Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00215

 

 

 

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00215

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24ий өдрийн 102/ШШ2021/03078 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч “Д” ХХК, С.С, Ш.Ү нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 170,730,124 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндсэн, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул, М.Ууган-Адъяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

а.“Х” ХХК нь “Д” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 175,000,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар үндсэн зээлд 42,294,347.52 төгрөг, зээлийн хүүд 24,839,284.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 139,447.94 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 526 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй.

б. Зээлдэгч нь зээлийн барьцаанд С.Сын өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байр 76 тоот хаягт байршилтай 81.41 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо дөрөв-Б хэсэг хаягт байршилтай 39968 м.кв талбайтай үйлдвэр барилга байгууламж зориулалттай, эзэмших эрхтэй газар, Ш.Үийн өмчлөлийн Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 5 дугаар гудамж, 143 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 5 дугаар гудамжны 143 тоот хаягт байршилтай 505.16 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т хуулийн этгээд төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж зааснаар гүйцэтгэх захирлаас тушаал гарган холбогдох этгээдүүдийг томилсон. Салбарын захирал Б.Р 2021 оны А/314 тоот тушаалаар “Х” ХХК-ийг төлөөлөн шүүхэд төлөөлөх эрх олгогдсон. Мөн тушаалын 3 дугаар зүйлд зааснаар уг эрхээ бусдад шилжүүлэх боломжтой талаар дурдсан. Хуулийн хэлтсийн захирлын 2019 оны А/998 тушаалаар эрх олгож, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д зааснаар энэхүү эрхээ бусдад олгож болох тул хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хариуцагч “Д” ХХК-аас гэрээний үүрэгт үндсэн зээл 132,705,652.48 төгрөг, хүү 35,696,051.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,328,420 төгрөг, нийт 170,730,124 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 175,000,000 төгрөгийн зээл авч ажлын байр нэмэгдүүлж, 2020 оны 01 дүгээр сард үйлдвэрийн байр ашиглалтад орж үйл ажиллагаа хэвийн явуулах байсан боловч дэлхий нийтэд цар тахал гарч хөл хорио тавьж ажиллах боломжгүй болсон. Ажлын байр бэлэн болж үйл ажиллагаа явуулахад эргэлтийн болон цалин хөлс тавих санхүүгийн дутагдалтай болсон. Дахин санхүүжүүлэх төр засгийн төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлт удаа дараа гаргасан боловч боломжгүй хариу өгсөн. Иймд цар тахлын үеийн болон үйл ажиллагаа явуулаагүй хугацааны хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч С.Үийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл: Ш.Ү нь “Х” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 5 дугаар гудамж 143 тоот хаягт байршилтай хувийн орон сууц, 5051 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 23,100,000 төгрөгт үнэлж барьцаалсан. Гэтэл “Х” ХХК нь зээлийн гэрээгээр тохирсон мөнгөө Ш.Үт шилжүүлж өгөөгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга: “Д ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Хариуцагч Ш.Ү нь батлан даалтын гэрээ байгуулж зээлдэгч “Д” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталсан. Хэрэв зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс буюу хамтран хариуцахаар тохиролцсон. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас 170,730,124 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар С.Сын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012369, үл хөдлөх хөрөнгийн 000632597 дугаар гэрчилгээтэй Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байр 76 тоот хаягт байршилтай 81.41 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С.Сын эзэмшлийн эзэмших эрхийн 000314037 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо дөрөв-Б хэсэг хаягт байршилтай 39968 мкв талбайтай газар, Ш.Үийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019601, үл хөдлөх эд хөрөнгийн 000132023 дугаар гэрчилгээтэй Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 5 дугаар гудамжны 143 тоот хаягт байршилтай 52 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ш.Үийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2205000145 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн 000017019 дугаар гэрчилгээтэй Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 5 дугаар гудамжны 143 тоот хаягт байршилтай 505.16 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-нд холбогдох 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Х” ХХК, Ш.Ү нарын хооронд байгуулагдсан №1410005839-02 барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хариуцагч Ш.Үийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 1,081,801 төгрөг, хариуцагчийн төлсөн 258,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,081,801 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар О.Цэвэгжавыг бүртгэсэн. Гэтэл төв талбай салбарын захирал Р нь Ш.Н, Б.Ц итгэмжлэл олгосон. Мөн итгэмжлэл олгохдоо ажлын үнэмлэхний дугаараар олгосон. Мөн Г.Ц нь хуулийн хэлтсийн захирал Э.М-д итгэмжлэл олгосон. Итгэмжлэлд тавигдах хуулиар олгосон шаардлагыг хангаагүй, төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул үндэслэл бүхий дүгнэлт хийнэ үү.

5.2. С.С “Х” ХХК-д хүсэлт гаргаж байсныг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг “Х” ХХК-ийг төлөөлж тус банкны төв талбайн салбарын захирал н.Р гаргасан бөгөөд “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны А/314 тоот тушаалаар н.Р захиралд итгэмжлэл олгох эрх олгосон. Мөн нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй П.О, М.У нарт олгосон итгэмжлэлийг тус банкны хуулийн хэлтсийн захирал н.М олгосон бөгөөд банкны гүйцэтгэх захирлын 2019 оны А/998 тоот тушаалын дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд олгосон итгэмжлэл юм. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт заасны дагуу итгэмжлэлд тухайлан дурдсан бол итгэмжлэлийг шилжүүлэх эрхийнхээ хүрээнд итгэмжлэлийг хүчин төгөлдөр болохыг нотлох зорилгоор уг материалууд болон “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох итгэмжлэлүүдийг хэрэгт хавсаргасан. Хариуцагч тал ямар үндэслэлээр 10,000,000 төгрөгийг хасч тооцуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, С.Стай барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан бөгөөд гомдол үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдсан, анхан шатны шүүх хэрэглэвэл хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч “Д” ХХК, С.С, Ш.Ү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 170,730,124 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, хариуцагч Ш.Ү нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

 

  1. Хариуцагч компани нь нэхэмжлэгч банктай 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 175,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 17.4 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Сын өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байр 76 тоот хаягт байршилтай 81.41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо дөрөв-Б хэсэг хаягт байршилтай 39968 м.кв талбайтай газар, Ш.Үийн өмчлөлийн Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 5 дугаар гудамжны 143 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 5 дугаар гудамж, 143 тоот хаягт байрлах 505.16 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 10-29/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн болохыг дүгнэжээ.

 

  1. Хариуцагч С.С, Ш.Ү нар нь зээлдэгч “Д” ХХК-ийг дээрх зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг зээлдүүлэгчийн өмнө баталж, батлан даалтын гэрээ байгуулжээ. /хх 32-33/ Уг гэрээний дагуу зээлдүүлэгч шаардлага гаргаагүй, уг гэрээний талаар маргаагүй тул анхан шатны шүүх шийдвэрлээгүй.

 

5. Дээрх зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн зээлд 42,294,347 төгрөг, хүүд 24,839,284 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 139,447 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргийг талаарх зээлийн дансны хуулга гэх баримт ирүүлснийг зээлдэгчийн зүгээс эсэргүүцсэн тайлбар гаргаагүй болно. /хх 30/ Хариуцагч компани зээлийн гэрээний хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон.

Иймд хариуцагч “Д” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 132,705,652 төгрөг, зээлийн хүү 35,696,051 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,328,420 төгрөг, нийт 170,730,124 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

6. Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгч банкинд хандаж “бага хүүтэй эргэлтийн зээлд хамруулж өгнө үү” гэх агуулгатай хүсэлт гаргаж байсан, харин цар тахалтай холбоотойгоор зээл, зээлийн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байгаагүй тул гэрээг цуцлах үндэслэлтэй байсан гэж дүгнэх боломжгүй. Иймд хариуцагчийн “цар тахалтай холбоотойгоор 10,000,000 төгрөгийг багасгаж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Хариуцагч Ш.Ү нь зээлдэгч “Д” ХХК, зээлдүүлэгч “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан байна. Уг барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

8. Хариуцагч “Д” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заасантай нийцсэн байна.

 

9. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эрх бүхий албан тушаалтан байна. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Г.Цнь “Х” ХХК-ийг хэд төлөөлөх эрхийг Хуулийн хэлтсийн захирал Э.М-д олгож, Э.М уг иргэний хэрэгт нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхийг П.О, М.У нарт олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24ий өдрийн 102/ШШ2021/03078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ