Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 312

 

Г.М-гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй

дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар

зохион байгуулалтын алба, Улсын

бүртгэлийн ерөнхий газарт тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: П.З-ын 2000 оны газар эзэмших эрхийн 010603233 дугаартай гэрчилгээ болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З-ад холбогдох хэсгийн 134 м.кв газарт давхацсан хэсгийг, П.З-ын нэр дээр сууцыг бүртгэсэн эрхийн улсын Ү-2202023332 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, өөрт нь маргаан бүхий газрыг бүхэлд нь эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад, өөрийг нь уг байшингийн өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0300 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0403 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С-Э,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0300 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан П.З-ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З-ад холбогдох хэсэг, П.З-ын нэр дээр бүртгэсэн Y-2202023332 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М- миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгах нэхэмжлэгч Г.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0403 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0300 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан Г.М-гийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан П.З-ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн 134 м.кв газартай давхцалтай хэсгийг, П.З-ын нэр дээр бүртгэсэн Ү-2202023332 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М- миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Г.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс нэхэмжлэгч Г.М-гийн гаргасан “...П.З-ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 010603233 дугаар гэрчилгээг болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...П.З-ад дурдсан хаягт 300 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 010603233 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор газар эзэмших эрх үүссэн, ...” талаар дүгнэжээ.

4. Ийнхүү шүүхүүдээс дүгнэхдээ 2000 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд энэ хуулийн 30-32 дугаар зүйлүүдэд заасан газар эзэмших хүсэлт байхгүй, эзэмшүүлсэн шийдвэр гараагүй, гэрээ байгуулаагүй байхад дүүргийн Засаг дарга гарын үсэг зурсан гэрчилгээ олгоход л дээрх хуулийн заалтууд ямар ч хамааралгүй болж, хууль ёсны болж хувирах мэтээр тайлбарлаж байгаа нь хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй дүгнэлтийг хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй.

5. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ "...гэрчилгээн дээр Газрын тухай хуулийн /1994 оны/ холбогдох зохицуулалтаас тусган эрх олгосон нь тухайн газарт амьдарч байсан өрх айлуудын газар эзэмшин амьдарч байсан үйл баримтыг үгүйсгэх боломжгүй” гэжээ. Газар эзэмших хүсэлтийг иргэн хүн гаргаагүй, дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байхад хуулиас хэдэн заалтыг гэрчилгээн дээр хэвлэж гаргаад, гарын үсэг зурчихсан гэрчилгээгээр хууль зөрчиж буюу газар эзэмших эрхгүйгээр газар эзэмшсэнийг зөвтгөн дүгнэх боломжгүй бөгөөд шүүхээс хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

6. Түүнчлэн “... нэхэмжлэгч Г.М-д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар эрх олгосон 134 м.кв газар нь гуравдагч этгээд П.З-ын эзэмшлийн газартай 131 м.кв-аар давхцалтай...уг давхцалтай хэсэгт П.З-ын өмчлөлийн 30 м.кв орон сууцны суурийн газар багтсан... Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т ... зааснаас үзвэл П.З-ын бүртгэлээр баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн бүрдэл хэсэг болох суурийн газар давхцалтай байгаа нь өмчлөгч орон сууцаа бодитоор өмчилж, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ...” гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

7. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд байшингийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-гийн газар дээр байрлаж байхад П.З-ад олгосон гэдэг талаас дүгнэлт хийвэл П.З- нь байшингаа өмчилж, ашиглах боломжгүй болох бус харин нэхэмжлэгч газраа эзэмших, ашиглах боломжгүй болж байгаа нөхцөл байдал байгааг буруу үнэлж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь тус тусын харилцааг зохицуулсан бие даасан хуультай, тус тусдаа гэрчилгээтэй, тусдаа эд хөрөнгүүд байхад үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх бүртгэгдсэн л бол газар нь түүнийх гэх байдлаар хуулийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Харин давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “...гуравдагч этгээдэд 2000 онд газар эзэмших эрхийн 000554435 дугаар гэрчилгээг олгохдоо дүүргийн Засаг даргын захирамж байхгүй нь тогтоогдож байх боловч уг үндэслэлээр газар эзэмших эрхгүй байсан гэж үзэх боломжгүй, ...гуравдагч этгээд нь тухайн маргаж буй газрыг нэхэмжлэгчээс өмнө эзэмших эрхтэй байсан тул цаг хугацааны хувьд сүүлд газар эзэмшсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах шийдвэрлэхээргүй” талаар дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

9. Учир нь одоо үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Газрын тухай хууль болон 2000 онд үйлчилж байсан 1994 онд батлагдсан газрын тухай хуулиар иргэн, хуулийн этгээдэд газрыг дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж, түүнийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээний үндсэн дээр эзэмшихээр зааж, зохицуулсан байхад газар эзэмших эрх нэхэмжлэгчээс өмнө үүссэн мэтээр дүгнэх нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

10. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0300 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0403 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.М-гийн “... П.З-ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28- ны өдрийн 010603233 дугаар гэрчилгээг болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

12. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаяг дахь 300 м.кв талбай бүхий хашааны газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар иргэн П.З-ад баталгаажуулж, түүнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 010603233 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгосон, мөн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар П.З-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 000554435 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгож, эзэмшил газрыг 285 м.кв-аар баталгаажуулсан, Эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь уг газар дээрх Усны аж ахуйн байгууллагын ажилчдын 4 айлын байрны 2 өрөө, 30 м.кв талбайтай нэг сууцны өмчлөгчөөр П.З-ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023332 дугаарт 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж, өмчлөх эрхийн 0117008 дугаар гэрчилгээ түүнд олгосон байна.

13. Түүнчлэн, маргаан бүхий газарт 134 м.кв газрыг нэхэмжлэгч Г.М-д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар эзэмшүүлж, түүнд 000492711 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч Д.Минжинсүрэнгээс “... уг сууц, газрыг миний нөхрийн ажлын газраас талийгаач нөхөрт маань өгсөн, тэнд 1994 оноос хойш амьдарч байсан, ... газрын давхцуулж эзэмшүүлсэн, ...өмчлөгч болох нь баттай тогтоогдоогүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна” гэх зэргээр маргаж, П.З-ын 2000 оны газар эзэмших эрхийн 010603233 дугаартай гэрчилгээ болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З-ад холбогдох хэсгийн 134 м.кв газарт давхацсан хэсгийг, П.З-ын нэр дээр сууцыг бүртгэсэн эрхийн улсын Ү-2202023332 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, өөрт нь маргаан бүхий газрыг бүхэлд нь эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад, өөрийг нь уг байшингийн өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг “тодруулсан” хүрээнд шийдвэрлэлгүй алдаа гаргасныг залруулж өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцжээ.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 179 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор шүүгдэгч Г.Баасанжав /нэхэмжлэгчийн талийгаач нөхөр/-аас 400 000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Батбаатарт олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлж, тус сууцыг төлбөрт тооцон Г.Баасанжаваас хурааж, 1998 онд Л.Батбаатарт шилжүүлсэн, улмаар Л.Батбаатараас 2000 онд гуравдагч этгээд П.З-ад /Л.Батбаатараас 400 000 төгрөгөөр худалдаж авсан гэх/ шилжүүлсэн, үүнээс хойш уг сууц нь П.З-ын эзэмшил, ашиглалтад байгаа үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

15. Түүнчлэн, маргаан бүхий хашааны газрыг нэхэмжлэгч /талийгаач Г.Баасанжав/-д хууль ёсоор эзэмшүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гарч байгаагүй байна.

16. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, хашааны газартаа амьдарч буй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд 300 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг баталгаажуулж, 2000 онд П.З-ад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосныг буруутгахгүй бөгөөд “гэрчилгээ” олгосон захирамж гаргаагүй нь П.З-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг үгүйсгэх, хууль бусаар олгосон гэж үзэхгүй талаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тайлбарт үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

17. Мөн, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй, газар эзэмшүүлэгч нь хуульд нийцүүлэн хугацааг сунгах үүрэгтэй, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл П.З-ын 2000 онд анх эзэмшсэн буюу нэгж талбарын 18642314441052 дугаар бүхий газар нь Газрын мэдээллийн санд түүний нэр дээр бүртгэлтэй байгаа зэрэгт үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2015 оны А/24 дүгээр захирамжийг гаргаж, П.З-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй, “сунгалт” хийсний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэх үндэслэлгүй.

18. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар “... газар дээрээ хашаа, байшин барин суурьшаад олон жил болсон боловч өдийг хүртэл газар эзэмших гэрчилгээ аваагүй” гэх 62 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан, уг захирамжийн үйлчлэлд нэхэмжлэгч Г.М- хамаарсан, түүний 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 000492711 дугаар “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр баталгаажуулсан 134 м.кв газар нь П.З-ын бодит байдлаар эзэмшиж, ашиглаж буй үл хөдлөх хөрөнгө, хашааны газрын 131 м.кв хэсэг талбайд давхцалтай, нэгэнт маргаан бүхий газрыг эзэмших эрх 2000 онд П.З-ад үүссэн байхад “түрүүлж үүссэн эрх хамгаалагдах” зарчмын дагуу 2014 онд бусдын газарт давхцуулан үүссэн Г.М-гийн газар эзэмших эрхийг хамгаалах боломжгүй юм.

19. Түүнчлэн, маргаан бүхий сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолоор П.З-ад хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, өмчлөх эрхийн маргаангүй уг сууцыг П.З-ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлгүй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нийцсэн дүгнэсэн байна.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэрийг шүүхээс гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдлын хувьд маргаан бүхий газрыг П.З-ад эзэмшүүлсэн болон сууцыг П.З-ын нэр дээр баталгаажуулж бүртгэсэн эрхийн улсын бүртгэл нь холбогдох хуулиудыг зөрчөөгүй байх тул Г.М-гийн эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

21. Түүнчлэн, нэхэмжлэгч нь уг сууцыг П.З-ад хувьчилсан эрх бүхий байгууллагын шийдвэртэй маргаагүйн зэрэгцээ маргаан бүхий хашааны газрыг бүхэлд нь буюу П.З-ын эзэмшиж байгаа хэмжээгээр эзэмших талаар хүсэлт гаргаагүй атлаа бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгэхийг болон “Нуурын 23-1-3-тоот” хаягт байх газрыг өөрт эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагууд гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

22. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.М-гийн хяналтын журмаар гаргасан “... хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0403 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.М-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2019/5967 дугаар захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөхөөс нэхэмжлэгч Г.М-г чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ