Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0731

 

Иргэн Д.Болортуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Д.Болортуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Болортуяагийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36,1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болортуяагийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын Д.Болортуяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Болортуяагийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгохыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар Д.Болортуяаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын бүртгэлийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний зорилго, зорилт нь тухайн үед улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор, төрийн байгууллагуудын орон тоог цомхотгох, зардлыг багасгах, бүтцийн хийдэл давхардлыг арилгах замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тодорхой хэмжээний ач холбогдолтой гэж үзсэн байдаг. Дээрх тогтоолын тогтоох хэсгийн 3-д “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг-Төрийн өмчийн хороог татан буулгасугай”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-5 “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж тус тус заасны дагуу тухайн үеийн төрийн өмчийн хороог татан буугдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэйг харгалзаж үзээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний 05 дугаар тогтоолууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14/33 дугаар тушаалын дагуу тус тус олгогдсон эрхийн дагуу Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын Б/14 дүгээр тушаалаар нэхэмжлэл гаргагч Д.Болортуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байх үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах тухай ойлголт нь татан буугдсан байгууллагын хувьд хамааралгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар Засгийн газрын тухай тогтоолыг Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн хороог “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар” болгон өөрчлөн байгуулжээ” гэж ойлгож буруу, шууд Төрийн өмчийн хороо гэснийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгосон мэт тайлбарласан гэж үзэж байна.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг хамаардаг бодлогыг “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар” гэж шинээр үүсгэн байгуулсан байдаг.

Мөн нэхэмжлэл гаргагч Д.Болортуяа үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдаж, Д.Болортуяад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 3.682.014 /гурван сая зургаан зуун наян хоёр мянга арван дөрвөн/ төгрөгийн тэтгэмж олгож, Голомт банкны 1509136924 дугаар дансанд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хороог татан буулгасан, мөн Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус хорооны эрхэлж байсан чиг үүргийг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлснээр хорооны Төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн эд хөрөнгийн асуудлыг хариуцсан 15 ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд шилжүүлсэн байх бөгөөд улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Төрийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналтын газарт бүртгэл хариуцсан мэргэжилтэн нэхэмжлэгч Д.Болортуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Төрийн өмчийн хорооны даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгож, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” Б/155 дугаар тушаалаар тус хорооны Төрийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналтын газарт бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д.Болортуяад 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгожээ.

Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолд[1] “в. Сангийн яам” хэсгийн 11 /Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газар (Төрийн өмчийн бүтцийн өөрчлөлтийн хэлтэс, төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын хэлтэстэй)/ дэх хэсгийг нэмснээс үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төрийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналтын газарт бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаал Сангийн яаманд шилжсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төрийн өмчийн хороо татан буугдсан ч гэсэн түүний эрхийг залгамжлан авсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн албаны тухай хууль болон  Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн ажлын байрыг хадгалж байх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга маргаан бүхий захиргааны актаар хүүхэд асрах чөлөөтэй байсан Д.Болортуяаг ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулиудын холбогдох заалтуудад нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн “Төрийн өмчийн хороог татан буугдаагүй, чиг үүрэг нь Сангийн яаманд шилжсэн, дахин өөрчлөн байгуулагдаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулагдсан” гэх дүгнэлт буруу боловч нэхэмжлэлийн шаардлагын “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б14 дүгээр тушаалын Д.Болормаад холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь зөв байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хөлс авдаг бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар төрийн албан хаагчийг ажлаас буруу халсан нь тогтоогдсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх нөхөн олгохоор шийдвэрлэдэг, тиймээс шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөвхөн тухайн ажил, албан тушаалд ажиллаж байсан тохиолдолд олгохоор шийдвэрлэх ёстой.

Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий захиргааны актыг гарах үед үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан тул ажиллаж байсан гэж үзэн олговрыг олгох боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчид нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б14 дүгээр тушаалын Д.Болортуяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Болортуяаг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Д.Болортуяагийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл, ажилгүй байсан бүх хугацааны олговрыг нөхөн олгохыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтын дугаарыг “2”, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР