| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2022/03789/И |
| Дугаар | 183/ШШ2024/03913 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2024/03913
2024 оны 10 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/03913 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдохрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Алимаа нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч Г.Алимаа шүүх нэхэмжлэлийн шаардлагадаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 134,100,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Г.Алимаагийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Алимаа үүргээ байн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний барьцаанд бариулсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 38м.кв талбайтай 3 өрөө орон сууц: эрхийн улсын бүртгэлийн Ү-220605366 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 7а гудамж, 3 давхрын 2813 тоот хаягт байршилтай, 90м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204002693 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 38м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 130,500, төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр утсаар мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг шуудангаар хүргүүлэх талаар хэлсэн. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж үнэлгээний мэдэгдлийг гардаж аваад шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцсан болно. Миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3. иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах; эрхийг хангаагүй, буюу төлбөр хэрхэн төлөх саналыг авалгүйгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Учир нь шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргаж, төлбөр авагч С.Мөнхдэлгэрт 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үнэлгээ хийлгэх мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд С.Мөнхдэлгэр нь 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэгч миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 70,300,000 төгрөгөөр үнэлэх саналаа өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч миний бие тус үнэлгээ хийлгэх тухай мэдэгдлийн талаар огт мэдээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэргийн материалтай танилцах явцад энэ талаар олж мэдлээ. Өөрөөр хэлбэл миний өмчлөлийн эд хөрөнгийг үнэлэхдээ өмчлөгчид нь мэдэгдээгүй, төлбөр авагч нь 70,300,000 төгрөгөөр, хөрөнгийн үнэлгээний байгууллага 130,500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хоорондоо асар зөрүүтэй байх бөгөөд миний олж мэдсэнээр бол тухайн байрлалд ойролцоо 2 өрөө байрны үнээр миний 3 өрөө байрыг үнэлсэн байна. Тодруулбал: unegui.mn худалдааны цахим мэдээллээс хайж үзэхэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 3 өрөө байрны зар олдоогүй, 2017,2019 онуудын хуучин зар гарч ирэх бөгөөд байрны үнэ ханш өссөн энэ үед хөрөнгийн үнэлгээний байгууллага яаж зах зээлийн үнэлгээг тогтоосон нь тодорхойгүй, хуучны судалгаанд тулгуурлаж зохиомол үнэ гаргасан байна. Энэ талаар шүүхийн ажиллагааны явцад бусад нотлох баримтуудаар нотлох болно. Түүнчлэн шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангах 2 үл хөдлөх эд хөрөнгө нэрлэн заасан байхад төлбөр авагч С.Мөнхдэлгэр нь Хан-Уул дүүрэгт байрлах үйлчилгээний 90 м.кв талбайг санал болгоход хүлээж авахгүй хэр нь заавал миний эцгийн гал голомт болсон орон байрыг төлбөрт хураалгаж, зах зээлийн үнээс хамаагүй багаар үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улмаар хуульд зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний 70 хувь болох 91,350,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах нь төлбөр төлөгчид хохиролтой, Г.Алимаа миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газраас албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн тус газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4-179/15353 дугаартай албан бичгээр мэдэгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021оны 3 дугаар сарын 31-ны өдрийн захирамжаар н.Алимаагаас 134,100,000 төгрөг гаргуулж н.Мөнхдэлгэрд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шүүхээс тогтоосон хаяг нь ХУД-ийн 15 дугаар хороо, Рапид хороололын 25 дугаар байрны 53 тоотод удаа дараа очиход хаалгаа тайлаагүй. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хугацаандаа мэдэгдэж баталгаажуулж, холбогдох баримт бичгийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ******* үүсэх тогтоолыг үүсгэж ажиллагаанд оруулсан. Дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан Баянзүрх дүүргын 16 дугаар хороо, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай 38мк2 талбаатай 3 өрөө орон сууцыг 2022 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр ******* тоот тогтоолоор битүүмжилсэн. 2022 оны 8 дугаар сарын 2-ны адрийн 21230759 эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 130.500.000 төгрөгөөр үнэлсэн болохыг талуудад шуудангаар хүргүүлсэн гэв
4. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-5-8/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ГХ2021/0483 дугаартай гүйцэтгэх хуудас, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 21290559 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 21290559/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4-179/15353 дугаартай албан бичиг, *******-ийн гүйцэтгэсэн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагч тал нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, 21290559 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ГХ2021/0483 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/06272 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 21290559 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21290559/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 21290559/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 угаар сарын 4-ний өдрийн 4-179/14317 дугаартай албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4-179/14679 дугаартай албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 8/205 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, 22/0026 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4-179/15353 дугаартай албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, *******-ийн гүйцэтгэсэн Орон сууцыг зах зээлийн үнэ тогтоох зорилгоор үнэлсэн тухай тайлан, , нарт олгосон итгэмжлэл, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2024.08.27-ны өдрийн 24/78 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг нотлох баримтыг зэргийг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Алимаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.Алимаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаартай захирамжаар хариуцагч Г.Алимаа нь нэхэмжлэгч С.Мөнхдэлгэрт зээлийн гэрээний үүрэгт төлөх 134.100.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн, мөн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-220605366 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 7а гудамж, 3 давхрын 281а тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 9-10/
5. Төлбөр төлөгч Г.Алимаа нь төлбөрөө сайн дураараа төлөөгүй тул төлбөр авагч С.Мөнхдэлгэр нь албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудас бичүүлж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. /хх-ийн 11/
6. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №21290559 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор 179 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч О.Уртнасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болжээ. /хх-ийн 12/
7. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №21290559/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор нэхэмжлэгч Г.Алимаагийн үл хөдлөх эд хөрөнгө болох:
- эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байна. /хх-ийн 35-36/
8. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №21290559/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрх битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. /хх-ийн 37-38/
9. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч С.Мөнхдэлгэр болон эд хөрөнгийн өмчлөгч Г.Алимаа нараас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авахад С.Мөнхдэлгэр 70.300.000 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-ийн 41/
9.1. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Г.Алимаагаас үнийн санал авахаар 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр №4-179/14317 дугаартай албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр №4-179/14679 дугаартай албан бичиг тус тус хүргүүлж байсан боловч тэрээр үнийн санал ирүүлээгүй байна. /хх- 39, 42/
10. Г.Алимаа үнийн санал гаргаагүй, үнийн санал дээр талууд санал нэгдээгүй тул шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №8/205 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилжээ. /хх-ийн 43/
11. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээчин Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 оны/-ийн 13, 14, 16 дугаар зүйлд заасан шинжээчийн эрх, үүргийг танилцуулж, шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэлийг тайлбарлан танилцуулсан байна. /хх-ийн 44-45/
11.1. Мөн үнэлгээчин мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, тухайн хэрэгт хувийн сонирхолтой эсэхийг тодруулан, Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 оны/-ийн 16 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.1, 43.4-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, Шийдвэр гүцэтгэх ажиллагааны талууд тэдгээртэй хамаарал бүхий этгээдтэй хамааралтай эсэх зэрэг холбогдох хуулийг тайлбарлан, сануулсан болох нь Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл-ээр нотлогдож байна. /хх-ийн 46/
11.2. Түүнчлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт-аар үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр оролцуулахтай холбогдуулан Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 оны/-ийн 9, 11, 13, 14, 16, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 13, 14, 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.1, 43.4 дэх заалтыг тус тус танилцуулж, хүлээх хуулийн хариуцлагыг тайлбарлан өгсөн байна. /хх-ийн 47/
12. Ийнхүү үнэлгээчин С.Мөнхжаргал нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор болж, хөрөнгийн үнэлгээний тайлангаа гаргаж тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн байна. /хх-ийн 48/
12.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, хөрөнгийг үнэлэхээр шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах журмыг зөрчөөгүй байна.
13. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг хэлнэ гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэлийг тусгана гэж заажээ.
14. Үнэлгээчин С.Мөнхжаргал нь хөрөнгийн үнэлгээний тайланд хуульд заасан дээрх мэдээллийг бүрэн гүйцэт тусгасан байна. /хх-ийн 50/
15. Үнэлгээчин С.Мөнхжаргал нь Хөрөнгийн үнэлгээний -ийн захирал байх бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь Тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 63/
16. Үнэлгээчин С.Мөнхжаргал нь нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 130.500.000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлангаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн болох нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн актаар нотлогдож байна. /хх-ийн 48/
17. Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн аваад төлбөр авагч С.Мөнхдэлгэр, төлбөр төлөгч Г.Алимаа нарт танилцуулсан болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №4-179/15353 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 59-60/
18. Нэхэмжлэгч Г.Алимаа хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр танилцаад эс зөвшөөрч тус шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
19. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж, мөн хуулийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан байна.
20. Нэхэмжлэгч Г.Алимаа нь хөрөнгийн үнэлгээний тайланг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргасан бөгөөд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
21. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа ... Г.Алимаа өөрийн хөрөнгөө *******-иар үнэлүүлэхэд 141.147.969 төгрөг гэж үнэлсэн, харин 130.500.000 төгрөгөөр үнэлсэн тул Монголын мэргэшсэн үнэлээчдийн институтээр дүгнэлт гаргуулах ... шүүхийн шийдвэрт 2 үл хөдлөх эд хөрөнгө заасан байхад шийдвэр гүйцэтгэгч заавал Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоолгоод байгааг зөвшөөрөхгүй байна ... гэж тайлбарласныг хариуцагч байгууллагын төлөөлөгч ... нөгөө үл хөдлөх эд хөрөнгө нь үнийн дүнд хүрэхээргүй ... дутуу баригдсан ... байсан тул энэ хөрөнгийг битүүмжилж, хураасан ... гэж тайлбарлаж байна.
21.1. Нэхэмжлэгч Г.Алимаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гранд Бэхи ХХК-иар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцандаа хөрөнгийн үнэлгээ хийлгэж, хөрөнгийн үнэлгээний тайланд энэхүү орон сууцыг 141.147.969 төгрөг байна гэсэн үнэлгээ гаргажээ. /хх-ийн 84-96/
21.2. Харин Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн томилсон үнэлгээчин С.Мөнхжаргал нь дээрх орон сууцыг 130.500.000 төгрөгөөр үнэлжээ.
21.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байна.
21.4 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Алимаа өөрөө Гранд Бэхи ХХК-ийг сонгон, өөрийн санаачилгаараа хөрөнгийн үнэлгээ хийлгэж тайланг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх тул түүний ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.
21.5. Учир нь: Гранд Бэхи ХХК-ийн гаргасан үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдоогүй, үнэлгээчинд үнэлгээ гаргахад баримтлах холбогдох хуулийг тайлбарлаж сануулаагүй зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчиж, хөрөнгийн үнэлгээ гаргасан байна.
21.6. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хууль журмын дагуу томилогдсон үнэлгээчний гаргасан үнэлгээний тайланг нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан үнэлгээчний үнэлгээний тайлантай харьцуулан үзэж шүүхээс дахин Монголын мэргэшсэн үнэлээчдийн институтээр дүгнэлт гаргуулах үндэслэлгүй байна.
21.7. Тодруулбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаанд хөрөнгийн үнэлгээг дахин, давтан хийлгэх боломжгүй байх тул өмгөөлөгч *******ийн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
21.8. Мөн шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгч Г.Алимаагийн хоёр үл хөдлөх эд хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэгчийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж, хөрөнгийн үнэлгээ тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.
22. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Алимаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Алимаад шүүх хуралдааны товыг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна
23.1. Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.
23.2. Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Алимаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч ******* болон хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нар нь нэхэмжлэгч Г.Алимаагийн эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэлээ.
24. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
25. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2022/15517 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болно.
26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Боржигон овгийн Ганбаатарын Алимаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2022/15517 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ