Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 224/МА2022/00005

 

С.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаар шийдвэртэй,

С.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М-т холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.П, хариуцагч Ж.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.П анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”С.П миний бие 2013-2015 онуудад иргэн С.М-тай хамтран 16 айлын орон сууц барьж 2015 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. 2013-2015 оны хооронд С.М бид 2-ын хамтарч барьсан орон бууц цэцэрлэгийн зориулалттай байрнаас С.М Ж.М-т 2 байр өгсний нэгийг нь Ж.М-ын хүү М.Батболд авсан. Тус орон сууцаас би гэрээний дагуу 2 давхрын 5 байр, 1 давхрын 3 байр авах ёстой. Гэтэл тус байр ашиглалтад орсон цагаас эхлэн  иргэн Ж.М С.М-тай хуйвалдаж миний өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-1520004451 дугаартай байрыг гадны иргэдэд түрээслээд өгөхгүй байдаг.

Би хууль дүрмээ мэдэхгүйн улмаас тус 1 давхрын 3 байрыг авахаар шүүхэд хандсан боловч иргэн С.М хурал хийлгэхгүй байсаар 3 жил болсон. Би аргагүйн эрхэнд Улаанбаатар хотоос өмгөөлөгч авч энэ асуудлыг ярьсан. Тус өмгөөлөгч “Чи тэр байрыг барьсан, шударга өмчлөгч мөн, 1 давхрын 3 байрны гэрчилгээ байсаар байтал бусдад ашиглуулж байгаа нь буруу юм, танай Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буруу ажиллаж байна” гэсэн зөвлөгөө өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж албан тоот авч гэрчилгээгээ 100 хувь болгуулсан. Гэрчилгээ 100 хувь миний өмчлөлд байсаар байтал иргэн Ж.М тус байрыг чөлөөлж өгөхгүй өдий хүрлээ. Миний байр буруу талаасаа дугаарлаад 4 тоот юм. Иймд миний өмчлөлд байгаа 4 тоот байрыг Ж.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг байрны өмлөгчөөр тогтоож  өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.М анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би энэ байрыг С.П-аас аваагүй, С.М гэдэг хүнд үнийг нь төлөөд авсан. Зөв талаас нь тоолоод 4 тоот байрыг М.Батболдод өгнө гэж хэлж гэрээ байгуулаад, бичиг баримт нь гарах болоход буруу талаас нь тоолоод 4 тоот гэж залруулга хийж эхэлсэн. Уг байрны гэрчилгээ тухайн үед С.М-ын өр төлбөртэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байсан.

Нэг давхрын бусад байруудын бусад гэрчилгээ бүгдээрээ зөв талаас нь дугаарладаг юм байна лээ. Энэ нь улсын бүртгэлийн байцаагч Г.Бурмаагийн гэрчийн мэдүүлгээр ч тогтоогддог. Мөн С.П өөрөө улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байдаг. С.П-ын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаартай гэрчилгээнд заасан хаяг, метр квадрат зэрэг нь буруу байгаа, мөн ахлах бүртгэгчийг улсын бүртгэгч гэж буруу бичих зэргээр худал хуурмаг болох нь нотлогдсон. С.П нь өөрийн гараар бичсэн зөв талаасаа тоолоод 4 гэж баталгаа гаргасан баримт хэрэгт байгаа.

Эдгээр үйл ажиллагаатай холбогдуулаад хүсэхэд С.П-ын хуурамч 000598762 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Энэ байр миний хүү М.Батболд авсан байр юм. Одоо орон сууцны зээлийн баталгаанд Хас банк аваад 3 жил болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.М-т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс 4 тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.П-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие 2013 оноос 2015 онуудад цэцэрлэг болон орон сууцны зориулалттай барилга барьсан. Уг барилгыг барьж дуусаагүй байхад С.М нь гэрээгээ зөрчсөн. Нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар барьсан, атлаа уг байранд айлууд оруулсан бөгөөд эдгээр байрны 2 орон сууцыг иргэн Ж.М эзэмшээд, 7 жил болж байна. Ж.М-ын эзэмшиж буй 2 байрны 1 нь түүний хүү М.Батболдын нэрээр Ү-20005022 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй, нэг нь С.П миний нэр дээр Ү-1520004451 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй. Тус байрны 1 давхар нь цэцэрлэгийн зориулалтаар баригдсан тул бид өөр өөрсдийн авах байраа дугаарласан учраас 1 тоот байр 2 ширхэг, 2 тоот байр 2 ширхэг, 4 тоот байр 2 ширхэг байдаг гэдгийг хүн бүр мэдэх бөгөөд шүүхийн шийдвэрүүд, улсын бүртгэгч Бурмаагийн мэдүүлэг, мөн Улсын бүртгэлд бүрдүүлж өгсөн материалд тодорхой байдаг. Гэтэл анхан шатны шүүх 2 өөр байрыг 1 байр мэт үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгохгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тус 2 байр нь 2 тусдаа ордертой, 2 өөр байр гэдэг нь дараах нотлох баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх тус 2 байрны Ү-1520004451 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд нь хүчин төгөлдөр байдаг.

            2. Хариуцагч Ж.М нь шүүх хуралдаанд миний хүү М.Батболдын байр биш, түүний зэрэгцээ байрлалтай байрыг нэхэмжилж байна гэдгээ зураг гаргаж, тайлбар хийсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, камерт бичигдсэн. Энэ байранд Ж.М миний гэрчилгээ байхгүй, С.М-аас авсан байрыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

            3. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэгдэж буй байр нь Ж.М болон М.Батболдын нэр дээр гэрчилгээ байхгүй. Ж.М-ын түрээсэлж буй байр юм. Уг байрыг С.М-аас авсан боловч одоо хүртэл гэрчилгээ гаргуулж чадаагүй. С.М-ын байрнаас салгаж гэрчилгээ гаргуулах гэж байгаа гэж хэлсэн байдаг.

            4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-т заасны дагуу Ж.М-ын хүү М.Батболд эд хөрөнгийн улсын бүртгэлээс хуульд заасны дагуу шаардсан материалыг гарган өгч, уг байруудаа Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Уг байрыг бүртгүүлэхдээ байрны байрлал палан зургийг гаргаж өгсөн материал хэрэгт авагдсан байдаг нь тус 2 байр нь 2 хүний 2 тусгай байр гэдэг нь нотлогдох бүрэн үндэслэлтэй.

            5.Нэхэмжилж байгаа байрны талаар Улсын бүртгэгч Бурмааг гэрчээр асуусан. Түүний мэдүүлгээр 1 давхрын 6 байр баруун, зүүн 2 талаасаа тоологдсон гэдгийг тодорхой хэлсэн байдаг.

            6.Тус байрны 1 давхрын 3 байр нь /1,2,4 тоот/ зүүн гар талаасаа дугаарлагдсан бөгөөд тус 2 тоот байрыг Улсын дээд шүүхээс бүртгэл нь хүчинтэй байна гэдгийг тодорхойлсон шийдвэр гаргасан байдаг.С.П миний нэхэмжилж буй 4 тоот байранд ганцхан С.П миний гэрчилгээ байдаг. Өөх ямар нэг давхардсан гэрчилгээ байдаггүй.

            7. Нэхэмжлэгч болон хариуцагч нарт аль алинд нь Улсын бүртгэлийн гэрчилгээ байхад хэний гэрчилгээ нь тухайн байрных вэ гэдгийг тодруулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу хийсэн. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаар шийдвэр нь бодит байдалд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Иргэн Ж.М нь С.П миний өөрийн гараар барьсан, шударга өмчлөгч намайг хохироож, байрыг 7 жил түрээсэлж, эд хөрөнгийг минь хууль бусаар эзэмшиж, С.П надад их хэмжээний хохирол учруулсанд гомдолтой байна” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч С.П-ын давж заалдах гомдолтой танилцаад, хариуцагч Ж.М-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хариу тайлбар гаргаж байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь: Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 22-р байр 4 тоот хаягт байрлалтай, 42 м/кв талбайтай. Орон сууцны зориулалттай Ү-1520005022 дугаарт бүртгэгдсэн байрны хууль ёсны өмчлөгч нь М.Батболд юм. Уг бүртгэлийг С.П-аас албан ёсны зөвшөөрөл авч байж С.М-ын өмчлөлийн бүртгэлээс салгалт хийгдсэн гэдгийг хэрэгт улсын бүртгэгч Г.Бурмаа мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтаар С.П-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч С.П-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.П нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг давхрын 6 байрны 2 байрыг Ж.М эзэмшиж байгаа. Анхан шатны шүүхээс Ж.М-ын эзэмшиж буй 2 байрыг 1 байр мэтээр дүгнэлт хийж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нэрээр маргаан бүхий байрны 3 гэрчилгээ гарсан боловч өмнөх шүүх хуралдаанаар 1 байрны гэрчилгээ шийдэгдсэн. Ж.М-ын эзэмшсэн хоёр байрны нэг нь миний нэрээр гэрчилгээ гарсан нөгөө нь М.Батболдын нэрээр гэрчилгээ гарсан.

Би Ж.М-ын хүү М.Батболдын байрыг авна гэсэн зорилго байхгүй. Тухайн маргаан бүхий байранд давхар гэрчилгээ гаргаагүй, зөвхөн нэг гэрчилгээ гарсан учир уг байрыг чөлөөлүүлж авахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл С.М дундуур нь орж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учир миний иргэний хэргийг түдгэлзүүлж байгаад саяхан шийдвэрлэсэн.

Ж.М С.Мад 15.000.000 төгрөг зээлүүлсэн учир Ж.М маргаан бүхий барилга баригдаж эхэлснээс хойш барилгын үйл явцтай танилцахаар өдөр бүр ирдэг байсан. Мөн Увс аймгийн Тэс сумын ойгоор Ж.М-ын Улаанбаатар хотоос авч ирж байсан машин Завхан аймгийн нутаг дэвсгэрт эвдэрсэн ба уг машиныг С.М очиж авч ирсэн талаар хэлж байсан.

Ж.М-ын хувьд С.Мад зээлүүлсэн 15.000.000 төгрөгийнхөө хүүг бодож нэмсээр байгаад С.М-ын барилгаас 1 байрыг нь авчихсан. Дахин унасан машины 13.000.000 төгрөгт хүү бодсоор байгаад С.М-аас дахин нэг байрыг нь авчихсан. Өөрөөр хэлбэл Ж.М С.М-аас 2 байрыг нь булааж авсан байдаг. Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн архивд бидний бүрдүүлж өгсөн барилгын палан зураг болон холбогдох баримт бичгүүд байгаа байх. Уг баримтад 2 өөр хүний 2 өөр баримтыг бүрдүүлж өгсөн байгаа.

Улсын бүртгэгч Г.Бурмаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2 өөр байрны асуудлыг тодорхой хэлсэн байсан. Ж.М өөрөө ч гэсэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хүү М.Батболдын байр биш хажуу талынхан байр маргаантай” байгаа талаар хэлж байсан.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “маргаан бүхий байрны гэрчилгээ Ж.М-ын нэр дээр гараагүй. Харин С.М-ын байрнаас гэрчилгээ салгуулахаар маргаж байгаа” талаар тайлбарлаж байсан.

С.М бид хоёр маргаан бүхий барилгыг барих явцдаа банкнаас зээл авах гэсэн боловч зээл олгох боломжгүй гэсэн учир хувь хүмүүсээс маш их хэмжээний хүүтэй мөнгө зээлж уг барилгыг өр зээл, хүүтэй мөнгөөр барьсан. Би барилгын 2 давхрын байруудыг маш хямд зарж борлуулсан тул их хэмжээний өртэй үлдсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан бүхий байрыг Ж.М 7 жил түрээсэлж байгаа тул миний тооцоолсноор 20.000.000 төгрөгийн түрээсийн мөнгө авсан байх. Ж.М-ын хууль бус өмчлөлөөс байрыг чөлөөлж өгнө үү” гэв.

Хариуцагч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” С.П-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар С.П маргаан бүхий байрны 1, 2, 4 тоотын гэрчилгээтэй гэж гарсан байдаг. Маргаан бүхий барилгын 90 хувийн гүйцэтгэлтэй 4 тоот байрыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотоор 100 хувийн гүйцэтгэлтэй болгож гэрчилгээ гаргуулж авсан гэх С.П-ын өөрийн бичсэн өргөдөл хэрэгт хавсаргасан байдаг. С.П буруу талаас дугаарласан 4 тоот байр минийх гэдэг тайлбар гаргадаг. Гэтэл практикт байрны гэрчилгээ олгохдоо нар зөв тойруулан дугаарлаж гэрчилгээ гаргадаг ба нар буруу дугаарлаж гэрчилгээ олгодоггүй.

С.П-т гэрчилгээ олгосон улсын бүртгэгч Г.Бурмаа шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “нар зөв тойруулан дугаарлаж гэрчилгээ олгоно гэсэн албан ёсны хууль дүрэм байхгүй ч практикт нар зөв дугаарлаж гэрчилгээ олгодог” гэж мэдүүлсэн байдаг. Маргаан бүхий байрны гэрчилгээ гаргасан улсын бүртгэлийн ажилтан Бат-Өлзий шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “нар зөв тойруулж байрны гэрчилгээ олгосон” гэж мэдүүлсэн байдаг. С.П-ын нэхэмжлээд буй 3 тоот байр нь 38.4 м/кв талбайтай харин манай байр 42 м/кв талбайтай учир м/кв болон тоотын зөрүүтэй.

С.П-ын зүгээс “зөв талаас нь тоолоод 4 тоот байранд М.Батболдын аав Ж.М амьдарч байгаа” гэж бичсэн байдаг. 4 тоот байрны гэрчилгээ гаргаж байхад С.П-т давхардуулж олгосон гэх гэрчилгээ хаана байсан талаар мэдэхгүй байна. 3, 4 жилийн дараа С.П 1 байранд давхардуулж гэрчилгээ олгосон гэдэг зүйлийг хэлж гэрчилгээ гаргаж ирсэн.

Гэрчилгээ гаргасан улсын бүртгэгч Бат-Өлзий, Г.Бурмаа нар зөв тойруулж гэрчилгээ олгодог практик байдаг талаар мэдүүлсэн байдаг. С.П үндэслэлгүйгээр байр нэхэмжилсэн учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Би С.П-тай нэг ч төгрөгийн өр төлбөрийн тооцоо байхгүй. С.М барилга барих үед би 15.000.000 төгрөгийг банкны хүүгээр тооцож зээлүүлсэн нь үнэн. Машины өглөг авлагын асуудлыг С.Мад хангалттай өгсөн ба С.М бид хоёрын хоорондын асуудал С.П-т хамааралгүй. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт С.М-ын 187 м/кв талбайтай байр битүүмжилсэн ба уг байрнаас 38.4 м/кв байр нь Ж.М-ын байр гэдгийг С.П өөрийн гаргаар бичиж өгсөн баримт нь хэрэгт хавсаргасан байхад ингэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Одоогоор миний нэр дээр маргаан бүхий байрны гэрчилгээ гараагүй учир С.П ашиглах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. М.Батболдын байрыг зөв талаас нь дугаарласан 4 тоот байр гэдгийг би тайлбарласан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин С.П-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаар шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол улсын хэмжээнд буюу Увс аймгийн хэмжээнд шинээр ашиглалтад орсон байрны дугаарлалтыг зөв талаас нь нар зөв тойруулан дугаарладаг. Гэтэл нэхэмжлэгч С.П-ын хувьд буруу талаас нь буюу нар буруу тойруулан дугаарласан 4 тоот байрыг өөрийн эзэмшил гэдэг байдлаар шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

С.П-ын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 0598762 дугаартай гэрчилгээнд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 8 дугаар байр, 4 тоот 41 м/кв гэж дурдагдсан байдаг. Гэтэл маргаан бүхий 4 тоот байрны хувьд С.М-ын 187,4 м/кв салгалт хийгдээгүй учир улсын бүртгэлийн гэрчилгээнд багтаж байгаа байр юм. С.М-ын 187,4 м/кв байрны гэрчилгээнд 1 давхрын 41 м/кв байр байдаггүй. Улсын хэмжээнд ашиглалтад орж байгаа байрны дугаарлалтыг нар зөв тойруулан тоолж, гэрчилгээ олгодог практиктай гэдгийг Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Бурмаа мэдүүлэгтээ дурдсан байдаг.

М.Батболдын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 0099251 дугаартай гэрчилгээнд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг Галданбошигтын 22 дугаар байр 4 тоот 42 м/кв гэж дурдагдсан байдаг. С.М-ын хувьд ашиглалтад оруулсан 3 давхар байрнаас 4 тоот 42 м/кв байрыг иргэн М.Батболдод шилжүүлж өгөхийг хүссэн тодорхойлолт хийж өгсөн байдаг. С.П 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “захиалагч М.Батболдод зөв талаасаа тоолоод 4 тоот байрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэх тодорхойлолтыг өөрийн гараар бичиж өгсөн.

Зөв талаас нь тоолоод 4 тоот байр нь албан ёсоор М.Батболдын байр гэдгийг С.П өөрөө маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэ талаар мэдээгүй мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий байрны 4 тоотын албан ёсны эзэмшигч М.Батболд мөн бөгөөд тус байранд ямар нэгэн байдлаар давхардсан гэрчилгээ гараагүй. Улсын бүртгэгч Бат-Өлзий, Г.Бурмаа нар хуульд заасан үндэслэл журмын дагуу маргаан бүхий байрны гэрчилгээ гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэгч С.П-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.П-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаар шийдвэртэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Ж.М-т холбогдуулан, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Ж.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж,  үндэслэлээ “Би энэ байрыг С.П-аас аваагүй, С.М гэдэг хүнд үнийг нь төлөөд авсан. Зөв талаас нь тоолоод 4 тоот байрыг миний хүү М.Батболдод өгнө гэж хэлж гэрээ байгуулаад, бичиг баримт нь гарах болоход буруу талаас нь тоолоод 4 тоот гэж залруулга хийж эхэлсэн. Уг байрны гэрчилгээ тухайн үед С.М-ын өр төлбөртэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байсан. 1 дүгээр давхрын бусад байрнуудын гэрчилгээ бүгдээрээ зөв талаас нь дугаарласнаар гарсан нь улсын бүртгэлийн байцаагч Г.Бурмаагийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. С.П-ын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаартай гэрчилгээнд заасан хаяг, метр квадрат зэрэг нь буруу байгаа, мөн ахлах улсын бүртгэгчийг улсын бүртгэгч гэж буруу бичих зэргээр хуурамч болох нь нотлогдсон. Энэ байр миний хүү М.Батболдын авсан байр юм” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэснээр нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан, мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа үндэслэх хэсэгтээ дүгнээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Тодруулбал:

1.Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Ж.М-т холбогдуулан, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 45м2 байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1670 дугаартай захирамжаар нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч ханган шийдвэрлэж, хариуцагч Ж.М-т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулсан байна. /хх-ийн 216 дугаар тал/

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын талаар дүгнэлт хийж, шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Шүүх нэхэмжлэлийн дээрх хоёр шаардлагын үндэслэл тус бүрийг нэг бүрчлэн тодруулах байжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг тодруулж, эрх зүйн бүрэн дүгнэлт хийхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

2. Нэхэмжлэгч С.П нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож, С.П-ын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 байр, 4 тоотод байрлалтай, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, Ү-1520004451 дугаарт бүртгэсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлын үндэслэл болгож, М.Батболдын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байр 4 тоот хаягт байрлалтай, 42 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай Ү-1520005022 дугаарт бүртгэсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээс үзвэл уг хоёр гэрчилгээнд тусгагдсан орон сууцууд нь байрлал давхацсан нэг байр мэт харагдаж байгаа боловч уг байрны талбайн хэмжээ нь өөр, өөр буюу нэхэмжлэгч С.П 45 м.кв талбай бүхий орон сууцны, хариуцагч Ж.М-ын хүү М.Батболд 42 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна.

Хэрэгт уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдэд тусгагдсан байрнууд нь бүртгэл давхацсан нэг байр юм уу, эсхүл хаяг, байрлал давхацсан хоёр өөр байр уу гэх үйл баримт тодорхойгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцээгүй.

Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.П-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ  

ШҮҮГЧИД                                                     Н.ТУЯА        

                                                                                    М.НЯМБАЯР