Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 122/2019/0018/З |
Дугаар | 333 |
Огноо | 2019-10-21 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 333
“Д” хоршооны гомдолтой, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын
газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид
холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн Д хоршоонд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2019/0016 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0417 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Ц, хариуцагч Г.Г нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2019/0016 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Д хоршооны Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Гэрэлцацралын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0066075 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0417 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2019/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д хоршооны өмгөөлөгч Ж.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 20-ны өдрийн 122/ШШ2019/0016 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 221/МА2019/0417 тоот магадлалыг эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
4. Иргэн Б.Гөлөгсайханы “Д” хоршоонд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Г нь төлөвлөгөөт шалгалт хийх тухай мэдэгдэх хуудсыг 2019 оны 04 сарын 08-ны өдөр өгч, 2019 оны 04 сарын 11-ний өдөр шалгалт хийж байгаа талаараа мэдэгдсэн байна. Мөн тухайн өдөр Б.Г-аас тайлбар авч тэмдэглэл хөтөлсөн бөгөөд үүнээс хойш материалыг чинь шүүхрүү явуулсан гэж нэг удаа утсаар ярьсан байдаг. Харин 2019 оны 04 сарын 15-ны өдөр 19300000101 тоот зөрчлийн хэрэг үүсгэн тогтоол үйлдсэн байх ба тогтоолтой танилцуулаагүй, Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, заалт, хэсгээр хариуцлага тооцож, ямар шийтгэл оногдуулсан тухай шийдвэрээ танилцуулаагүй зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 зүйлийн 1 дэх заалт, 7.2 зүйлийн 6 заалтыг тус тус зөрчсөн байна. Улсын байцаагч Г.Г-ын гэрчийн мэдүүлэг авсан Л.М нь “Д” хоршооны орон тооны ажилтан биш Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургуульд багшаар ажилладаг Б.Г-ны эхнэр юм. Л.М-ыг гэрчээр асуусан мэдүүлэг нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 зүйлийн 1-д “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болохоор заасан боловч нэхэмжлэгч болон өмгөөлөгчид гомдол гаргах боломж олгоогүй, зөвхөн 1 удаа тайлбар авснаар зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 зүйлийн 5.2-т зааснаар тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа бүх эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн бол уг үйл ажиллагаанд оролцуулахыг татгалзахаар заасан байтал хариуцагч Г.Г нь дээрх заалтын дагуу оролцогчид хүсэлт гаргах боломж олгоогүйн улмаас төрөл садангийн /хадам ээж/ хүнээр хэрэг бүртгэлтийг удирдуулан ажилласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байдлууд харагдаж байна.
6. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэртээ зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж бичсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан байна. Б.Гөлөгсайханд Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг үүсгэн шалгах явцдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг нэг мөр дагаж мөрдөхгүйгээр шийтгэл ногдуулах боломжгүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны үндэслэл журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах мөн ажиллагааны явцад хүн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэхээр хуульчилсан байдаг. Иймд Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч “Д” хоршоо нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0066075 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
9. Маргаан бүхий 0066075 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу, “Д” хоршооны “зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүй, шимтгэл ногдох орлого нуусан, худал мэдүүлсэн” зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэн, 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоосон байх бөгөөд мөн зүйлийн 6.10-т мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...,10.17, .../-д/ заасан зөрчил; ...6.15-д нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, .../-д/ заасан зөрчил, .../-ийг/ шалган шийдвэрлэхээр заасан. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын тухай хууль зөрчих буюу ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусан, худал мэдүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг дээрх эрх бүхий албан тушаалтан харьяалан шалгаж шийдвэрлэхээр заажээ.
11. Гэвч Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан хяналт шалгалтыг хуулиар эрх олгогдсон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх, 4.1.7-д заасан хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зарчим болон 9 дүгээр зүйлийн 9.3.1-т “Мэргэжлийн хяналтын төв байгууллага нь хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих эрхтэй”, 10 дугаар зүйлийн 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно” гэж заасантай нийцээгүй байна.
12. Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын байгууллага дараахь эрх эдэлнэ: ...1-ийн 3-т “нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах”, ...1-ийн 5-д “шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, ...нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх”, 26 дугаар зүйлийн 2-ийн 4-т “нийгмийн даатгалын байцаагч нь тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах” гэж тус тус зааснаас үзэхэд нийгмийн даатгалын улсын байцаагчид нийгмийн даатгал шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон хяналт шалгалт хийж, төлбөр тогтоох, хариуцлага хүлээлгэх эрх хуулиар тусгайлан олгогджээ.
13. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн “...нэхэмжлэгч “Д” хоршооны, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуусан эсхүл худал мэдүүлсэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон байх тул зөрчилд шийтгэл ногдуулсан Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг буруутгах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
14. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх зүйл, заалтуудад зааснаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуусан, худал мэдүүлсэн зөрчлийг шалгах, хариуцлага оногдуулах эрх нийгмийн даатгалын улсын байцаагчид хуулиар тусгайлан олгогдсон байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь тухайн зөрчлийг шалгаж хариуцлага хүлээлгэх нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг давхардуулахгүй байх, хяналт шалгалтыг хуулиар тусгайлан эрх олгогдсон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй гэж үзлээ.
15. Иймд хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0066075 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй тул түүнийг хүчингүй гэж үзсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2019/0016 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0417 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 3, 5, 26 дугаар зүйлийн 2-ийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0066075 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагч “Д” хоршооны гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА