Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0099

 

2018 оны 02 сарын 07 өдөр     Дугаар 221/МА2018/0099             Улаанбаатар хот


П.Г, Б.О, Ш.З,
Ч.А, Б.У, Д.Э нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ц, нэхэмжлэгч П.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээд “И н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0856 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, гуравдагч этгээд “Т” ХХК, “И н” ХХК-иудын гаргасан давж заалдах гомдлоор, П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0856 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нараас гаргасан ...Байгаль орчин, аялал жуучлалын сайдын “Т” ХХК, “И н” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн иргэн П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, дээрх 6 иргэдэд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас Ч.А-д холбогдох хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар “И н” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн ..., ..., ... дугаар бүхий гэрчилгээтэй 3,3 га газраас иргэн Ч.А-ийн амьдарч байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг, дайчдын хөшөө 1 гудамж 18а тоотод 485.0 м.кв газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, үлдсэн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Т” ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/68 тоот тушаалаар “И н” ХХК-д ашиглуулахаар олгогдсон нийт 5 хэсэг 3,3 га газрын нэг хэсэг болох 0,47 га газраас давхардсан хэсэг болох 0,15 га хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас одоогийн байгаа хашааны дагуу 0.46 га газарт шинээр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч 6 иргэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Ч.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, үлдсэн 5 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй орхисон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч Б.У, П.Г, Б.О, Ш.З, Д.Э нарын хувьд тухайн газарт он удаан жил амьдарсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд маргаан бүхий газарт газар ашиглах хүсэлт гаргахаас өмнө “И н” ХХК-д газар ашиглах эрх олгогдсон “И н” ХХК-ийн хууль ёсны эрхийг хүчингүй болгуулахаа дээрх иргэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэтэл нэхэмжлэгч 5 иргэн нь “И н” ХХК болон иргэн Ж.Ц нарыг 2004 онд газар ашиглах хүсэлт гаргахаас нь өмнө оршин сууж байсан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, одоо амьдарч буй газраа оршин суусаар ирсэн болохыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архиваас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгч нараас гаргасан хуучин улаан паспортын хаяг, 11 дүгээр хорооноос хөтөлсөн Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогдоно. Тухайлбал нэхэмжлэгч Ш.З нь 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр хорооны 4 дүгээр хэсэг, халдвартын клиникийн эмнэлгийн байр 6-6 тоот хаягт оршин сууж байсан бөгөөд тухайн үед тус хороо Ажилчны район нэртэй байсан байна. Нэхэмжлэгч Д.Э нь Зайсангийн аманд төрж өссөн, маргаан бүхий газартаа 1984 оноос байнгийн оршин суухаар бүртгэлтэй байсан БНМАУ-ын Хүн амын регистрийн картаар нотлогдоно. Нэхэмжлэгч П.Г нь 1991 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг дайчдын хөшөөнд шилжиж ирсэн бол, нэхэмжлэгч Б.О нь 1986 оноос, Б.У нь 1990 оноос буюу төрсөн цагаасаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 хэсэг, дайчдын хөшөөнд амьдран суусаар ирсэн байна. Эдгээр нөхцөл байдал, олон жил Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, дайчдын хөшөө гэсэн хаягт амьдарсаар байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байхад он удаан жил тухайн газраа амьдраагүй гэсэн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, үндэслэлгүй шийдвэр болсон.
Тухайн газрыг ашиглах эрхтэй гэх “И н” ХХК 2008 онд газар ашиглах эрхийг иргэн Ж.Ц-с шилжүүлж авсан байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг шилжүүлэх талаар зохицуулаагүй, ийм зохицуулалт хийсэн хэм хэмжээ тогтоосон акт байхгүй байтал газар ашиглах эрхийг шилжүүлж авсан, түүнчлэн Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 болон газар ашиглах гэрээнд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газраа ашиглаагүй бол газар эзэмших ашиглах эрхийг цуцлах заалтыг зөрчсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг тогтоож өгсөн байх бөгөөд 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглосон байтал Түшээ гүн нэртэй үйлчилгээний апартмент орон сууц барихаар төлөвлөж байгаа нь хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчиж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байхаар хуульчилсан бөгөөд хэрэв хуулиа дээдэлж, хуулиа мөрдөж ажилласан, хуульд үндэслэн шийдвэр гаргасан бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1, 35.1, 36.1 дэх хэсэг, 11, 12 дугаар зүйлийн дагуу “И н” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох, анхнаасаа газар ашиглах эрх олгохгүй байх байсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл нь дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг зохицуулсан байх ба аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байр-ыг барьж болохоор хуульчилсан. Маргаан бүхий газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг газар юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг анх 1994 онд баталсан ба тус хуулийг баталсан Улсын Их Хурлын гишүүд аялал жуулчлал гэсэн нэрийн дор байнга оршин суух зориулалттай орон сууц барьж болохыг зөвшөөрсөн хүсэл зориг, санаа бодолтойгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг батлаагүй нь лавтай.
Харин нэхэмжлэгч иргэд нь тус хууль батлагдахаас өмнө нь тухайн газартаа амьдарч байсан уугуул иргэд юм. Гэтэл он удаан жил оршин суусан газраа ашиглах, эзэмших эрхгүй байгаа нь, эрх зүйн зохицуулалтын боломжгүй байдлын улмаас эрхээ баталгаажуулж чадахгүй ирсэн иргэдийн газрыг аялал жуулчлалын нэрийн дор булааж авах нь яах аргагүй хүний үндсэн эрхийн зөрчил билээ.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0856 дугаар шийдвэрийн гомдол гаргагч 5 иргэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, дээрх 5 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Т” ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т: гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Ц, “И н” ХХК, “Д о” ХХК нар нь эзэмшиж ашиглаж буй газрын төлбөр төлөөгүй тухайд: 2004 оны 10 сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, иргэн Ц нарын хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээний 6-д нэгжийн төлбөр 396 төгрөг бүгд 13,068,000 төгрөгийг улиралд тэнцүү хувааж төлнө гэж тусгасан байна. Хан-Уул дүүргийн газрын албанаас “И н” ХХК нь 2004 оноос хойш газрын төлбөр төлсөн эсэхийг тодруулахад 2011 оны 04 сарын 06-ны өдөр 12,869,000 төгрөг, 2011 оны 03 сарын 18-ны өдөр 10,000,000, 2012 оны 04 сарын 06-ны өдөр 13,068,000 төгрөг, 2015 оны 06 сарын 22-ны өдөр 23,958,000 төгрөгийг тус тус төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн, Иймд “Т” ХХК-иас газрын төлбөр төлөөгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Газар давхцалын тухайд: “Т” ХХК-ийн хувьд 1994 оны 07 сарын 20-ны өдөр “С” ББХК-ын захирал Б.Б-ын дуудлага худалдаагаар авсан гараашийн барилга, худалдах худалдан авах гэрээгээр Ч.Х-д, Бараа солилцооны гэрээгээр “Т” ХХК-д худалдсан гараашийн барилга нь 280 м.кв байсан бөгөөд уг гараашийн барилга нь 2004 онд газар ашиглуулахаар Ж.Ц-д олгосон 3.3 га газартай давхцалтай болох нь тогтоогдохгүй байна.
Анх 2004 онд Ж.Ц нь газар ашиглах хүсэлт гаргахад Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газар нь давхцалгүй байсан бөгөөд 2007 онд “Т” ХХК-д 0.7 га газрыг олгохдоо давхцуулан олгосон байна.
Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Юуны өмнө энэхүү маргаан бүхий газар нь анхдагч эзэмшигч болох Ц-с “И н” ХХК, “Д о” ХХК буцаад “И н”-д шилжсэн нийт 3.3 га буюу 5 хэсэг өөр өөр байрлал бүхий газрын нэг 0.5 га газар болохыг шүүх анхаарч үзээгүй. Учир нь энэхүү 5-н хэсэг газрын анх олгогдсон гэх 2004 оноос өнөөг хүртэл газрын төлбөр нь төлөгдөөгүй, эзэмших ашиглах эрх нь зөрчигдсөн, үндсэндээ орхигдсон 0.5 га газрын тухайд маргаан үүсч байгааг удаа дараагийн үзлэг, баримт, зургаар нотлогдож байхад шүүх дүгнээгүй гэж үзэж байна.
Энэ нь дараах байдлаар нотлогдоно: 1. Энэхүү 0.5 га газрын тухайд шилжин эзэмшигчид нь хэзээ ч анхаарч байгаагүй. Учир нь “Т” ХХК-ийн эзэмшлийн хашаа, түүний гадуур он удаан жил амьдарч байгаа иргэдтэй эзэмших, ашиглах эрх нь зөрчигдөж байгаа талаар өнөөг хүртэл нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй болон үйл ажиллагаа явуулах талаар огт төлөвлөөгүй орхигдуулсан. Бусад ач холбогдол бүхий барилгажиж эхэлсэн талбайгаа анхаарч өөр хоорондын эзэмшил, шилжилтийн талаарх маргаан үүсгэж анхаардаг байсан нь баримтаар нотлогдож байгааг шүүх дүгнээгүй. 2. Газрын төлбөрийн тухайд шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар, шүүхийн шийдвэрт тусгагдсанаар 2004 оноос хойш төлөгдөөгүй байж байгаад 2011-2015 онуудын хооронд нийт 58,895,000 төгрөг төлөгдсөн, гэрээнд зааснаар үзвэл 13,068,000 төгрөгийг жилд төлөх, үүнийг 2004-2015 онуудад шилжүүлж үзэхэд 156,816,000 төгрөг төлөх ёстойгоос 100 гаруй сая төгрөг төлөгдөөгүй болох нь нотлогдож. Үүнээс дүгнэхэд үйл ажиллагаа явуулж, эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлж байгаа бусад 4 хэсэг газрын төлбөр ч бүрэн төлөгдөөгүйг дүгнэж болох.
Газрын тухай хуулийн 35.1-д заасан эзэмших, ашиглах үүргээ хэрэгжүүлээгүй, 35.3.3-т заасанчлан газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй зэргийг шүүх хэрэг маргааныг шийдэхдээ дүгнээгүй нь Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим алдагдсан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх шийдвэр нь манай компани гэрээгээр эзэмшиж буй газрын төлбөрөө тогтмол төлж ирсэн, мөн гэрээнд заасны дагуу ашиглахаар байгаль орчны үнэлгээ, дэд бүтцийн ажлууд, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг хийгдсэн олон ажлууд, санхүүжилтийг үнэгүйдүүлж, үйл ажиллагаа явуулсан компанийг санхүүгийн хохирол оруулсан, мөн үл маргах журмаар өөрийн эзэмшлийн газраас шударга ёс, эрх тэгш байх зарчмыг баримтлан иргэдэд амьдарч буй газраа ашиглах, эзэмших эрх олгоход татгалзах зүйлгүй болохоо мэдэгдсээр байтал зөвхөн газар эзэмших хүсэлт гаргасан анхдагч эрхийн хүрээнд асуудлыг дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж бие даасан шаардлагаа дэмжин гомдол гаргаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг цуцалж, “Т” ХХК-ийн бие даасан шаардлага болох 2016 оны 10 сарын 10-ны өдрийн А/68 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон “И н” ХХК-ийн 0.47 га газраас давхардсан хэсэг болох 0.15 га хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд одоогийн байгаа хашааны дагуу 0.46 га газарт шинээр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “И н” ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь уг шийдвэрийг гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгч Ч.А-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж гуравдагч этгээд “И н” ХХК-иас үзэж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.А нь 1986 оноос 2008 он хүртэл Хан-Ууд дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Халдвартын клиникийн эмнэлгийн 6 дугаар байрны 5 тоот буюу халдвартын эмнэлгийн ажилчдын орон сууцанд амьдарч байгаад 2008 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш маргаан бүхий газар буюу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1-18а тоотод оршин суух болсон байна.
Ийнхүү Ч.А нь тус газар нутагт 2008 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл оршин суухдаа төрийн захиргааны байгууллагаас тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг авалгүйгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1, 35.1, 36.1-д заасныг зөрчиж, тогтоогдсон журмын дагуу анхлан Ж.Ц-д 2004 онд газар ашиглах эрх олгогдож улмаар “И н” ХХК-д шилжин орж одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа газар ашиглах бусдын эрхэнд халдаж, хууль бусаар газар ашиглаж байгаа үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлшгүй тогтоогдож байгаа.
Он тооллын хувьд тооцож үзэхэд маргаан бүхий газар ашиглах эрхийг анх 2004 оны 10 сард Ж.Ц-д олгож, 2008 оны 05 сард “И н” ХХК-д шилжүүлсэн байдаг. Ч.А нь 2008 оны 01 сарын 31-ний өдөр хаягийн бүртгэлээ өөрчилж, тухайн үед Ж.Ц-ын газар ашиглах эрхэнд халдаж, уг газрыг хууль бусаар ашиглаж эхэлсэн байна. Тийм учраас түүнийг 2015 онд уг газрыг ашиглах эрхийг олгохыг хүсэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ч.А-ийн олгохыг хүссэн газар нь бусдын газартаа давхацсан тул хууль зүйн дагуу газар ашиглах эрхийг олгоогүй байна.
Зайсангийн амын нутаг дэвсгэрийн газар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдаж, тэнд үйлчлэх хэм хэмжээ, эрх зүйн харилцаа нь тусгайлан зохицуулалттай бөгөөд энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдаж байдгийг шүүх шийдвэр гаргахдаа төдийлөн анхаарсангүй. Энэ газар оронд суурьшин амьдарч байсан иргэдэд газар ашиглах, эзэмших давуу эрх олгогдоогүй байдаг юм.
Шүүх Ч.А-ийг зөвхөн уг газар оронд он удаан жил амьдарсан гэдгээр түүний бусдын эрхэнд халдсан хууль бус үйлдлийг зөвтгөж, ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр “И н” ХХК-ийн эрхийг зөрчиж, Ч.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд П.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0856 дугаар шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
                                                                                        ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, гуравдагч этгээд “Т” ХХК, “И н” ХХК-ийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар байна.
1. Нэхэмжлэгч нар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Т” ХХК, “И н” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулахаар зөвшөөрөл-ийн иргэн П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 6 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
“И н” ХХК-ийн ашиглаж буй 3.3 га газрыг анх Ж.Ц-д ашиглуулахаар Байгаль орчны яамны Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр эрхийн гэрчилгээ, 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ... дүгээр гэрчилгээ зэргийг олгосон байна.
Улмаар дээрх ашиглаж буй 3.3 га газраа Ж.Ц нь “И н” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу уг газрыг “И н” ХХК-д шилжүүлэн ашиглуулахаар Байгаль орчны сайдын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 201 дүгээр тушаал гарснаар Байгаль орчны яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын даргын 2008 оны ... дүгээр гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай Зайсангийн ам нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах эрхийг “И н” ХХК-д олгожээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой.
Маргаан бүхий газрыг “И н” ХХК /2004 онд Ж.Ц/-д ашиглуулахаас өмнө буюу 1991, 2001 оноос хойш нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, дайчдын хөшөө гэх газарт амьдарч байсан болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, мөн иргэний паспорт зэргээр тогтоогджээ.
Мөн нэхэмжлэгч 6 иргэний амьдарч байгаа газар нь “Т” ХХК-ийн газартай давхцалгүй, харин “И н” ХХК-ийн ашиглаж байгаа гэх 3.3 га газартай тодорхой хэмжээгээр давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/813 дугаар албан бичгээр ирүүлсэн кадастрын зураг, Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын зураг хариуцсан мэргэжилтэн Э.А-ын гаргасан кадастрын зураг, “К л” ХХК, “Ш к” ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
Дээрх баримтуудаар Ж.Ц, түүний газрыг шилжүүлэн авсан “И н” ХХК-д газар ашиглуулах шийдвэрийг захиргааны байгууллагаас гаргахдаа тухайн газрыг бодит байдал дээр өөр бусад этгээд эзэмшиж байгаа эсэхийг үзээгүй, хэмжилт, кординатжуулах ажлыг хийлгүйгээр олгосон нь буруутай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын маргаан бүхий газрыг ашиглах, амьдран суух газраа ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь гуравдагч этгээдээс түрүүлж үүссэн гэж үзэхээр байна.
Учир нь нэхэмжлэгч нар 2004 оноос өмнө маргаан бүхий газрыг ашиглан, уг газар дээр бодитойгоор амьдарч байснаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бусад хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж байгаа газрыг гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн энэхүү захиргааны байгууллагын тавьсан шаардлагыг нэхэмжлэгч нар хангаж байхад маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нарт ашиглуулахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль бус юм.
Тодруулбал, дээрх байдлаар амьдран сууж буй газраа ашиглахаар төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргах эрх нь нэхэмжлэгч нарт нээгдсэнээр гуравдагч этгээдээс өмнө үүссэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгч нарт байгаа гэж шүүх дүгнэв.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газарт Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаатай болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор заасан.
Иймд давж заалдах шатны шүүх, эдгээр үндэслэл, дүгнэлтээр П.Г, Б.О, Ш.З, Б.У, Д.Э нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч нарын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “И н” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулахаар зөвшөөрөл-ийн П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 6 иргэнд газар ашиглах эрхийг зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.
2. Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/68 дугаар тушаалаар “И н” ХХК-д ашиглуулахаар олгогдсон нийт 5 хэсэг 3.3 га газрын нэг хэсэг болох 0.47 га газраас давхацсан хэсэг болох 0.15 га хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас одоогийн байгаа хашааны дагуу 0.46 га газарт шинээр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгах тухай бие даасан шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн дээрх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 280 м.кв талбайтай гараашийн барилгыг түүний өмчлөгч Ч.Х-с 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бараа солилцох гэрээгээр “Т” ХХК худалдаж авсан байна.
Гуравдагч этгээд “Т” ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд 0.7 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, “Т” ХХК-ийн захирал нар хооронд Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/45 дугаар гэрээг байгуулжээ.
Мөн Байгаль орчны яамны улсын тухай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар газар ашиглуулах гэрчилгээгээр Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн аманд 1 га газрыг ашиглах зөвшөөрлийг гуравдагч этгээд “Т” ХХК-д олгож байжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасан нь гэрчилгээгээр бус гэрээний үндсэн дээр тусгай хамгаалалттай газар нутагт газрыг иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулахыг хуулиар зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, дээрх гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд 0.7 га газрыг ашиглуулах эрхийг “Т” ХХК-д хууль ёсны дагуу зөвшөөрсөн байна.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана гэж зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаарх хүсэлтийг гуравдагч этгээд “Т” ХХК гаргаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон.
Иймд Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн аманд 1 га газрыг Байгаль орчны яамны улсын тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар гэрчилгээгээр гуравдагч этгээд “Т” ХХК-д ашиглах боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас “И н” ХХК-д тусгай хамгаалалттай газарт 3.3 га газар ашиглуулахаар зөвшөөрсөн газраас нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Б.У, Д.Э нарын амьдарч буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Г-д 233 м.кв, Б.О-д 291 м.кв, Д.Э-д 403 м.кв, Б.У-д 353 м.кв газрыг тус тус ашиглуулах шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд “Т” ХХК, “И н” ХХК-иудын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
                                                                        ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0856 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тугаар тушаалаар “И н” ХХК-д тусгай хамгаалалттай газарт 3.3 га газар ашиглуулахаар зөвшөөрсөн газраас нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын амьдарч буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Г-д 233 м.кв, Б.О-д 291 м.кв, Д.Э-д 403 м.кв, Ч.А-д 485 м.кв, Б.У-д 353 м.кв газрыг тус тус ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ц-ын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд “Т” ХХК, “И н” ХХК-иудын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож, гуравдагч этгээд “Т” ХХК, “И н” ХХК-иудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР