэнд гомдолтой байна. Би 2010 оноос хойш хувцас, хуучин машин, сэлбэг худалдаалж ар гэрээ хангалттай тэжээх боломжтой тул хар тамхи худалдаалах шаардлагагүй.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж, тохирох зүйл ангиар яллаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Э гаргасан гомдолдоо “...Надаас мэдүүлэг авахдаа ямар хэрэгт холбогдсон талаар танилцуулаагүйгээс гадна эрхийн талаар тайлбарлаагүй мэдүүлэг авсан. Б, Б, Э нарт эрхийг нь танилцуулахад тэд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд мэдүүлэг өгөөгүй байдаг.

Миний бие сайн дураараа мэдүүлэг өгөх, өгөхгүй байх эрхтэй. Мэдүүлэг өгөхгүй бол хэрэг чинь хүндэрнэ гэж тулган шаардсаны үндсэн дээр мэдүүлэг өгсөн. Баривчлах ажиллагаанд дүрэмт хувцастай хүн байгаагүй тул өөрсдийгөө дээрэмдүүлж байна гэж бодсон. Буу барьсан түрэмгий залуус бидэн лүү гал нээж, ...намайг газар хэвтүүлж найзуудаас салгаж машиндаа авч явсан. Тэгээд айж сандарсан, балмагдсан сэтгэл зүйгээр мэдүүлгийг өгсөн ба уншуулахгүйгээр шууд гарын үсгээ зур гэж шаардсан. Б , Б  нарт хамааруулж мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Энэ талаар Хар тамхитай тэмцэх хэлтсийн 414 тоот өрөөний камерын бичлэгийг шалгуулмаар байна. Би өндөр настай ээжийгээ асран халамжилдаг. Уран бүтээлч хүний хувьд ихийг хийж бүтээх насандаа ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Миний өгсөн мэдүүлгийг шалгах боломжгүй гэж үзвэл анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээж байгааг минь харгалзан ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.Б , Э.Э  нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.12-д заасныг баримтлан анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан ба анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2607 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлуудыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоолгохоор прокурорт буцаасныг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж 2018 оны 12 дугаар сарын 06-ны 1078 тоот магадлалаар захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хяналтын шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 тоот шүүгчийн захирамжаар хэлэлцүүлэлгүйгээр буцаасан болно.

Прокуророос яллах дүгнэлтийн гол нотлох баримтаар Э-н сэжигтнээр /3хх-204-205/ өгсөн мэдүүлгийг авч, бусад яллагдагч нарын үйлдлийг давхар нотолсон гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөгч, прокурор нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэж байна.

1. Сэжигтэн Э-н сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэж У.Б ий болон бусад холбогдогч нарын гэм буруугийн байдлыг прокуророос нотолж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчтэй оролцоно” гэж, 1.4 дүгээр зүйлийн 1.30-д “шөнийн цаг гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг”, 5 дугаар зүйлийн 1.2-д “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад хориглох зүйл мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдол, эсхүл нууцаар явуулахаас бусад тохиолдолд шөнийн цагаар явуулах ”-ыг хориглоно гэснийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзнэ.

Тухайлбал: Мөрдөгч С.Отгонням нь Э.Э-г сэжигтнээр /3хх-204-205/ мэдүүлэг авахдаа 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “шөнийн” 22:25 цагаас 23:30 цагийн хооронд, Ц.Б ийг сэжигтнээр /3хх-206/ шөнийн 00:45 цагаас 01:58 цагийн хооронд, У.Б ийг сэжигтнээр /3хх-208/ 23:47 цагаас 23:58 цагийн хооронд, Ц.Э-г сэжигтнээр /3хх-208/ 00:40 цагаас 00:45 цагийн хооронд тус тус байцаалт авч хууль зөрчсөн байна.

Хууль зөрчиж байцаалтуудыг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн нарыг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, сэжигтэн нар мэдүүлэг өгөх чадваргүй байдлыг мэдсээр байж байцаалт авсан бөгөөд сэжигтнээр байцаалт авахаас өмнө Э.Э , У.Б , Ц.Б , Ц.Э  нараас тус тус биологийн дээж авч шинжлэхэд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж гарсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар дээрх сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг хууль зөрчиж авсан байх тул нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд У.Б ий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар оруулсан. Уг тэмдэглэлд нэр бүхий хүмүүс, утасны дугаараас хоорондоо бичсэн үгэн мессэж байх бөгөөд хар тамхи худалдаалах, бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдахтай холбоотой ямар ч үг, өгүүлбэр байхгүй, эх сурвалж тодорхойгүй.

Яллагдагч Э.Э  нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу камер засуулахаар явсан тухай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг.

Яллагдагч Э-н гар утсанд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэлд /2-хх-222/ D... гэх хүнтэй we chat-аар 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр харилцан үгэн мессэж бичсэн байх ба Э.Э  нь “...харин буцах гээд машин тэрэг яах уу гээд байж байна. Камерийн нэг юм засуулах гээд” гэсэн харилцан бичвэр авагдсан байдаг. Дээрх баримтаар хориглосон бараа хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилго байгаагүйг шууд нотолж байна.

Э.Э , У.Б  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд прокуророос шилжүүлсэн хэргийн зүйл ангиар шалгаж нотолсон, нотлогдсон зүйл байхгүй учир хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг хүсч байгаа болно.

Иймд дээрх зөрчлийг арилгуулахаар шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Ц.Э-н өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ц.Э-д ял оногдуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хэргийн байдлыг үнэн зөвөөр шударгаар мэдүүлж, өөрийн гэм буруугаа ойлгон гэмшсэн, хэрэгт оролцсон оролцоо, түүний хувийн байдал зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хэрэглэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Ц.Э  нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт хөгшин настай эхийгээ асардаг. Ц.Э  хэдийгээр урьд нь гэмт хэрэгт холбогдсон ч сая хоригдох явцдаа гэм буруугаа чин санаанаасаа ухаарч цаашид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж, чин санаанаасаа гэмшиж байгаа болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирол төлбөргүй хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ц.Э-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч У.Б ий өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа “...Э.Э-г баривчлаад байцаалт авсан тэмдэглэлд Хятадаас оруулж ирсэн гэх утгатай зүйл бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасныг баримталж хяналтын журмаар гомдол гаргасан. Байцаалтуудыг шөнийн цагаар явуулж, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад бүгд хэрэглэсэн байсан бөгөөд харин Ц.Б , У.Б  нар нь өмгөөлөгч авч байцаалт өгнө гэсэн мэдүүлэг хэрэгт байдаг. Э-н хувьд өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйлгүй гээд мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг заавал өмгөөлөгчтэй оролцуулахаар заасан. Ц.Б , У.Б  нар “...өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэж байхад нь мансууруулах бодис хэрэглэсэн хүний мэдүүлгийг яллах гол нотлох баримт болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Прокурорын зүгээс бусад нотлох баримтаар нотлогдсон гэх боловч шалгасан цахим шууданг нь үзэхэд хар тамхины талаар нэг ч үг байдаггүй. Эх сурвалж нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байдаг. Иймд процессийн зөрчлийг арилгахаар хэргийг прокурорт буцаах саналтай байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мансууруулах бодис хэрэглэсэн хүнээс мэдүүлэг авч болохгүй гэж заасан байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй болсон. Мансууруулах бодис хэрэглэсэн хүнээс авсан мэдүүлгийг гол нотлох баримт болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан шаардлагыг зөрчсөн. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэрэгт нотлох ажиллагааг дахин хийх шаардлагатай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч У.Б ий өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа “...Ш.Мягмарцэрэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоосон гэх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны практикаас харахад хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд мансуурсан этгээдэд тест хэрэглэдэг бөгөөд тэр даруй нь мэдүүлэг авдаг. Мансуурсан хүнээс авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцдог асуудалтай эвлэрч болохгүй юм. Харин тухайн этгээдийг мансуурлын байдлаас гарсны дараа мэдүүлэг авбал хуульд нийцнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна” гэж заасан. Гэтэл эрх олгогдоогүй этгээд авдаг нийтлэг алдааг мөн гаргасан. Шөнийн цагаар мэдүүлэг авахдаа мэдүүлэг авсан байдлыг зөвтгөх прокурорын шийдвэрийг тусгаагүй буюу хойшлуулшгүй ажиллагаа явуулах ямар үндэслэл байсан нь тодорхойгүй. Тэгэхээр Э.Э-с хууль зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтад тооцож болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байгаа учраас хэргийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б ий өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “...Яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалаас харахад миний үйлчлүүлэгчийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.6 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэсэн мөртлөө 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэгээр бодис нь гарч ирдэг. Тэгэхээр хэзээнээс хадгалсан гэж үзэх эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Нэгэнт хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар ял, шийтгэлийг анхаарч үзэхийг хүсч байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ц.Б  нь хоёр удаагийн үйлдэлтэй бөгөөд нэг нь биеэс нь метамфетамины агууламжтай бодис илэрсэн, хоёр дахь үйлдэл нь гурван шүүгдэгч автомашин дотор тухайн төрлийн бодисыг хэрэглэж байгаад цагдаагийн байгууллагын ажилтнуудад газар дээрээ баригдсан. Хэрэг илэрч шөнийн цагаар хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай болсон учраас сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан. Э.Э-с бусад шүүгдэгч нарын хувьд өмгөөлөгч авч мэдүүлэг өгнө гэсэн байдаг. Э.Э  өөрөө мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй бөгөөд хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 6 цагийн дотор мэдүүлэг авсан байдаг. Давж заалдах шатны шүүх “Э.Э  өөрөө мэдүүлэг өгье” гэсэн учраас хууль зөрчөөгүй талаар магадлалдаа тайлбарласан.

Ц.Б-ий дансаар 30 000 000 орчим төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдсан байдаг. Ц.Б  “мөрдөгч намайг шалгаад дууссаны дараа өөр газраас метамфетамин гарч ирсэн” гэж эхний үйлдэлдээ маргадаг. 2017 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дамжсан ажиллагаа явагдсан учраас өмгөөлөгч нь хадгалсан өдрийн асуудлыг яриад байх шиг байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Б , Э.Э , шүүгдэгч Ц.Э-н өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүгдэгч У.Б ий өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Э-н өмгөөлөгч Ж.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б , Ц.Э , У.Б , Э.Э  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ц.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, уутны хамт 0.6 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

мөн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхон орчим .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дээр дурьдсан 9.18 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

У.Б , Э.Э  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25,83 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....хотхон хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт У.Б  нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж, зохион байгуулж, Э.Э  нь уг гэмт хэргийг гүйцэтгэж оролцсон,

У.Б  нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхон орчим .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 13,3 гр “мөс’’ гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

Э.Э  нь мөн цаг хугацаа, газарт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 2,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

Ц.Э  нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... хотхоны орчим өөрийн цүнхэндээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 13,03 грамм “Каннабис" гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б , Ц.Э , У.Б , Э.Э  нарын холбогдсон хэргийн үйл баримтыг тогтоож, У.Б ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргээр,

Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргээр,

Ц.Б ий үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр,

Ц.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч У.Б ий өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Э-н өмгөөлөгч Ж.Батбаяр нар нь “Шүүгдэгч нараас шөнийн цагаар, мансуурсан байхад нь мэдүүлэг авсан ба Э.Э-г өмгөөлөгчгүй байцаасан, харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн нарыг өмгөөлөгч авах эрхээр хангалгүйгээр мэдүүлэг авсан” гэж,

шүүгдэгч У.Б  нь “...нотлох баримтгүйгээр намайг яллаж байгаад гомдолтой байна” гэж,

шүүгдэгч Э.Э  нь “Надаас мэдүүлэг авахдаа эрхийн талаар танилцуулаагүй. Мэдүүлэг өгөхгүй бол хэрэг чинь хүндэрнэ гэж тулган шаардсан тул айж балмагдсан сэтгэл зүйгээр мэдүүлэг өгсөн” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчил гарсан талаар тус тус гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд сэжигтэн Ц.Б , У.Б , Ц.Э  нараас мэдүүлэг авахын өмнө эрхийг нь танилцуулахад тэд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан, харин Э.Э  нь “...Би өмгөөлөгч авна. Одоо мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлж мэдүүлэг өгсөн байх ба түүнийг ямар нэгэн байдлаар бусдын нөлөөнд автаж мэдүүлэг өгсөн, мөрдөгч түүнд эрхийг нь танилцуулалгүй хязгаарлаж, зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байна.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138/,А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орчноо мэдрэх чадваргүй, цаг хугацаа орон зайн баримжаа алдагдсан, зан ааш болон үйл хөдлөл тогтворгүй болсон, хэт хөөрч баярлах, гутрах, айж цочирдох, хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй байх, хэл яриа, хөдөлгөөний тэнцвэр алдагдсан” гэж согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнээс илрэх шинжүүдийг тодорхойлсон бөгөөд эдгээр шинж илэрсэн тохиолдолд тухайн этгээд рүү чиглэсэн аливаа ажиллагаа явуулж болохгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүнээс мэдүүлэг авах ажиллагааг явуулахад тухайн этгээд сэтгэцийн эмгэг болон бусад байдлаар согтуурсан, мансуурснаас үүдэн өөртөө хяналттай, ухамсартай байгаа эсэхийг тэргүүн ээлжинд дээрх хамтарсан тушаалд тэмдэглэгдсэн шинжүүдээр тогтоох, цаашлаад шинжилгээний аргыг ашиглан тогтоох бөгөөд энэхүү үйл ажиллагааг явуулах шалтгаан нь Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, хүний эрхийн баримт бичгүүдээр дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх” эрхийг ухамсартайгаар эдлэх бололцоог олгодогт оршдог.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдээс согтуурсан, мансуурсан үед нь мэдүүлэг авахыг хуулиар хориглоогүй гэсэн үндэслэлээр хүний дээрх суурь эрхийг зөрчих явдлыг хүлээн зөвшөөрч болохгүй.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хэрэглэсэн хэмжээ, бие махбод, сэтгэл зүйн онцлогоос хамаарч хүн бүрийн ухамсар, биеэ авч явах байдалд харилцан адилгүй нөлөөлөх тул сэтгэхүй, ухамсрын алдагдалд орсон эсэхийг энгийн хүний түвшинд эсхүл нарийвчилсан шинжилгээгээр тогтоосны эцэст ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэж байх нь зүйтэй.

Энэ хэргийн тухайд Э.Э ас тест авахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон боловч тэрээр мэдүүлэг өгөхдөө эрхээ ухамсарлаж, хамгаалах чадваргүй байсан гэх шинж тэмдэг, нөхцөл байдал илэрч тогтоогдоогүй, мэдүүлгийнх нь агуулгыг судлахад харилцан уялдаатай, шалтгаантай, үйл явдлын эхлэл, төгсгөлтэй, тухайн үйл явдалд хамааралтай хүн, эд зүйлийн хүрээг тодорхойлж илэрхийлсэн байх тул түүний мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ашигласныг зөв гэж үзнэ.

Мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхээ тухайн ажиллагаанд эдлэхгүй гэсэн хүний тухайд хуулиар тусгайлан зохицуулаагүй тохиолдолд эрхээ эдлэхийг тулгаж болохгүй, мөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс харилцан эсрэг сонирхолтой болох нь мэдэгдээгүй байгаа нөхцөлд Э.Э ас мэдүүлэг авсан байх тул энэ ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Ц.Б , У.Б , Ц.Э , Э.Э  нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Ц.Б , У.Б , Ц.Э , Э.Э  нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь тэдний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлуудад тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод зөв чиглэсэн байна.

Мөн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, улмаар үүнийг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох эрхгүй байдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үйлдэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1444 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 964 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б , Э.Э , шүүгдэгч Ц.Э-н өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүгдэгч У.Б ий өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Э-н өмгөөлөгч Ж.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН