Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00076

 

 

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Л” ХХК-ийн хариуцагч “Ы” ХХК-д холбогдуулан гаргасан 148 124 532 төгрөг гаргуулах үндсэн, 147 121 689 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ганчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани 2019 онд АНУ-д үйлдвэрлэгдэж, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсад орж ирсэн, ---- УБЕ улсын дугаартай, Jeep Wrangler Rubicon маркийн автомашиныг “М” ХХК-аас 163,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 16,300,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Ы” ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээг 7 жилийн хугацаатай байгуулж үлдэгдэл 146 700 000 төгрөгийг зээлсэн. “Ы” ХХК-ийн зуучилсан “Ц” ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж санхүүгийн түрээсийн төлбөрийг даатгалын хураамжийн хамт төлж байсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Jeep Wrangler Rubicon маркийн 77-88 УНӨ /улсын дугаар сольсон/ тээврийн хэрэгсэл Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөөтийн уурхай гэх газарт шатаж үгүй болсон. Мөн “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан тээврийн хэрэгсэлд 148 124 532 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэж үзэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Үүний дараа 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Ц” ХХК-д хандаж даатгалын нөхөн төлбөрт 148 124 532 төгрөг олгох тухай хүсэлт гаргахад 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр даатгалын гэрээ дуусгавар болсноос хойш гэрээг сунгаж, даатгалын хураамж төлөөгүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1141 тоот албан бичгээр “Ы” ХХК санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буруутай, хохирлыг барагдуулахаар байна гэсэн хариу өгсөн. Иймд “Ы” ХХК-аас хохирол 148 124 532 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан автомашин нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ы” ХХК-ийн өмч бөгөөд үүнтэй талууд маргахгүй.

2.б Нэхэмжлэгч уг автомашины санхүүгийн түрээсийн гэрээний дагуу ашиглаж байна. Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний 5.4 дэх хэсэгт “... нэхэмжлэгч даатгалын төлбөр хураамжийг гэрээнд заасны дагуу төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд даатгалын эрсдэлийг өөрөө хариуцахаар тохиролцсон боловч нэхэмжлэгчийн зүгээс сар бүрийн түрээсийн төлбөртэй хамт төлдөг даатгалын төлбөрийг төлөөгүй, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 141 000 төгрөг төлсөн. Автомашин шатсаны маргааш буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 423 000 төгрөг төлж даатгалын гэрээний хугацааг сунгуулаагүй үйлдэлд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй, нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. “Л” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А20/27 дугаартай албан бичгээр түрээсийн зүйл болох автомашиныг эзэмшиж байхдаа гал гарч шатсан талаар “Ы” ХХК-д мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн зүйл болох автомашиныг биет байдлаар эзэмшиж ашиглах явцдаа үрэгдүүлсэн бол хариуцлагыг нь түрээслэгч буюу хариуцагч хариуцах бөгөөд ийнхүү үрэгдүүлсэн нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих, гэрээг цуцлахыг шаардах үндэслэл болохгүй талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл “Л” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөнөөс 147 121 689 төгрөгийг бодит хохирол учирсан. “Ы” ХХК-ийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй тул гэрээг цуцалж учирсан хохирол 147 121 689 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг татгалзсан тайлбарын агуулга: Санхүүгийн түрээсийн зүйл болох автомашин гэнэтийн тохиолдлын улмаас шатаж хохирол учирсан. Даатгал нь аливаа эрсдэлээс иргэн аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалттай үйл ажиллагаа юм. Иймээс ч урьдчилан тооцоолох боломжгүй эрсдлээс хамгаалуулахын тулд хариуцагчийн нэрлэн заасан “Ц” ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулан даатгуулж, даатгалын хураамж төлөх үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас “Ц” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр авч чадахгүй болсон. Хэрэв даатгалын нөхөн төлбөрөө гаргуулан авсан бол хариуцагчийн хохирлыг барагдуулах боломжтой болох байсан. Иймд санхүүгийн түрээсийн зүйл болох тээврийн хэрэгсэл шатаж, хохирол учирсан явдалд “Ы” ХХК буруутай тул бид хохиролд нэг ч төгрөг төлөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр 219.1, 227 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч “Ы” ХХК-аас 148,124,532 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315  дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ы” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 147 121 689 төгрөгийг нэхэмжлэгч “Л” ХХК-аас гаргуулан хариуцагч “Ы” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Л” ХХК-ийн 898,580 төгрөг, хариуцагч “Ы” ХХК-ийн төлсөн 963,760 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч “Ы” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 898,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч “Л” ХХК-аас 896,558 төгрөгийг гаргуулан хариуцагч “Ы” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.а Анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь, анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн байна гэж зөв дүгнэсэн хэдий ч тус автомашин нь хэний өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоогоогүй. 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус автомашин шатаж устсанаар “Ы” ХХК-д 148,124,532 төгрөгийн хохирол учирсан болохыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/829 тоот Дорнод аймгийн прокурорын газрын дүгнэлтээр тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч “Ы” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө устаж өмчлөгчид хохирол учирснаас бус түрээсийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан түрээслэгч “Л” ХХК-д хохирол учраагүй, түүний өмчлөлийн эд хөрөнгө устаагүй байхад шүүхээс нэхэмжлэгч “Л” ХХК-д хохирол учирсан мэтээр буруу тайлбарласан. “Л” ХХК-д хохирол учирсан гэх нотлох баримт байхгүй. Хэрэгт эд хөрөнгийн өмчлөгч нь “Ы” ХХК болох тухай хангалттай нотлох баримт байхад шүүхээс эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоож, хохирол хэнд учирсан болохыг дүгнээгүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

6.б Даатгалын төлбөрийг төлөх, даатгалын гэрээг сунгуулах үүрэг нь хуулийн дагуу болон талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаар түрээслэгч “Л” ХХК-ийн үүрэг байхаар заасан байхад түрээслэгчийн үүргийн зөрчлийг түрээслүүлэгч “Ы” ХХК-ийн үүргийн зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түрээслэгч даатгалын төлбөрийг хуваарийн дагуу төлдөггүй үүргийн зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр дараах байдлаар бүрэн тогтоогддог. Түрээсийн зүйлийн эд хөрөнгийн даатгалын гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар түрээслэгч “Л” ХХК-аас даатгалын төлбөрт 141,000 төгрөг төлсөн байсан нь даатгалын гэрээг сунгуулахад хүрэлцээгүй болох нь дансны хуулга, гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогддог. “Л” ХХК-ийн даатгалын гэрээнд гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1 жил гэж заасан байгаагаас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр даатгалын төлбөр болох 1,548,500 төгрөгийг бүрэн төлснөөр даатгалын гэрээ сунгагдах ёстой байсан нь тодорхой харагдана. Шүүх хуралд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үнэлж, дүгнээгүйгээс “Л” ХХК-ийг санхүүгийн түрээсийн гэрээгээр тохиролцсон даатгалын хураамжийг төлөөгүй гэж үзэх боломжгүй гэж буруу дүгнэлт хийж, түрээслэгчийн үүргийн зөрчлийг тогтоож чадаагүй.

6.в Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар даатгалын төлбөрийг хугацаандаа төлөөгүй байсан үүргийн зөрчлийн улмаас даатгалын нөхөн төлбөрийг авч чадаагүй, түрээсийн зүйл устаж үгүй болсон үр дагаврыг түрээслэгч “Л” ХХК бүрэн хариуцахаар байхад шүүхээс түрээслүүлэгч “Ы” ХХК хариуцахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... даатгалын хураамжийг төлөөгүйд тооцох талаарх мэдэгдлийг “Л” ХХК-д мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй болно” гэж бичигдсэн. Анх гэрээ байгуулахдаа талууд даатгалын төлбөрийг төлөх хугацаа, хэмжээг тодорхой тохиролцож, түрээслэгч өөрөө даатгалын хураамжийг төлөх өдөр, хэмжээг мэдэж байсан бөгөөд түрээслэгчид энэ тухай заавал мэдэгдэх үүрэг түрээслэгчид байхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудыг бүрэн дүгнээгүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй орхисон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийг үрэгдүүлсэн нь хохирлыг барагдуулах ёстой гэж заасан. “Ц” ХХК болон “Ы” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сард дууссан. Бид даатгалын байгууллагаа сонгох боломжгүй, даатгалтайгаа харилцдаггүй байхад даатгалын гэрээгээ аль байгууллагатай хийх ёстой, заавар чиглэлээ өгөөгүй байхад яаж гэрээг сунгуулах вэ гэдэг асуудал үүсэж байна. Мөн бүрэн төлснөөр төлөгдсөнд тооцох, хэсэгчлэн төлснийг тооцохгүй гэдэг. Санхүүгийн түрээсийн гэрээнд даатгалаа хэрхэн тооцох, төлбөрийг хэрхэн төлөх талаар тохирсон. Бүрэн төлөх агуулга “Ц” ХХК болон “Ы” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээнд тусгагдсан учраас бидэнд уг заалт хамаарахгүй. Санхүүгийн түрээсийн гэрээнд заасан төлбөрийн хэмжээгээр төлөлт хийгдсэн бол төлөгдсөнд тооцно гэж үзэж байна. “Ы” ХХК нь гуравдагч этгээд буюу нэхэмжлэгчид даатгалын үйл ажиллагаа “Ц” ХХК-ийг зуучилж байна. Гэтэл “Ы” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд даатгалын зуучлалын үйл ажиллагаа тусгагдаагүй байхад даатгалын үйл ажиллагааг зуучилж байгаа хууль зөрчсөн. Бид өөрсдөө даатгалаа сонгоогүйгээс болж хохирч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч “Ы” ХХК-д холбогдуулан 148,124,532 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч даатгалын төлбөр хураамжийг гэрээнд заасны дагуу төлөөгүйтэй холбоотой эрсдэлийг өөрөө хариуцах ёстой, даатгалын гэрээний хугацаа сунгагдаагүйд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй гэх үндэслэл заан маргаж, санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, хохиролд 147,121,689 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1. Нэхэмжлэгч “Л” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “М” ХХК-тай автомашин худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр хариуцагч “Ы” ХХК-тай №41000450 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээ”, “Ц” ХХК-тай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан журмын дагуу байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй байна. /хх-8-11, 13-14, 43-45, 134-141/ Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчтай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, маргааны зүйлд хамааралтай Jeep Wrangler Rubicon маркийн автомашиныг бусдаас худалдан авч хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь дээр дурьдсан гэрээнүүд, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх-12/, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, гэрээний агуулгын талаар зохигчид маргаагүй.

Талууд санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, хариуцагчаас нэхэмжлэгчид хохирол барагдуулах үндэслэлтэй эсэх, сөрөг нэхэмжлэлээр даатгалын гэрээний нөхөн төлбөр төлөгдөөгүйн улмаас үүссэн хохирол болох автомашины үнийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.

2. Зохигчдын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болж цуцлагдсаны улмаас төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэлд 147,121,689 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчмын хүрээнд уг асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

3. Хариуцагч нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авах боломжгүй болсонтой холбоотойгоор автомашины үнэд 148,124,532 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэх агуулгаар гомдол гаргасан ба уг гомдлыг хангах боломжгүй. Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаар автомашины өмчлөгч болох хариуцагч “Ы” ХХК нь тухайн эд хөрөнгийг даатгуулах үүрэг хүлээжээ. /хх-9/

Автомашины өмчлөгч буюу хариуцагч “Ы” ХХК Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөтэй холбоотой эрсдэлийг хүлээх этгээд юм. Санхүүгийн түрээсийн гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар түрээслэгч тал буюу нэхэмжлэгч “Л” ХХК санхүүгийн түрээсийн төлбөрөөс гадна даатгалын хураамжийг төлөх үүргийг хүлээж, төлөх төлбөрийн хуваарийг тогтоосон байна. /хх-42/ Уг хуваарьт зааснаар нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болохоос өмнөх хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг хүртэл сар бүр 141,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сард 138,500 төгрөг, 2020 оны 08, 09 дүгээр сард тус бүр 126,000 төгрөгийг даатгалын хураамжид төлөхөөр тохиролцсон байна.

Хэрэгт “ажилтан” гэсэн тэмдэг бүхий цахим гүйлгээний баримтууд /хх-64-95/ авагдсаныг Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын нөхөн төлбөртэй холбоотой нэхэмжлэгчийн гомдлын талаар өгсөн албан бичигт /хх-25/ дурьдагдсан нөхцөл байдалтай харьцуулан дүгнэвэл хариуцагч компани даатгалын гэрээг сунгуулаагүй эс үйлдэл гаргасан байна. Хариуцагч “Ы” ХХК нь даатгалын гэрээний даатгуулагч тал болохын хувьд гэрээг сунгах нөхцөлийг биелүүлэх үүргийг даатгагч “Ц” ХХК-ийн өмнө хүлээсэн. 

Нэхэмжлэгч “Л” ХХК нь санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарьт заасан төлбөрийг тодорхой хэмжээнд буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 08 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 08 дугаар сарын 24-ний өдөр 3,537,000 төгрөгийг хариуцагчид төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Даатгалын гэрээний зүйл болох автомашин 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шатаж, даатгалын тохиолдол бий болжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт “...Талуудын ирүүлсэн баримтын хүрээнд дүгнэхэд, түрээслүүлэгч нь өмчлөгч, даатгуулагчийн хувьд түрээсийн гэрээний 4.2.11, 5.1-т тус тус заасны дагуу түрээсийн зүйлийг заавал даатгуулах болон эзэмшиж ашиглах хугацааны холбогдох бүхий л татвар, хураамжийг хариуцах, төлбөр төлөлтийн талаарх бүртгэл, мэдээллийг үнэн зөв хөтлөх үүрэг хүлээсэн, мөн түрээслэгчээс 2020 оны 07 дугаар сараас хойш 3 сарын хугацаанд зээлийн төлөлт хийгдсэн байхад даатгалын хураамжийг шаардаж аваагүй, даатгагчид түрээсийн гэрээнд заасан хуваарийн дагуу хураамжийг шилжүүлээгүй нь түрээсийн гэрээний 6.11-т заасан үндэслэлээр түрээслүүлэгч “Ы” ХХК хохирлыг барагдуулахаар байна” гэж дурджээ. /хх-25/

4. Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс лизингийн төлбөр болон даатгалын төлбөрийг суутгах эрхтэй этгээд нь хариуцагч байх бөгөөд даатгалын хураамж төлөгдөөгүй, үүний улмаас эд хөрөнгө даатгалгүй болж, эрсдэл ашиглагчид шилжих болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй байна. Даатгалын гэрээний даатгуулагч тал болох “Ы” ХХК нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрөөс хураамжийг суутган авч даатгагчид төлөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн нь даатгалын хураамжийг төлөхгүй байх үндэслэл болохгүй талаарх дүгнэлт зөв байна. Хариуцагч талаас гаргасан “... нэхэмжлэгчийн зүгээс сар бүрийн түрээсийн төлбөртэй хамт төлдөг даатгалын төлбөрийг төлөөгүй” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-50, 62-95/

5. Нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээг байгуулахдаа уг гэрээний зүйл болох автомашины үнийн урьдчилгаанд 16,300,000 төгрөг, /хх-61/ мөн гэрээний эргэн төлөлтөд нийт 42,899,458 төгрөг төлсөн болох нь хариуцагч компанийн дансны хуулга болон нэхэмжлэгч талын гаргаж өгсөн цахим гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна. /хх-50, 61, 64-93, 95/ Дээрх байдлаар гүйцэтгэсэн үүргээс гадна гэрээ дуусгавар болсонтой холбоотой хохиролд гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгчид 147,121,689 төгрөгийг төлөх үүрэг анхан шатны шүүхийн шийдвэрээр үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч санхүүгийн түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгийн үнийн зарим хэсэг, түрээс, хүү, хохиролд нийт 206,321,147 төгрөг төлөх үүрэгтэй болсон боловч автомашинтай холбоотой эдийн баялгийн аливаа эрх хэрэгжүүлэх боломжгүй байна.

Хариуцагч “Ы” ХХК даатгалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн буюу даатгалын гэрээний үүргийн зөрчил үүсээгүй бол нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрт автомашины үнийн 85 хувийг шаардах эрхийг эдлэх боломжтой байсан тул үүнийг нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого гэж үзнэ. Учир нь даатгалын баталгааг нэхэмжлэгч “Л” ХХК-д олгосон байх бөгөөд даатгалын нөхөн төлбөр шаардах эрх олгосон буюу Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс шаардах эрх олгосон даатгалын гэрээ байгуулагдсан байна. /хх-15/

Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуй эрхлэгчийн хувьд даатгалын гэрээний хураамж төлөгдөөгүйгээс даатгалын нөхөн төлбөр авах эрхээ алдах эрсдэлийн талаар мэдэх боломжтой байсан атлаа түрээслэгчийн төлсөн төлбөрөөс хураамжийг суутган даатгагчид төлөөгүйгээс нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөр авах эрхээ алдсан бөгөөд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Даатгалын хураамжийг даатгагч “Ц” ХХК-д даатгуулагч буюу хариуцагч компани төлөөгүйн улмаас даатгалын нөхөх төлбөр төлөгдөх боломжүй болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1141 дугаартай албан бичгээр давхар тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

6. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “түрээсийн зүйлийг хүлээн авснаас хойш түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн, эсхүл түүний хийц зохион байгуулалтыг өөрчилсөн, гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, эвдсэн, гэмтээсэн, алдсан, үрэгдүүлснээс үүсэх хохирлыг түрээслэгч хариуцна” гэж заасан үйлдлийг нэхэмжлэгч буюу түрээслэгч тал гаргасан тухай баримт хэрэгт байхгүй. Мөн хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн -- дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол баримтаар авагдсан бөгөөд уг тогтоолд нэхэмжлэгч “Л” ХХК автомашин шатсанд буруутай болох нь тогтоогдоогүй байна. /хх-16/ Иймд уг эрсдэлийг нэхэмжлэгч хүлээх тухай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 898,580 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ