Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0136

 

“П и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “П и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн засаг дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурал, Төв аймгийн Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П и” ХХК-ийн “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дүгээр тэмдэглэл, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар тоот тогтоолын “П и” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Аймгийн засаг даргын санал, болон сум, аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-ийг зөрчиж, хуульд заасан татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад татгалзсан. Үүнийг зөвтгөж дүгнэсэн нь шүүх илэрхий алдаатай дүгнэлт хийсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. Хууль тогтоогчоос аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзасан хариу өгч болох эрх олгосон байгаагаас биш үүрэг болохгүй тул аймгийн Засаг дарга нь хуульд заагаагүй үндэслэлээр ч татгалзах эрхтэй байна гэж үзсэн. Энэ нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжийг эрхийг хязгаарлах нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь илэрхий алдаатай дүгнэлт юм. Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Тогтоолоор биш хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 9 дүгээр тогтоолын 9-д ... “Мөн зүйлийн 19.4-т заасан “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэсэнг бид зөрчиж байна гэж үзсэн. Аливаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолд заасан. Иймд шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “П и” ХХК нь Төв аймгийн засаг дарга, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал, Төв аймгийн Лүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дүгээр тэмдэглэл, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар тоот тогтоолын “П и” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, NE-026268 /ХА-019250-001-NE/ өргөдлийн дагуу Төв аймгийн Лүн сумын Хамар толгой нэртэй 10532.81 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Төв аймгийн Засаг даргаас санал авахаар Ашигт малтмал, газрын тосны газраас албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

Төв аймгийн Лүн сумын Хамар толгой нэртэй 10532.81 гектар талбайд “П и” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл өгөх саналыг хэлэлцээд “дэмжихгүй” саналыг уламжилсан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тэмдэглэл, тус аймгийн Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн” гэж үзнэ гэж заасныг зөрчөөгүй байна.

Учир нь хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл болон Төв аймгийн Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл, тогтоолоор “дэмжихгүй” санал хүргүүлэх болсон үндэслэлээ “П и” ХХК-ийн хайгуулын зөвшөөрөл хүссэн талбай нь “Ногоон хэрэм төслийн талбай, мөн 46 өрхийн 53 өвөлжөө, хаваржааны газартай давхцалтай гэж” үзсэн байх бөгөөд шүүхээс дээрх үндэслэлтэй холбоотой баримтуудыг цуглуулахад Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаар захирамжаар Лүн сумын 2 дугаар багийн нутаг гүүрний ам Улаан үзүүр хэмээх уулийн өвөрт 20 га газрыг Байгаль орчин аялал жуучлалын яамны Монгол-Солонгосын “Ногоон хэмэр” төслийн мод үржүүлгийн талбай, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/242 дугаар захирамж, мөн оны А/110 дүгээр захирамж зэргээр Гүүрний ам шинэ гудамж болох 201 иргэний өмчлөлийн 40,2 га газар, Ногоон төгөл гудамж болох 235 иргэний 37,6 га газрыг өмчлүүлсэнтэй давхцалтай байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудалд дээрх байдлаар маргаан гарсан тохиолдолд шүүх Газрын тухай хуулийг хэрэглэх бөгөөд уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй” байх гэснийг зөрчиж байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “П и” ХХК-ийн өргөдөлд хариуцагч нар “дэмжихгүй” санал өгсөн нь үндэслэлтэй. 

Өөрөөр хэлбэл, нэгэнт дээрх байдлаар аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Төв аймгийн Лүн сумын Хамар толгой нэртэй 10532.81 гектар талбайг олгохыг “дэмжихгүй” санал уламжилсан тэмдэглэл, тогтоолуудыг гаргасан байхад Төв аймгийн Засаг дарга нь дэмжихгүй талаарх саналыг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж заасантай нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин шүүхээс хариуцагч нарын гаргасан маргаан бүхий актууд нь хуульд нийцэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөхөөр холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, хэргийг шийдвэрлэсэн атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “..Засаг дарга нь хуульд заагаагүй үндэслэлээр ч татгалзах эрхтэй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх боловч хэргийг шийдлийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоолоор биш хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолыг зөрчсөн гэж дурдсан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан ч Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжихгүй гэж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн “...хариуцагч нар саналаа тогтоол, тэмдэглэлийн алинаар ч өгсөн байсан хэлбэрийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, улмаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                     ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР 

                                      ШҮҮГЧ                           Э.ЛХАГВАСҮРЭН   

                                       ШҮҮГЧ                              О.НОМУУЛИН