Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0134/З |
Дугаар | 317 |
Огноо | 2019-10-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 317
С.Б-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий
зөвлөлд холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны хэсгийг хүчингүйд тооцох, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0259 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0338 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч С.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Ж.С,
Гуравдагч этгээд Б.Амарбаясгалан, өмгөөлөгч Т.М-Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0259 дүгээр шийдвэрээр: Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.6, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны хэсгийг хүчингүйд тооцуулж, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0338 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0259 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Их хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 10 тогтоол болон уг хуралдааны холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс магадлал гаргахдаа Шүүхийн захиргааны тухай хуулийн 15.2-т “Ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэж тогтоол батална.”, 15.6-д “Хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох бөгөөд хуралдааныг нээлттэй явуулж, гишүүдийн санал хураалт илээр явагдана.” гэж тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15.6 дахь хэсэг нь Ерөнхий зөвлөлийн хуралдаан олонх нь ирснээр хүчинтэйд тооцох талаар зохицуулсан байхад шүүхээс гишүүдийн олонх нь оролцсон байх ёстой гэж илтэд өөр агуулгаар ойлгон буруу тайлбарлаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
4. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд батлан гаргасан хуралдааны дэгийн 3.7-д “өөртэй нь холбоотой буюу ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй гэж үзсэн асуудал дээр тайлбараа хэлж, өөрийн хүсэлтээр санал өгөхөөс татгалзана." гэж зааснаас өөрөөр хурал орхин гарах, тодорхой шалтгаангүйгээр санал өгөхөөс татгалзах, түдгэлзэхийг зөвшөөрөөгүй юм.
5. Түүнчлэн тус магадлалд Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдааны дэгээ зөрчсөн нь маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх нэг үндэслэл болж байгаа талаар дүгнэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7.3-т “Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.” гэж зааснаар шүүх зөвхөн тухайн харилцаанд холбогдох хуулийг хэрэглэж захиргааны акт хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэх ёстой атал Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны зохион байгуулалт, дараалал зэрэг асуудлыг тусгасан дотогш чиглэсэн, зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг болох дэгийг зөрчсөн гэж үзэж, магадлалыг үндэслэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй ба шүүх энэ асуудлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Гуравдагч этгээд Б.Амарбаясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын 8 дугаар талд Гэтэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны явцад гишүүн Д.Эрдэнэчулуун “Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй” гэдгээ илэрхийлж, хуралдааныг орхин гарч явснаар Шүүхийн ерөнхий зөвлөл уг асуудлаар хуралдаан хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад үлдсэн гишүүд хуралдаж асуудлыг хэлэлцэж, “Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай” саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх”-ээр шийдвэрлэж, тогтоол гаргасныг дээр дурдсан “Хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох” хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж хуулийг туйлын буруу тайлбарласан байна.
8. Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь дарга, 4 гишүүнээс бүрдэх Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох ...” гэсэн нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 5 гишүүний олонхи нь 3 гишүүн байх бөгөөд Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь заавал бүрэн бүрэлдэхүүнтэй байж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байх бөгөөд 3 гишүүнтэй хуралдаж болохыг хуулиар зөвшөөрсөн болох нь тодорхой ойлгогдож байна. Зөвлөлийн гишүүдийн олонхи нь биечлэн оролцсоноор хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ. Энэ шаардлагыг хангаж тухайн өдрийн хуралдаанд Н.Л, В.О, Д.Э нарын 3 гишүүн оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд тийм учраас Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 10 дугаар тогтоол гарсан болох нь тодорхой бөгөөд хэрвээ энэ шаардлагыг хангаагүй байсан бол тус тогтоол гарахгүй байх байсан нь хэнд ч илэрхий ойлгомжтой юм. Тийм атал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “ирц хүрээгүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
9. Мөн магадлалын 8 дугаар талд "... Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгийн 3.7-д “зөвлөлийн гишүүн хэлэлцсэн асуудлаар “татгалзсан", эсхүл “зөвшөөрсөн” саналыг л зөвхөн гаргах" гэж журамласныг тухайн хуралдаанд оролцсон хэдий ч гишүүн хуралдааны дундаас гарч явсан бол “татгалзсан” санал гаргасан гэж үзэх буюу “хуралдааны хүчинтэй байдлыг зохицуулсан зохицуулалт” хэмээн дэлгэрүүлэн тайлбарлах боломжгүй юм” гэж үндэслэлгүй тайлбар хийсэн байна.
10. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хуралдааны дэгийн 3.7 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд нийцсэн байна. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны ирцэнд анхнаасаа орсон хэрнээ тодорхой асуудал шийдвэрлэхэд хуралдааныг орхин гарсан гишүүнийг “татгалзсан санал”-тай байсан гэж үзэхээс өөр ямар ч хууль зүйн боломж байхгүй юм.
11. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр баталсан нь тухайн хуралдааны холбогдох хэсэг болон түүнээс гарсан тогтоолыг хууль бус гэж тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь хэлэлцэх асуудлаа огт батлаагүйгээр асуудлыг гэнэт хэлэлцүүлсэн бол хуралдааны дэг ноцтой зөрчигдөж, улмаар энэ нь тухайн тогтоолыг шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр хууль бус гэж тооцох үндэслэлийг бий болгож болно. Гэвч манай тохиолдолд Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь хэлэлцэх асуудлаа огт батлаагүй биш, харин 1 өдрийн өмнө баталж, тухайн баталсан хэлэлцэх асуудлыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны эхэнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 3 гишүүн санал нэгтэй баталж (энэ нь хуралдааны протоколоор нотлогддог), улмаар асуудлуудаа хэлэлцэж эхэлсэн байдаг. Тодруулбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 3 гишүүн тухайн өдрийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх гэж байгаагаа ойлгоогүй, мэдээгүй биш, харин ч маш сайн ойлгож, мэдсэн байдаг. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тайлбарлаж байгаа шиг тухайн тогтоолыг хууль бус тооцох эрх зүйн үр дагавар огтхон ч үүсээгүй байна.
12. Хэдийгээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хуралдааны дэгд “3-аас доошгүй ажлын өдрийн өмнө танилцуулах”-аар тусгагдсан боловч Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно” гэж хуульчилсан байдгийг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Амьдрал дээр бүх тохиолдолд аливаа хэлэлцэх асуудлаа 3 өдрийн өмнө батлах боломжгүй буюу шуурхай, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай тохиолдол үүсэхийг үгүйсгэхгүй бөгөөд ингэж нэн яаралтай шийдвэрлэх боломжийг Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлд олгосон байна гэж үзэж байна.
13. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь заалтын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0338 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангаж шийдвэрлэв.
15. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний хуралдаанаар хэлэлцэхээр тогтоосны дагуу “Зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцсэн, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийг хэлэлцэхдээ хуралдааныг орхин гарсан нэг гишүүнийг хуралдааны ирцэд оруулан, түүнийг тухайн асуудлаар “эсрэг” санал өгснөөр тооцсон, тус хуралдаанаас гаргасан “Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 10 дугаар тогтоолоор Б.А-г Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
16. Нэхэмжлэгч С.Б нь хуралдааны дээрх “Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулах асуудлыг хэлэлцсэн хэсэг”-ийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус хуралдааны “10 дугаар тогтоол”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж, “... дор хаяж 3 гишүүн санал нэгтэй байж асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай, ... 2 гишүүн оролцсон тул хуралдаан хүчинтэйд тооцогдохгүй, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.6-д заасныг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр маргасан байна.
17. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн “хуралдааны хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг өөрийн санаачилгаар “хүчингүй болгуулах” шаардлага болгон өөрчилж шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хэргийн оролцогчид маргаагүй байхад “... дэгээ зөрчиж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталснаас хойш нэг хоногийн дараа хэлэлцсэн, энэ нь хуралдааны хэсэг, маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэл болж байна” гэх дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчснөөс гадна маргааны үйл баримтад холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
18. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаан болох үед Шүүхийн ерөнхий зөвлөл нь дарга, 2 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор товлон зарлаж, хэлэлцүүлэхээр тогтоосон тус хуралдаанд 3 гишүүн хүрэлцэн ирж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа санал нэгтэй баталсан, хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг сонгох асуудал”-ыг хэлэлцэхийн өмнө гишүүн Д.Эрдэнэчулуунаас “... сул орон тооны талаар УДШ-ээс тодруулга авах, мөн 5 гишүүнтэй болсон үедээ хэлэлцье” гэсэн үндэслэлээр хэлэлцэх уг асуудлыг хойшлуулах санал гаргасан, “хойшлуулах” саналаар “санал” хураахад, үлдэх 2 гишүүн дэмжээгүй, уг асуудлыг “үргэлжлүүлэн” хэлэлцэх болоход гишүүн Д.Эрдэнэчулуун “санал хураалтад оролцохгүй” гэж хуралдааныг орхин гарсан, түүнийг тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцож, “эсрэг” санал өгсөнд тооцож санал хураалт явуулсан үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
19. Шүүхийн захиргааны тухай 13 дугаар зүйлийн 13.1-д “ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх ...”, 15 дугаар зүйлийн 15.1-д “ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан /цаашид “Хуралдаан” гэх/ байна”, 15.6-д “хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох ...” гэж тус тус зааснаас үзэхэд доод тал нь Ерөнхий зөвлөлийн 3 гишүүн хуралдаанд оролцсоноор тухайн хуралдаан хүчинтэйд тооцогдоно.
20. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “ерөнхий зөвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно” гэж заасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг”-ийн 3.1-д хуралдаанд зөвлөлийн гишүүн хүрэлцэн ирээгүйг хүндэтгэх шалтгаантай байсан гэж үзэх тохиолдлуудыг зааж, тэдгээр шалтгаан байхгүй бол хуралдаанд заавал оролцох ёстойг, 3.6-д зөвлөлийн гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хуралдаан хүчин төгөлдөр болохыг, 3.7-д зөвлөлийн гишүүн зөвхөн “зөвшөөрсөн”, “татгалзсан” саналын аль нэгийг гаргах ба санал өгөхөөс “түдгэлзэх эрхгүй”-г, түүнчлэн өөртэй нь холбоотой буюу ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй гэж үзсэн асуудал дээр тайлбараа хэлж, өөрийн хүсэлтээр санал өгөхөөс татгалзана гэх зэргээр журамлажээ.
21. Иймээс, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчийг “тодруулах” асуудлыг “хэлэлцэхэд оролцохгүй” гэсэн Зөвлөлийн гишүүний дээр дурдсан шалтгаан нь “хуралдааны дэг”-ээр тогтоосны дагуу “санал” өгөхөөс түдгэлзэх үндэслэлд хамааралгүй байхын зэрэгцээ энэ тохиолдлын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо цөөн, тухайн үед ажиллаж байсан 3 гишүүн бүгд оролцсоноор хуралдаан ирцийн хувьд хуулийн шаардлага хангагдсан, хуралдаанд заавал оролцож, санал өгөх үүрэгтэй гишүүн хуралдааныг орхин гарснаар “эсрэг” санал өгсөнд тооцсон хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй, хуралдааны тухайн хэсэг /захиргааны үйл ажиллагаа/ илт хууль бус болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тодорхойлсон шинжийг агуулаагүй тул шүүхээс илт хууль болохыг тогтоож шийдвэрлэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
22. Харин, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан /цаашид “Хуралдаан” гэх/ байна”, 15.2-т “ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол батална”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “шүүхийн ерөнхий зөвлөл нь ... шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхын санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд, Шүүхийн ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг, тухайлбал шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчийг “тодруулах”-даа Зөвлөлийн гишүүдийн “олонх”-ын саналаар шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдлын хувьд хуралдаанд оролцсон 3 гишүүний “санал” нэгдсэн, өөрөөр хэлбэл бүгд “дэмжсэн” саналтай байж хуулийн дээрх зохицуулалтын дагуу “олонхын санал”-аар шийдвэрлэгдсэн гэж үзнэ.
23. Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуралдаанд оролцсон 3 гишүүнээс 2 гишүүний “дэмжсэн” саналаар /оролцоогүй гишүүн “эсрэг” саналтайд тооцогдсон/ нэр дэвшигч Б.Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолыг гаргасан нь тухайн асуудлыг Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэсэн гэж үзэхгүй ч шүүх уг тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.1-д заасан “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор шийдвэрлэх боломжгүй юм.
24. Тодруулбал, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь шүүхийн журмаар тогтоогдвол “хүчингүй” болгох шийдвэрийг шүүх гаргах бөгөөд хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэр дэвшигч С.Б-д бусад 2 гишүүн санал өгөөгүй, хуралдаанд оролцоогүй гишүүнийг “эсрэг” саналтайд тооцсоноор, түүний асуудлыг 3 гишүүний саналаар шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий 10 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй байна.
25. Анхан шатны шүүх, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол батална” гэснийг буруу тайлбарлаж “... хамтын удирдлага бүхий захиргааны байгууллагын шийдвэр гаргах нийтлэг зарчмын хүрээнд “олонхийн санал” гэдгийг тухайн хуралдаанд оролцсон саналын эрхтэй гишүүдийн саналын нийлбэрээр илүү байгаа саналыг ойлгоно” гэж алдаатай дүгнэлт хийсэн боловч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
26. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0338 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ20196/0259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг, гуравдагч этгээдийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ