Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 803

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б******* ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ө******* ХХК, Б.Н*******,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, өмгөөлөгч Ч.О*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*******, гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн төлөөлөгч Х.О*******, Ө******* ХХК-ийн өмгөөлөгч Н.А, гуравдагч этгээд Б.Н*******ийн өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Талх чихэр ХК-ийн зүүн талд байрлах 1,35 га газарт Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар болон нийслэлийн Газрын албанаас 2004 оны 06 дугаар сард зарласан төсөл сонгон шалгаруулалтад Б******* ХХК нь сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслөөр оролцож, энэхүү төсөл нь шалгарсан тул нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжаар уг газрыг эзэмших эрхтэй болсон. 

Манай компанийн хууль ёсоор эзэмшиж буй газар дээр Москва хорооллыг барьж байсан З ХХК нь бетон зуурмагийн узелээ байрлуулж, барилгын материал болон машин механизмаа байрлуулж байсан ба бид удаа дараа газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч байсан. 

Мөн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүйгээр тухайн газар хашаа хатган буусан айлууд газрыг чөлөөлж өгөхгүй байсан ба нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн болон нийслэлийн Газрын албаны байцаагч нар болон манай компанийн зүгээс удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэл өгч байсан боловч тэд газрыг чөлөөлөхгүй, удааширсан билээ. Өнөөдөр ч гэсэн нэг айл газар чөлөөлөөгүй байгаа. 

Энэхүү нөхцөл байдал нь манай компанийг төслийн үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олгоогүй. Мөн нийслэлийн Засаг дарга 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар манай компанид төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон газрын хэмжээг багасгаж, 5000 га болгон өөрчилсөн. Ийнхүү эзэмшил газрын хэмжээг өөрчилсөн нь бид сургууль, цэцэрлэгийн төслөө дахин хянаж, газрын хэмжээнд тохируулан өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон.

Гэтэл нийслэлийн Засаг дарга Э.Б нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжийн болон газрын хэмжээг өөрчилсөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Б******* ХХК нь анх төсөл сонгон шалгаруулалгад оролцож, сургууль, цэцэрлэгийн цогцолбороор шалгарч уг газрыг эзэмших болсон ба энэхүү газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нийтийн эдэлбэрийн газарт хамаарахгүй. Б******* ХХК-д газар эзэмших эрх олгосон болон тус компанийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан нийслэлийн Засаг даргын захирамжууд нь гуравдагч этгээдийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зорчөөгүй байтал Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.

Ийнхүү газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарснаас хойш 9 жилийн дараа, газрын хэмжээг өөрчилснөөс хойш 3 жилийн дараа нийслэлийн Засаг дарга ийнхүү шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Б******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ”...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 182 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/755 тоот захирамжийн иргэн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус компаниас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07 өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болно.

Тус хэргийн ээлжит шүүх хурал 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр явагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт Б******* ХХК-ний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай  холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн З66 дугаар захиражмаар олгогдсон 1.35 га газрын эзэмших эрхийг сэргээсэн тохиолдолд иргэн Б.Н*******ийн Сонгинохайрхан дүургийн 29 дүгээр хороонд байрлах Нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийин А/755 дугаар захирамжаар олгогдсон 8690 м.кв талбай бүхий газар давхардсан байна. Тус нэхэмжлэлийин нэмэгдүүлсэн шаардлага нь иргэн Б.Н*******ийн газар эзэмших эрхийг зөрчиж байгаа тухай мэдэгдсэн тул иргэн Б.Н*******ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа болно. 

Иргэн Б.Н*******ийн эзэмшиж буй газрыг анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 364 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Москва хорооллын зүүн хойно байрлах 1200 м.кв газрын газар эзэмших эрхийг иргэн Д.Юд олгосон байна. Иргэн Д.Ю, Б.Н******* нар нь 2007 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хамтарсан гэрээг байгуулж 1200 м.кв газрын газар эзэмших эрхээ иргэн Б.Н*******д шилжүүлсэн. 

Улмаар иргэн Б.Н******* нь 2007 оны 1 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад эзэмшиж буй 1200 м.кв газар эзэмших эрхийн хэмжээг 700 м.кв томсгож өгөх хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг дарга нь 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 65 тоот захирамжаар газар эзэмших эрхийг 1900 м.кв бус 2000 м.кв болгон хүсэлтийг 100 м.кв хэмжээгээр давуулан олгосон нь Газрын тухай хуулинд зааснаар хүсэлт гаргасан хэмжээнээс давуулан олгосон нь хууль бус байна.

Гэтэл иргэн Б.Н******* 2011 онд дахин хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 тоот захирамжаар газрын хэмжээг 8789 м.кв болгон томосгож Б******* ХХК-ийн эзэмшил газартай 1289 м.кв хэмжээгээр газрын албаны мэргэжилтэн Б.З нь давхцуулан мэдээллийн санд оруулах хууль бус шийдвэрийг гаргаж, 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 тоот захирамжаар тус хууль бус шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга баталгаажуулсан байдаг. Иргэн Б.Н*******ийн эзэмшил бүхий газрын хэмжээг жил бүр томосгон, бусдын эзэмшил газартай давхацуулан олгосон явдал нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй, бусдын эзэмшил газрыг хүчээр булаах гэсэн асуудал байсан. Иймд Газрын тухай хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. 

Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 31.1.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг тус тус зөрчиж иргэн Б.Н*******д олгосон тул Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 тоот захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “....Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамж, мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 сарын 17-ны өдрийн А/755 тоот захирамжийн иргэн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Талх чихэр ХХК-ийн зүүн талд байрлах 1.35 га газарт Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар болон нийслэлийн Газрын албанаас 2004 оны 06 дугаар сард зарласан төсөл сонгон шалгаруулалтад Б******* ХХК нь сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслөөр оролцож, энэхүү төсөл нь шалгарсан тул нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжаар уг газрыг эзэмших эрхтэй болсон. Нийслэлийн Засаг дарга 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 815 дугаар захирамжаар манай компанид төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон газрын хэмжээг багасгаж, 5000 га болгон өөрчилсөн. Гэтэл нийслэлийн Засаг дарга Э.Б нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжийн болон газрын хэмжээг өөрчилсөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 815 дугаар захирамжийн тус тус Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь Ө******* ХХК болон Б.Н******* нарын газартай давхцаж байгаа.

Нийслэлийн Засаг даргаас 2010 онд З ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах, газар баталгаажуулах захирамж гаргасан ба мэдээллийн сангаас кадастрын зургийн байршлыг өөрчилж, 4459 м.кв газраар давхцуулсан байсан. Тухайн үед ГАБХэлтсийн мэргэжилтэн Б.Зт нэхэмжлэгчийн зүгээс кадастрын зургийг буруу оруулж манай газартай давхцуулсан талаарх асуудлаар хандахад одоогоор 5000 га газраа эзэмшиж бай, үлдсэн газрыг яваандаа олгоно гэж байсан. Тухайн үед З ХХК-ийн захирал Потатурко А.Г-ын Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан тодорхойлолтод “...Нийслэлийн Засаг даргаас Б******* ХХК-нд олгосон 1.35 га газартай тус компанийг газар ямар нэгэн давхцалгүй байсан бөгөөд Б******* ХХК-ийн газар дээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байх үед барилгын материал, тоног төхөөрөмж хадгалж байсан учир Б******* ХХК-ийн эзэмшил 1.35 га газар нь Москва хорооллын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгуудын зүүн талд орших “Г” хэлбэрийн газар” гэж тодорхойлсон байна.

Мөн З ХХК-ийн 2005 оны 7 дугаар сард Москва орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн барилгуудын ерөнхий төлөвлөгөөнд тус компанийн газрын хэмжээ, байршлыг 27400 м.кв хэмжээгээр тодорхой тусгаж, түүнийг тухай үеийн Улаанбаатар хотын ерөнхий архитектор болон мэргэжлийн холбогдох газруудаас баталгаажуулсан. 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 744 дүгээр захирамж нь хууль бус юм.

З ХХК нь Москва орон сууцны хорооллын 2 барилгыг барьж дууссаны дараа үлдэгдэл 4, 5 дугаар барилгыг барьж дуусгах, эх үүсвэргүй болж Ө******* ХХК-нд 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн  Худалдах, худалдан авах гэрээний дагуу тус 133/4, 113/5 дугаар байруудын дуусаагүй барилгын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ буюу зөвхөн суурийг худалдсан. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 98 тоот захирамжаар З ХХК-нд олгосон 27400 м.кв газрын газар эзэмших эрхийг Ө******* ХХК-нд 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн бөгөөд Ө******* ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 744 тоот "газрын эзэмших эрхийг сунгах, газрыг баталгаажуулах” захирамжаар кадастрын зурагт тус компанийн 27400 м.кв газрын байршлыг нь өөрчлөн Б******* ХХК-ийн эзэмшил газарт давхцуулан хууль бусаар Нийслэлийн кадастрын нэгдсэн мэдээллийн санд оруулсан газрын зургаар З ХХК-ийн эзэмшлийн хуучин газар мэтээр буруу ташаа ойлгож ирсэн байна.

Гуравдагч этгээд иргэн Б.Н*******ийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 364 тоот захирамжаар 1200 м.кв газар эзэмших эрхийг анх олж авсан. Улмаар иргэн Б.Н******* нь 2007 оны 1 дүгээр сард дүүргийн Засаг даргад эзэмшиж буй газрын хэмжээг 700 м.кв болгон томсгох өгөх хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2007 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 65 тоот захирамжаар газар эзэмших эрхийг 1900 м.кв болгох байтал 2000 м.кв болгон хүсэлтийг 100 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн олгосон нь Газрын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байна.

Иргэн Б.Н******* 2011 онд дахин хүсэлт гаргасны дагуу Дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 тоот захирамжаар газрын хэмжээг 8789 м.кв болгон томсгож, Б******* ХХК-ийн эзэмшил газартай 1289 м.кв хэмжээгээр давхцуулан мэдээллийн санд оруулсан. 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 тоот захирамжаар тус хууль бус шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга баталгаажуулсан байдаг. Иргэн Б.Н*******ийн эзэмшил бүхий газрын хэмжээг жил бүр томсгон, бусдын эзэмшил газартай давхцуулан олгосон явдал нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй, бусдын эзэмшил газрыг хүчээр булаах гэсэн асуудал байна. Мөн 2011 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 28 дугаар хорооны барилгын газар болох 800 м.кв газрыг тус компанид мэдэгдэлгүй кадастрын зурагт өөрчлөлт оруулан авсан байх бөгөөд тус хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 

Нэхэмжлэгчээс 815 дугаар захирамжид гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүх хүлээн авахаас татгалзсан. Давж заалдах шатны шүүхэд хугацаа сэргээлгэхээр гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор сэргээсэн. Үүний үндсэн дээр нэхэмжлэл гаргасан. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс 815 дугаар захирамжтай маргах эрх нээлттэй байгаа. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт болох Сонгинохайрхан дүүргийн өмч, харилцааны газрын дүгнэлт болон бусад нотлох баримтыг шүүх сайтар судалж үзэхийг хүсье. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “....Энэ хэрэгт 3 шаардлага, 4 захиргааны актын асуудал яригдаж байгаа. Эхний маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны А/246 тоот захирамжийн хувьд өмнө нь нэхэмжлэгчээс хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулж байсан бөгөөд талуудын тайлбар, хариуцагчийн дотоод хяналт шалгалтын илтгэх хуудсаар хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул 2013 оны А/246 тоот захирамж хувьд маргаан байхгүй гэж үзэж байна. Дараагийн маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 тоот захирамжаар комиссын дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг багасгаж 5000 м.кв болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлтийг шүүхээр гаргуулж судлахад үндэслэл нь тодорхойгүй байсан. Газрын тухай хуульд иргэн, хуулийн этгээдийн газрыг захиргааны санаачлагчаар бууруулах, хасах ойлголт байхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд зааснаар нөхөн олговортойгоор хэсэгчлэн авах ойлголт байдаг. Хариуцагчаас 2010 оны маргаан бүхий захирамжийг гаргахад хуульд заасан улсын онцгой хэрэгцээнд авах шаардлага үүсээгүй байсан. Нэхэмжлэгчээс газрын хэмжээг багасгах хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хүсэлтгүйгээр захиргааны байгууллага дур зоргоороо бусдын газрыг авсан нь үндэслэлгүй.

Дараагийн маргаан бүхий акт болох иргэн Б.Н*******д газрын хэмжээг нэмэгдүүлэн өгсөн захирамжийн хувьд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зарчмыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгохдоо дуудлага худалдаа явагдаагүй, нийтийн эзэмшлийн зам талбай гэдэг үндэслэл ярьсан хирнээ Б.Н*******ийн газрыг олгохдоо уг асуудлыг ярьдаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Н*******д ямар журмаар газар олгосныг судлахад зүгээр хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтийг нь захиргааны байгууллага хүлээн аваад улмаар нэмэгдүүлээд байдаг. 2008 онд Б.Н*******ийн газрыг кадастрын мэдээллийн санд 8000 м.кв болгон тогтоох үед нэхэмжлэгчийн газар 13500 м.кв хэмжээтэй байсан. Б.Н*******ийн газар нь хотын суурьшлын бүсийн шугам сүлжээний газарт холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарч байгаа. Ийм газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгодог байтал дүүргийн Засаг дарга олгосон нь Нийслэлийн Засаг даргын хуулиар олгосон бүрэн эрхэд халдсан үндэслэлгүй шийдвэр байна. Дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан 700 м.кв газраас илүү газар олгох бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох журам зөрчсөн. Тухайн үед дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/246 тоот захирамжаар баталгаажуулахдаа дуудлага худалдааны анхны үнэ болох 19 сая төгрөг төлсөн гэх боловч уг үнэ нь захиргааны байгууллагын баталсан журмын дагуу дуудлага худалдааны анхны үнэд хүрэхгүй байгаа болохыг захиргааны байгууллага дотоод хяналт шалгалтаараа тогтоосон бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тиймээс Б.Н*******д хуульд заасан журам зөрчиж газрын хэмжээг нэмэгдүүлж олгосон захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”...Анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжаар Б******* ХХК-д сургууль, цэцэрлэгийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Талх чихэр ХК-ийн зүүн талд 13500 м.кв газрыг эзэмшүүлжээ. Улмаар 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар талбайн хэмжээг 5000 м.кв болгон өөрчилсөн байна. Уг газрыг эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах заалтыг зөрчин нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбайд, 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалтыг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр, 33.4 дэх заалтыг зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн байна.

Иймд Б******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.     

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ”...Б******* ХХК-д анх нийслэлийн Засаг даргын захирамжаар 2004 оны 366 дугаар захирамжаар төсөл сонгон шаргаруулалтад оролцсон гэх үндэслэлээр газар эзэмших эрх олгосон ба нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар 5000 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болсон ба уг нийслэлийн Засаг даргын захирамжийг хулээнзөвшөөрч гэрээ гэрчилгээгээр эзэмших болсон. Дээрхи Б******* ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж нь Газрын тухай хуулийг зөрчиж олгосон захирамжуудыг 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Мөн нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь анх 2004 онд төсөв сонгон шалгаруулалтын журмаар газар эзэмшсэн гэдэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 3/10 тоот тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь хэсгийг үндэслэн ажиллагаа хийсний үндсэн дээр хууль зөрчсөн гэж үзэж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/246 тоот захирамжаар 2004 оны 366 болон 2010 оны 815 тоот захирамжийг хүчингүй болгосон. Хүчингүй болгох үндэслэл нь нэхэмжлэгч нь тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ямар комисс томилогдож, хэрхэн төсөл сонгон шалгаруулалт явагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогддоггүй. Шүүхээс Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн албан бичгийн хариугаар тухайн үед төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй болохыг нотолдог. Анх олгогдсон 2004 оны 366 тоот захирамж нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар явагдаагүй тул хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд 2010 онд газрын хэмжээг багасгасан 815 тоот захирамж нь мөн адил хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухайд уг захирамж нь 2013 оны А/246 тоот захирамжаар хүчингүй болсон байгаа. Нэхэмжлэгчээс анх гаргасан нэхэмжлэлдээ зөвхөн 2010 оны 815 тоот захирамжтай 5000 м.кв газрын хэмжээг сэргээж өгнө үү гэсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү. 3 жилийн хугацаанд 5000 м.кв газраа эзэмшиж байсан. Нэхэмжлэгч талаас тухайн үед Б.З гэдэг мэргэжилтэн эхлээд 5000 м.кв газраа эзэмшиж бай, яваандаа гүйцээж газрын өгнө гэсэн агу******* бүхий тайлбар өгдөг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг тайлбар нь тогтоогддоггүй. 

Мөн нэхэмжлэгчийн Б.Н*******д олгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/755 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 182 тоот захирамжаар 8690 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Тухайн газар дээр Б.Н*******ээс орон сууц барих хүсэлт ирж, дуудлага худалдааны үнэ болох 19 сая төгрөгийг төлсөн байсныг үндэслэн 2013 онд Нийслэлийн Засаг даргын А/755 тоот захирамжаар газар эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч нь одоогийн байдлаар газар эзэмших эрхгүй байгаа тул Б.Н*******ийн газартай давхцал үүссэн гэсэн ойлголт байхгүй. Учир нь 2004 онд нэхэмжлэгч 13500 м.кв газар эзэмшдэг талаарх мэдээлэл Кадастрын мэдээллийн санд байдаггүй. 2010 оны 5000 м.кв газрын хэмжээгээр л мэдээлэл хадгалагдсан байдаг бөгөөд уг газар эзэмших эрх нь хүчингүй болсон. Тиймээс газар давхцаж байна гэдэг тайлбар нь үндэслэлгүй.

Ө******* ХХК-ийн газар эзэмших эрхийн хувьд З ХХК-наас гэрээний дагуу барилга байгууламжуудыг шилжүүлэн авсан байх бөгөөд ашиглалтад оруулсан орон сууцны талбайг авч үлдээд нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгсөн захирамж, гэрээ, гэрчилгээ байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2004 оны 13500 м.кв газрын хэмжээгээр тооцож давхцал үүссэн гэдэг үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2010 онд 5000 м.кв газраа эзэмшиж байхдаа Өргөө Майнинг ХХК-ийн газар манай газартай давхцалтай байна гэж маргах боломжтой байхад маргаагүй хирнээ өнөөдөр гэнэт мэдсэн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжууд нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”...Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 182 дугаар захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар шаарджээ. Иргэн Б.Н******* нь маргаан бүхий газрын хажуу талд 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжаар иргэн Д.Югээс 2000 м.кв нэгж талбарын 18636310752486 дугаартай газрыг нэр шилжүүлэн авсан байдаг. Дээрх газрыг иргэн нь газрын тухай хууль тогтоомжийн дагуу эзэмшиж байсан ба дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжаар газрын талбайн хэмжээ томруулж 8789 м.кв амины орон сууц барих зориулалтаар баталгаажуулсан байна. Талбайн хэмжээ томруулсан гэх газрыг олгосон маргаан бүхий захирамж түүнтэй холбогдох хувийн хэрэг нь дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаж байгаа баримтаар бусдын эзэмшиж ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалтай байгаа талаар баримт тогтоогдохгүй байна. 

Дүүргийн Газрын албаны архивт хадгалагдсан дээрх баримтуудыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд иргэн Б.Н*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь хууль зүйн сөрөг үр дагавартай юм. Иймд нэхэмжлэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Б.Н******* нь 2007 оны 2  дугаар сарын 28-ны өдрийн 65 тоот захирамжаар 2000 м.кв газрыг шилжүүлэн авсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Б.Н*******ээс 2000 м.кв газрыг хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182 тоот захирамжаар газрын хэмжээг томсгож 8789 м.кв газар олгосон. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын үүднээс мөнгөн дүн нь зураг төслөө батлуулж, барилгаа барих шатандаа орсон байгаагаар нотлогдох тул захиргааны байгууллагаас Б.Н*******д хууль ёсны итгэлийг олгосон. Нэхэмжлэгчийг 13500 м.кв газар эзэмшиж байсан нэгж талбарын зураг нь газрын мэдээллийн нэгдсэн сангийн кадастрын зурагт байдаггүй тул газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс тухайн газарт дүүргийн Засаг даргаас олгосон Б.Н*******д холбогдох шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хоосон газарт газар эзэмших эрх өгсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Газрын тухай хуульд заасны дагуу иргэний хүсэлтээр газрын хэмжээг нэмэгдүүлж болно. Үүний үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/755 тоот захирамж гаргасан бөгөөд дүүргийн Засаг даргаас эрх хэмжээнд нь халдсан асуудал байхгүй. Нэхэмжлэгчид 2004 оноос хойш маргаан гарах хүртэл газрын зургаа кадастрт уншуулах боломжтой байсан. Мөн 2004-2011 он хүртэл газраа ашиглаагүй гэдэг нь нэхэмжлэгч талын тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч талаас 2011 онд газрын давхцал байсан гэдгийг нотлох баримт байдаггүй бөгөөд нөгөө талаас иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах үүднээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжууд нь үндэслэлтэй байна. Тиймээс  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд  Ө******* ХХК-ийн өмгөөлөгч Н.А шүүх ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...2004 онд нэхэмжлэгч нь газар эзэмших албан ёсны эрхтэй байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Мөн тухайн үед дуудлага худалдаа явагдсан эсэхийг тогтоолгохоор шүүхээс холбогдох байгууллагууд руу албан бичиг явуулж, лавлагаа авсан боловч тогтоогддоггүй. 2004-2011 он хүртэл эрхийн олгосон байхад кадастрын зурагаа оруулаагүй нь нэхэмжлэгч байгууллагын хариуцлагагүй байдлын үр дагавар. Үнэн хэрэгтээ нэхэмжлэгч компанид кадастрын зураг гэх зүйл байхгүй бөгөөд нэг тойм, схем зургаар давхцалтай байна гэж тайлбарладаг нь үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу газар эзэмших эрх нэхэмжлэгчид хууль ёсоор үүсээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа Ө******* ХХК-ийн газартай давхцал байхгүй гэснийг шүүх анхаарч үзэхийг хүсье. А/246 дугаар захирамжийг нэхэмжлэгч талаас үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч талаас хэрэгт авагдсан гэх дүгнэлтийн талаар дурдсан боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь эргэлзээтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн захирал Х.О******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ”...Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 2-р ээлжийн газрыг 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан 27400 м.квадрат талбай бүхий 1830/0013 нэгж талбарын дугаартай газрын хууль ёсны эзэмшигч мөн билээ. Уг газар нь нийслэлийн мэдээллийн сан болон бусад албан мэдээлэл кадастрын зураг нь бусдын эзэмшлийн газартай ямар нэгэн давхцал байхгүй. 

Гэтэл Б******* ХХК нь Нийслэлийн Өмчийн харилцааны газраас манай компанид олгосон газар руу хашаа түрж барьсан нь хуулиар олгогдсон эрх ашгийг газар шилжүүлэн авсан өдрөөс өнөөдрийг хүртэл 4 жил гаруй хугацаанд ноцтойгоор зөрчиж байна. Энэ хугацаанд манай компани Нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан гэрээний дагуу газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Манай компани Б******* ХХК, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Сонгинохайрхан дүүргийн өмчийн харилцааны газар болон Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа газар чөлөөлүүлэх албан хүсэлт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. 

          2011 онд тухайн үеийн 2 барилгын суурийг гэрээний үндсэн дээр худалдан авсан. Нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа” гэв.

Гуравдагч этгээдийн Б.Н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “....Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 сарын 17-ны өдрийн А/755 тоот захирамжийн иргэн Б.Н*******д холбогдоххэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгч өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн үед хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах шүүх дээрх нөхцөл хангагдсан үед нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д тус тус заажээ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 3.1.7-д ”газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг; 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасны дагуу газар эзэмших эрх “газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаар үүссэн гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч Б******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний 366 дугаар тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон гэх боловч тус газар эзэмшүүлэх шийдвэрт үндэслэн гэрээ байгуулж гэрчилгээ авч, кадастрын зургаар эзэмшил газрын хил заагийг баталгаажуулж газрын мэдээллийн санд оруулаагүй байх тул дээрх захирамжид дурдсан 13,5 га талбайд газар эзэмших эрх тус компанид үүсээгүй байна. Мөн Баянкостракшн ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ны 366 тоот захирамж, 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 тоот захирамж тус бүрийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжаар хүчингүй болгосон бөгөөд тус шийдвэр өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа тул Б******* ХХК-д газар эзэмших талаар ямар ч эрх байхгүй. Б******* ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 тоот захирамжаар төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарч олгосон гэх боловч бодит байдлаар төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй, түүнд Б******* ХХК оролцох шалгараагүй болох нь тодорхой болсон. 

Мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг зэрэг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. 33.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэгчид хууль ёсоор ашиг сонирхол үүсээгүй байна.

Иргэн Б.Н******* нь иргэн Д.Ютэй байгуулсан гэрээний дагуу түүний Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 20-ны 364 тоот захирамжийн дагуу эзэмшиж байсан газар эзэмших эрхийг шилжүүлэн авч улмаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 тоот захирамжийн дагуу 8690 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “Иргэн Б.Н******* газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг зөрчсөн гэж дурджээ. 2011 онд газрын хэмжээ нэмэгдүүлэхтэй авсантай холбогдуулан Хуулийн дээрх заалт, Засгийн газрын 1997 оны 152 тоот тогтоол, Зам, Тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалын дагуу дуудлага худалдааны төлбөр болох 19.118.000 төгрөгийг төлж хууль ёсоор газрын хэмжээг нэмэгдүүлсэн тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг зөрчсөн талаар дурджээ. Иргэн Б.Н******* газраа Орон сууцны зориулалтаар эзэмшдэг бөгөөд тухайн зориулалтаар буюу орон сууцны барилга барих зориулалтаар ашиглахаар бичиг баримт бүрдүүлж ажиллаж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус газар дээрх барих барилгын техникийн нөхцөлийг авч архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох байгууллагаас гаргуулан улмаар “324 айлын орон сууцны эскиз” батлагдаад байгаа тул тус нөхцөл үндэслэлгүй юм. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгж хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн хуулийн заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгч бичжээ. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгчид газар эзэмших эрх 13,5 га хэмжээнд үүсээгүй. Тус эзэмшил газарт кадастрын зураг үйлдэгдэн гэрчилгээгээр баталгаажиж улмаар газрын мэдээллийн нэгдсэн санд ороогүй тул “бусдын газар эзэмшиж” байгаа газартай давхацсан гэжүзэх үндэслэлгүй юм. Иргэн Б.Н*******ийн газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй болно.

Иймд Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Н*******ийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ”...Шүүхээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд иргэн Б.Н*******д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Гэтэл нэхэмжлэгчид эрх нь үүсээгүй байхад иргэн Б.Н*******ийн газартай давхцал үүссэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Газрын тухай хуульд зааснаар холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гарч, талууд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хэмжээг нь баталгаажуулсан кадастрын зураг үйлдэж, мэдээллийн нэгдсэн санд оруулсанаар газар эзэмших эрх нь үүснэ. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гараагүй, кадастрын зураг үйлдээгүй, мэдээллийн санд хадгалагдаагүй байх тул 2004 онд 13500 м.кв газар олгосон шийдвэр гарснаас бус газар эзэмших эрх олгогдоогүй. 2013 оны А/246 тоот захирамжаар хүчингүй болгосноос үзэхэд 2010 онд үүссэн 5000 м.кв газар эзэмших эрх байгаа эсэх нь эргэлзээтэй. Б.Н*******ийн хувьд газар эзэмших эрх нь хуулийн дагуу үүссэн хүчин төгөлдөр байгаа. Түүнчлэн газар дээр барих барилгын зураг төслийг батлуулсан нь 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэх тайлбарыг үгүйсгэж байна.

         Нийслэлийн Засаг дарга 2008 онд газар олгосноороо дүүргийн Засаг дарга нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд халдсан гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. 8790 м.кв болгож газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ дуудлага худалдаа хийгдээгүй гэх тайлбарын хувьд Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар батлагдсан дуудлага худалдааны анхны үнэ болох 19118000 төгрөгийг Б.Н******* нь төлсөн байх тул үгүйсгэгдэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын Б.Н*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Б******* ХХК-иас тус шүүхэд 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 540 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

         Дээрх шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дахин хянаж, мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч “нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

         Б******* ХХК-д нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд Талх чихэр ХК-ийн зүүн талд сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 1,35 га газрыг эзэмшүүлснийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 815 дугаар захирамжаар хүчингүй болгож,  эзэмшил газрын хэмжээг 5000 м.кв болгон багасгажээ.

         Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Б******* ХХК-д газар эзэмшүүлсэн 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366, 2010 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 815 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон байна.

        Энэхүү захирамжийг Б******* ХХК эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 540 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч дээрх шүүгчийн захирамжийг гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

        Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамж дараах байдлаар хууль бус болох нь тогтоогдож байна.

        Учир нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжаар Б******* ХХК-д 13500 м.кв газар эзэмшүүлснийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар нэгэнт хүчингүй болгон шийдвэрлэсэн атлаа 2013 оны А/246 дугаар захирамжаар дахин хүчингүй болгосон,  түүнчлэн уг захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг 5000 м.кв болгон багасгасан 815 дугаар захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй байна.

        Тодруулбал: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийн үндэслэлийг хариуцагч тайлбарлахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн гэж үзсэн боловч, дээрх журмыг нэхэмжлэгч хэрхэн зөрчсөнийг тогтоогоогүй, тухайлбал газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул 815 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчжээ.

       Харин нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар урьд нь  хүчингүй болсон нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжийг дахин хүчингүй болгох  шаардлагагүй байжээ. 

          Иймд нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар Б******* ХХК-д эзэмшүүлсэн 5000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч 2013 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 815 дугаар захирамжийн  талаар маргаагүй бөгөөд  2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд уг захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1346 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр захирамжаар хүчингүй болгосон.

       Б******* ХХК нь 5000 м.кв газар эзэмших гэрчилгээг 2011 оны 3 дугаар сарын 17-нд хүлээн авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 286 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд Талх чихэр ХК-ийн зүүн талд сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 1,35 га газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмших эрх олгосон боловч төсөл сонгон шалгаруулалт явагдсаныг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрх олгосон гэсэн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар үндэслэлтэй байна. 

       Түүнчлэн нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргад баримт болон нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад “...мөн нийслэлийн Засаг дарга  2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  үзэхэд 815 дугаар захирамжаар манай компанид төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон  газрын хэмжээг багасгаж 5000 м.кв болгон өөрчилсөн. Ийнхүү эзэмшил газрын хэмжээг өөрчилсөн нь бид сургууль, цэцэрлэгийн төслөө дахин хянаж, газрын хэмжээнд тохируулан өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон” гэж, түүнчлэн Б******* ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан бичигтээ “ ... тус захирамжтай холбоотойгоор 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 89 тоот албан бичгээр “ ...5000 м.кв газар дээр сургууль, цэцэрлэгийн барилга, түүний гадна орчины тохижилт, биеийн тамирын талбай байгуулахад хүрэлцэхгүй тул 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжаар олгосон 13500 м.кв газрыг хэвээр олгох эсвэл одоо байгаа хашааны хэмжээгээр 9075.2 м.кв эзэмших эрхийг баталгаажуулж өгөх” хүсэлт гаргасан талаар дурдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч тухайн үед 815 дугаар захирамжтай маргаагүй бөгөөд уг захирамж хүчин төгөлдөр болсон байна.

         Мөн нэхэмжлэгчээс 366, 815 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа 815 дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргасан нь агуулгын хувьд зөрчилтэй бөгөөд нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу эзэмшил газрын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг илт хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна.

        Дээрх байдлуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Гуравдагч этгээд Б.Н******* Сонгинохайрхан дүүргийн 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаар захирамжаар 2000 м.кв, мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамжаар 18 дугаар хороо Москва хорооллын зүүн хойно 8789 м.кв газрыг эзэмшүүлснийг нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/755 дугаар захирамжаар  баталгаажуулсан бөгөөд 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын төлбөрт 19.118.000 төгрөг төлсөн нь дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 504 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

       Нэхэмжлэгчээс Б.Н*******ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлснээр давхцал үүсч газар эзэмших эрх зөрчигдсөн гэх боловч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамжаар  Б.Н*******ийн газрын хэмжээг 8789 м.кв болгон нэмэгдүүлэхэд Б******* ХХК нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжаар 5000 м.кв газрыг эзэмшиж байсан, түүнчлэн уг газар нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн  санд бүртгэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

           Иймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамжаар Б.Н*******ийг эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосныг буруутгах боломжгүй. 

         Түүнчлэн Б.Н*******ийн эзэмшил газраа баталгаажуулахаар гаргасан хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 10-ы өдрийн хурлаар хэлэлцэн, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжаар Б.Н*******ийн 8789 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь Газрын тухай хуульд заасан журам болон бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

          Иймд  нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцсон Ө******* ХХК нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамжаар З в М******* ХХК-иас шилжүүлэн эзэмшсэн. З ХХК-д Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор 2.9 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 98 дугаар тогтоолоор 27400 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан байдаг.

           Мөн Ө******* ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр шийдвэрээр 18636310603485 нэгж талбарын дугаар бүхий 27400 м.кв газрыг З ХХК-иас шилжүүлэн авч эзэмшсэн.

       Ө******* ХХК-ийн эзэмшлийн газрын байршлыг 2010 онд мэдээллийн санд өөрчлөн оруулсан талаар нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлэгт дурдаж байгаа боловч нэхэмжлэгч Б******* ХХК-ийн эзэмшил газрын талаарх мэдээлэл газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд байхгүй тул Ө******* ХХК-ийн газартай давхацсаныг нотлох боломжгүй байна.

         Дээр дурдсан байдлуудыг нэгтгэн дүгнээд “нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох      “нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг ханган, нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгож, “нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144000 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.АДЪЯАСҮРЭН