Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 33

 

Б.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1047 дугаар магадлалтай, Б.Х-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж байсан, ...овогт Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Хохирогч С.Б. нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Б.Х-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа“...Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...хохирогчийн биед учирсан цээжний гэмтэлтэй холбоотой гарсан зардалд бодитой хууль зүйн дүгнэлт хийх, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэжээ.

1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудсанд хохирогч С.Б-ын гаргаж өгсөн эмчилгээний баримтууд байх хэдий ч биеийн аль хэсэгт учирсан гэмтлийг эмчлүүлсэн эмчилгээний баримтууд болох нь тодорхойгүй, цээжинд учирсан гэмтлийг эмчилхэд хэдий хэмжээний зардал гарсныг ялган тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул анхан шатны шүүх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг хязгаарлаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа ял шийтгэл хөнгөдсөн гэсэн байр суурьнаас бичсэн байсан. Б.Х-ын  үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт бодитой дүгнэлт хийгээгүй, ...шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулсан хууль зүйн үндэслэл, шалтгаанаа шүүх тодорхой дүгнэж, тайлбарлаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан.

Б.Х  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа /2хх-112-113, 117-118 авагдсан мэдүүлгүүд/, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

Цаашлаад эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилго агуулдаг ч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж буй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүний тухайд заавал ялыг хүндрүүлж оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан хэлсэн саналдаа: “...Миний үйлчлүүлэгчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнтэй холбогдуулаад өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд 4 452 000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь хохирогчийн эрхийг зөрчсөн. Харин давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Хохирогч одоо болтол хэвтэрт байгаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хор уршиг арилаагүй байхад 2 жилийн хорих ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1047 дугаар магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Х-ын  үйлдлийн улмаас хохирогч С.Б биед хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэл оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Учир нь хавтаст хэргийн 139-140 дүгээр талд авагдсан баримтуудад үндэслэж аль хэсэгт учирсан гэмтлийн эмчилгээтэй холбоотой зардал гэдгийг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Оршин суугчдын гомдлын дагуу очиж хохирогчийг орцноос гаргахаар хууль ёсны шаардлага тавьсан. Шүүгдэгчид оногдуулсан ял хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Х-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х ыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн..... орцонд иргэн М.Бямширийг “орцонд шээсэн” гэх шалтгаанаар зодож, баруун 7, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушигны авчийлт, зүүн уушигны дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын хэмжээний талаарх дүгнэлт тодорхойгүй, хохирлыг нотолсон баримтыг гаргаж өгсөн байхад тэрхүү баримтын хүрээнд дүгнэлт хийгээгүй атлаа шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шийтгэх тогтоолд тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу шүүгчийн эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хийдэг өөрийн дүгнэлт нь үйл баримтын буюу гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд тус бүрт тавигдах шаардлагыг хууль тогтоогч хуульчилсан.

Анхан шатны шүүх гэм буруутайд тооцох хэсгийн дүгнэлтийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн дүгнэсэн атлаа хохирогчоос эмчилгээний талаар гаргаж өгсөн баримтуудад үнэлгээ, дүгнэлт өгөлгүйгээр шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, улмаар ийнхүү хохирол төлөөгүй, хор уршгийг арилгаагүй байхад Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялыг сонгон оногдуулахдаа ял хөнгөрүүлэх хуульд заасан ямар үндэслэлийг баримталж хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5 дахь заалтын шаардлагыг тус тус хангаагүй байна.

Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарах тул магадлалын үндэслэлийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Мөн энэ хэргийн хохирогчийн нэрийг С.Б гэдэг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар /1хх-170/ тогтоогдож байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт хохирогч С.Б гэж бичсэн хайнга алдааг нэг бус удаа давтан гаргасныг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1047 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН