Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00366

 

 

 

 

 

 

 

 

 

О- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02777 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О- ХХК-ийн хариуцагч Б.Т-д холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Зээлдэгч Ч.Б- нь манай компанитай 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 хаягт байрлах 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гараж, Б.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар Зайсан гудамж, 96-р байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032528 дугаарт бүртгэлтэй, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032750 дугаарт бүртгэлтэй, 15,5 м.кв талбайтай, авто зогсоолыг тус тус барьцаалан 150,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Ч.Б- нь зээлийн төлбөрийг төлөхгүй хүндрэл учруулж байсан тул О- ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 001/XT2018/00733 дугаар тогтоолоор Ч.Б-аас 195,152,573 төгрөгийг гаргуулж, О- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн Тогтоолд Ч.Б-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлтэй байна. Б.Т-ыг хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй учраас Б.Т-ын өмчлөлийн зүйлээр үүргийг хангуулахаар шийдвэрлэх боломжгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан борлуулах талаарх шаардлагаа барьцаалуулагч буюу Б.Т-д холбогдуулан гаргахад саад болохгүй гэж дурдсан байна. Тус ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа Б.Т-ын дээрх үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэн Ч.Б-аас 194,024,500 төгрөг гаргуулж О- ХХК-д олгуулах, зээлийн үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт 266 дугаартай магадлал, хяналтын шатны шүүх хуралдааны 733 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж Ч.Б-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, Б.Т-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан бичигт ... төлбөр төлөгч Ч.Б- өнөөдрийн байдлаар 195,152,573 төгрөгийн үлдэгдэлтэй болно ... гэжээ. Эндээс үзэхэд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байна. Мөн Ч.Б-ын. өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Зээлдэгч зээлийн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байхад Б.Т-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Б- нь 194,024,500 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол, Ар Зайсан гудамж 96 байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032528 дугаартай, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11-p хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байрны зоорийн давхрын, 23 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032750 дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 144,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. Анхан шатны шүүх Ч.Б- нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй талаар зохигчид маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ч.Б-т холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар хариуцагчийн зүгээс маргадаг. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан бичигт төлбөр төлөгч Ч.Б- өнөөдрийн байдлаар 195,152,573 төгрөгийн үлдэгдэлтэй болно гэжээ. Ч.Б-ын өмчлөлийн 250,85 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураан авч, төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичих ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлдэг. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргах, энэ тухай төлбөр төлөгчид мэдэгдэх, эсхүл мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож энэ тухайгаа төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэнэ. Энэ тохиолдолд дуусгавар болгох тухай шийдвэрээр төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгохоор зохицуулсан. Одоогийн байдлаар Ч.Б-т холбогдуулан хийгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэр гараагүй, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаагаагүй, энэ тухай төлбөр төлөгчид мэдэгдээгүй байна. Ийм учир Ч.Б-тай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа Ч.Б- нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол Б.Т-аас шаардах эрх үүсэх ёстой гэж үзнэ. Ч.Б-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй учир түүнийг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэх нь буруу бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор үнэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхээс үүргээ гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхийг дурдсан. Ч.Б- үүргээ гүйцэтгээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэх тодорхойлолтоор тогтоогдоно. Б.Т- нь анх Ч.Б-т итгэмжлэл олгож барьцаанд тавихдаа эрх, үүргээ ойлгож, хэрэв төлбөр төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлж эрх, үүргийг ойлгомжтойгоор тайлбарласан. Хэрэв Ч.Б- нь төлбөр төлсөн миний хөрөнгөөс гаргуулах ёсгүй байсан гэж эрх ашиг хөндөгдөж байгаа бол Ч.Б-аас нэхэмжлэх эрх нь өөрт нь нээлттэй байгаа. Ч.Б- миний хөрөнгийг барьцаанд тавьж төлбөр төлөхгүй, хохирсон хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байхад өөрөө анх эрх үүргээ ойлгож барьцаанд тавьсан эд хөрөнгийн талаар маргасан нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар шатанд байгаагаас үл хамаарч биелүүлээгүй бол шаардах эрхийг шүүхээс зааж өгсөн. Иймд анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч О- ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар Зайсан гудамж, 96-р байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032528 дугаарт бүртгэлтэй, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032750 дугаарт бүртгэлтэй, 15,5 м.кв талбайтай, авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Зээлдэгч Ч.Б- нь манай компанитай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хариуцагч Б.Т-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч Ч.Б-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, энэ ажиллагаа дуусаагүй байхад Б.Т-д холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлээс татгалзсан байна. /хх-ийн 46-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч О- ХХК нь Ч.Б-тай 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, Ч.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 хаягт байрлах 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гараж,

Хариуцагч Б.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар Зайсан гудамж, 96-р байр, 505 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032528 дугаарт бүртгэлтэй, 82,77 м.кв талбайтай З өрөө орон сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032750 дугаарт бүртгэлтэй, 15,5 м.кв талбайтай, авто зогсоолыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 21-25-р тал/

 

Зээлдэгч Ч.Б- нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч О- ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэрэг ийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2299 дугаар шийдвэрээр зээлдэгч Ч.Б-аас 194,024,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 10-12-р тал/

 

Дээрх шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 266 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гэх үндэслэлээр түүний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 733 дугаартай тогтоолоор хэвээр үлдээжээ. /хх-ийн 13-19-р тал/

 

Хариуцагч буюу барьцаалуулагч Б.Т-д холбогдуулан шаардлага гаргах эрхийг дээрх шийдвэр хөндөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О- ХХК нь хариуцагч Б.Т-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Б.Т-ын өмчлөлийн орон сууц болон автозогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо зээлдэгч Ч.Б-т холбогдох хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй, Ч.Б- нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Б.Т-аас шаардах эрхтэй гэжээ. Гэвч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дах хэсэгт Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ гэж, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дах хэсэгт ... гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй гэж тус тус заасан тул Ч.Б-т холбогдох хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй нь хариуцагч Б.Т-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад саад болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ