Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00261

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00261

 

 

 

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Зтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 184/ШШ2021/03357 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч О.Б, Д.Ы нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 86,716,475 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Зтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

  1. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:  О.Б, Д.Ы нар нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 90,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 17.4 хувийн хүүтэй зээлдэн авсан. Бизнесийн орлого буурсан шалтгаанаар 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 77,142,857.12 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг зээлдэгчийн хүсэлтээр 6 cap үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөл өөрчилөн нэмэлт гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-р хороолол, 5-30 байрны 2 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13 дугаар хороолол, 226 байрны 15 тоот орон сууцуудыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрт нийт 39,758,036 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс гэрээг цуцалж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 75,842,857 төгрөг, зээлийн үндсэн хүү 10,641,916.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231,701 төгрөг, нийт 86,716,475 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагч О.Бын татгалзал, тайлбарын агуулга: Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл, Засгийн газрын 183 тогтоолыг ноцтойгоор зөрчиж, харилцагч О.Быг залилсан Эмийн санч О.Б нь иргэн Л.Атарсүрэнгээс 2 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр үнэлж, зээлээр авахаар тохиролцож, Анаас зээл хүсэхэд барьцаа хөрөнгө бага учир зээл гаргахгүй гэж зээлийн эдийн засагч Ь хэлсэн. Энэ байдлыг танил эмийн санч Кт ярьсан. Улмаар Аны салбарын дарга З гэдэг хүнтэй хамт уулзахад З нь эдийн засагч Ьтай дахин уулзуулсан. Ьд зээлийн асуудлыг ярихад, урьдчилгаанд үнийн дүнгийн 30%-ийг төлөх ёстой гэсэн. Урьдчилгаанд нагац эгч Л.Дгийн Баянзүрх дүүргийн 13 хороололд байдаг 2 өрөө орон сууцыг барьцаалж 60,000,000 төгрөгийг хүссэн. Гэтэл эмийн санч К нь Сонгинохайрхан дүүргийн 2 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр, мөн эмийн бизнест 20,000,000 төгрөг гэж өсгөөд нийт 90,000,000 төгрөгийн зээлийг гаргуулснаас эмийн санч К нь 30,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн мөнгөн дүнг 90,000,000 төгрөг болгож өсгөх санааг банкны салбарын дарга З гаргасан бөгөөд эмийн санч К нь зуучилж, 30,000,000 төгрөг зээлж авч байгаа мэт хуурамч дүр эсгэж, Зтай хувааж авсан. Аны дээрхи эрх мэдлээ хэтрүүлэн луйвар зохион байгуулчихаад 30,000,000 төгрөгийн хүү, алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. А ХХК-ийн зээлийн түүх эхлээгүй байхад хариуцагч О.Бын лизингээр худалдан авч буй 2 өрөө орон сууц банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан. Банкны салбарын дарга З гэх хүн зээл чөлөөлөгч явуулж чөлөөлүүлсэн. Зээл чөлөөлөгч нь үнийн дүнгийн 10 хувийг авдаг ба дахин зээл гаргуулж 10 хувийг авсан. Зээл гаргахаас өмнө нь зээл чөлөөлдөг, зээл гаргадаг бохир ажиллагаа явагдсан. Зээл гарахад шимтгэлд 900,000 төгрөг суутгасан. Зээл гаргасны 10 хувь, чөлөөлсний 10 хувь гээд 90,000,000 төгрөгийн зээл авсан ч гар дээрээ нэг ч төгрөггүй гэртээ орсон байдаг. Хамгийн аюултай зүйл нь хуваагаад хуваагаад аваад явсан байдаг.  Эмийн санч К бараг 30,000,000 төгрөг авсан байдаг. Үүнийг салбарын дарга З авсан юм. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагч Д.Ыийн татгалзал, тайлбарын агуулга: Д.Ы Аны нэхэмжилсэн мөнгийг огт аваагүй ба О.Баас салсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

  1. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн үйл ажиллагаанд оролцоогүй, нэг ч төгрөг гардаж аваагүй гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б, Д.Ы нараас 81,756,031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,960,443.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Б, Д.Ы нар нь төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201003791 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 5-30 байрны 2 тоотод байрлах 26,1 мкв талбайтай орон сууц, мөн Улсын бүртгэлийн Ү-2204001541 дугаартай Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 226 байрны 15 тоотод байрлах 30 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 661,732 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч О.Б, Д.Ы нар тус бүр 318,465 төгрөг, нийт 639,930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

  1. Хариуцагч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч О.Б нь иргэн Л.А-ийн “Т” ХХК-д 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаан байсан 2 өрөө орон сууцыг зээлээр худалдан авахаар эмийн санч Кээр зуучлуулж, банкны салбарын дарга З, зээлийн эдийн засагч Ь нартай уулзахад зөвшөөрсөн хариу өгч, зээл чөлөөлөгчөө хамт явуулсан байдаг. Банк нь луйврын үйл ажиллагаа зохион байгуулж, О.Бд 90,000,000 төгрөгийн зээл гаргасан. Улмаар зээл чөлөөлөгчид 10%, зээлийн гаргасны шимтгэлд 10% нийт 20%-ийг нь авсан. Дараа нь З, Ь, К нар 30,000,000 төгрөгийг зээлж авч байгаа нэрийдлээр авч, тус тус хувааж авсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл зээлсэн гэх 30,000,000 төгрөгийг О.Бд буцаан төлөөгүй.  Ь, К нарыг санхүүгийн аргаар залилсан гэх асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа. Банкнаас бодитоор авсан 50,000,000 төгрөгөөс 47,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Банкны салбарын захирал Нямсүрэн “барьцаалсан 2 өрөө орон сууцыг зарчих” гэж хэлсэн бөгөөд загнаж байгаад хүсэлт бичүүлж авдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд н.Ь, н.З нарт холбогдох залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа бол эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой талаар яригдсан. Энэ хэрэгт хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэлэлцсэн. Иймд хариуцагч нар нь залилуулсан гэх асуудлаа эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой. “А” ХХК ковид-19 цар тахалтай холбоотойгоор хүү хассан шийдвэр буруу гарсан гэж үздэг боловч үүнтэй холбогдуулан гомдол гаргаагүй. Учир нь ковид-19 цар тахалтайгаар холбоотой гарсан хууль болон тогтоолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Хэрэв зээлдэгч нарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хассан тохиолдолд 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү болох 29,117 төгрөгийг хасах боломжтой байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан бөгөөд гомдол үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдсан, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч О.Б, Д.Ы нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,716,475 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Хариуцагч нар нь нэхэмжлэгч банкнаас 90,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 17.4 хувийн хүүтэй зээлдэн авахаар тохиролцож, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх 10-11/ Уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгч О.Бын дансанд 90,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны хууль/ 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасантай нийцсэн байна. /хх 68-70/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэжээ.

 

3а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “банкны салбарын захирал н.З, зээлийн эдийн засагч н.Ь, эмийн санч н.К нар зээлийн гэрээний дагуу олгосон 90,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг зээлж авч байгаа нэрийдлээр хувааж авсан, залилангийн гэмт хэрэг үйлдсэн” гэх тайлбар гаргасан боловч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай. Эдгээр хүмүүс банкнаас зээл олгох үйл ажиллагаанд оролцсон гэх нөхцөл байдлыг нотлох баримт хэрэгт байхгүй байна. Зээл гэх нэрийн дор хууран мэхэлсэн, албан тушаалаа ашигласан, 30,000,000 төгрөгийн зээлээс суутган авсан зэрэг асуудлыг иргэний хэргийн хүрээнд шийдвэрлээгүй болно. Иймд хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

  1. Хариуцагч О.Б нэхэмжлэгч банкинд хандан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “төлбөрийн чадваргүй болсон тул зээлийн гэрээг цуцалж өгнө үү” гэх хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдсан байна. Уг хүсэлтээ нэхэмжлэгч банкинд хүлээлгэн өгсөн эсэхийг тодруулахад давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр “хүсэлтийг банкинд өгөхөд буцаагаад шидсэн” гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй. /хх 51/ Иймд зээлдэгчээс гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгсөн гэх байдал нотлогдохгүй байна.

 

4а. Талууд 2020 оны 09 дүгээр 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан баримт хэрэгт авагдсан байна. Зээлдэгч нарын зүгээс няцааж “банкны ажилтан загнаж гарын үсэг зуруулсан, хүсэлт бичүүлэхдээ бичих зүйлийг нь хэлж өгдөг” гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.” гэж, 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Талууд хүсэлт зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж заасан. Хариуцагч нар зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлтийг маягтаар бөглөж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурсан байх тул хуульд  зааснаар хэлцэл хийсэн гэж үзнэ. Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан “ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, “хууран мэхэлж хийсэн хэлцэл”, “хүч хэрэглэж хийсэн хэлцэл” гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, ийм агуулгаар хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

 

  1. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, зээл эргэн төлөлтийн  хуваарь зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 26-27, 32/

 

  1. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэргээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд хариуцагчаас зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанаас өмнө буцаан гаргуулах, уг хугацаа хүртэл үүссэн хүү төлөх үүргийг  шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 09 дүгээр сарын 23ы өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлөх зээлийн хүү 4,728,742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231.701 төгрөг, нийт 4,960,443 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харуицагчаас үндсэн зээл 75.842.857 төгрөг, хүү 5.913.174 төгрөг, нийт 81.756.031 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

 

  1. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар О.Бын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 5-30 байрны 2 тоотод байрлах 26.1 мкв талбайтай орон сууц, Л.Дгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 226 байрны 15 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ. /хх 10-15, 18-24/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

            Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 184/ШШ2021/03357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639,930 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                               ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ЗТУНГАЛАГ