| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2022/00510/И |
| Дугаар | 311/ШШ2023/00093 |
| Огноо | 2023-02-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 311/ШШ2023/00093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух П.*******,
Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух Г.*******,
Хариуцагч: хот дүүрэг ... дугаар хороо ,,, тоотод оршин суух Д.******* нарт холбогдох
хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан гэм хорын хохирол болох 9.647.273 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Н., хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал, гэрч Р. /онлайнаар/, гэрч Б., нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нарт холбогдуулан хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан гэм хорын хохирол болох 9.647.273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Завхан аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.*******, тус сумын Засаг дарга Д.*******, мөн сумын Засаг даргын орлогч Г.******* нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 100 ваттын хүчин чадал бухий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг иргэн Д.*******д 12.000.000 төгрөгөөр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас тус аймгийн сумын Засаг даргын тамгын газарт 13.345.273 төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн 172300092 дугаартай хэрэгт авагдсан мэдүүлгүүд, эрх бүхий комиссын үнэлгээ, мотор хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад баримт бичгүүдээр хангалттай тогтоогдсон. Дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх болсон. Энэ хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон. Ингээд дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмын дагуу хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч эрүүгийн хэрэг үйлдэгдэх үед Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.*******, тус сумын Засаг дарга Д.*******, мөн сумын Засаг даргын орлогч Г.******* нар нь төрд учруулсан хохирлоос 3.698.000 төгрөгийг төлсөн, үлдсэн 9.647.273 төгрөгийг нөхөн төлөөгүй. Энэ мөнгөн дүнгээр төр, нийтийн ашиг сонирхолд учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг.Нэхэмжлэлийн шаардлага нь П.*******, Д.*******, Г.******* нарын хууль зөрчсөн ажиллагааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол болох 9.647.273 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт олгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байгаа гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэгдүгээрт, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болсон Өмч хамгаалах зөвлөл нь өмчийн үнийг тогтоодог байгууллага эсэх нь эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар төрийн өмчийн актлах үнийг Хурал тогтоохоор байгаа. Тухайлбал, Хурлаас моторын үнэлгээг 3.698.000 төгрөгөөр актлахаар тогтоосон. Энэ хүрээнд төрд учруулсан гэх хохирлыг хариуцагч нар хувааж төлсөн. Гэтэл өнөөдөр төр 9.600.000 төгрөгөөр хохирсон байна гэж хохирол нэхэмжилж байгааг баримтад тулгуурлаж нэхэмжлээгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр 3.000.000 гаран төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон байдаг боловч прокурор нэхэмжлэхдээ 9.600.000 төгрөгөөр хохирсон байна гэж хохирол нэхэмжилж байгааг боломжгүй юм. Энэ талаар иргэний хэрэгт шинжээч томилж үнэлэлт дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Харин эрүүгийн хэргийг шалгаж байхад гарсан үнэлгээгээр 3.000.000 гаран төгрөгийн үнэлгээ гарсан байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хохирол учирсан гэж үзэж байгаа бол тухайн эд хөрөнгийг биетээр буцааж өгөх ёстой. Буцааж өгөх боломжгүй бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар тухайн хөрөнгийн үнийг гаргуулах ёстой байгаа. Тэгэхээр яг ямар үйлдлээр гэм буруутай болох, хэн буруутай байсныг тогтоогоогүй. Мөн аудитаар акт тогтоогдоогүй, гэм буруутай гэж шүүхээс шийдвэр гараагүй байна. Аймгийн хурлаас тухайн үед акталсан үнийн дүнгээр бусдад борлуулсан асуудал байгаа. Тийм учраас эдгээр хүмүүсийг буруутай юу, буруугүй юу гэдгийг ярихад эргэлзээтэй байдал хэрэгт харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгч талаас: хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай тогтоол болон хавсралтын хуулбар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан гэрч Д.*******, Б.*******, Д.*******, Д.*******, Т.*******, Т.*******, Б.*******, П.*******, Г.*******, Б., Р., Э., Т., Р., Э., Ц. нарын өгсөн мэдүүлгийн хуулбар, Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаартай албан бичгийн хуулбар, Засаг даргын тамгын газрын өмч хамгаалах зөвлөлийн хурлын тэмдэглэл болон хувьчлах хөрөнгийн жагсаалтын санал, хөрөнгийн үнэлгээний хуулбарууд, мотор хүлээлцсэн актын хуулбар, мотор хүлээлцсэн актын хуулбар, Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын албан бичиг, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 болон 18 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаартай тушаалын хуулбар, Үндэсний аудитын газрын харъяа Завхан аймгийн Аудитын газрын албан бичиг болон хавсралт баримтууд, Завхан аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тогтоол, 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай тогтоол, болон 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаартай хурлын тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбарууд, Завхан аймгийн сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/17 дугаартай захирамж, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тогтоолын хуулбарууд, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03/162 дугаартай албан бичиг, төлбөрийн хүсэлтийн баримтуудын хуулбарууд, хөрөнгийн үнэлгээний төвийн Завхан салбарын шинжээчийн дүгнэлт болон хавсралт, Завхан аймгийн ын газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/73 дугаартай прокурорын тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Хариуцагч талаас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбар, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай тогтоол болон хавсралтын хуулбар, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай тогтоол болон хавсралтын хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нарт холбогдуулан хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан гэм хорын хохирол болох 9.647.273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нар нь ... хурлаас моторын үнэлгээг 3.698.000 төгрөгөөр актлахаар тогтоосон. Энэ хүрээнд төрд учруулсан гэх хохирлыг хариуцагч нар хувааж төлсөн тул ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №41 дугаартай Хөрөнгө актлах тухай тогтоолын тогтоох хэсгийн 1-т Төсвийн байгууллагуудад олон жил ашиглаж цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон 2 байгууллагын 8 нэр төрлийн актлах хөрөнгийг хавсралтаар баталсугай, уг тогтоолын хавсралт хэсгийн 1-т , Засаг даргын тамгын газар, дизель мотор, ДС-100 кв, япон, бүгд үнэ-20.000.000, үлдэгдэл өртөг 3.696.849 төгрөг, актлах болсон шалтгаан эвдэрсэн ашиглах боломжгүй болсон гэжээ. /хх-ийн 61/
Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №09 дугаартай Тогтоолын хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай тогтоолд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №41 дугаартай тогтоолын хавсралт дахь дизель мотор актлах саналыг хүчингүй болгож хавсралтад өөрчлөлт оруулсугай гэжээ. /хх-ийн 80/
Өөрөөр хэлбэл Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлд бүртгэлтэй 100 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг анх актлах санал гаргаж, улмаар түүнийгээ хүчингүй болгож байсан үйл баримт тогтоогдсон байна.
Харин Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар байгуулагдсан Өмч хамгаалах зөвлөл-ийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлд:
... ашиглагдахгүй хадгалагдаж байгаа Япон улсад үйлдвэрлэсэн ДС-100 моторыг зарж тохирсон үнээр нь худалдан борлуулах ... моторын үнийг 13.345.273 төгрөг байхаар шийдвэрлэв гэжээ. /хх-ийн 134,118/
Үүнээс үзвэл Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлд бүртгэлтэй 100 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох мотор нь акталсан хөрөнгө биш байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор баталсан Төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам-ын 3.9-д...
Өмч хамгаалах зөвлөл нь шийдвэрийн дагуу шилжүүлэх хөрөнгийг актаар хүлээлцэх, акталж данснаас хасах хөрөнгийн ангилж үнэ тогтоон хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдах, сэлбэг материал болгон ашиглах, устгах хөрөнгийн устгалын акт үйлдэн данснаас хасах ажлыг зохион байгуулна гэж заасан.
Гэтэл Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газар болон тус сумын Өмч хамгаалах зөвлөл нь тухайн моторыг худалдан борлуулахад шаардлагатай бичиг баримтуудыг холбогдох байгууллагад хүргүүлсэн эсэх, худалдан борлуулах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан эсэх, ямар шаардлагыг хангасан гэж үзэж хэнд хэдэн төгрөгөөр худалдсан эсхүл шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Мөн Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 100 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох мотор нь Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын орон нутгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Завхан аймгийн сумын Засаг дарга Т.ы гаргасан манай сумд өмнө нь ашиглагдаж байсан 2 ширхэг дизель мотор /100 ватт, 60 ватт/-ыг 2016 онд хэн нэгэн албан тушаалтан албан тушаалаа ашиглан авч хувьдаа завшсан байж болзошгүй байна гэх гомдол /мэдээлэл/-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.1 дэх хэсэгт зааснаар №172300092 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /хх-ийн 9/
Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан П.*******, хариуцагч Завхан аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.*******, хариуцагч Завхан аймгийн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Г.******* нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүлэглэн, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 100 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг иргэн Д.*******д худалдан борлуулж өөртөө давуу байдал олгосны улмаас Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан үйл баримт тогтоогджээ.
Улмаар Завхан аймгийн ын газар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/73 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн 172300092 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан байна. /хх-ийн 243-247/
Завхан аймгийн ын газар нь Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолдоо:
... Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна ... гэж дүгнэсэн. /хх-ийн 246/
Гэтэл нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь ... ДС-100 маркийн 100 ваттын хүчин чадал бүхий цахилгаан үүсгүүр болох моторын үнийг Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолдоо 3.950.000 төгрөг гэж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 13.345.273 төгрөг гэж... зөрүүтэй тодорхойлсон байх бөгөөд ямар үндэслэлээр ийнхүү зөрүүтэй тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна.
Хэдийгээр Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар байгуулагдсан Өмч хамгаалах зөвлөл-ийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлд:
... ашиглагдахгүй хадгалагдаж байгаа Япон улсад үйлдвэрлэсэн ДС-100 моторыг зарж тохирсон үнээр нь худалдан борлуулах ... моторын үнийг 13.345.273 төгрөг байхаар шийдвэрлэв гэсэн боловч уг зөвлөлийн шийдвэрээр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Харин Завхан аймгийн ын газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/73 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт 3.950.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэж, улмаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан тухай баримт хэрэгт авагджээ.
Улмаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт: ...хариуцагч нар 3.698.000 төгрөгийг төлсөн, өөрсдийн нэрээр хийгээгүй, компанийн нэрээр гүйлгээний утгаа хийсэн байх гэж хэлсэн... гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Идэржаргалант зам ХХК, сум дизель моторын үнэ Идэржаргалан гэх гүйлгээний утгаар 2.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дизель моторын үнэ сум Жаргалант ХХК гэх гүйлгээний утгаар 1.698.000 төгрөг нийт 3.698.000 төгрөгийг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дансанд төвлөрсөн байгааг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 198, 200, 201/
Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Завхан салбарын шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр: ...ДС-100 маркийн моторыг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн гэх эд зүйлийн үнэлгээг гаргасан байгаа нь тухайн эд хөрөнгийн хохирлын хэмжээ бодит байдалд нийцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. /хх-ийн 228/
Тодруулбал эд хөрөнгөд учруулсан гэм хорын хэмжээ тогтоогдсон байхыг шаардахаас гадна гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэх/-тэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардал тогтоогдсон байх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар прокурорын шатанд хариуцагч нарын хууль бус үйлдлийг тогтоосон уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож буй прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн гэм буруу, учруулсан гэм хорыг нотлоно.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1-д Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж тус тус заасан байх тул прокурор хариуцагч нарын гэм буруу, гэм хорыг хариуцах үүрэгтэйг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох үүрэг хүлээнэ.
Завхан аймгийн ын газар нь П.*******, Г.*******, Д.******* нарын үйлдлийн улмаас Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт учруулсан хохирлыг гаргуулахаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл Завхан аймгийн ын газар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдоогүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэсэн хуулиар хүлээсэн нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Завхан аймгийн ын газрын хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нарт холбогдох хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан гэм хорын хохирол болох 9.647.273 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-д төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан.
Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/08 дугаартай албан бичгээр тус сумын Засаг даргын Тамгын газарт учирсан хохирол 9.647.273 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт тухайн байгууллагыг төлөөлөн оролцуулах хүсэлт гаргаснаар Завхан аймгийн ын газар нь шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. /2 дугаар хх-ийн 14/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу иргэдийн төлөөлөгч Б.Мөнхсүхэд шүүх хуралдааны товыг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн байна.
Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхсүх нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нарт холбогдох хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон тул уг хэргийн шүүх хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон байна. Шүүх хуралдаанд намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н. болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал нар нь шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Мөнхсүхийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгч Б.Мөнхсүхийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Цөхүр овгийн Пүрэвдоржийн *******, хариуцагч Заачууд овгийн Гаябазарын *******, хариуцагч Захиргаачийнхан овгийн Дамдины ******* нараас хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан гэм хорын хохирол болох 9.647.273 төгрөгийг гаргуулах тухай Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ