Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 246

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Боржигон овгийн Бадарчийн Х.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Х- нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар            хороо 25 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн С.Б-тэй “...орцонд шээсэн..." шалтгаанаар маргалдаж улмаар С.Б-ийн биед халдаж баруун 7, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушигны авчийлт, зүүн уушигны дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал зэрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х- мэдүүлэхдээ:

“...Би хүн цохисондоо гэмшиж байна. Би хохирлын талаар төлөхгүй гэж хэлээгүй төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Х-ын өгсөн:

“...Би 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр санаж байна цаг хугацааг нь тодорхой сайн мэдэхгүй байна гэртээ цай уугаад сууж байсан чинь миний гар утас дуугараад оршин суугч 18 тоотын А- гэдэг залуу “25 дугаар байрны 1 дүгээр орцны 3 давхарт хоёр хүн 2 цаг гаран унтлаа” гэж мөн 10 тоотын эмэгтэй бас над руу залгаж мэдэгдсэн. Тэгээд би 3 дугаар давхарт очоод тэр хоёрыг хөөе босцгоо гээд хөөгөөд хувцаснаас нь татаад бөгсөн дээр нь суулгасан чинь бор царайтай залуу нь гаръя гаръя гэсэн чинь шар царайтай арай өндөр нь пизда банди минь хаана унтахаа чамаар заалгах юм уу ална шүү би Монгол улсын иргэн гээд байхаар нь хоёулангынх бөгс рүү нь хоёр хоёр өшиглөсөн. Тэгээд би жижиг биетэй залуугийн шилбэ рүү нь урд талаас нь өшиглөсөн чинь нэвт шаана шүү гээд байхаар нь ойртохгүй байсан чинь халбаганы иш гаргаж шидэхээр нь хутга биш байна гээд тэр хоёрыг доод давхарт байдаг шитний өрөөний хажуу талын шатны дэргэдэх төмөр хаалганд хийгээд цоожилсон. Тэгээд цагдаа дуудаад 10 орчим минутын дараа ирээд аваад явсан. Би тэр хоёрыг өмсөж явсан хромон гутлаараа бөгс рүү нь 3 удаа, шилбэ рүү нь хоёр хоёр удаа өшиглөсөн. Бор царайтай залуугийн тархи нь хагарсан нүүр ам нь хөхөрсөн байсан. Шар царайтай залуу ч нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан.

Тэр хоёр 65 дугаар байрны 4 дүгээр орцны жижүүр залуутай 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2-3 өшиглүүлээд гарсан гэсэн. Түүнээс хойш 6 хоногийн дараа тэр хоёртой тээврийн товчооны баруун талд байдаг шар байрны “Говийн наран” цайны газрын урд байх ногоон өнгийн эмийн сангийн гадна таарсан чинь нөгөө 2 ах хүү уулзая 10.000 төгрөг өгчих гэхээр нь надад байна байсан ч өгөхгүй гээд шууд явсан. Тэгээд 3-4 хоногийн дараа шар царайтай нь халуун тогоо барьчихсан бор царайтай нь цэнхэр тортой юм барьчихсан 73 дугаар байрны зүүн талын буланд таарсан чинь ахиад 10.000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь байхгүй байсан ч өгөхгүй гэсэн чинь та тэгвэл ганц юм аваад өгчих 5.000 төгрөг байдаг шүү дээ гэхээр нь наад мөнгө чинь банкинд л байдаг байх гэж хэлчихээд яваад өгсөн. тэгээд дахиж тааралдаагүй.

Дахиж тэр хоёртой таарахдаа зодож цохисон асуудал байхгүй. Харин бор царайтай залуутай нь 2016 оны 10 дугаар сарын 15-нд цалингийн урьдчилгаа мөнгөө авчихсан явж байхад тааралдахад “ус аваад өгөөч” эм уух гэсэн юм гэхээр нь ойрхон хүнсний дэлгүүр алга гээд зөрөөд явсан. Тухайн үед шар царайтай залуу нь байхгүй ганцаараа явж байсан. Тэгээд 3-4 хоногийн дараа Зүүн хараа буюу Мандал сум руу эгчдээ эм өгч явуулчихаад 65 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа нөгөө 2 залуу өөр бас 1 залуутай 3-уулаа зогсож байгаад харж байгаагүй залуу нь намайг дуудаад би яасан гээд яваад очиход чи хүн зодсон байна мөнгө төгрөгийг нь өгөлдөө гэхээр нь чи хэн болоод намайг байцаагаад байгаа юм бэ надад үзүүлэх бичиг баримт байна уу гэсэн чинь бор царайтай их монгол гэсэн бичигтэй дөрвөлжин шилтэй архи гаргаж ирээд надад өгөхөөр нь уухгүй гээд явсан.

Би маш түргэн ууртай. Уурлахаараа юу хийснээ мэдэхгүй маш их уурладаг. Зүрх салгалдаг хамаг бие чичирдэг. Би орцонд шээж баасан тохиолдолд маш их уурладаг. С.Бийн хувьд тухайн үед орцонд шээж, баасан байсан болохоор маш их уурласан. Би гэрчийн хэлж байгаа шиг олон дахин өшиглөөгүй, харин бөгс, гар луу нь нэг нэг удаа харин цээжний баруун хавирга хэсэг рүү нь нэгээс хоёр удаа өшиглөхөд С.Б шатны уруу 2 давхраас 1 давхар хүртэл унасан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хүний эрх чөлөөнд халдан зодсон үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 152-153, 155-156, 2-р хх-н 84-86, 107-110, 112-113, 117-118/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Б-ийн өгсөн:

“...Орцны жижүүрт зодуулсан он сар өдрийг санахгүй байна. М бид хоёрыг орцонд унтаж байхад 50 гаруй насны хромон гутал өмссөн эрэгтэй орцонд унтлаа гэж газар унагаан өшиглөсөн, мөн 2 хөлийн шилбэ рүү ээлжлэн өшиглөсөн. Миний биеийн байдал маш муу байна, миний биеийн өрөөсөн тал мэдээгүй болсон. Толгой маш их өвдөнө, амьсгал давчидна, толгойн баруун хэсэг алгын чинээ газар ясгүй болсон. Миний бие байнгын өвдөж байнгын асаргаа сувилгаанд байна.

Би эхлээд Хт зодуулсны дараа амьсгалахад цээж хөндүүрлээд л яваад байсан. Эмчилгээний зарлаа гаргуулж авах хүсэлттэй байна. Хт 10 сарын эхээр орцонд Майнжаргалтай хамт зодуулсан. Одоо би хүний 100% асаргаанд явж чадахгүй байгаа.

Тухайн өдөр Х орж ирээд тамхи татлаа, шүлсээ хаялаа гэж хөөхөөр нь би босоод чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь миний цээж хэсэг рүү хромон гуталтай хөлөөрөө тонгорч унагасан. Би хойшоо саваад дээш харан газар унасан чинь миний дээрээс хавирга руу хэд хэдэн удаа дэвссэн. Би босох гэсэн чинь босож чадахгүй шатны уруу өнхөрч унасан. Би нэг давхрын шатны давцан дээр тогтоод босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Энэ үед Х нь дээрээс бууж ирж намайг сугдаж босгож шатны бариул түшүүлсэн. Би суух гэсэн чинь доошоо суувал ална шүү та хоёрыг одоо өгдөг газар нь өгнө гэж хэлж цэнхэр өнгийн утас халааснаасаа гаргаж ирж 2 согтуу хүн орцонд бааж шээгээд шаардлага биелүүлэхгүй гарахгүй байна гэж хэлсэн. Би арай хийж алхаж байсан бөгөөд маш их өвдөж байсан. Амьсгал авч чадахгүй байсан бөгөөд 40-р байрны 2 дугаар орцонд орон 1 шил архи хувааж уугаад унтсан. Маргааш нь би орцонд сэрэхдээ хөдөлж чадахгүй үргэлжлүүлэн архи уусан. Архи л өвчин намдааж байсан. Явахад ч нил хүнд болж байсан. Ингэж явсаар Д.Буянтогтоход толгой руугаа архины шилээр цохиулж ухаан алдан ГССҮТ-д очихдоо Хыг намайг зодож хавирга хугалж гэмтэл учруулсан болохыг мэдсэн. Миний хэвлийд учирсан гэмтлийг Б.Х- учруулсан. Миний эмчилгээнд одоогийн байдлаар 10 сая төгрөг гараад байгаа. Хаас 3 сая төгрөгийг  нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 35-36, 39-40, 2-р хх-н 121-127/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.М-ын өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 16-н билүү 17-ны өглөө би найз Бтэй /хоч нь үхэр/ хамт архи уугаад нэг мэдэхэд тасарчихсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо 26 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талын орцонд 2 билүү 3-н давхарт унтаж байсан. Тухайн үед бүрэнхий болсон байсан цаг хэд болж байгааг мэдээгүй. Тэгтэл орцны жижүүр гэх хромон гуталтай, өндөр биерхүү, 50 гаран насны эрэгтэй хүн, хар өнгийн савхин дугуй малгайтай түүний эхнэр тарган биетэй 40 орчим насны эмэгтэйтэй хамт орж ирээд эрэгтэй нь учир зүггүй бид хоёрыг 10-20 минут орчим хөлөөрөө толгой, цээж, хөл гар гээд хүрээгүй газаргүй зодож байгаад бид хоёрыг цагдаа дуудаж өгсөн. Тэгээд цагдаа нар бид хоёрыг аваад тус хорооны байранд ирээд овог нэр бичиж аваад “Та үүдэн дээр зогсож бай гэхээр нь бид хоёр зугтаагаад явчихсан юм. Тэгээд бид хоёр Сүхбаатар дүүрэг /хороог нь мэдэхгүй байна/ Тээврийн товчооны /хуучнаар хойд талын 5 дугаар байрны 4 дүгээр орцны 5-н давхарт гарч шатан дээр унтсан. Тэгээд өглөө нь Б бие өвдөөд явж чадахгүй байна гээд байхаар нь хамт байрны орцноос гараад хоёулаа шараа тайлъя гээд Баянгол дүүрэг 3 дугаар хороо 24 дүгээр байрны урд үзүүрт байдаг “Үсчин” нэртэй үс засдаг газрын өмнө Б явж чадахгүй байна гээд 08:00 цагийн үед суугаад үлдсэн. Би Барс зах руу шараа тайлна гээд ганцаараа явсан. Тэгээд би буцаад 13:00 цагийн үед ирэхэд Б байхгүй байсан. Тэгээд би Содоо гэдэг хүнтэй нийлж хоёр хоног архи уугаад байтал Бийг Гэмтлийн эмнэлэг дээр ухаангүй байна цагдаа нар хайгаад яваад байна гэж Дамбий надад хэлэхээр нь “Би зодсон хүнийг нь мэднэ гэж хэлсэн. Тэрнээс Б бид нар 5 дугаар хорооллын нийлдэг хэдэн хүн байдаг гадны хүмүүстэй архи дарс уудаггүй, ямар нэгэн зодоон цохион болдоггүй.

Хромон гутлаараа бид хоёрын нүүр толгой, хөл гар луу олон өшиглөж, дэвсэж зодсон мөн Бийг хөлөөрөө тийрч шатны уруу өнхрүүлж унагасан. Тэгээд бид 2-ыг подвалийн өрөөнд өшиглөж оруулж байгаад цагдаа ирэхэд гаргаж өгсөн. Бид хоёрыг өөр хэн ч зодож гар хүрээгүй зөвхөн орцны жижүүр зодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 43-44/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Ч-ийн өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хүлээн авахаар яаралтай түргэн тусламжийн 103-аар Б нь сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирсний дагуу би 22 цагийн үед үзэхэд тухайн үедээ нэр, хаяг нь тодорхойгүй, тархины хүнд гэмтэлтэй, гүн комын байдалтай орчиндоо харьцаагүй биедээ олон тооны хөхрөлт няцралт шархтай өвчтөнг үзсэн. Яаралтай журмаар тархинд компьютер томограф хийж онош тодруулсан. Яаралтай амь насны заалтаар тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа байсныг авах мэс засалд орсон. Тухайн үед биед үзлэгээр духны баруун талд 5 см зүсэгдсэн шинэ шархтай байсан. Зүүн духанд няцарсан шархтай байсан. Цээжний урд хэсгүүдэд хөхрөлттэй байсан. 2 хөл, өвдөгнөөс доош шилбэ, тавхай хэсэг хөхрөлт няцралт хаван ихтэй хагалгаанд орохын өмнө цээжний рентген зургаар баруун талдаа олон хавирганы хугаралтай байсан. Хатуу хальсан доорх цусан хураа нь шинэ бүлэм байсан. Гэхдээ тус цусан хураа нь 2 хоног толгой дотор явах боломжтой үүнийг саруул үе гэж үзнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 60/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Б-ийн өгсөн:

“...2016 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна 19-20 цагийн орчим гадаа нилээн харанхуй болж байсан. Энэ өдөр би эргүүлийн цагдаа Нямдоржийн хамт Тайшир 68 дугаар чиглэл буюу Төмөр зам дахь цагдаагийн дэд хэсгийн байранд 24 цагийн хугацаатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо байрыг нь санахгүй байна орцонд согтуу хүмүүс гарахгүй байна гэсэн дуудлагын дагуу очиход орцонд 3 эрэгтэй хүн байсан. Дуудлага хэн өгсөн юу болсон талаар асуухад өөрийгөө орцны жижүүр гэж танилцуулсан 40-50 орчим настай эрэгтэй хүн /Х/ энэ 2 архичин орцноос гарахгүй шээж баагаад байна гэж хэлсэн. Нөгөө 2 хүнийг дагуулан гарсан. Тухайн 2 хүний архи ууж, орцоор тэнэдэг байрын царайтай намхан 2 хүн байсан. Ямар зүс царайтай эсэхийг ажиглаагүй. Дагуулан Төмөр замын дэд хэсгийн байр орох гээд явахад намхан биетэй нь хэвлий хэсгээрээ атиралдан бөгтийж яваад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 64-65/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1524 тоот:   

1.5. С.Бийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн таславч хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагзны ясны босоо шугаман хугарал, зүүн гар, хөлийн саа, саажил, баруун 7,9,10,11-р хавирганы хугарал нь баруун уушигны авчийлт, зүүн уушигны дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-н 66-67/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 678 тоот:  

            1. С.Бийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн таславч хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагзны ясны босоо шугаман хугарал, зүүн гар, хөлийн саа, саажил, баруун 7,9,10,11-р хавирганы хугарал, баруун уушигны авчийлт, зүүн уушигны дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн таславч хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагзны ясны босоо шугаман хугарал, зүүн гар, хөлийн саа, саажил гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            3. Баруун 7,9,10,11-р хавирганы хугарал, баруун уушигны авчийлт, зүүн уушигны дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний зөөлөн эдийн няцрал цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Баруун, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, духны шарх, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт /1-р хх-н 69-71/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн:

            “...С.Бийн биед тогтоогдсон тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн таславч хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагзны ясны босоо шугаман хугарал бүхий гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр цохигдох болон ар дагзаараа савж унах тохиолдолд үүсгэгдэж болно. Нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн гэмтэл авснаас хойш цусан хураа аажмаар нэмэгдэх тархи дарагдах хүртэл ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хохирогч уг гавал тархины гэмтлийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авсан бол 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хэвийн байдалтай яваад байх боломжгүй. Тухайн гэмтлийг авсан тохиолдолд 1-3 хоногт уг гэмтэл нь шинэ байна. 4-7 хоногт хурцавтар 7-10 хоногоос дээш архаг хэлбэрт шилждэг. Гэмтлийн эмнэлгийн хагалгааны тэмдэглэлээс үзэхэд хатуу хальсан доорх их хэмжээний бүлэн байсныг авав, үндсэн онош тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа (хурц) гэсэн байх тул уг тархины цус хуралт бүхий гэмтэл нь шинэ буюу 1-3 хоногт үүсгэгдсэн байж болохоор буюу боломжтой байна. Дээрх хавирганы хугарлаас болон уушигны няцрал гэмтлийн улмаас цээжний хөндийд хий шингэн хуралдах нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт гавлын яс хугарвал хүнд гэмтэл гэж заасан байдаг. 3.1.3 дахь хэсэгт тархинд цус хуралт үүсвэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байдаг. 3.1.12 дахь хэсэгт цээжний хөндийн эрхтнүүдийн гэмтлийн улмаас цээжний хөндийд цус, хий хуримтлагдаж амь насанд аюултай байдал илэрвэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж Гэмтлийн зэргийн журамд тус тус заасан байдаг. Бийн хувьд 2016 оны 10-р сарын 19-ний өдөр гавал тархины хагалгаанд орж тархины хатуу хальсан доорх цус хуралтыг авхуулсан мөн гэмтлийн эмнэлэгт хийгдсэн цээжний компьютер томографийн шинжилгээгээр цээжний хөндийд хий шингэн хуралдсан, 4 хавирга хугарсан, баруун уушигны хавчилт үүссэн зэрэг нь дээрхи заалтуудад хамаарч байна.

Ш.Бийн биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн таславч хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт зэрэг нь тархины гэмтлийн үед учрах боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх-н 74-77/,

 

            - Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 80-132/,

              

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 161, 2-р хх-н 97/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 172, 2-р хх-н 94/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Х- нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар            хороо 25 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн С.Бтэй “...орцонд шээсэн..." шалтгаанаар маргалдаж улмаар С.Б-ийн биед халдаж баруун 7, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушигны авчийлт, зүүн уушигны дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал зэрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Х-ын “...С.Бийн хувьд тухайн үед орцонд шээж, баасан байсан болохоор маш их уурласан. Би гэрчийн хэлж байгаа шиг олон дахин өшиглөөгүй, харин бөгс, гар луу нэг нэг удаа харин цээжний баруун хавирга хэсэг рүү нь нэгээс хоёр удаа өшиглөхөд С.Б шатны уруу 2 давхраас 1 давхар хүртэл унасан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Б-ийн “...Тухайн өдөр Х ...миний цээж хэсэг рүү хормон гуталтай хөлөөрөө тонгорч унагасан. Би хойшоо саваад дээш харан газар унасан чинь миний дээрээс хавирга руу хэд хэдэн удаа дэвссэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.М-ын “...2016 оны 10 дугаар сарын 16-н билүү 17-ны өглөө би найз Бтэй /хоч нь үхэр/ хамт архи уугаад нэг мэдэхэд тасарчихсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо 26 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талын орцонд 2 билүү 3-н давхарт унтаж байсан. Тухайн үед бүрэнхий болсон байсан цаг хэд болж байгааг мэдээгүй. Тэгтэл орцны жижүүр гэх хромон гуталтай, өндөр биерхүү, 50 гаран насны эрэгтэй хүн, хар өнгийн савхин дугуй малгайтай түүний эхнэр тарган биетэй 40 орчим насны эмэгтэйтэй хамт орж ирээд эрэгтэй нь учир зүггүй бид хоёрыг 10-20 минут орчим хөлөөрөө толгой, цээж, хөл гар гээд хүрээгүй газаргүй зодож байгаад бид хоёрыг цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Ч-ийн “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр жижүүр гүйцэтгэж байх хугацаанд хүлээн авахаар яаралтай түргэн тусламжийн 103-аар Б нь сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирсний дагуу би 22 цагийн үед үзэхэд тухайн үедээ нэр, хаяг нь тодорхойгүй, тархины хүнд гэмтэлтэй, гүн комын байдалтай орчиндоо харьцаагүй биедээ олон тооны хөхрөлт няцралт шархтай өвчтөнг үзсэн. Яаралтай журмаар тархинд компьютер томограф хийж онош тодруулсан. Яаралтай амь насны заалтаар тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа байсныг авах мэс засалд орсон. Тухайн үед биед үзлэгээр духны баруун талд 5 см зүсэгдсэн шинэ шархтай байсан. Зүүн духанд няцарсан шархтай байсан. Цээжний урд хэсгүүдэд хөхрөлттэй байсан. 2 хөл, өвдөгнөөс доош шилбэ, тавхай хэсэг хөхрөлт няцралт хаван ихтэй хагалгаанд орохын өмнө цээжний рентген зургаар баруун талдаа олон хавирганы хугаралтай байсан. Хатуу хальсан доорх цусан хураа нь шинэ бүлэм байсан. Гэхдээ тус цусан хураа нь 2 хоног толгой дотор явах боломжтой үүнийг саруул үе гэж үзнэ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Б-ийн “...2016 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна 19-20 цагийн орчим гадаа нилээн харанхуй болж байсан. Энэ өдөр би эргүүлийн цагдаа Нямдоржийн хамт Тайшир 68 дугаар чиглэл буюу Төмөр зам дахь цагдаагийн дэд хэсгийн байранд 24 цагийн хугацаатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо байрыг нь санахгүй байна орцонд согтуу хүмүүс гарахгүй байна гэсэн дуудлагын дагуу очиход орцонд 3 эрэгтэй хүн байсан. Дуудлага хэн өгсөн юу болсон талаар асуухад өөрийгөө орцны жижүүр гэж танилцуулсан 40-50 орчим настай эрэгтэй хүн /Х/ энэ 2 архичин орцноос гарахгүй шээж баагаад байна гэж хэлсэн. Нөгөө 2 хүнийг дагуулан гарсан. Тухайн 2 хүний архи ууж, орцоор тэнэдэг байрын царайтай өндөр, намхан 2 хүн байсан. Ямар зүс царайтай эсэхийг ажиглаагүй. Дагуулан Төмөр замын дэд хэсгийн байр орох гээд явахад намхан биетэй нь хэвлий хэсгээрээ атиралдан бөгтийж яваад явсан...” гэх мэдүүлэг,

шинжээч эмч Г.Энхбаатарын “...С.Бийн биед тогтоогдсон тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн таславч хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагзны ясны босоо шугаман хугарал бүхий гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр цохигдох болон ар дагзаараа савж унах тохиолдолд үүсгэгдэх болно. Нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн гэмтэл авснаас хойш цусан хураа аажмаар нэмэгдэх тархи дарагдах хүртэл ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хохирогч уг гавал тархины гэмтлийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авсан бол 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хэвийн байдалтай яваад байх боломжгүй. Тухайн гэмтлийг авсан тохиолдолд 1-3 хоногт уг гэмтэл нь шинэ байна. 4-7 хоногт хурцавтар 7-10 хоногоос дээш архаг хэлбэрт шилждэг. Гэмтлийн эмнэлгийн хагалгааны тэмдэглэлээс үзэхэд хатуу хальсан доорх их хэмжээний бүлэн байсныг авав, үндсэн онош тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа (хурц) гэсэн байх тул уг тархины цус хуралт бүхий гэмтэл нь шинэ буюу 1-3 хоногт үүсгэгдсэн байж болохоор буюу боломжтой байна. Дээрх хавирганы хугарлаас болон уушигны няцрал гэмтлийн улмаас цээжний хөндийд хий шингэн хуралдах нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсгэт гавлын яс хугарвал хүнд гэмтэл гэж заасан байдаг. 3.1.3 дахь хэсэгт тархинд цус хуралт үүсвэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байдаг. 3.1.12 дахь хэсэгт цээжний хөндийн эрхтнүүдийн гэмтлийн улмаас цээжний хөндийд цуус, хий хуримтлагдаж амь насанд аюултай байдал илэрвэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж Гэмтлийн зэргийн журамд тус тус заасан байдаг. Бийн хувьд 2016 оны 10-р сарын 19-ний өдөр гавал тархины хагалгаанд орж тархины хатуу хальсан доорх цус хуралтыг авхуулсан мөн гэмтлийн эмнэлэгт хийгдсэн цээжний компьютер томографийн шинжилгээгээр цээжний хөндийд хий шингэн хуралдсан, 4 хавирга хугарсан, баруун уушигны хавчилт үүссэн зэрэг нь дээрхи заалтуудад хамаарч байна.

Ш.Бийн биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн таславч хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт зэрэг тархины гэмтлийн үед учрах боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1524 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 678 тоот дүгнэлт, хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч хэрэгт хохирогчийн нэрийг түүнийг иргэний үнэмлэх дээр бичигдснээр С.Б гэж тэмдэглэсэн боловч хохирогчийн иргэний бүртгэл мэдээллийн лавлагаанд бичигдснээр С.Б- гэж зөвтгөх саналыг гаргасан ба хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан хохирогчийн нэр түүний иргэний үнэмлэх дээр буруу бичигдсэн тул зөвтгөх нь зүйтэй гэх саналыг гаргаж байх тул дээрх саналыг хүлээж авч шүүхийн тогтоолд хохирогчийн нэрийг С.Б- болгон зөвтгөв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч С.Б-т эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогчоос гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 4 ширхэг баримтууд нь тоог засварласан, байгууллагын регистрийн дугаар бичигдээгүй мөн дээрх баримтуудтай холбоотой эмчийн жор бичигдээгүй зэргээс үзэхэд хохирогч С.Б-т учирсан аль гэмтлийн эмчилгээтэй холбоотой болох нь тодорхойгүй байх тул цээжинд учирсан гэмтлийг эмчлэхэд ямар хэмжээний  зардал гарсныг ялган тогтоох боломжит нэмэлт нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, хохирогчийн өмгөөлөгчөөс тухайн зүйл заалтад заасан хорих ялын дээд хэмжээгээр оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ялын доод хэмжээгээр оногдуулах тухай саналыг тус тус гаргасан ба шүүхээс хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-т 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-ын цагдан хоригдсон 297 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Бадарчийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-т 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Х-т оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-ын цагдан хоригдсон 297 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ