Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0058/З |
Дугаар | 342 |
Огноо | 2019-10-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 342
Г.Б-ын нэхэмжлэлтэй, Байгаль
орчин, аялал жуулчлалын яамны Төрийн
нарийн бичгийн даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг
Нэхэмжлэлийн шаардлага: Г.Б-ыг өмнөх ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 10 сар 21 хоногийн 8 538 100 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0318 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0419 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Г.Б, өмгөөлөгч А.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0318 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.3, 64 дүгээр зүйлийн 64.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар з үйлийн 1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Б-ыг өмнөх ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 10 сар 21 хоногийн 8538100 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0419 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0318 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.3, 46 дугаар зүйлийн 46.1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Б-ыг өмнөх ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу бодож олгохыг, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Г.Б- нь анх төрийн албанд Төрийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/233 дугаар тушаалаар яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан гэрээт ажилтнаар, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг Төрийн албаны хуулийг зөрчин төрийн жинхэнэ албан хаагчаар Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилсон бөгөөд Г.Б-ын хүсэлтээр 2017 оны 03 дугаар сарын 14-ний Б/59 дүгээр тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг олгосон. Яам энэ хууль зөрчсөн тушаалуудыг хуульд нийцүүлэн засаж 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/241 дүгээр тушаалыг гаргасан ба уг тушаалд маргаж гомдол гаргаагүй болно.
4. Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдэж, төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөсөн нь үйл баримт нь цаг хугацааны хувьд хойно буюу жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх үед юм.
5. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2018 оны 06 дугаар 25-ны өдөр ажилдаа орохыг хүссэн өргөдлийн дагуу ажилд томилох гэтэл тушаалаар томилогдож ажиллаж байгаагүй ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулан, өөр ажил албан тушаалд томилогдохгүй гэж марган энэ шаардлагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийж анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны эхэнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, эвлэрэх талаар асуухад боломжгүй гэж хариулж байсан Г.Б- нь хуралдаан дуусах мөчид ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаараа дүр эсгэсэн нэхэмжлэл гаргаж төрийн байгууллага болон шүүхээр тоглон маргасан хугацаа болох 10 сар санаатайгаар төрд ажиллахаас зайлсхийж, төрөөс нөхөн олговор авах нь хуулийн үндэслэлгүй юм.
6. Иймд дээрх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг залруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан, уг үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.
8. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэсэн, жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан, үүний 35 дугаар зүйлийн 35.1-д “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: 35.1.4.жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 106 дугаар зүйлийн 106. 2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заажээ.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар хүүхэд асрах чөлөөтэй байсан эхийн /эцгийн/ чөлөөний хугацаа дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилдаа орохыг хүсвэл, захиргаа нь түүнийг ямар нэгэн шалгуургүйгээр ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байсан нэхэмжлэгч Г.Б-ын ажилдаа орохыг хүсч, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасныг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэж, эрхэлж байсан ажил албан тушаалд нь “үргэлжлүүлэн” ажиллуулах үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.
10. Түүнчлэн, хариуцагч нь “Г.Б-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй атлаа төрийн захиргааны албан хаагчийн үндсэн орон тоон дээр ажиллаж байсан” гэж буруутгаж, түүнийг ажилд томилсон, шилжүүлсэн болон түүнд чөлөө олгосон зэрэг тушаалуудад заасан байсан “мэргэжилтэн” гэснийг “мэргэжилтний албан үүргийг түр гүйцэтгэгч” гэж өөрчилсөн, уг үндэслэлээр Г.Б-ыг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь “үргэлжлүүлэн” ажиллуулах боломжгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдэх иргэдийн нэрсийн жагсаалт”-д бүртгэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нь тогтоогдсон, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзлыг хангасан уг үйл баримтыг шүүхүүд үндэслэлтэй дүгнэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг авч ажиллуулах боломжгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
11. Мөн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Г.Б-ын оронд Л.Нямдоржийг шилжүүлэн “түр орлон гүйцэтгэгч”-ээр томилохдоо “... ахлах мэргэжилтэн Г.Б-ын ...” гэж бичсэн, түүнчлэн түүний цалинг “ахлах мэргэжилтэн”-ий зэрэглэл, шатлалаар тогтоосон байх бөгөөд үүнийг үндэслэн нэхэмжлэгч нь “ахлах мэргэжилтэн”-ээр ажиллах ёстой байсан гэж маргаж байсан боловч үүгээр хууль биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийг “үргэлжүүлэн” ажиллуулахаас татгалзсан шалтгаан болоогүй талаар шүүхүүд зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын “... ажиллаж байгаагүй ахлах мэргэжилтнээр томилуулна гэж маргасан, ... 10 сар санаатайгаар төрд ажиллахаас зайлхийсэн, ... төрөөс нөхөн олговор авах хуулийн үндэслэлгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
12. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны 221/МА2019/0419 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ