Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0636/з |
Дугаар | 221/МА2018/0112 |
Огноо | 2018-02-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0112
2018 оны 02 сарын 13 өдөр Дугаар 221/МА2018/0112 Улаанбаатар хот
Ү.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ү.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0939 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ү.С-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0939 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.С-ын “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 тоот “Ү.С-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШЗ2017/0939 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 тоот тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлахдаа орон тоо цөөрсөн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна гэж заасан бөгөөд маргалдагч талуудын зүгээс орон тоо хасагдсан гэдэг дээр маргаж мэтгэлцээгүй бөгөөд орон тоо хасагдаагүй гэдгийг аль аль тал хүлээн зөвшөөрч байхад шүүхээс хэргийн бодит байдлыг ойлгоогүй дүгнэлт хийсэн байна.
Нийслэлийн аудитын газар нь Ерөнхий аудиторын 2014 оны 23 дугаар тушаалын дагуу аудитор, шинжээчийн орон тоог 27 байхаар баталсан байх бөгөөд ажлын байрны тодорхойлолт нь нэг тодорхойлолтоор явж ирсэн. Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалын дагуу аудиторын орон тоог аудитор гэж өөрчилснийг орон тоо хасагдсан гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолоор орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Ерөнхий аудиторын 2017 оны 05 сарын 26-ны өдрийн Б/177 тоот тушаалаас харахад Нийслэл дэх төрийн аудитын газар шинжээч гэсэн нэршлээр 16 хүн ажиллаж байсан бөгөөд үүнээс 9 нь халагдаж үлдсэн 7 хүн нь аудитор гэсэн нэршлээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Хэрэв орон тоо хасагдсан бол тухайн албан тушаалын бүх хүн халагдах үр дагавар үүсдэг. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар орон тоо хасагдсан үйл баримт тогтоогдоогүй байхад шүүхээс нотлох баримтад тулгуурлалгүй шийдвэр гаргасан байна.
Мөн шүүхийн үндэслэх хэсэгт орон тоо 50 байсныг 45 болгож цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулж ажилтныг чөлөөлсөн нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн байна. 2014 оны 01 сарын 30-ны өдрийн 23 тоот Ерөнхий аудиторын тушаалаас харахад аудитор, шинжээч нь 27 орон тоотой байхаар батлагдсан бөгөөд үүнийг 2017 оны 04 сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар аудитор 26 орон тоотой байхаар баталсан. Орон тоо нэгээр цөөрсөн хэдий ч 2017 оны 05 сарын 26-ны өдрийн Б/177 тоот тушаалаас харахаар нийслэл дэх төрийн аудитын газар аудитор, шинжээч гэсэн орон тоон дээр 26 хүн ажиллаж байсан байдаг. Иймд бодит байдал дээр 26 хүн ажиллаж байсан тул орон тоо цөөрсөн шалтгаанаар халагдах хүн байхгүй байхаар байна. Орон тоо цөөрсөн гэх үндэслэл нь тухайн ажил албан тушаалын орон тоонд хамаарах ойлголт болохоос нийт орон тоогоор тодорхойлогдох ойлголт биш юм. Иймд ажлаа халсан орон тоо цөөрсөн үндэслэл нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Ү.С нь Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 тоот “Ү.С-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулж, маргааны үйл баримтад дүгнэлт хийлгүй, нотлох баримтад тулгуурлалгүй, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийж, “...Аудитын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн тусгай алба болох төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байрны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, Нийслэл дэх Төрийн аудитын газар өмнө нь нийт 50 орон тоотой байсныг шинэ бүтцээр 45 болгож орон тоог цөөрүүлэхдээ шинэ ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа 5-36 жил ажилласан мэргэжлийн дадлага, туршлага бүхий албан тушаалтнуудыг эрх бүхий комиссоос сонгож ... нэг ч хүнийг шинээр ажилд аваагүй...” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.
Зүй нь шүүх, төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг өөрчлөн байгуулагдаж, Нийслэл дэх Төрийн аудитын газарт харьяалан шилжсэн албан хаагчийн албан тушаалын орон тоог, мөн уг байгууллагын албан хаагчийн албан тушаалын орон тоо нь цөөрсөн, эсвэл хасагдсан эсэхэд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол ... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан үндэслэлд дүгнэлт өгч, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх байжээ.
Тиймээс анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй байна.
Маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн батлагдсанаар ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ү.С-ыг ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.
Хэрэгт цугларсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаас үзэхэд “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж 50 орон тоотой байсныг 45 болж цөөрүүлсэн” гэх боловч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177, Б/206 дугаар тушаалаар Нийслэлийн Төрийн аудитын газарт ажиллаж байсан 46 албан хаагчийг ажлаас чөлөөлж, Нийслэл дэх Төрийн аудитын газарт буцаан томилохдоо нийт 34 албан хаагчийг томилсон, харин үлдсэн орон тоонд хүн томилсон эсэх нь тодорхойгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... менежерээр ажиллаж байсан н.Ц, н.Э, н.Э гэх 3 хүн одоо аудитор, ахлах аудитор болсон. Үүнээс үзэхэд дээд шатны албан тушаалтны орон тоонд өөрчлөлт орсноос өөрчлөлтөд хамрагдсан хүмүүс тушаал буурсан. Үүнээс үүдэн доод тушаалд ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлсөн” гэсэн тайлбар хийсэн байх тул дээрх нөхцөл байдлыг тогтоох нь хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм.
Хариуцагч бүрэн орон тоогоор ажиллаж байгаа гэж маргасан байхад тухайн байгууллагад нийт хэдэн хүн ажиллаж байсан, одоо хэдэн хүн ажиллаж байгаа, шинэ бүтэц батлагдсанаас хойш гүйцэтгэлийн аудитын хэлтэст томилогдсон бүх аудиторууд нь өмнө нь бүгдээрээ гүйцэтгэлийн аудитын чиг үүрэг бүхий ажил, албан тушаал эрхэлж байсан эсэх, шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа болохыг анхан шатны шүүхээс тодруулаагүй тул дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай юм.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий Б/246 тушаалын үндэслэлээ “шинжээчийн орон тоо хасагдсан, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэгч Ү.С-ыг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлах ба шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэхийг тодруулах, мөн Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх болсон бодитойгоор тулгарсан ямар шаардлага бий болсныг тодруулахаар байна.
Учир нь хариуцагч өмнө нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан, гүйцэтгэвэл зохих чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн жинхлэн томилсон атлаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж, улмаар нэмэгдүүлсэн шаардлагадаа нийцээгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байхад дээрх нөхцөл байдалтай холбоотой баримтыг цуглуулж шинжлэн судлах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус тохиолдолд түүнийг тодруулах нь шүүхийн үүрэг. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй төдийгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй юм.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...албан тушаалд эгүүлэн тогтоолгох...” гэж тодорхойлсон нь урьд эрхэлж байсан албан тушаал гэж аль албаны, аль албан тушаалыг хэлж байгаа болох, чиг үүрэг нь харилцан адилгүй албадын алинд нь, ямар албан тушаалд тогтоолгохоор шаардсан нь тодорхойгүй, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч байгууллагын аль нэгжийн, ямар албан тушаалд томилох нь ойлгомжгүй нөхцөл үүсэхийг шүүх анхаарах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0939 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР