Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00351

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00351

 

Магадлал

2022.02.28

 

Ж.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/03996 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч МХ-ХХК-д холбогдох 3,399,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 7,977,190 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн төлөөлөгч Б.Баатарцогт, өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Нэхэмжлэгч Ж.А- нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч МХ-ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхон, 102 дугаар байр, 4 тоотод орших 142.47 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулахаар тохиролцсон. Түрээсийн гэрээний хугацаа дуусч, цаашид ажиллахгүй болсон тул 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, объектыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний 4.4-т зааснаар 1,500,000 төгрөгийг барьцаа болгон урьдчилан өгсөн. Гэтэл хариуцагч МХ-ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээний 5.6-д заасан үүргээ биелүүлэхгүйгээр үл барам өнөөдрийг хүртэл барьцаа мөнгийг ямар нэгэн шалтгаангүйгээр буцаан олгохгүй байна. Үүнээс гадна тус компани нь нэхэмжлэгчээр дэлгүүрийн тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг авахад нэхэмжлэгч нь өөрөөсөө 250,000 төгрөгийг төлсөн боловч буцааж өгөөгүй, мөн хариуцагч МХ-ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт нэхэмжлэгч Ж.А-аас ямар ч үндэслэлгүйгээр 1,649,000 төгрөгийг төлүүлсэн байсан.

Түрээсийн гэрээнд дэлгүүр ажиллуулахтай холбоотой тусгай зөвшөөрлүүдийг түрээслэгч тал хариуцахаар тохиролцсон. Гэтэл энэ мэтээр нэхэмжлэгч Ж.А-ыг хохироосон байх тул хариуцагч МХ-ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд барьцаанд өгсөн 1,500,000 төгрөг, тамхины тусгай зөвшөөрөл авахад зарцуулсан 250,000 төгрөг, хариуцагчийн нэрийн өмнөөс нэмэгдсэн өртгийн албан татварт үндэслэлгүйгээр төлсөн 1,649,000 төгрөг төлсөн нийт 3,399,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Манай компани нэхэмжлэгч Ж.А-, бас түүний эхнэр Г.Гэрэлцэцэг нарт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхон, 102 дугаар байр, 4 тоотод байрлах хүнсний дэлгүүрийг түрээслүүлсэн. Гэтэл бид харилцан тохиролцсон байхад нэхэмжлэгч Ж.А- нь гэрээний 3.5, 6.4-т заалтуудыг зөрчиж, үйл ажиллагаа эрхлэн орлого олсныхоо татваруудыг төлөөгүй байсан. Мөн эхнэр Г.Гэрэлцэцэг нь гэрээгээр ажиллаж байсан барилгын компанийн өмнөөс манай компани руу 10,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг шивсэн байсан нь 2018 онд эдийн засагтай тэмцэх цагдаагийн газарт баригдаж шийтгүүлж байсан.

Бид нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа тамхины тусгай зөвшөөрөл авахад зарцуулсан гэх 250,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт үндэслэлгүйгээр төлсөн гэх 1,649,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгасан, харин барьцаа гэж нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авах татварын авлагаас хасч тооцуулах хүсэлтэй байна. Учир нь, нэхэмжлэгч нь манай компанийн нэрээр үйл ажиллагаа явуулаад аж ахуй нэгжийн орлогын албан татварт 2017 онд 1,068,880 төгрөг, 2018 онд 1,679,528 төгрөг, нийслэл хотын албан татварт 2017 онд 250,250 төгрөг, 2018 онд 176,128 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 1,676,402 төгрөг, нийт 4,851,190 төгрөгийг төлөхгүй өртэй үлдээсэн. Хэдийгээр дансны хуулгаар 250,000 төгрөгийг тамхи зөвшөөрөл гэж шилжүүлсэн байгаа боловч түрээсийн төлбөрт суутгасан ба нэхэмжлэгч 1,649,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл агуулга:

Нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 3,126,000 төгрөг дутуу төлсөн тул нийт 7,977,190 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч сөрөг нэхэмжлэлийг гаргахаас өмнө нэхэмжлэгч нь 1,500,000 төгрөгийг төлсөн байсан тул 6,477,190 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөгөөр багасгаж байна. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д түрээсийн төлбөрөөс гадна хэрэглэсэн ус, хог, цахилгааны төлбөрийг тоолуурын заалтыг үндэслэн, үйл ажиллагаа явуулсны татварыг татварын тайланг үндэслэн түрээслэгч тал төлнө гэж заасан. Нэхэмжлэгч 4,851,190 төгрөгийн татварыг хариуцагчид заавал төлөх ёстой. Хариуцагч нь орлого олоогүй байж ийм хэмжээний татварыг нэхэмжлэгчийн өмнөөс төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн төлбөрт өнгөрсөн хугацаанд 53,274,000 төгрөгийг төлсөн, үүнээс барьцаа 1,500,000 төгрөгийг заавал урьдчилан байршуулах ёстой ба бусад төлбөрийг түрээсийн төлбөрт тооцсон ч 1,626,000 төгрөг дутуу төлөгдсөн. Бид, нэхэмжлэгчээс барьцаа гэж хүлээн авсан 1,500,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзахгүй. Харин 250,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт үндэслэлгүйгээр төлсөн гэх 1,649,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгасан ба татварын өр 4,851,190 төгрөгийг гаргуулмаар байна. Иймд, нэхэмжлэгч Ж.А-т 1,500,000 төгрөгийг өгөх хариу тайлбараа дэмжээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд дутуу төлсөн түрээсийн төлбөрт 1,626,000 төгрөг, татварын төлөх дүн 4,851,190 төгрөг, нийт 6,477,190 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн хувьд бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн төлбөрт барьцаа хөрөнгийг оролцуулаад нийт 53,274,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хариуцагчид төлбөл зохих түрээсийн төлбөрийг хасах юм бол 1,626,000 төгрөгийг төлөх үүрэггүй, харин ч нэхэмжлэгч нь хариуцагчид илүү төлбөр төлсөн. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулсан ба хариуцагчийн тамхи болон согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг ашигласан, гэхдээ татварыг төлнө гэж тохироогүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч МХ-ХХК-аас 3,241,746 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 157,254 төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Ж.А-аас 4,851,190 төгрөгийг гаргуулж хариуцагч МХ-ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,626,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,350 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,585 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66,818 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 92,569 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Шүүх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнээд талууд бие биенээсээ мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн боловч Ж.А- болон "Мишээлт хайрхан" ХХК-ийг тусгай зөвшөөрөл ашиглах тохиролцоо хийсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч тал нь анхнаасаа л түрээсийн гэрээгээр зөвхөн объект буюу дэлгүүрийн зориулалттай талбай түрээслэсэн болохоос биш ямар нэгэн тусгай зөвшөөрөл шилжүүлж аваагүй гэдгээ тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэгчид ямар нэгэн тусгай зөвшөөрөл шилжүүлж өгөөгүй бөгөөд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн талбайг л түрээслэсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ үйл баримтыг тайлбарлахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж заасан ба харин нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд ийм үйлдэл огт хийгдээгүй, тусгай зөвшөөрөл нь МХ-ХХК-ийн нэр дээр л байсан.

Шүүх ....нэхэмжлэгч Ж.А- нь өөрийн ашиг тусын тулд дээрх үйл ажиллагааг хариуцагч компанийн нэрээр явуулсанаас хариуцагч нь татварын тайлангаар 4,851,190 төгрөгийг төлөх өртэй үлдсэн. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч МХ-ХХК-ийн зардлаар хөрөнгөжиж гэж тайлбарлан, МХ-ХХК-ийн татварт төлөөгүй, ирээдүйд төлөх өр болох 4,851,190 төгрөгийг Ж.А-аас гаргуулна... гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Шүүхийн дүгнэснээр түрээсийн төлбөрт 50 гаруй сая төгрөгийн ашиг олсон. МХ-ХХК нь огт ашиггүй, зөвхөн зардал гаргасан болж хувираад харин хэмжээний зардал гаргасан Ж.А- нь нөгөө талаа хохироож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хууль буруу хэрэглэсэн. Үүнээс гадна үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа төлбөрүүд болон түрээсийн төлбөрүүдийг хооронд нь хольж хутган зааг ялгаагүйгээр нэгтгэн дүгнэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан шаардлагыг огт нэхэмжлэх эрхгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд харин илүү төлсөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь 250,000 төгрөгийг хариуцагчид тамхи худалдах тусгай зөвшөөрөл авахад өгсөн болон 1,676,403 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих НӨАТ-т төлсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй гэжээ. Гэтэл энэ мөнгийг хариуцагчид шилжүүлсэн тухай хаан банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгснийг үнэлж үзээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

 

Анхан шатны шүүх түрээсийн гэрээг хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж гэж дүгнэсэн. Түрээсийн төлбөр төлөх, барьцаа төлбөрийг буцаан авах талаар талуудын хэн аль нь маргаагүй нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан. Мөн шүүх зөвхөн объектыг биш аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай хамт түрээсэлсэн эсэхийг тодруулсан. Аж ахуйн нэгжийн татварыг иргэнээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хувь хүн орлогын албан татвар төлөх ёстой байтал аж ахуйн нэгжийн албан татварыг төлүүлсэн гэж байна. Тухайн үед талууд өөрсдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрч гэрээнд оруулсан. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг буруу тооцсон. 1,150,000 төгрөгийн баримтыг дутуу харж тооцсон гэж сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хассан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч МХ-ХХК-д холбогдуулан барьцаа 1,500,000 төгрөг, тусгай зөвшөөрөл авахад зарцуулсан 250,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт үндэслэлгүйгээр төлсөн 1,649,000 төгрөг нийт 3,399,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, татварын өр төлбөр, түрээсийн дутуу төлбөр нийт 6,477,190 төгрөг гаргуулахаар маргажээ. (1хх-ийн 1, 40, 2хх-ийн 6)

 

3. Нэхэмжлэгч Ж.А- болон МХ-ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр хийгдэж, энэхүү гэрээгээр Б.Баатарцогтын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 /13261/, Да хүрээ гудамж, 102 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 142.47 м.кв талбайг хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах зорилгоор Ж.А-т 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр, түрээсийн нэг сарын төлбөр 3,000,000 төгрөг, барьцаа 1,500,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцжээ. (1хх-ийн 66-67, 139, 140)

 

4. Нэхэмжлэгч Ж.А- нь түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс ашиглан дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 53,274,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд үүнд барьцаа гэж шилжүүлсэн 1,500,000 төгрөг, тамхи худалдах тусгай зөвшөөрөл авахад зарцуулсан гэх 250,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн гэх 1,676,403 төгрөг тус тус багтсан байна. (хх-ийн 71-109, 126)

 

5. Дээрх хугацаанд хариуцагч МХ-ХХК нь аж ахуй нэгжийн орлогын албан татварт 2,748,409 төгрөг, Нийслэл хотын татварт 426,379 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 1,676,403 төгрөг, нийт 4,851,190 төгрөгийг төлөх өртэй болох нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Нийслэл хотын албан татварын тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тус тус тогтоогдсон байна. (хх-ийн 111-120, 153-206, 218-249, 2-р х.х-ийн 1, 2 хуудас).

 

6. Зохигчид аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор түрээсийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч хуульд заасан ...үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

7. Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Түрээслүүлэгчийн түрээсийн хөлсөнд авсан төлбөр түрээслэгчид буцаан олгогдох боломжгүй. Тодруулбал, хэлцлийн дагуу авсан бүх зүйлийг харилцан буцаах тохиолдолд түрээсийн эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтыг буцаах бодит боломжгүй тул түрээсийн төлбөрт төлөгдсөн мөнгийг түрээслүүлэгчээс шаардах эрхгүй.

 

8. Нэхэмжлэгчийн барьцаа-нд төлсөн гэх 1,500,000 төгрөг нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлд хамаарахгүй, талууд барьцааны харилцаанд ороогүй байна. Харин талуудын уг мөнгийг шилжүүлсэн хүсэл зоригийн илэрхийлэл мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн зохицуулалтад илүү нийцэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн түрээлэсэн үл хөдлөх эд хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцлээр эзэмшиж, ашиглаж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа татварын өр үүсгэсэн нь дээрх байдлаар тогтоогдож байна. Иймд хариуцагчид үүссэн хохирол буюу гарах ёсгүй байсан зардал тогтоогдсон тул дэнчинг буцаан шаардах эрх үүсэхгүй юм. Иймд 1,500,000 төгрөгийг буцаан шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт нийцнэ.

 

9. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тамхины тусгай зөвшөөрөл авахад зарцуулсан 250,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт үндэслэлгүйгээр төлсөн гэж 1,649,000 төгрөг тус тус шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөрийг гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн эд хөрөнгийн эзэмшил, ашигласны төлбөрт тооцогдсон байна.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт .... гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй.... гэж заасан. Ийм учраас хариуцагчийн түрээсийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа татварын өр үүсгэсэн буюу хариуцагчийн хувьд гарах ёсгүй байсан зардал гарсан нь дээрх байдлаар тогтоогдож байгаа тохиолдолд эдгээр төлбөрийг буцаан шаардах үндэслэлгүй байна.

 

10. Нэхэмжлэгч Ж.А- нь түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглан дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах хугацаанд хариуцагч нь татварын тайлангаар 4,851,190 төгрөгийг төлөх өртэй үлдсэн байх боловч түрээсийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус хэлцэл байхаас гадна Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч компани өөрөө төлөх үүрэгтэй тул уг сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/03996 дугаар дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч МХ-ХХК-д холбогдох, 3,399,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.А-ын үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Ж.А-т холбогдох 7,977,190 төгрөг гаргуулах тухай МХ-ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ