Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0133

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч Н.Ү нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ыг Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 107 хоногийн олговор 4828450 /дөрвөн сая найман зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй холбоотой Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар тогтоол шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Б.Батбаатар нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хуурамч дипломтой иргэн У.Батсүхийг Мал эмнэлэгийн үржлийн тасгийн даргын албан тушаалд томилж одоо болтол ажиллаж байгаа нь төрийг залилан мэхэлсэн хэрэг юм. Энэ нь хууль зөрчсөн болохыг тогтоож хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б нь “Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгон тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал,

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар “Б.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд биелүүлдэггүй удаа дараа хангалтгүй биелүүлсэн, шалтгаангүйгээр ажил тасалсан нь дотоод журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөнийг тэрээр эс зөвшөөрч “Засаг даргаас биелэгдэх боломжгүй хууль бус үүрэг даалгаврууд өгсөн, Улсын Их Хурлын 47 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2017 оны 01 тоот албан даалгавар зэргээр төсвийн мөнгөөр эд хөрөнгө худалдаж авахыг хориглосон учир Засаг даргын өгсөн үүрэг даалгавар биелэгдэх боломжгүй байсан” гэж маргасан.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах” гэж Засаг даргын ажлын алба болох Тамгын газрын чиг үүргийг тогтоож өгсөн бөгөөд, Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын аппарат, баг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь нь Засаг даргад туслах, орон нутагт зөв бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлэх” гэж гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг заажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга нь сумын Засаг даргын Тамгын газрын даргадаа “золбин нохой устгах, хогны машины гурвалсан гэрээ байгуулах, сумын нутаг дэвсгэр дээр үхрийн өвчин гарсан тул яаралтай арга хэмжээ авч ажиллах, Тамгын газрын мэдээллийн самбаруудыг шинэчлэх, сумын төвийн хогийг цэвэрлүүлэх, хувиараа аж ахуй эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, дэлгүүрүүдийг цагийн хуваарьт оруулах, ОНХС-ийн эрэмбэ тогтоох ажлын хэсгийг байгуулах, Засаг даргын Тамгын газрын харьяалалтай авто машинуудыг үзлэгээр оруулж бүрэн бүтэн байдлыг шалгуулах, багийн Засаг дарга нарыг Тамгын газарт өрөө гарган ажлын байр, ажиллах нөхцөл боломж ширээ сандал, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг үүрэг даалгавруудыг өгч байсан нь нотлогдсон байх ба эдгээр үүрэг, даалгаврыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б хэрхэн биелүүлж ажилласан эсэх, аль үүрэг даалгавар нь биелэгдэх боломжгүй байсан, аль нь биелэгдэх боломжтой байсан эсэхийг шалгаагүй, холбогдох баримтыг цуглуулаагүй атлаа “ямар ажил, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж сахилгын зөрчил гаргасан байдал нь тогтоогдохгүй” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 

Мөн Хөхморьт сумын Засаг даргын Зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Б.Б-ыг ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар хэлэлцсэн, үүрэг даалгавар өгсөн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсаныг нэхэмжлэгч үгүйсгэж “уг хуралд оролцоогүй, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд З.Нүрзэдийн нэхэмжлэлтэй шүүх хурал 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон тул шүүх хуралд оролцохоор Баянхонгор аймаг руу явсан” гэж тайлбарлажээ.

Гэтэл Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор хариуцагч Б.Батбаатарт “шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч удаа дараа хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэлээр 240.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 519 дүгээр тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн нийтэд илэрхий болсон үйл баримтаар нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байгааг анхан шатны шүүх тодруулаагүй нь буруу байна. 

 Зүй нь нэхэмжлэгч Б.Б Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд  очоогүй болох нь тогтоогдож байгаа тохиолдолд түүнийг Зөвлөлийн хуралд суусан эсэх, тус хурлаас өгсөн үүрэг даалгаврыг Б.Б биелүүлсэн эсэхийг шүүх мөн шалган тогтоох шаардлагатай. 

Түүнчлэн, нэхэмжлэгчийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны хооронд шалтгаангүй ажил тасалсан гэж буруутгасныг гагцхүү 15-ны өдөр шүүх дээр очиж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан үйл баримтаар үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай бөгөөд 03 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоохоор байна. 

          Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг төрийн албан хаагч удаа дараа ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төрийн албанаас халахад, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан төрийн албан хаагч ёс зүй зөрчсөн, албан үүргээ огт биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрээр төрийн албанаас халахад хэрэглэгдэх зохицуулалт гэж ойлгох бөгөөд маргаан бүхий захиргааны актад хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэдгийг баримталсан байхад сахилгын зөрчилтэй адилтган ойлгож тайлбарласан, маргааны үйл баримтад хамааралгүй төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээтэй холбоотой дүгнэлт хийсэн зэрэг нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар, татгалзал, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               

                               

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР                                                     

                              ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА     

                              ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН