Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн Б.Б-ын   нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******* сумын Засаг дарга Н.Ү-д  холбогдох тус сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх  шаардлага бүхий  нэхэмжлэлийг  2017 оны 08 дугаар сарын  17-ны  өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.                                      

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-р, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Уугандарь нар оролцов.               

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 20-нд Н.Ү Засаг даргаар томилогдон очсон байгаа. Анхны тамгын газрын албан хаагчдын хурал дээр би тантай хамтарч ажиллахгүй, та бол ардчилсан намын үед Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон учир би таньтай хамтарч ажиллахгүй, би өөрийн гарын хүнтэй хамтарч ажиллана гэж хэлж байсан. Тухайн өдрөөс хойш байнгын хууль бус албан тоот өгөх, биелүүлэх боломжгүй албан үүрэг даалгавар өгдөг байсан. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Гэхдээ би аливаа улс төрийн намын томилгоогоор Засаг даргын Тамгын газрын үүрэгт ажилд ороогүй. Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Авлигатай тэмцэх газраас мөн ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар тайлбар урьдчилсан мэдүүлэг явуулж тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхолын зөрчил үүсээгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Засаг даргын Тамгын газраас ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад тухайн үйл ажиллагааг харлуулах, буруутгах гэх мэтээр ханддаг байсан. 12 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Байгаль орчны газрын дарга Б, сургуулийн захирал П нар Н. Ү-гийн өрөөнд дуудсан. Намайг ороход чи шууд өргөдлөө өгөөд гарчих, би чамтай хамтарч ажилмааргүй байна гэж хэлж байсан. Би бол төрийн жинхэнэ албан хаагч учир улс төрийн намын үйл ажиллагаа явуулахгүй, албаны чиг үүргийн дагуу төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа гэж хэлсэн боловч чамд ямар ч гэсэн үзүүлээд өгнө, чамайг ялтай салгана гэж хэлж байсан. 2016 оны орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх санд маш олон удаагийн аудитын шалгалт явуулсан боловч ямар нэгэн асуудал илрээгүй учир тэд ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаж ирж чадаагүй. Н.Ү-ийн олон удаагийн өгсөн үүрэг даалгавар нь мал эмнэлэг үржлийн тасгийн үүрэг гүйцэтгэгч Батсүхийг ажлаас нь хал гэсэн үүрэг даалгаврыг олон удаа өгсөн. Б нь төрийн албан хаагчийн шалгалт өгч ороогүй түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Б-ийг хуурамч дипломоор ажиллаж байна гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь хал гэсэн байгаа. Гэтэл Б нь Ховд аймгийн сургуулиас тодорхойлолт авчирч өгсөн. Гэтэл Н.Ү аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирсэн хуурамч дипломтой гэх албан бичиг үзүүлдэг. Б-ийг хуурамч дипломтой гэдгийг нотолсон баримт үзүүлээгүй. Тэгэхээр Б-ийг ажлаас халах үндэслэл надад байхгүй учир би ажлаас нь халаагүй. Байгаль орчны улсын байцаагч болон багийн Засаг дарга нарыг тоног төхөөрөмж албан хэрэгслээр ханга гэсэн үүрэг даалгавар өгсөн. Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн төсөвт эд хөрөнгө худалдан авах хөрөнгө ороогүй. Мөн шинээр эд хөрөнгө тавилга хэрэгсэл худалдаж авахыг хориглосон байгаа. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг төсвийн шууд захирагч зарцуулна гэж заасан байгаа. Нохой устгах, хог цэвэрлүүлэх гэдэг үүрэг даалгаврыг олон удаа өгсөн. Энэ нь сумын төсөвт тусгагдаагүй байдаг учир биелүүлэх боломжгүй байсан. Нохой устгуулах талаар сумын гэрээт анчинтай уулзахад нэг нохойг 10.000 төгрөгөөр устгана бууны үнэ, сумны үнэ мөн орон байр хоол хүнсээр ханга гэж хэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хяналтын дагалдах хуудас, Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн архивт хадгална гэсэн боловч хувийн хэргийн захиргааны шийдвэрт хавсаргаагүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дугаарт энэ хуулийн 29.2-т заасан дагалдах хуудсыг албан хаагчид шагнал олгох, үр дүнгийн урамшуулал олгох сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход харгалзана гэж заасан байгаа. Гэтэл хариуцагч Н.Ү нь тухайн заалтуудыг зөрчсөн учир тухайн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд гаргасан байгаа.  Үхрийн өвчин гарсан талаар мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Б-т үүрэг даалгавар өгсөн байгаа. Б тухайн айлын үхсэн үхрээс нь дээж авч аймагт ирж шинжлүүлэхэд үхрийн өвчин биш байсан. Тухайн  хариуг Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Б Засаг даргад хариуг мэдэгдсэн байх. Жолооч Н-тэй гэрээ байгуулсан байгаа. Тухайн гэрээг нь ажил хүлээлцэхэд ажил хүлээж авсан Н-д өгсөн байгаа. Намайг ажлаас чөлөөлөгдсөний маргааш нь жолоочийг дуудаж ирээд хогийн машиныг өөр хүнд хүлээлгэж өгсөн байсан. Өгсөн үүрэг даалгавруудыг тухай бүрд нь амаар мэдэгдэж байсан. Багийн засаг дарга нарын өрөөг тохижуул гэхээр нь мал эмнэлэг үржлийн тасаг дээр байсан өрөөг тохижуулаад гэрэлтүүлэг хийгээд тохижуулсан байгаа. 2017 оны үр дүнгийн гэрээ өгсөн боловч буцааж гарын үсэг зурж, тамга дарж өгөөгүй байгаа. 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б-ыг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь үр дүнгийн гэрээгээр дүгнэгдэх ёстой гэж үзэж байгаа. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй биелэгдэх боломжгүй хууль зөрчсөн үүрэг даалгаврыг дээд шатны албан тушаалтан өгөх ёсгүй. ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт эд хогшил худалдан авах зардал тусгагдаагүй, Улсын Их Хурлын 47 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны 01 дугаар тоот албан даалгавар зэргээр төсвийн мөнгөөр эд хөрөнгө худалдаж авахыг хориглосон учир уг үүрэг даалгавар биелэгдэх боломжгүй. Жолооч Д.Н-тай гэрээ байгуулан ажиллаж байсан Б.Б ажлаас чөлөөлөөд маргааш нь хогны машиныг өөр хүнд шилжүүлэн өгсөн. 2017 оны төсөвт тоног төхөөрөмж эд хогшил авах зардал суугдаагүй мөн нохой устгах зардал 2017 оны сумын төсөвт мөн суугдаагүй. У.Б-ээс тайлбар авахад төгссөн сургуулиасаа тодорхойлолт авчирч өгсөн бөгөөд оронд нь томил гэсэн  Гэтэл хүнийг ажлаас нь үндэслэлгүйгээр халах, төсөвт тусгагдаагүй зүйлийг хий гэж удаа дараа шаардах нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Дотоод журманд нь 3 буюу түүнээс дээш гэж байгаа. Гэтэл 3 ба түүнээс дээш ажил тасалсан нь тогтоогдохгүй байна. Нотлох баримтыг гаргаж өгөхдөө хамааралгүй нотлох баримтыг нөхөж гаргаж өгдөг. Цагийн бүтгэлийг гаргаж өгөх талаар удаа дараа шаардсан. Гэтэл цагийн бүртгэлийг гаргаж өгдөггүй. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн цагийн бүртэл нь өөр байгаа.                 

Бодит байдал дээр цагийн бүртгэлийн журнал нь өөр байдаг. Нийгмийн даатгалын дэвтрээс харахад 3 дугаар сарын цалин хасагдаагүй байгаа. 03 дугаар сарын 15-ны өдөр Б.Б нь Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын өмнөөс хариуцагчаар татагдан ирсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна.  Иймээс ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.  

          Хариуцагч Н.Ү нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-ыг дараах үндэслэлээр чөлөөлсөн болно. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 2.3, 2.5, 2.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь удаа дараа огт биелүүлээгүй. 3 түүнээс дээш хоногоор ажлын цагаар ажлаа тасалж төрийн ажилд хариуцлагагүй хандсан зэрэг үйлдлүүдийг гаргасан гэжээ.

          Гуравдагч этгээд О.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.Б нь 1984 онд Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн. Б.Б-ын нэхэмжлэлтэй сумын Засаг даргад холбогдох хэрэгт миний эрх ашиг зөрчигдөхгүй байгаа тул гуравдагч этгээдээр оролцох хүсэлгүй байна. Миний бие Засаг даргын захирамжаар  томилогдсон 10 сард болох сонгон шалгаруулалтанд оролцоно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

         Шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зарласан боловч хариуцагч тодорхойгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар мэтгэлцэх зарчим, шүүх хуралдаанд оролцох, тэгш эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан боловч хариуцагч хүндэтгэн үзэх шатгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

        Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         ******* сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар захирамж гаргаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, ******* сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.3, 2.5, 2.7 дахь заалтуудыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд биелүүлдэггүй удаа дараа хангалтгүй биелүүлсэн, шалтгаангүйгээр ажил тасалсан нь дотоод журманд заасан ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тул 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

         Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 буюу түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагч сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд сахилгын зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.

        Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.1-т “Төсвийн шууд захирагч байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч-менежер (цаашид “Менежер” гэх)-тэй   үр дүнгийн гэрээ (цаашид “Гэрээ” гэх) байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтална”, журмын 2.1-т “Менежер нь гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж танилцуулах үүрэгтэй”, 2.3-“Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд менежерийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй” гэж зааснаар сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга буюу менежертэй энэ журмын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, гэрээнд тусгагдсан  ажил үйлчилгээг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг дүгнэж ажиллах байхад үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас халсан байгаа нь үндэслэлгүй байна. 

         Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, гэрээгээр хүлээсэн хэрэгжүүлбэл зохих ямар ажил албан үүргээ Б.Б удаа дараа хангалтгүй биелүүлж сахилгын зөрчил гаргасан байдал нь тогтоогдохгүй байна. Сумын Засаг даргаас Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-т золбин нохой устгах, гурвалсан гэрээ байгуулах, авто машинуудыг үзлэгт оруулах, мэдээллийн самбар шинэчлэх, ажиллах боломж нөхцөл ширээ сандал, тоног төхөөрөмжөөр хангах, үхрийн өвчин гарсан тул яаралтай арга хэмжээ авах, санамж бичиг хүргүүлэх зэрэг албан тоотуудыг хүргүүлж байснаар ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэж тодорхойлох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Б.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар  хангагдах эрхтэй.  

         Мөн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд “хуралд Б.Б /ЗДТГ-ын дарга/ ...нар оролцон хурлын ирц хангалттай гэж үзээд хурлын 2017.05.18-ны 11 цагт эхлэв, “....Засаг дарга Н.Ү ойрын үед хийх ажил их байна. Тамгын газрын дарга ажил ерөөсөө хийхгүй байна. Нохой устгах ажил, Соёлын төвийн урьд талын хайс янзлах, ТГ-ын дарга гадна тохижилт эдгээр ажлуудыг удаа дараа үүрэг өгсөн боловч хийгдэхгүй хамтарч ажиллахад хүндрэлтэй байна намын ялгаврал гаргаад байгаа юм уу хэлсэн ярьсан үүрэг даалгавар биелүүлэхгүй байна. Өргөдлөө өгөөд гар цаашид хамтарч ажиллахгүй”, “...Б.Б өөрөө эхлээд захирамжаа гарга би бол өргөдөл өгөхгүй” гэсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд Б.Б тайлбарлахдаа “...05 дугаар сарын 18-ны өдрийн хуралд дээр намайг байсан мэтээр тэмдэглэсэн байна. Тухайн өдөр би сумд байхгүй байсан хуралд оролцоогүй, 05 дугаар сарын 19-нд Баянхонгор аймагт шүүх хуралдаантай байсан учир 05 дугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн төвөөс автобусанд сууж байсан. Тэгэхээр 05 дугаар сарын 18-нд сумд хуралд сууж байх боломжгүй гэв” гэсэн тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны 111/АБ2017/0058 дугаар албан бичигт “...******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б та шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутанд болох шүүх хуралдаанд биечлэн оролцох...” гэсэн байгаа албан бичиг зэргээс Б.Б-ыг ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан талаар сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Шалтгаангүйгээр ажил тасалсан тухайд:  ******* сумын Засаг даргын Тамгын газрын цагийн бүртгэлийн хуудсанд Б.Б-ыг 2017 оны 03 дугаар сарын 13-15-ны хооронд ажил тасалсан гэж бүртгэсэн, шүүх ******* сумын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын ажлын цагийг бүртгэдэг гэх П.Б-г гэрчээр асуухад “...2017 оны 03 дугаар сард 3 өдрийн ажил тасалсан. Тэр өдөр Засаг дарга байхгүй байсан. Би Б.Б-т та 3 өдөр ажил тасалсан байна гэж хэлэхэд...” гэсэн тайлбарыг өгсөн. Шүүхэд хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд ******* сумын иргэн Т.Ц-ийн нэхэмжлэлтэй ******* сумын Засаг дарга Н.Ү, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б нарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Б.Б нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариуцагчийн эрх, үүрэгтэй танилцаж, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байгаа нь нотлогдож байна. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “энэ хуулийн 20.2-т заасан үүрэг”, хуулийн 20.2.1-т “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”,  20.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, ... сахих” гэж зааснаар хэргийн оролцогч буюу хариуцагч нь шүүхийн дуудаснаар хүрэлцэн ирж нэхэмжлэлийг хувийг гардан авах, эрх үүрэг, нөлөөлийн мэдүүлэгтэй танилцаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад шалтгаангүйгээр ажил тасалсан гэж хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол шийтгэл оногдуулахаар байна.

         Иймд ******* сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ыг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. Мөн захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт буюу сумын Засаг даргын Тамгын газрын даргын бүрэн эрхийг үндэслэсэн байгаа нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэгт заасан Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагыг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.   

        Шүүх захиргааны актыг хүчингүй болгож, ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 107 хоногийн олговор 4828450 мянган төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

         Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан Б.Б-ын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 4,5,6 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ыг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.           

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 107 хоногийн олговор 4828450 /дөрвөн сая найман зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ЗОЛБАДРАХ