Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 705

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б*******туяа,

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн гаргуулах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажилд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*******туяа, түүний өмгөөлөгч Б.А*******, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б*******туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д*******гийн Б*******туяа би Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналтын газар бүртгэл хариуцсан мэргэжилтнээр 2010 оноос эхлэн 2015 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Миний дээрх эрхэлж байсан албан тушаалын ажил үүргийн хуваариар төрийн өмчийн дуудлага худалдаа, төрийн өмчийн бүртгэл тооллого зэрэг ажлыг хийж гүйцэтгэж ирсэн.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо татан буугдаж байгаатай холбогдуулан төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн эд хөрөнгийн асуудлыг хариуцсан 15 ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд зохих журмын дагуу шилжүүлэх гэснийг үндэслэн гаргасан Сангийн яамны 2016 оны Б/14 тоот тушаалаар нийт 22 ажилтныг, тэр дундаа надтай адил чиг үүрэг гүйцэтгэдэг нэр бүхий 11 ажилтныг тус яаманд шилжүүлэн томилсон боловч намайг томилохгүй орхигдуулсан байх бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар намайг үүрэгт ажлаас маань чөлөөлсөн байна.

Миний бие Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр энэ талаар өргөдөл гаргасан боловч мөн оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 13-1/1204 дугаар албан бичгээр “...татан буугдсан аж ахуйн нэгж, байгууллагын ажилтныг ажлын байраар хангах үүргийг ажил олгогч хүлээгээгүй” талаар хариу өгсөн.

  Намайг ийнхүү ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Ажил үүргээ гейцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.4. “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэж тус тус заасныг зөрчсөн байх бөгөөд хуульд зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажилд томилохыг даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2010 оноос хойш Төрийн өмчийн хорооны бүртгэл, ашиглалт хяналтын газар бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэвч 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарсан Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын Б/14 дүгээр тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч жирэмсний амралттай байсан. Хариуцагчийн маргаантай актын  үндэслэл  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4 буюу Төрийн өмчийн хороо ажил олгогч татан буусан гэсэн байгаа. Үүнээс Засгийн газрын 2016 оны 501 дүгээр тушаалаар Төрийн өмчийн хорооны чиг үүргийг сангийн яаманд шилжүүлсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний Б/18 дугаар тушаалаар сангийн яамны төрийн өмчийн бүтцийн өөрчлөлтийн хэлтэст 9 мэргэжилтэн, төрийн өмчийн бүртгэл ашиглалт хяналтын хэлтэст 8 мэргэжилтэн тус тус ажиллана гэж заасан. Маргаан бүхий акт болох татан буусан гэсэн үндэслэлтэй нийцэхгүй байна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний Б18 дугаар тушаалаар ажилд орсон мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авна гэсэн. Төрийн өмчийн хорооны бүртгэл, ашиглалт хяналтын газарт 12 мэргэжилтэн байсан. Одоо төрийн өмчийн бүртгэл ашиглалт хяналтын хэлтэст 8 мэргэжилтэн авахдаа яг ямар шалгаруулалт үндэслэлээр 8 хүнийг сонгосон бэ гэдэг нь тодорхойгүй байна.

Мөн Тухайн ажлын байран дээр хамгийн их шаардлагыг хангаж байгаа мэргэжилтнийг 8,9 мэргэжилтнийг сонгон шалгаруулах дээр ямар ч үйл ажиллагаа явагдаагүй. Урьдчилж нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 2 дугаар сарын 02- ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийн дагуу Сангийн яаманд ажилд томилохыг даалгуулах тухай Д.Б*******туяагийн нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг өгч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5 тоот тогтоолуудаар Төрийн өмчийн хороог татан буулгаж, тус хорооны эрхэлж байсан чиг үүргийг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлж, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Б*******, Сангийн сайд Б.Б******* нарт даалгасан.

Мөн 2016 оны 5 тоот тогтоолын 1 дэх хэсгийн 1.а-д заасны дагуу Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсгийг байгуулж тус ажлын хэсгийн ахлагчаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Г*******ыг томилсон. Ажлын хэсэг нийтдээ 3 удаа хуралдаж ажлын хэсгийн тайланг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б******* болон Сангийн сайд Б.Б******* нарт танилцуулсан юм.

Тус тайланд дурдсаны дагуу үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б******* болон Сангийн сайд Б.Б******* нараас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14/33 тоот хамтарсан тушаал гарч төрийн өмчийн хорооны нэр бүхий ажилчдыг ажлаас нь чөлөөлөх тухай тушаал гаргах, тэтгэлэг тэтгэмж олгох эрхийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Г*******од олгосон болно.

Дээрх тушаалаар олгогдсон эрхийн дагуу Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын Б/14 тоот тушаалаар нэхэмжлэл гаргагч Д.Б*******туяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулиар бүтцийн өөрчлөлтийн улмаас ажилчдыг ажлаас хэрхэн чөлөөлөхийг хуульчилж тусгаагүй, дээрх этгээдийг томилсон чөлөөлөх эрх бүхий Төрийн өмчийн хорооны дарга Н.Н*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зэрэг нөхцөл байдлын улмаас Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нэхэмжлэл гаргагч Д.Б*******туяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.6 “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.” гэж заасан байдаг. Xуулийн энэ заалтаар жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг байгууллага нь татан буугдсан тохиолдолд ажлаас чөлөөлж болох эрхийг олгосон байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тогтоол болон 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо нь татан буугдсан тул жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан Д.Б*******туяаг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байх үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах тухай ойлголт нь татан буугдсан байгууллагын хувьд хамааралгүй юм. Төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын баталгаагаар бус, харин 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгаагаар хангагдахаар зохицуулсан байдаг. Нэхэмжлэл гаргагч Д.Б*******туяа үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан баталгаагаар хангагдаж, Д.Б*******туяад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 3,682,014 /гурван сая зургаан зуун наян хоёр мянга арван дөрвөн/ төгрөгийн тэтгэмж олгож, Голомт банкны 1509136924 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн юм. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/14 тоот тушаалаар зөвхөн Д.Б*******туяаг ажлаас чөлөөлөөгүй тул бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд татан буугдсан аж ахуйн нэгж, байгууллагын чиг үүргийг хүлээн авагч байгууллагын хувьд Сангийн яам нь Төрийн өмчийн хорооны ажилтан нэг бүрийг ажлын байраар хангах үүргийг хүлээхгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б*******туяагийн нэхэмжлэлтэй Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг татан оролцуулах шүүгчийн захирамж гарсантай холбогдуулж Д.Д******* би хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Д.Б*******туяаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр чөлөөлөөгүй тул ажилд томилох үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хүлээхгүй.

Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 12 дугаар тогтоолоор байгуулагдсан. Нэхэмжлэгч Д.Б*******туяа нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний тушаалаар чөлөөлөгдсөн учраас Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газар нь хариуцагч биш гэж үзэж байна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрвээ хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа гэж шүүхээс шийдвэрлэх юм бол  иргэнд учирсан хохирлыг тухайн хариуцагч байгууллага хариуцлага хүлээх ёстой. Иргэний хуулийн  498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д зааж өгсөн байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б*******туяа  “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийн дагуу Сангийн яаманд ажилд томилохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байснаа,  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн  даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын Д.Б*******туяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны олговор  нөхөн гаргуулах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажилд томилохыг даалгах гэж өөрчлөн нэмэгдүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  Б/14 дүгээр тушаалын  Д.Б*******туяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны  олговрыг нөхөн гаргуулах шаардлагын тухайд: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн хороог татан буулгасантай холбогдуулж, Д.Б*******туяаг төрийн албанаас чөлөөлжээ.

Хариуцагч Сангийн яам нь шүүхэд ирүүлсэн хариу талбартаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажилд олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасны дагуу Д.Б*******туяаг ажлаас нь чөлөөлсөн”  гэж тайлбарлаж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар Монгол улсын Засгийн газрын тухай тогтоолыг Засгийн гарын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн хороог “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар” болон өөрчлөн байгуулжээ. Д.Б*******туяа нь Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газарт бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад  хүүхэд асрах чөлөөг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны  05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл авч, 2016 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/14 дүгээр тушаалаар Төрийн өмчийн хорооны төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газарт бүртгэлийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь  хавтаст хэрэгт авагдсан  Төрийн өмчийн хорооны даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/155 дугаар тушаал,  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн  даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “яамдын зохион байгууллалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоол, ”Засгийн газрын  агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолоор  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /хуучнаар төрийн өмчийн хороо/ байгуулагдаж, Сангийн яаманд  ажиллаж байсан Төрийн өмчийн хорооны /хуучнаар/ ажилчдыг  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдэлд шилжүүлжээ.

  Хэдийгээр хариуцагч тал Төрийн өмчийн хороог татан буугдсан гэж тайлбарлаж байгаа боловч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгон өөрчлөн байгуулж, тэнд ажиллаж байсан ажилчдыг шинээр байгуулагдсан байгууллагын мэдэлд шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд  Төрийн өмчийн хороо / хуучнаар / татан буугдсан биш чиг үүргийг нь Сангийн яаманд түр шилжүүлээд дахин  өөрчлөн байгуулсан гэж үзэхээр байна.

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.   Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагджээ. Шинээр зохион байгуулагдсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Д.Б*******туяагийн урьд эрхэлж байсан албан тушаал / ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...”,байна.  Хэрэв дахин шинээр байгуулагдсан  төрийн байгууллагын орон тоо, бүтэц цөөрч , хасагдсан бол ажилчдыг “шалгаруулж” авах  үүргээ эрх бүхий албан тушаалтан биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Төрийн өмчийн хороог татан буулгаж, дахин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болгон чиг үүргийг шилжүүлэх үйл явцад Төрийн өмчийн хорооны /хуучнаар/ ажилчдыг ямар ч шалгуургүйгээр цомхтгож,  дахин томилж байгаа нь  дээрх хуулийн заалтад нийцээгүй байна. Төрийн өмчийн хорооноос чөлөөлөгдсөн ажилтнуудын зургаан сарын тэтгэмжийн тооцоо хийж Д.Б*******туяагийн дансанд 3.682.014 мянган төгрөгийг шилжүүлжээ.

2. Д.Б*******туяаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах шаардлагын тухайд:  Төрийн өмчийн хорооны /хуучнаар/ чиг үүрэг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжиж Д.Б*******туяагийн урьд эрхэлж байсан  ажил албан тушаал хэвээр  байгаа тул Захиргааны байгууллага, албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан  үндэслэлээр  ажил албан тушаалыг нь хэвээр хадгалах үүрэгтэй. Д. Б*******туяа нь Төрийн өмчийн хороонд 2010 оноос эхлэн 2015 оны 8 дугаар сар хүртэл Төрийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналтын газарт бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч, хүүхэд асрах чөлөөтэй байсан, мөн Д.Б*******туяагийн 2012-2014 оны  үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг Ерөнхий менежер  “А” буюу “маш сайн” гэж дүгнэж байжээ.  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б14 дүгээр тушаалаар Д.Б*******туяаг  бүртгэлийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн боловч  Төрийн өмчийн хорооны чиг үүрэг Төрийн өмчийн, зохицуулалтын газарт шилжсэн тул  нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.           

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******туяагийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын Д.Б*******туяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Б*******туяагийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл,            2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг  нөхөн олгохыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар Д.Б*******туяаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын бүртгэлийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад  даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЧАНЦАЛНЯМ