Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2015/09760/И |
Дугаар | 001/ХТ2017/00046 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/00046
Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00546 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1767 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Капитал банк ХХК,
Хариуцагч : М.Лхагвад холбогдох
Үндсэн нэхэмжлэл: 96.599.513 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэл: 50.679.000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон, хариуцагчийн төлөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.9.12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр дөчин мянгатын 66 дугаар байрны 12 тоот үйлчилгээний зориулалтаар өргөтгөсөн байрыг түрээслэх гэрээ байгуулсан. 2015.02.12-ны өдөр бохирын шугам бөглөрсний улмаас салбарын захирлын өрөөний шал, хананы доод хэсэг, коридорын хананд засвар хийх шаардлагатай болсон тул өрөөний шалыг бүрэн хуулж 7-8 хоног хатаагаад 2015.3.18-ны өдөр дахин шинээр шал суулгасан. Үүнээс хойш 6 удаа бохирын шугам бөглөрч, орон сууцны конторын ажилтнуудаар бөглөрлийг нь гаргуулж байсан. Уг байрыг банкны үйлчилгээний зориулалтаар түрээсэлсэн тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл үүсч үйлчлүүлэгчдээс бохир үнэртэж байгаа талаар удаа дараа гомдол ирж байсан. 2015 оны 4 дүгээр сард дохиоллын утас орж ирсэн дээврийн хэсгээр борооны ус нэвтэрч дохиолол гэмтсэн тул тэр хэсгийг силконоор бөглөж битүүлсэн. Үүнээс хойш 2015 оны 7 дугаар сарын эхээр гүйлгээний заалны дээврийн хэсгээс борооны ус гоожсон тул энэ тухай түрээслүүлэгчид мэдэгдэж, доголдлыг газар дээр нь үзүүлж дээврээ засахыг шаардаж, заасан хугацаанд засахгүй бол түрээсийн гэрээг цуцлах талаар сануулж байсан. Банк 2014.7.14-ний өдрөөс 2014.7.17-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулаагүй тул олох ёстой байсан орлогод 49.592.779 төгрөг, банкны үйл ажиллагаанд тохируулан түрээсийн байранд хийсэн тохижилт, засварт 45.000.000 төгрөг, 2015.3.18-ны өдөр түрээсийн байрны хана, шал зэрэг усанд автсаны улмаас 1.500.000 төгрөг, 7 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд бороо дахин орж дээврийн хэсэг нэлэнхүйдээ усанд автаж дүүжин тааз нурсны улмаас 506.734 төгрөгийн эд хөрөнгийн эвдрэл зэрэг зардалд нийт 96.599.513 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Түрээслэх гэрээ байгуулж, тус банкны Аюулгүй байдал, аж ахуйн газрын захирал Б.Ганбаатар, тус газрын мэргэжилтэн н.Пүүжээ, банкны хуулийн хэлтсийн ажилтан н.Мөнхболд нарт байраа бүхэлд нь үзүүлж, өргөтгөлийн дээвэр сайн хийгдсэн, борооны ус гоождоггүй, энэ жил бороо хур ихтэй байна, дээвэр найдвартай үз гэж намайг санал болгон хэлэхэд тэд дээшээ дээвэр гарах шаардлагагүй, хүлээн зөвшөөрч байна гээд дээвэр дээр гарч үзээгүй, байрыг актаар хүлээлгэн өгсөн. Ганбаатар захирал гэрээ байгуулах үед "банкны засвар аюулгүй байдал талаасаа тусгай стандартаар хийгддэг, манай банк мэргэжлийн байгууллагаар засвар хийлгэдэг, манайх засвараа өөрсдөө хийж гүйцэтгэнэ" гэж 2014.9.12-ны өдрөөс хойших бүх засвар урсгал засварын үүргийг банк өөртөө хүлээсэн. Түрээслэгч Капитал банкинд эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй байр хүлээлгэн өгсөн. Гэрээнд түрээслэгч 2014.9.12-ны өдөр буюу гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс 2014.11.01-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн байранд Капитал банк өөрийн ажил, үйлчилгээнд тохируулан холбогдох завсар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэхээр болсон. Түрээслүүлэгчийн хувьд миний бие банкны засварын ажилд зориулж 4 сая төгрөгийг гэрээгээр тохиролцсоны дагуу төлсөн. Капитал банк 2014 оны 12 сард гадна талын хаягаа байгууллагаар хийлгэсэн байсан. Энэ зун Капитал банкныхан дээврээс борооны ус гоожиж байна гэхээр нь дээвэр дээр гарч үзэхэд хаяг хийсэн хүмүүс хаалганы дээд нүүрэн тал хэсэгт дээврийн хар цаасыг огол татаж хуулсан байсан. Капитал банк засварын үеэр жорлонг үндсэн байршлаас нь зөөн хажуугийн өрөө рүү шилжүүлэхдээ алдаа гаргаснаас бохирын шугам бөглөрсөн гэж үзэж байна. Хэрэв анх удаа дээврээс бага зэрэг дусаал гоожих үед миний үгэнд ороод тухайн газрыг битүүлсэн бол дахин борооны ус нэвтрэхгүй байсан. Түрээслэгч нь гэрээний 4.3-т заасанчлан ус, дулаан тог цахилгааны төлбөрөө төлөөгүй тул Капитал банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Түрээсийн гэрээ 2014.11.01 өдрөөс 2019.11.01-ний өдөр хүртэл таван жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 7.700.000 төгрөг. Төлбөрийг cap бүрийн 14-ний өдөр Капитал банк төлөхөөр тохирсон боловч 2015 оны 7 дугаар сараас хойш төлбөр төлөгдөөгүй. Капитал банкнаас 2015 оны 7-11 дүгээр саруудын түрээсийн төлбөр 30.800.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн гэрээний 7.2-т зааснаар түрээслэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөх ёстой. Үүнд: 2015.02.14-ний гэрээний 6.2.6-т заасны дагуу түрээслэгч түрээсийн төлбөр 3.700.000 төгрөг төлөх үүрэг байсан боловч 2015.3.20-ны өдөр 34 хоног хожимдуулан төлсөн. Үүний алданги нь 629.000 төгрөг, 2015 оны 7-9 сарын түрээсийн төлбөрийн алдангид 11.550.000 төгрөг, 2015 оны 7-11 саруудын түрээсийн төлбөр 38.500.000 төгрөг нийт 50.679.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Гэрээний хугацаанд 00 бөглөрөх дээврээс ус гоожих зэргээр түрээсэлж байгаа байранд асуудал их гардаг байсан ч нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж цаг тухайд нь төлбөрөө шилжүүлж ирсэн. Гэтэл 2015 оны 07 дугаар сард гүйлгээний заалны хэсгээр борооны ус гоожин дүүжин тааз бүхэлдээ нурж банк үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ тухай түрээслүүлэгчид мэдэгдэж дээврийн байдлыг газар дээр нь үзүүлж дээврээ засч өгөхийг шаардаж засч өгөхгүй бол уг гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгох хүсэлттэй байгаа талаар их дэлгүүр салбарын захирал Ч.Энхмэнд 2015 оны 2045/46 албан тоотыг хүргүүлсэн байдаг. Иймд Капитал банкны зүгээс түрээсийн гэрээнээс татгалзсан тул М.Лхагвын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00546 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч М.Лхагваас олох ёстой байсан орлого 49.592.779 төгрөг, тохижилт, засварт 45.000.000 төгрөг, засварын зардал 1.500.000 төгрөг, хохирол 506.734 төгрөг, нийт 96.599.513 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас 18.063.332 төгрөг гаргуулж, хариуцагч М.Лхагвад олгож, хариуцагч М.Лхагвын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 32.615.668 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640.948 төгрөг болон хариуцагч М.Лхагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411.345 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 248.267 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.Лхагвад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1767 дугаартай магадлал гаргаж,Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...232 дугаар зүйлийн 232.1... гэснийг хасч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.1, 290 дүгээр зүйлийн 290.7 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол болон шүүх хуралдааны явцад тус байрны дээвэр гадна талаасаа нүдээр хараад үл мэдэгдэх доголдолтой байсан бөгөөд энэ нь борооны улирал эхлэхэд мэдэгдэж эхэлсэн талаар дурьдаад хариуцагчийн зүгээс тус доголдлыг бусадруу чихэхийн тулд янз бүрээр дурьдаж байсан талаар давж заалдах шатны шүүхэд хандсан гомдолдоо бичиж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг үндэслэн шийдвэрээ гаргасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Хариуцагч М.Лхагва нь өөрийн байрны доголдлоо дараах шалтгаанаас болсон байж болох юм гэж олон янзаар тайлбарладаг. Тус магадлалд байшингийн дээврээс дусаал гоожсон явдал нь гэрээг цуцлах хэмжээний доголдол болохыг нотолсон баримтгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан зурган нотлох баримтаар банкны үйлчилгээ явуулах байтугай бусдын амь насанд аюул учруулахуйц нөхцөлд байдалтай болсон нь харагдана. Мөн магадлалын 7 дугаар хуудаст түрээслүүлэгч засварт 4 сая төгрөгийг оруулахаар тохиролцсон байсан тул хариуцагч М.Лхагвыг түрээслэгчид доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гээ/с үзэхээргүй байна гэжээ. Капитал банк нь гэрээний дагуу түрээсийн байранд засвар хийхдээ дээвэр болон байрны үндсэн бүтцэд засвар үйлчилгээ хийгээгүй бөгөөд энэ нь Алтан хийц ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон жагсаалтаас харагдана. Иймээс давж заалдах шатны шүүхийн засварт мөнгө оруулсан нь анхнаасаа доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. М.Лхагватай байгуулсан түрээсийн гэрээний 23-т заасан Түрээсийн байр нь гуравдагч этгээдтэй холбоотой ямар нэг маргаангүй бөгөөд эрхийн болон чанарын доголдолгүй байна, Иргэний хуулийн 288.1.1.хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байхад доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн хэмээн шүүхэд дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Мөн түрээсийн байрыг түрээслэх хугацаанд байрны дээврээс ус алдсан, бохирын шугам бөглөрсөн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй ба уг байрыг 10/337 тоот гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан фото зургаар тогтоогдсон. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 289.2.1-т заасныг зөрчсөн. Мөн хуулийн 294.1-т заасан болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан гэж талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 8.2-т заасныг үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 289.2.1-т хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн эд хөрөнгө нь бусдын амь бие, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд байвал энэ хуулийн 294.3-т заасан хугацааг харгалзахгүй гэрээг цуцлах гэсэн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн гэрээний 5.2.5-д заасан хугацаа бол ердийн хугацаа дуусахад үйлчлэх бөгөөд түрээслүүлэгчийн буруугаас болж гэрээний хугацааг дуусахаас өмнө гэрээ цуцлагдахад хүрсэн нь уг заалт үйлчлэх боломжгүй юм. Түрээслүүлэгчийн буруугаас болж гэрээний хугацаа хугацаанаасаа өмнө цуцлагдсан нь талуудын тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож түрээслэгч уг хохирлоо нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Капитал банк ХХК нь М.Лхагвад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2014 оны 7 дугаар сарын 14-17-ны өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого 49.592.779 төгрөг, тохижилт, засварын мөнгө 45 сая төгрөг, хана, шал зэрэгт учирсан хохирол 1.5 сая төгрөг, дүүжин тааз нурсны улмаас учирсан хохирол 506.734 төгрөг нийт 96.599.513 төгрөг шаардсан байна.
М.Лхагва нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа нэхэмжлэгчээс 2015 оны 7-11 сарын түрээсийн төлбөр 38.500.000 төгрөг, алданги 12.179.000 төгрөг нийт 50.679.000 төгрөг шаардаж,сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 12.063.661 төгрөг, алданги 6.031.661 төгрөг нийт 18.063.332 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйлийг өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч тус шүүхэд гомдол гаргахдаа “...доголдол нь гэрээ цуцлах хэмжээний доголдол байгаа... банк засвар хийхдээ дээвэр болон байрны үндсэн бүтцэд засвар үйлчилгээ хийгээгүй... хариуцагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн... байрыг түрээслэх хугацаанд дээврээс ус алдсан, бохирын шугам бөглөрсөн... нэхэмжлэгч Иргэний хуулийн 289.2.1-г зөрчсөн... шүүх Иргэний хуулийн 289.2.1, 294.3-г буруу тайлбарлан хэрэглэсэн... гэрээ нь гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлагдсан...” гэсэн нь магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.
1. М.Лхагва нь Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203003523 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р 40.000-ын 66-р байр, 12 тоот /хх 25/ 48 кв.м. талбай бүхий 3 өрөө орон сууцыг үйлчилгээний зориулалтаар 120 м.кв болгож өргөтгөсөн /өргөтгөлийн хэсэг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлд бүртгэгдсэн тухай баримт хэрэгт байхгүй/ байх бөгөөд уг байрыг Капитал банктай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ /хх 6-7/ байгуулж 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, нэхэмжлэгч байрыг түрээслэх, сар бүр 7.700.000 төгрөг төлөх талаар харилцан тохиролцжээ.
Зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул гэрээнд заасан үүргээ зохигчид биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй юм.
2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1-т зааснаар түрээслүүлэгч нь түрээслэх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө түрээслэгчид шилжүүлэх үүрэг хүлээнэ. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ. Гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтаар М.Лхагва нь түрээслэх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө Капитал банк ХХК-д шилжүүлэх үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэрээний хугацаанд барилгын дээврээс ус гоожсон, ариун цэврийн өрөө бөглөрсөн зэрэг нь түрээслүүлэгчийн буруугаас болсон гэж үзэх үйл баримт нотлогдоогүй тул хариуцагч түрээслэх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө нэхэмжлэгчид шилжүүлсэн талаархи шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд 2014 оны 7 дугаар сарын 14-17-ны өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого 49.592.779 төгрөг, хана болон шал зэрэгт учирсан хохирол 1.500.000 төгрөг, дүүжин тааз нурсны улмаас учирсан хохирол 506.734 төгрөгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.
3. Тохижилт засварын 45.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Капитал банк ХХК нь хариуцагчаас 45.000.000 төгрөг шаардахдаа үндэслэлээ “...түрээсийн гэрээг цуцалсантай холбоотойгоор банкны үйл ажиллагаанд тохируулан түрээсийн байранд хийсэн тохижилт засварын мөнгө...” гэж /хх 1-2, 183-192/ тайлбарлажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...10/337 тоот гэрээний 5.2.5-д зааснаар... нэхэмжлэгч нь түрээсийн объектод хийсэн засварын зардлыг нэхэмжлэх үндэслэлгүй...” /хх 196/ гэж үзжээ.
Давж заалдах шатны шүүх энэ талаар “...анхан шатны шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэстэй боловч буруу дүгнэлт хийсэн байна... Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 –т зааснаар гэрээний талууд түрээслэгч нь эд хөрөнгийг засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр түрээслүүлэгчээс шаардах эрхтэй боловч гэрээ цуцлахад хариуцагчийн гэм буруутай байдал нөлөөлсөн нь тогтоогдоогүй учраас засварын зардлыг бүхэлд нь шаардах боломжгүй, банкны зориулалтаар тохижуулсан тохижилтоос салгаж болох сайжруулалтыг авах боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 215/ хийсэн байна.
Талууд өөрөөр тохиролцоогүй бол, түрээслэгч нь түрээсэлж авсан эд хөрөнгийг түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр шаардах мөн эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлтэйгээр түрээслэж буй эд хөрөнгөд засан сайжруулалт хийсэн боловч эд хөрөнгийг гэмтээлгүй буцаан салгаж авах боломжгүй өөрчлөлт хийсэн үйл баримтыг зааглан нотлоогүй байх тул эд хөрөнгөд хийсэн өөрчлөлтийн үнийг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хангах боломжгүй байна.
Түрээслэн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6-г зөрчөөгүй тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
4. Шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 7.700.000 төгрөг төлөх талаар тохиролцсон, 2015 оны 7 дугаар сараас өмнөх хугацааны төлбөрийг төлсөн, 2015 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй, Капитал банк ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн байрнаас гарсан байна.
Анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс тооцсон нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч түрээсийн байрыг ашиглаагүй нь хүчин төгөлдөр гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 287, 289, 294 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, сөрөг нэхэмжлэлээс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 12.063.661 төгрөг, алданги 6.031.661 төгрөг нийт 18.063.332 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1767 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 640.948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ