Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01750

 

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01750

 

Г.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01809 дугаар шийдвэртэй,

 

Г.Агийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Агийн зөвшөөрлийг баталж, зээлийн гэрээний үүрэгт 134,100,000 төгрөгийг С.Мөнхдэлгэрт төлөх, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцыг 130,500,000 төгрөгөөр үнэлсэн болохыг нэхэмжлэгчид 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр утсаар мэдэгдсэний дагуу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний мэдэгдлийг гардаж авсан.

1.3. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 813 дугаар захирамжаар Г.Агаас 134,998,650 төгрөгийг гаргуулж С.Мөнхдэлгэрт олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 72 дугаар байрны -од байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хураасан. Үнийн санал дээр тохиролцоогүй, шинжээчээр үнэлгээ гаргуулсан, үнэлгээг баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн.

2.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай Г.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. Шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрт заасан 2 үл хөдлөх эд хөрөнгийн зөвхөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны -од байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлж зах зээлийн үнэлгээг 130,500,000 төгрөгөөр тогтоосон болохыг мэдэгдсэн. Г.Агийн хувьд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, дэнж 7а гудамж, 3 давхрын - тоот хаягт байршилтай 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, төлбөр төлөх хүсэлтэй байсан.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээний тайланд Баянзүрх дүүргийн 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 141,147,969.83 төгрөгөөр тодорхойлсон, энэ нь маргаж буй үнэлгээнээс 10,0 сая төгрөгийн зөрүүтэй байх тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна.

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01809 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид гардуулсан хувийн үндэслэх хэсгийн 1 хуудас дутуу байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2023 оны 06 дугаар сарын 02-ын өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шийдвэр үйлдсэн боловч бичгээр гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасны дагуу үйлдэгдээгүй байна. 

Тодруулбал, шийдвэрийн 7 дахь хуудас дутуу үйлдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

4. Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хянах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01809 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Агаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА