Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00371

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00370

 

 

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/02575 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ШШГЕГ-ын харьяа БХЗХТБАА-нд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 00 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны 65/6 дугаар байрны 4 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02108 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00443 дугаар тогтоолоор Ж.Б-аас 3,680,364,298 төгрөгийг гаргуулж КБ ХХК-д олгож, зээлийн барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2206022885 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 00 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 4 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг, мөн 72-58 УНП улсын дугаартай, WDCYC7BF2BX арлын дугаартай, Бенз Жи-550 маркийн автомашиныг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт бага буюу тус бүр 1,045,854,000 төгрөг, нийт 2,901,708,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үнэлгээ нь нэхэмжлэгчид хэт хохиролтой, үнэгүйдүүлсэн дүгнэлт болсон. Дээрх үнэлгээний дагуу улсын бүртгэлийн Ү-2206022885 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 00 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 4 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэ гэх 1,045,854,000 төгрөгийн 70 хувь болох 732,097,800 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2108 дугаар шийдвэрээр Ж.Б-аас 3,699,324,069 төгрөгийг гаргуулж КБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ШШГЕГ-ын харьяа БХЗХТБАА-нд холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 00 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцнуудыг тус бүр 1,045,854,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.А. Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л болон өмгөөлөгч Ц.Э нарт шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас ирүүлээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон талаар буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, эцэслэн шийдвэрлэсэн. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй.

4.Б. Ж.Б-ын барьцаалсан сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээнд нийцсэн гэж дүгнэсэн хэдий ч дээрх барьцаа хөрөнгүүдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт бүрдүүлэх нөхцөл байдлыг олголгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгосонд гомдолтой.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүх хуралдаан удаа дараа хойшилсны эцэст хэргийг шийдвэрлэсэн, анхан шатны шүүхээс гүйцэтгэх хуудсыг хуулийн дагуу хүргүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч ШШГЕГ-ын харьяа БХЗХТБАА-нд холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 00 тоот хаягт орших 400 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны 65/6 дугаар байрны 4 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 32/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02108 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Б-аас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 3,051,847,401 төгрөгийг гаргуулж, КБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаар магадлалаар хариуцагч Ж.Б-аас 3,680,364,298 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00443 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ./хх116-131/

 

Төлбөр төлөгч Ж.Б- нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 183/ГХ2019/00522 дугаар захирамжаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19290697 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх115, 132/

 

Барьцаа хөрөнгүүд болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 00 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцуудыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19290697/05, 19290697/06 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19290697/10, 19290697/11 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах доод үнийн саналаа 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч Ж.Б-т 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/276 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч КБ ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

Үүний улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/03 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх44/ Энэ ажиллагаанд талууд маргаагүй, шинжээчийн тогтоосон үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

 

Шинжээч нь дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээдийн тогтоолд заасан 3, 4 тоот орон сууцуудыг нэгж тус бүрийн үнэ 1,045,854,000 төгрөг, нийт 2,091,708,000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/889 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид гардуулсан байна. /хх63/ Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/03-04 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулж доод үнийг жишиг үнэлгээний 70 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн шинжээч нь үнэлгээ хийхдээ үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэгүйдүүлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээ нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4.А. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй талаарх гомдол үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан. /хх136/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан. Шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдсэнийг буруутгах боломжгүй.

 

4.Б. Барьцаа хөрөнгүүдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт бүрдүүлэх нөхцөл байдлыг олгоогүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 8 сар үргэлжилсэн, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, нотлох хангалттай хугацаа боломжийг олгосон гэж үзнэ. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний байгууллагын үнэлгээг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/02575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД